Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 91

 

“З М” ХХК-ийн 

нэхэмжлэлтэй,

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад 

холбогдох 

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн: 

Даргалагч, шүүгч:         Ч.Тунгалаг

Шүүгчид:                        Л.Атарцэцэг

                                       Г.Банзрагч

                                       Б.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:              Д.Мөнхтуяа        

Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж

Нэхэмжлэлийн шаардлага: “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Дашдоржийн гаргасан 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/211 дугаар тушаалын 1 дэх хэсэгт заасан “Уул уурхайн сайдын 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 195 дугаар тушаалын 2 дахь хэсгийн “Шарга-3” гэснийг хассугай” заалтыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0687 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2019/0041 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0687 дугаар шийдвэрээр:  Газрын тосны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 17 дугаар зүйлийн 17.4, 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1 -д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “З М” ХХК-ийн гаргасан “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Дашдоржийн гаргасан 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/211 дүгээр тушаалын 1 дэх хэсгийн 1-д заасан Уул уурхайн сайдын 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 195 дугаар  тушаалын 2 дахь хэсгийн “Шарга-3” гэснийг хассугай” заалтыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2019/0041 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0687 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нацагдоржийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. 

Хяналтын журмаар гаргасан гомдол 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н-ийн гомдол: “... анхан шатны шүүх 128/ШШ2018/0687 тоот шийдвэр гаргахдаа: Хайгуулын Шарга-3 талбайд нээлттэй сонгон шалгаруулалт явуулахдаа төрийн захиргааны төв байгууллагаас чиглэл авалгүйгээр сонгон шалгаруулалт явуулсан. 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зарлаад 11 дүгээр сарын 9-ний өдрөөр тасалбар болгосон нь тухайн сонгон шалгаруулалтад бусад оролцогчид тэгш оролцох, ил тод өрсөлдөх боломжийг хаасан. Захиалга хүлээн авах эцсийн хугацааг зарлахаар заасан хуулийн 60 хоногийн хугацааг хэтрүүлсэн. Хайгуулын талбайг дахин   нээлттэй зарлуулах хүсэлтийг Төрийн захиргааны байгууллагаас Төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ гэж зааснаар дахин нээлттэй зарлуулах хүсэлтийг Төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэлгүй. Уул уурхайн сайдын 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 195 дугаар тушаалын “Шарга-3” гэсэн хэсгийг хасахаар шийдвэрлэсэн захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна. Сонгон шалгаруулалтад зөвхөн нэг этгээд санал ирүүлсэн байхад уг саналыг хэрхэн харьцуулж Засгийн газарт хамгийн ашигтай санал ирүүлсэн гэж үнэлсэн нь Газрын тосны тухай хууль болон Гэрээлэгчийг сонгон   шалгаруулах журмын заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр “З М” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

4. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд эхний 5 хүртэлх хууль болон журам зөрчсөн гэх үйл явдал хуулийн заалт нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж хэрэгсэхгүй болгосон.

5. Харин магадлалын хяналтын хэсэгт аливаа “сонгон шалгаруулалт” зарлахын “зорилго” нь тухайн шалгаруулалтад хамруулах, өрсөлдөөнийг хангахад орших бөгөөд “агуулга” нь тухайн шалгаруулалтад оролцогч этгээдийг бусад оролцогч этгээдүүдтэй харьцуулан үнэлснээр дурдсан шалгуурыг хамгийн сайн хангаж буй этгээдийг шалгаруулахад орших учиртай.

6. Энэхүү сонгон шалгаруулалтын зорилго болон агуулга энэхүү тохиолдолд бүрдээгүй. Ашигт малтмал, газрын тосны газар /шинэ нэрээр/ нэг этгээдийн ирүүлсэн саналыг ямар ч харьцуулалтгүйгээр хамгийн сайн гэж үнэлэх нь “шалгаруулалт явуулсан” гэж үзэхэд учир дутагдалтай төдийгүй сонгон шалгаруулалтад зөвхөн нэг этгээд санал ирүүлсэн байхад уг саналыг хэрхэн харьцуулж Засгийн газарт хамгийн ашигтай санал ирүүлсэн гэж үнэлсэн нь тодорхойгүй юм. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй гээд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэлгүй гэж давж заалдах гомдлыг хангахгүй орхисон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-т хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх заалтыг үндэслэн гомдлыг гаргаж байна.

7. Газрын тосны тухай хууль болон Гэрээлэгчийг сонгон шалгаруулах журамд 1 ба түүнээс дээш хуулийн этгээдийг сонгон шалгаруулалтанд оролцуулж Засгийн газарт хамгийн ашигтай сайн гэсэн үнэлгээг хийнэ гэх заалт ороогүй байдаг. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд тайлбарлахдаа газрын тосны хайгуулын ажил нь маш их хөрөнгө, мөнгө шаардсан төсөл дээр үндэслэдэг тул сонгон шалгаруулалтанд 2, 3-аар оролцох тохиолдол ховор байдаг тул Газрын тосны тухай хууль болон Гэрээлэгчийг сонгон шалгаруулах журамд 2 ба түүнээс дээш этгээд оролцуулж хамгийн ашигтай саналыг шалгаруулна гэх заалтыг оруулаагүй гэж тайлбарлаж байсан.

8. Давж заалдах шатны шүүх хариуцагч талаас гаргаж байсан энэ тайлбарыг дүгнэлт хийлгүй Засгийн газарт хамгийн ашигтай сайн гэсэн үнэлгээг харьцуулж хийх, бусад компанийг оролцуулаагүй гэж уг маргааныг зохицуулсан хуулийн зүйл заалтын утга агуулгыг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасан шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангах гэсэн заалтыг удирдлага болгон анхан шатны шүүхийн 128/ШШ/2018/0687 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 221/МА2019/0041 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

10. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/211 дүгээр “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Газрын тосны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 8.1.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн, “...Уул уурхайн сайдын 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 195 дугаар тушаалын 2 дахь хэсгийн “Шарга-III” гэснийг хасаж” шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс уг тушаалыг эс зөвшөөрч маргасан үндэслэлээ “...”З М” ХХК нь сонгон шалгаруулалтад 220.1 оноо авч ялагчаар шалгарсан, ... бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн нөхцлүүдээр хэлэлцээ хийж, эцэслэн тохирсон, гэрээний төслийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлсэн байхад ... хариуцагч нь /маргаан бүхий/ тушаалаараа газрын тосны хайгуулын  “Шарга-3” талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан тушаалаа хүчингүй болгосон ... нь хуулийн үндэслэлгүй, ... манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон” гэжээ.

11. Газрын тосны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т зааснаар “.../газрын тосны/ хайгуулын талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарлах” эсэх асуудлаар шийдвэр гаргах эрхийг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад олгосон, тухайн тохиолдолд, газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас газрын тосны хайгуулын Шарга-III нэртэй талбайг “сонгон шалгаруулалтын талбайгаас хасаж” шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж шүүх дүгнэх боломжгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

12. Өөрөөр хэлбэл, Уул уурхайн сайдын 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 195 дугаар тушаалаар газрын тосны хайгуулын “Шарга-III”, “Нэмэгт-VI” гэх нэртэй хоёр талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарлахаар шийдвэрлэсэн, дараа нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн маргаан бүхий А/211 дүгээр тушаалаар дээрх тушаалд заасан “Шарга-III” гэснийг хасаж шийдвэрлэснээс үзвэл, газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь “Шарга-III” нэртэй талбайд “нээлттэй сонгон шалгаруулалт зарлахгүй” гэж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй, Газрын тосны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т зааснаар ийнхүү шийдвэрлэх эрх нь хариуцагчид олгогдсон байх тул маргаан бүхий актыг “хууль бус” гэж шүүх дүгнэх боломжгүй.

13. Харин, шүүхүүд “...сонгон шалгаруулалт явуулахаар шийдвэрлэсний дагуу эхний захиалга ирснээс хойш захиалга хүлээн авах эцсийн хугацааг зарлахаар заасан хуулийн хугацааг хэтрүүлсэн, сонгон шалгаруулалтад зөвхөн нэг этгээд санал ирүүлсэн байхад уг саналыг хэрхэн харьцуулж Засгийн газарт хамгийн ашигтай санал ирүүлсэн гэж үнэлсэн нь тодорхойгүй... ”, “...Ашигт малтмал, газрын тосны газар /шинэ нэрээр/ нэг этгээдийн ирүүлсэн саналыг ямар ч харьцуулалтгүйгээр хамгийн сайн гэж үнэлэх нь “шалгаруулалт явуулсан” гэж үзэхэд учир дутагдалтай, ... сонгон шалгаруулалтад зөвхөн нэг этгээд санал ирүүлсэн байхад уг саналыг хэрхэн харьцуулж Засгийн газарт хамгийн ашигтай санал ирүүлсэн гэж үнэлсэн нь тодорхойгүй” гэх зэргээр маргаан бүхий захиргааны актын үндэслэлд заагаагүй, уг актын агуулга, зорилгод хамааралгүй үйл баримтуудад дүгнэлт хийсэн нь буруу байна.

14. Тодруулбал, Уул уурхайн сайд (тухайн үеийн нэрээр)-ын 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 195 дугаар тушаалаар газрын тосны хайгуулын “Шарга-III” талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарлахаар шийдвэрлэж, нээлттэй сонгон шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Газрын тосны газар (тухайн үеийн нэрээр)-т үүрэг болгосон, үүний дагуу Газрын тосны газрын даргын 2015 оны 183 дугаар тушаалаар уг талбайг “2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, байгууллагын цахим хуудсаар олон улсад нээлттэй зарласан”, мөн даргын 2016 оны 97 дугаар тушаалаар “захиалга хүлээн авах эцсийн хугацааг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 15 цагаар тасалбар болгох”-оор тогтоожээ.

15. Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 04 дүгээр тогтоолын дагуу төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтэц өөрчлөгдөн, “Ашигт малтмал, газрын тосны газар” байгуулагдаж, тус газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2016 оны  08 дугаар сарын 25-ны өдрийн а/02 дугаар тушаалаар дээр дурдсан Газрын тосны газрын даргын 2016 оны 97 дугаар тушаалаар тогтоосон захиалга хүлээн авах эцсийн хугацааг “...түр түдгэлзүүлсэн”, мөн даргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн а/24 дүгээр тушаалаар “... 2016 оны  08 дугаар сарын 25-ны өдрийн а/02 дугаар тушаалыг хүчингүй болгож, ... захиалга хүлээн авах эцсийн хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 17 цагаар тасалбар болгох”-оор шийдвэрлэсэн, уг сонгон шалгаруулалтад зөвхөн нэхэмжлэгч “З М” ХХК материалаа ирүүлсэн байна.

16. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн а/27 дугаар тушаалаар уг сонгон шалгаруулалтад материалаа ирүүлсэн “З М” ХХК-ийн “газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулахаар ирүүлсэн захиалгыг судлах, хянах, Бүтээгдэхүүн хуваах гэрээний асуудлаар хэлэлцээ хийх, дүгнэлт гаргах үүрэг бүхий” Ажлын хэсэг байгуулсан, уг Ажлын хэсгээс “...”З М” ХХК-ийн хайгуулын “Шарга-III” талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах тухай захиалгыг гэрээлэгчийн сонгон шалгаруулалтад оруулах нь зүйтэй” гэх дүгнэлт гаргасан, мөн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн а/61 дүгээр тушаалаар “...”З М” ХХК-ийн захиалгын материал, /дээрх/ Ажлын хэсгийн дүгнэлтийг хянан үзэх, захиалгад үнэлгээ хийх, сонгон шалгаруулалтын дүнг гаргах үүрэг бүхий” Үнэлгээний хороо байгуулсан, тус Үнэлгээний хороо 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “...”З М” ХХК-ийн саналыг “Гэрээлэгч сонгон шалгаруулах журам”-ын дагуу үнэлэхэд 220.1 оноо авч, Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах нөхцөл бүрдсэн” гэх дүгнэлт гаргасныг үндэслэн, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн а/06 дугаар тушаалаар “... сонгон шалгаруулалтад 220.1 оноо авч шалгарсан “З М” ХХК-ийг ялагчаар /тодруулах/, ... сонгон шалгаруулалтын дүнг “З М” ХХК-д мэдэгдэх, ... /тус компанитай/ Бүтээгдэхүүн хуваах гэрээний төслийн талаар хэлэлцээр хийж, эцэслэн тохиролцох”-оор тус тус шийдвэрлэжээ.      

17. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, уг сонгон шалгаруулалттай холбоотой төрийн захиргааны байгууллагаас гарсан дээрх шийдвэрүүдийг хүчингүй болгосон, цуцалсан талаар захиргааны акт гараагүй, тийм баримт хэрэгт авагдаагүй, хэргийн оролцогчид нэхэмжлэгч  “З М” ХХК-ийг “сонгон шалгаруулсан” захиргааны актуудад холбогдуулж маргаагүй байх тул хариуцагч маргаан бүхий актаар газрын тосны хайгуулын Шарга-III нэртэй талбайг “сонгон шалгаруулалтын талбайгаас хасаж” шийдвэрлэсэнтэй холбогдуулж “... сонгон шалгаруулалт ... /холбогдох хууль, журамд/ нийцээгүй” гэх агуулгаар гаргасан тайлбарыг шүүх хүлээж авах боломжгүй, анхан болон давж заалдах шатны шүүхийн уг хэсэгт холбогдох дүгнэлтүүд буруу байна. 

18. Тухайн тохиолдолд, Газрын тосны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “... төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 17.3-т заасан төслийг хүлээн авмагц энэ хуулийн 17.3, 21.2, 26.3-т заасан этгээдтэй 60 хоногийн дотор гэрээний төслийн талаар хэлэлцээ хийж эцэслэн тохиролцсон төслийг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ”, 20 дугаар зүйлийн 20.1-д “...хайгуулын талбайн захиалга хүлээн авах хугацаа 60 хүртэл хоног байх бөгөөд хайгуулын талбайд эхний захиалга хүлээн авсан өдрөөс хойш тав хоногийн дотор захиалга хүлээн авах эцсийн хугацааг төрийн захиргааны байгууллага зарлана” 21 дүгээр зүйлийн 21.1-д “... төрийн захиргааны байгууллага гэрээлэгчийг сонгон шалгаруулах журмын дагуу үнэлгээ хийж энэ хуулийн 17.3-т заасан үндсэн нөхцөлөөс Засгийн газарт хамгийн ашигтай санал ирүүлсэн захиалагчийг ялагчаар тодруулан энэ тухай сонгон шалгаруулалтад оролцогчдод мэдээлнэ” гэх хуулийн зохицуулалтууд нь газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас “Шарга-III” нэртэй талбайг “нээлттэй сонгон шалгаруулалт явуулахаар зарлагдсан талбайгаас хассан”-тай холбоотой маргаанд хэрэглэгдэхгүй тул эдгээр хуулийн заалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь буруу гэж үзлээ. 

19. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ... тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэх гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалын тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0687 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2019/0041 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “... 17 дугаар зүйлийн 17.4, 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1” гэснийг хасаж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “З М” ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нацагдоржийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “З М” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                                                       

                                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ                                      Д.МӨНХТУЯА