Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2023/ДШМ/42

 

К.М-т холбогдох эрүүгийн хэргийн тухай 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/150 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч К.М-т холбогдох эрүүгийн 2213002870187 дугаартай, 1 хавтастай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэж 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч К.М-, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Айбек, орчуулагч Б.Жанерке, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бахытбек нар оролцов.  

 

1. Монгол Улсын иргэн, **** оны **дугаар сарын **-ны өдөр **** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, ам бүл ** хүнтэй, **** хамт амьдардаг, *** боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *****оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай А ургийн овгийн К-ийн М-.

 

2. Шүүгдэгч К.М- нь 2021 оны 7 дугаар сард Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 01 дүгээр багт байрлах “К” ХХК-ийн эзэмшлийн нуурын голын гянт болдын уурхайн чулуу шигших зориулалттай, гагнаж бэхэлсэн 4 метрийн урттай 12 ширхэг рельс /духтавар/ төмрийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хулгайлж 1.536.000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

3. Прокурорын 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 150 дугаар яллах дүгнэлтээр К.М-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн  2023/ШЦТ/150 дугаар шийтгэх тогтоолоор: 

4.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч К-ийн М-т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгож хөнгөрүүлэн зүйлчилж,

4.2. Шүүгдэгч А ургийн овгийн К-ийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К-ийн М-ийг 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

 

5. Прокурорын эсэргүүцлийн агуулга:

            5.1. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Дорждэрэм би, 2213002870187 дугаартай яллагдагч К.М-т холбогдох эрүүгийн хэрэгт 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

5.2. Хэргийг тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд 2023/ШЦТ/150 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч К.М-т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж, шүүгдэгчийг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн.

5.3. Ингэхдээ шүүх шүүгдэгч нь лантуу, хасуур зэрэг багажийг эвдэх, таслах, цохих зориулалтаар нь ашигласан байх бөгөөд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд тухайн багажийн зориулалтыг өөрчилж, тусгайлан засаж тохируулаагүй, зохион бүтээгээгүй, уурхайн хамгаалалтын бүс, уурхайн аман дахь барилгад нэвтрэхэд буюу гэмт хэрэг үйлдэхэд учрах саадыг арилгах зорилгоор ашиглаагүй байжээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь эдгээр багажуудыг зориулалтаар нь буюу рельс /духтавар/ төмрийн гагнасан хэсгийг салгахад ашигласан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэх хүндрүүлэх шинжид хамаарахгүй гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгож хөнгөрүүлэн зүйлчлэх нь үндэслэлтэй гэж дүгнэсэн.

5.4. Шийтгэх тогтоолыг 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Прокуророос К.М-ийг 2021 оны 7 дугаар сард Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 1 дүгээр /Их ойгор/ багт үйл ажиллагаа явуулдаг “Х” ХХК- ийн эзэмшлийн нуурын голын гянт болдын уурхайн чулуу шигших зориулалттай гагнаж бэхэлсэн рельс /духтавар/ загварын, 4 метрийн урттай, 12 ширхэг төмрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн авч, 1,536,000 /нэг сая таван зуун гучин зургаан мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж, түүнд холбогдох гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн.

5.5. Гэтэл шүүхээс хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан лантуу, хасуур зэрэг багажийг эд мөрийн баримтаар тооцож ирүүлээгүй, энэ талаарх нотлох баримт цуглараагүй, шүүгдэгч тухайн багажийг эвдэх, таслах, цохих зориулалтаар нь ашигласан байх бөгөөд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд тухайн багажийн зориулалтыг өөрчилж, тусгайлан засаж тохируулаагүй, зохион бүтээгээгүй гэж ерөнхий байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

5.6. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно” гэж заасан бөгөөд уг эрх зүйн ойлголтоос шүүгдэгч К.М-ийн хооронд нь гагнаж бэхэлсэн төмрийн гагнаасыг салгах зорилгоор ашигласан лантуу, хасуур зэрэг багажийг иж бүрдэл, бүтцийн хувьд тухайн чулуу шигших зориулалтай шигшүүрийг гэмтээх зориулалтай эд зүйл гэж үзэхээр байна.

5.7. Мөн хавтаст хэрэгт цугларсан хэргийн газарт болон К.М-, К.Н нарын өвөлжөөнд байсан рельс /духтавар/ төмөрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Кадирханы “...шигшүүр болгон бэхэлж гагнасан учир зүгээр авч явах боломжгүй, багаж хэрэглэж задалж авч явсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзвэл тухайн чулуу шигших зориулалтай рельс төмөр нь 4 метр урттай, 9 см өндөртэй, 8 см өргөнтэй буюу зайлшгүй тастагч багаж хэрэглэн салгаж авах боломжтой эд зүйл болох нь тогтоогдож байгааг шүүхээс анхаарч үзээгүй байна.

5.8. Түүнчлэн мөрдөн байцаалтын явцад яллагдагч К.М- нь лантуу болон хасуур төмөр хэрэглэж, уг гэмт хэргийг үйлдсэн, тэдгээр нь одоо хаана байгаа болохыг нь мэдэхгүй, төмрийг тасалж авсны дараа хаячихсан гэж тэрээр мэдүүлсэн тул хэргийн гол нотлох баримт болох лантуу, хасуурыг олж тогтоон эд мөрийн баримтаар тооцох боломжгүй байдал үүссэн ч уг ажиллагаа нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөх үндэслэлгүй юм.

5.9. Иймд 2023/ШЗ/150 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.

 

6. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Прокурорын эсэргүүцлийг эс зөвшөөрч байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            7. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулсан байх тул шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

            8. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч К.М-т холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлээр хянан шийдвэрлэхдээ хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            9. Хэрэгт цугларсан нотлох баримтууд хуульд заасан шаардлагыг хангасан бөгөөд тэдгээрийг шүүхээс үнэлж, дүгнэх боломжтой, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шатанд талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдал, ач холбогдолтой бүхий л нотолбол зохих нөхцөл байдлууд хангалттай тогтоогдсон байна.

10. Шүүгдэгч К.М- нь 2021 оны 7 дугаар сард Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 01 дүгээр багт байрлах “Х” ХХК-ийн эзэмшлийн нуурын голын гянт болдын уурхайгаас чулуу шигших зориулалттай, гагнаж бэхэлсэн 4 метрийн урттай 12 ширхэг рельс /духтавар/ төмрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон бөгөөд түүний энэ үйлдлийг прокуророос “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу хасуур төмөр, лантуу ашиглаж гагнаасыг салгасан” гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн бол анхан шатны шүүх зүйчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, К.М-ийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

11. Шүүгдэгч К.М- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлдэг, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргаагүй, харин прокуророос “хооронд нь гагнаж бэхэлсэн төмрийн гагнаасыг салгах зорилгоор ашигласан шүүгдэгч К.М-ийн лантуу, хасуур зэрэг багажийг иж бүрдэл, бүтцийн хувьд тухайн чулуу шигших шигшүүрийг гэмтээх зориулалтай эд зүйл мөн гэж үзнэ” гэж анхан шатны шүүхийг Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл гаргажээ.

12. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад хэрвээ гэм буруутай этгээд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн бол түүний эл үйлдлийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн зүйлчлэхээр хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд хууль тогтоогчоос “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэдэгт иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг, “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэдэгт эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан эд зүйл, хэрэгслийг ойлгохоор хуульчилсан /аутенитик/ тайлбар хийжээ.

13. Шүүгдэгч К.М- нь бусдын эд хөрөнгө болох чулуу шигших зориулалт бүхий шигшүүр буюу гагнаж бэхэлсэн 4 метрийн урттай 12 ширхэг рельс /духтавар/ төмрийг хууль бусаар хулгайлж авахдаа хасуур төмөр, лантуу ашиглаж гагнаасыг салгасан талаар хүлээн мэдүүлдэг, уг хасуур төмөр, лантуу зэрэг нь хуульчилсан тайлбарыг үндэслэвэл иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалттай эд зүйл мөн болох нь тогтоогдож байна.

Гэвч хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч К.М- нь бусдын эд хөрөнгө болох гагнаж бэхэлсэн шигшүүрийг өөрийн мэдэлд /эзэмшилд/ оруулж, хулгайлах санаа зорилгоо гүйцэлдүүлсний дараа түүнийг зөөвөрлөхөд амар хялбар болгохын тулд гагнаасыг төмөр хасуур, лантуу зэрэг эд зүйлийг ашиглан салгасан явдлыг “учрах саадыг арилгах зорилгоор” тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашигласан гэж үзэхгүй. Шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдэлд “учрах саадыг арилгах” зорилгоор хасуур, лантуу зэргийг ашигласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна К.М- нь бусдын эд хөрөнгийг хулгайлахын тулд дээрх хасуур төмөр, лантуу зэргийг гэмт санаа, зорилгоо хэрэгжүүлэхийн тулд тусгайлан бэлтгээгүй, засаж тохируулаагүй байна.

14. Иймээс анхан шатны шүүхийн “шүүгдэгч лантуу, хасуур зэрэг багажийг эвдэх, таслах, цохих зориулалтаар нь ашигласан бөгөөд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд тухайн багажийн зориулалтыг өөрчилж, тусгайлан засаг тохируулаагүй, зохион бүтээгээгүй, уурхайн хамгаалалтын бүс, уурхайн аман дахь барилгад нэвтрэхэд буюу гэмт хэрэг үйлдэхэд учрах саадыг арилгах зорилгоор ашиглаагүй” гэж шүүгдэгч К.М-ийн үйлдэл холбогдлын зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн дүгнэлтийг прокурорын эсэргүүцэлд дурдсан “лантуу, хасуур нь иж бүрдэл, бүтцийн хувьд тухайн чулуу шигших шигшүүрийг гэмтээх зориулалтай эд зүйл мөн” гэх үндэслэлээр үгүйсгэх, өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй, энэ талаарх прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

15. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдэж, гэм буруутай нь тогтоогдсон К.М-т хуульд заасан төрөл, хэмжээний дотор 720 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ял шийтгэсэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон буюу шударга ёсны зарчмыг хангасан, гэмт буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг журамд нийцсэн, хууль ёсны байх шаардлагыг хангасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/150 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК