| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/00411/И |
| Дугаар | 309/ШШ2025/00450 |
| Огноо | 2025-04-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 309/ШШ2025/00450
| 2025 оны 04 сарын 24 өдөр | Дугаар 309/ШШ2025/00450 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “******* *******” ХК-ийн
“Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Бямбасүрэн, П.Буян-Ундрах нарыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “******* *******” ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
Иргэн Д.Бямбасүрэн, П.Буян-Ундрах нар нь 2023 оны 06 сарын 08-ны өдөр ******* ******* ХК-ийн Дорнод аймаг дахь салбарын харъяа Матад сумын тооцооны төвөөс 30,000,000 төгрөгийг малчны зээлийн зориулалтаар жилийн 21.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нар нь зээлийг хуваарийн дагуу 2023 оны 12 дугаар сараас эхлэн төлөөгүй байгаа бөгөөд одоо тус зээл нь 724 хоногийн хугацаа хэтрэлттэй байна.
Зээлдэгч нартай уулзахаар Дорнод аймгийн Матад сумын 4 дүгээр баг, Баян-Өндөр багийн нутагт 2024 онд 3 удаа очиход тус хаягаасаа нүүсэн байсан ба одоо хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байна. Зээлдэгч Д.Бямбасүрэн, П.Буян-Ундрах нар нь нэг гэр бүлийн хүмүүс бөгөөд тэдэнтэй хамгийн сүүлд 88855522, 80858216 дугаарын утсаар холбогдоход “зээлээ мэдэж байгаа, төлнөө” гэсэн хариу өгсөнөөс хойш огт холбогдохоо больсон. Зээлийн төлбөр гаргуулахаар шүүхэд хандаж гэсэн боловч тэдний оршин суух хаяг тодорхойгүй, утас нь холбогдохгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна.
Иргэн Аниа ургийн овогт Дугарсүрэн овогтой Бямбасүрэн нь 1977 онд төрсөн, 48 настай, эрэгтэй, 155 см орчим өндөртэй, бүлтгэр том нүдтэй, ЛГ77010811 регистрийн дугаартай,
Иргэн Дам ургийн овогт Паламын Буян-Ундрах нь 1977 онд төрсөн, 48 настай, эмэгтэй, 160 см орчим өндөртэй, хөрслөг бор царайтай, давхраатай алаг нүдтэй, ЛГ77072600 регистрийн дугаартай болно.
Тэдний талаар 80114456 утасны дугаартай хүүгээс нь, 80293737 утасны дугаартай охиноос нь тус тус асууж сураглах боломжтой. Хүү, охин нартай нь холбогдож тэдний талаар тодруулсан боловч эцэг эхийгээ хаана байгааг мэдэхгүй, Улаанбаатар хотод л амьдарч байгаа гэсэн хариу өгдөг. Тэгэхээр тэд Улаанбаатар хотод л байх боломжтой гэж бодож байна гэв.
2. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлөөлөгч томилсон албан бичиг, итгэмжлэх, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, барьцаат зээлийн гэрээний хуулбар, Дорнод аймгийн Матад сумын Баян-Өндөр багийн Засаг даргын тодорхойлолт, зээлдэгчийн анкет, хамтран үүрэг гүйцэтгэгчийн анкет, иргэний үнэмлэхийн хуулбар, зээлдэгчтэй холбоо барьсан тухай бүртгэлийн дэвтрийн хуулбар зэргийг бичгийн баримтаар шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “******* *******” ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Бямбасүрэн, П.Буян-Ундрах нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
2. Д.Бямбасүрэн, П.Буян-Ундрах нар нь Дорнод аймгийн Матад сумын Баян-Өндөр багт оршин сууж байсан боловч одоо уг хаягтаа оршин суудаггүй, хаана байгаа нь тогтоогдохгүй байгаа, мөн нэхэмжлэгчийн зүгээс тэдэнд холбогдуулан зээлийн төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа гэх үндэслэлээр тэднийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч хүсэлт гаргасан нь Д.Бямбасүрэн, П.Буян-Ундрах нарыг эрэн сурвалжлах үндэслэл болж байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
3. Аниа ургийн овогт Дугарсүрэн овогтой Бямбасүрэн нь 1977 онд төрсөн, 48 настай, эрэгтэй, 155 см орчим өндөртэй, бүлтгэр том нүдтэй, ЛГ77010811 регистрийн дугаартай, Дам ургийн овогт Паламын Буян-Ундрах нь 1977 онд төрсөн, 48 настай, эмэгтэй, 160 см орчим өндөртэй, хөрслөг бор царайтай, давхраатай алаг нүдтэй, ЛГ77072600 регистрийн дугаартай ба тэдний талаар 80114456 утасны дугаартай хүүгээс нь, 80293737 утасны дугаартай охиноос нь тус тус асууж сураглах боломжтой байна.
4. Иймд Д.Бямбасүрэн, П.Буян-Ундрах нарыг эрэн сурвалжилж, тэдний оршин суух болон байрлах хаягийг олж тогтоох ажиллагааг Дорнод аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Аниа ургийн овогт Дугарсүрэн овогтой Бямбасүрэн/РД:ЛГ77010811/, Дам ургийн овогт Паламын Буян-Ундрах/РД:ЛГ77072600/ нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Д.Бямбасүрэн, П.Буян-Ундрах нарыг эрэн сурвалжлах ажиллагааг хийж, оршин байгаа хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /утас:99008893/-т мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА