Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/00899

 

Г Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/00444 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.А-ад холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 21 262 805 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Насанбуян, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Г.А-ад 2016 оны 09 сарын 20-ны өдрийн ЗГ/КР/14116047 дугаартай кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний дагуу 500 000 төгрөгийн зээлийн эрхийг 24 сарын хугацаатай, жилийн 42 хувийн хүүтэй олгосон. Уг кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний хугацаа 2018 оны 09 сарын 20-ны өдөр дууссан боловч зээлдэгч нь зээлээ бүрэн төлөөгүй бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 520 278.49 төгрөг, хүү 191 053.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 77 633.10 төгрөг нийт 909 797.64 төгрөг байна.

Мөн Г Б ХХК нь Г.А-тай байгуулсан 2016 оны 01 сарын 08-ны өдрийн ЗГ1415106416 дугаар зээлийн гэрээгээр 2 000 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, 27,6 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Уг зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээгээр зээлийн хэмжээг 12 000 000 төгрөгөөр нэмэгдүүлж, гэрээний хугацааг 48 сар болгон, жилийн 27,6 хувийн хүүтэй байх нөхцөлөөр байгуулсан. Зээлийн гэрээ нь 2020 оны 10 сарын 17-ны өдөр дуусах боловч зээлдэгч нь 2019 оны 06 сарын 30-ны өдрөөс хойш эргэн төлөлт хийгээгүй. Энэ гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 11 230 099.62 төгрөг, хүү 8 561 966.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 560 940.94 төгрөг нийт 20 353 007.34 төгрөг байна.

Иймд Г.А-тай байгуулсан ЗГ1415106416 дугаар зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 20 353 007.34 төгрөг, ЗГ/КР/14116047 дугаар зээлийн гэрээний үүрэгт 909 797.64 төгрөг, нийт 21 262 805 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч тал хариу тайлбартаа: Г Бны гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн хүү, алдангийг төлөх боломжгүй, үндсэн зээлийн мөнгийг төлөх хүсэлтэй байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар Г.А-аас 21 262 804 төгрөгийг гаргуулан Г Б ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264 264 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 264 264 төгрөгийг гаргуулан Г Б ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Г.А- нь Г Б ХХК-аас 2016 оны 09 сарын 20-ны өдөр ЗГ\КР\14116047 дугаар Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ-гээр 500 000 төгрөгийн зээл авсан байдаг. Гэтэл банк шүүхэд нэхэмжлэхдээ үндсэн төлбөр буюу олгосон зээлийг 2 337 973 төгрөгөөс хүү болон нэмэгдүүлсэн хүү, эрх хэтрүүлсэн хүү гэж тооцоолол гарган нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 500 000 төгрөгний эрхийн карт ямар үндэслэлээр 2 337 973 төгрөг болсныг банк тайлбарлаагүй баримтаар нотлоогүй байхад үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Гэтэл банк Г.А-аас эрх хэтрүүлсэн хүү гэж нэхэмжилсэн байх бөгөөд шүүх үүнийг ханган шийдвэрлсэн нь хууль зүйн үндэслэлгүй. 2016 оны 01 сарын 08-ны өдрийн ЗГ1415106416 тоот гэрээгээр 2 000 000 төгрөг зээлж аваад 2016 оны 10 сарын 07-ны өдрийн байдлаар 561 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд 2017 оны 10 сарын 07-ны өдөр дахин 12 000 000 төгрөг нэмж зээлсэн. Банк нь нэхэмжлэлдээ нийт зээлсэн 14 000 00 төгрөгөөс хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон нэхэмжилсэн нь өндөр дүнгээс хүүг тооцсон гэж үзэж байна.

Иймд дээрхи үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г Б ХХК нь хариуцагч Г.А-ад холбогдуулан 2 зээлийн гэрээний үүрэгт нийт нийт 21 262 805 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг нь буюу зээлд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эс зөвшөөрч маргажээ./хх 1-2, 36/

 

Талууд 2016 оны 01 сарын 08-ны өдөр ЗГ1415106416 дугаар Зээл болон барьцааны гэрээ байгуулж, зээлдүүлэгч Г Б ХХК нь 2 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай 27.6 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, үүргийн гүйцэтгэлд дебит картын харилцах дансны орлогыг барьцаалах, зээлдэгч Г.А- нь зээлийн мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд хүүгийн хамтаар төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх 11-13/ Улмаар талууд 2016 оны 10 сарын 17-ны өдөр ЗГ1415106416-Б дугаар Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, зээлийн хэмжээ болон хугацаанд өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал, зээлийн хэмжээг 12 000 000 төгрөгөөр нэмэгдүүлж, гэрээний хугацааг 48 сар болгож, холбогдох эргэн төлөлтийн хуваарийг өөрчилжээ. /хх 14-15/

 

Мөн талууд 2016 оны 09 сарын 20-ны өдөр Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж, банкны зүгээс Г.А-ад 4628 6808 3561 5157 тоот кредит картыг 2 жилийн хугацаагаар эзэмшүүлэх, зээлийн эрхийн хэмжээ 500 000 төгрөг байх нөхцөлийг тусгаж, бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүү, зээлийн эрх хэтрүүлсэн тохиолдолд тооцох хариуцлагыг харилцан тохиролцжээ. /хх 16/

 

Хариуцагчийн зүгээс дээр дурдсан зээлийн гэрээ, түүнд оруулсан өөрчлөлт, кредит карт эзэмшүүлэх гэрээ байгуулсан эсэх, эдгээр гэрээний дагуу эргэн төлөх хуваарийг зөрчсөн эсэх тал дээр маргаагүй бөгөөд харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг давхардуулан тооцсон, кредит картын дагуу хүлээх үүргийг хэрхэн тооцсон нь тодорхойгүй гэж маргажээ.

 

Банкны зүгээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг давхардуулан тооцсон болох нь тогтоогдохгүй байхаас гадна хэргийн 18-20, 21-23 дугаар талд зээлийн гэрээ болон кредит картын гэрээний тооцоолол авагдсан байхаас гадна хариуцагч талаас үүнийг няцаасан тооцооллыг шүүхэд гаргаж өгөөгүй тул түүний татгалзлыг нотлогдохгүй байна гэж үзэв.

 

Анхан шатны шүүхээс 2016 оны 01 сарын 08-ны өдөр ЗГ1415106416 дугаар Зээл болон барьцааны гэрээ-ний үүрэгт 20 353 007 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт тус тус заасантай нийцсэн. Энэхүү гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт маргаж, чөлөөлүүлэх агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Харин Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ-ний тухайд, тус гэрээний 3.5, 3.6-д тусгасан нэмэгдүүлсэн хүүгийн тохиролцоо, нэмэгдүүлсэн хүүгийн хувь хэмжээ нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байх тул уг гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй.

 

Тодруулбал, дээрх гэрээгээр зээлдэгчид 500 000 төгрөгийн зээлжих эрхийг 24 сарын хугацаатай, жилийн 42 хувийн хүүтэй олгосон байх ба зээлийн хүүгээс гадна, эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1 хувь гэх байдлаар хуульд зааснаас илүү хэмжээгээр, тодорхой бус байдлаар нэмэгдүүлсэн хүүг тусгасан байх тул эдгээр заалтууд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус, улмаар зээлийн эрх болон хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү гэж 1 883 төгрөг, 1 147 төгрөг, нийт 3 030 төгрөг суутгасан нь буруу. /хх 21-23/ Үүнийг үндсэн зээлийн хүүгийн төлбөрөөс хасч тооцно. Ийнхүү кредит картын гэрээний дагуу хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг тооцоход үндсэн зээлийн төлбөр 520 278 төгрөг, хүүгийн үлдэгдэл төлбөр 188 022 төгрөг, нийт 708 300 төгрөг байна.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд хариуцагч Г.А-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 21 061 308 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г Б ХХК-д олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/00444 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.А-аас 21 061 308 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г Б ХХК-д олгож, үлдэх 201 424 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...56.1... гэснийг ...56.2... гэж, ...264 264... гэснийг ...263 256... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас төлсөн 264 264 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Д.НЯМБАЗАР