Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 515

 

Ж.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Цэрэнчимэд, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 279 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 652 дугаар магадлалтай, Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Цэрэнчимэдийн гаргасан үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, эрэгтэй, 2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Б овогт Ж-ы Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Э-ыгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Ж.Э-оос 9,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Нт олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ж.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилж,

Шүүгдэгч Ж.Э- нь ...шийтгэх тогтоолд төлөхөөр заагдсан нийт 9,000,000 төгрөгөөс 1,500,000 төгрөг төлсөн болохыг дурдаж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Цэрэнчимэдийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Цэрэнчимэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Хохирогч Л.Н нь 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Ж.Э-д итгэмжлэл хийж өгсөн, мөн өдөр зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээ мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтаар хэрэгт авагдаагүй. Давж заалдах шатны шүүх хурлаас өмнө тухайн гэрээ гарч ирсэн. Наранцэцэгийн төрсөн дүүгээр зуучилж машиныг нь зарж өгөхөөр тохирсон байдаг. Ж.Э- нь уг зээлийн гэрээгээр 9,000,000 төгрөг зээлсэн. Энэ нь шүүхийн         шийдвэрт нөлөөлж болохуйц нөхцөл байдал гэж үзэж гомдол гаргаж байна. Ж.Э- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, цаашид хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаагаас гадна давж заалдах шатанд 1,500,000 төгрөгийг төлсөн нь ял хөнгөрүүлэх үндэслэл тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдлоо дэмжиж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Ж.Э-ын үйлдлийн хуурч мэхлэх арга нь залилах гэмт хэргийн шинжтэй. Учир нь, хүний машиныг “Манай эгчийн машин, та унаад явж бай” гэж хохирогч Л.Н-т хэлж хуурсан байдаг. Энэ машин нь Ж.Э-ын төрсөн эгчийнх нь машин нь ч биш харин гэрч С гэдэг хүнээс худалдаж авна гээд сар болгон мөнгийг нь төлж байсан байдаг. Тэгэхээр Солонго гэдэг хүний машиныг хохирогчид хуурч өгснөөрөө хууран мэхэлсэн гэж үзэж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Цэрэнчимэдийн гаргасан гомдлыг үндэслэн Ж.Э-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Ж.Э- нь 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Л.Н-ээс “Автомашиныг чинь зараад өгье, зарж өгтөл манай эгчийн ..... УББ улсын дугаартай автомашиныг барьцаанд нь унаж бай, болохгүй бол нэр дээр чинь шилжүүлж өгнө” гэж хуурч, итгэмжлэл хийлгэн Л.Н-ийн ....улсын дугаартай “Тоёота приус-20” загварын автомашиныг шилжүүлэн авч залилсан нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.Э-ын гэм бурууг хянан хэлэлцэж, тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэж, уг зүйл хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил гарсныг батлах, Ж.Э-ыг гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэсэн, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэргийн үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүйн дээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял нь түүний гэм буруу, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд нь тохирсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал...-ыг харгалзан тэнсэж болно” гэсэн зохицуулалтыг хэрэглэхдээ бодит байдлаар хохирлоо нөхөн төлсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь бодитой, хэрэгжих боломжтой нөхцөл байдлуудыг харгалзан үздэг бөгөөд шүүхэд заавал хэрэглэхээр үүрэг болгосон хэм хэмжээ биш юм.

Ж.Э- нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлөөгүй байх тул дээрх хэм хэмжээг хэрэглэх хууль зүйн үндэслэл бүрдээгүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Цэрэнчимэдийн гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 279 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 652 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Цэрэнчимэдийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                     

                                              ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН