| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 191/2025/03550/И |
| Дугаар | 191/ШШ2025/03753 |
| Огноо | 2025-05-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2025/03753
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... хаягт байрлах, “ГБ” ХК /РД:.../-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.О...-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “ГБ” ХК -аас шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“Д.О... нь 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ” болон “Дижитал банкны үйлчилгээ үзүүлэх гэрээ-г” байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд 2024 оны 08 сарын 23-ны өдөр 2405220636 тоот зээлийн дансыг цахимаар үүсгэж 13,360,000 төгрөгийн зээлийг жилийн 13.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авч ашигласан.
Д. О...-ийг банкнаас байнга идэвхтэйгээр хайж байгаа боловч одоог хүртэл олдохгүй байна. Зээлдэгч нь зээл авах үедээ ... тоот хаягт оршин сууж байсан бөгөөд одоо тэр хаяг дээрээ амьдардаггүй нь 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 191/1Ш32025/12218 тоот захирамжаар тус хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй нь тодорхойлогдож байгаа тул Д.О...-ийг эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү.” гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “ГБ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хариуцагч Д.О...-ийг эрэн сурвалжлах тухай шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тул нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, “ГБ” ХК, Д.О...-ийн хооронд 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан R160006686 дугаартай “Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ”, 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ-R-160006686 дугаартай “Дижитал зээлийн гэрээ”, Зээл эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШЗ2025/12218 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргийг шүүхэд ирүүлсэн.
Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШЗ2025/17472 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Д.О...-ийн Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Иргэний үнэмлэхийн лавлагаа баримтууд хэрэгт авагдсан.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “ГБ” ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн Д.О...-ийг эрэн сурвалжуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч “ГБ” ХК нь ... хаягт байрлан үйл ажиллагаа явуулдаг болох нь хуулийн этгээдийн ... регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Д.О...-ийн оршин суух хаяг тодорхойгүйн улмаас Зээлийн гэрээний үүрэгт нийт 13,452,976 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.
Хэрэгт авагдсан, “ГБ” ХК, Д.О...-ийн хооронд 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан R160006686 дугаартай “Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ”, 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ-R-160006686 дугаартай “Дижитал зээлийн гэрээ”, Зээл эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар Д.О... нь хүсэлт гаргагч “ГБ” ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна.
3. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШЗ2025/17472 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Д.О...-ийн Иргэний оршин суугаа гаязрын хаягийн лавлагаа, үнэмлэхийн лавлагаа баримтад тодорхойлсон ... тоот хаягт Д.О... нь оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, “Монгол шуудан” ХК-ийн магадлагаа баримтуудаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, Д.О...-ийн оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан ... овогт Д...-ийн О... /РД:.../-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар Д.О...-ийг эрэн сурвалжлах, түүний оршин суух газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан “ГБ” ХК-д / мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА