| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/00474/И |
| Дугаар | 309/ШШ2025/00441 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 309/ШШ2025/00441
| 2025 оны 04 сарын 23 өдөр | Дугаар 309/ШШ2025/00441 | Дорнод аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,
Нэхэмжлэгч: ******* *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* *******ад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 861,418 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Э.******* нь 2024 оны 06 сарын 16-ны өдрийн 17 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 73 дугаар байрны урд талын зам дээр Тоёота приүс-41 маркийн 65-38 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас миний охин насанд хүрээгүй 5 настай хохирогч Б.Номинг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан гэх хэргүүдэд холбогдож Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/316 дугаартай шийтгэх тогтоолоор зохих ял шийтгэл хүлээсэн. ...Шинжээчийн дүгнэлтээр охин Б.Номингийн биед зүүн шилбэний шаант ясны ил хугарал болон тахилзуур ясны хугарал, зүүн шилбэний шарх, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулны зүүн булангийн цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал дотор салстын цус хуралт зэрэг шарх гэмтлүүд тогтоогдож байсан. Ингээд миний охин Б.Номин тэр даруй хагалгаанд орсон. Олон хоног хагалгааны дараа эмчилгээ асаргаатай байж байгаад 2024 оны 10 сарын 23-25-ны өдрүүдэд БОЭТ-ийн мэс заслын тасагт хадаасаа авахуулсан. Үүнээс үүдэж бид бүхэн Дашбалбар сумаас аймгийн төв рүү олон удаа ирж, очиж хагалгаанд орохын өмнөөс эхлүүлээд хагалгаанд орсны дараах эм, эмийн бус эмчилгээнд явсан. ...Ингээд охин Б.Номингоо маань дээрх хадаасаа авахуулах хагалгаанд орсны зардал, хагалгааны дараах эм тарианы зардал, машиндаа хийсэн бинзений үнэ гэх мэтчилэн энэ удаад нийт 861,418 төгрөгийн зардал гараад байна. Иймд хариуцагч Э.*******аас энэ удаагийн охин Б.Номингийн эрүүл мэндийн хохиролд зарцуулсан 861,418 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие хүлээн зөвшөөрч байна. ...2024 оны 06 сарын 16-ны өдөр зам тээврийн осол гаргаж хохирол учруулсан нь үнэн. Иймд нэхэмжилсэн 861,418 төгрөгийг миний бие хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Э.*******ад холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 861,418 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******* нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 861,418 төгрөгийг нэхэмжлэгч Ц.*******д төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.
Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Э.******* нь холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 861,418 төгрөгийг нэхэмжлэгч Ц.*******д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 25,224 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Э.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 12,612 төгрөгийг гаргуулж Хэрлэн сумын төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА