Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 309/ШШ2025/00451

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 309/ШШ2025/00451

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* Од-Ургацын  

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Нямдавааг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Од-Ургац

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн М.Нямдаваа нь надаас 2022 оны 05 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг зээлж, зээлийн барьцаанд ээжийнхээ газрыг барьцаалсан. Бид зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй. Гэтэл М.Нямдаваа нь тохиролцсон хугацаандаа зээлээ төлөөгүй бөгөөд түүний оршин сууж байсан хаягаар нь зээлийн төлбөр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад тухайн хаягтаа оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гарсан. Ингээд түүний хаяг нь тодорхойгүй, хаана байгааг нь би мэдэхгүй байгаа тул зээлийн төлбөр гаргуулах асуудлаар шүүхэд хандах боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна. М.Нямдаваа нь надаас мөнгө зээлэх үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 15-28 тоотод оршин суудаг, “Ольхон” ХХК-д бармен ажилтай байсан бөгөөд одоо энэ хаяг дээр нь ээж, аав нь амьдардаг.

М.Нямдаваа нь 26-28 орчим настай,  175 см орчим өндөртэй, 55 орчим кг жинтэй, нүүрээ их тод буддаг эмэгтэй юм. Түүний талаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 15-28 тоотод оршин суудаг эцэг, эхээс нь асууж сураглах боломжтой гэв.

2. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн нотариатчаар баталгаажуулсан хуулбар, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 02 сарын 12-ны өдрийн 309/ШЗ2025/00599 дугаартай захирамж зэргийг бичгийн баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Од-Ургац нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Нямдавааг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

 

2. М.Нямдаваа нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 15-28 тоотод оршин сууж байсан боловч одоо уг хаягтаа оршин суудаггүй, хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байгаа, мөн нэхэмжлэгч түүнд холбогдуулан зээлийн төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргах шаардлагатай гэх үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч хүсэлт гаргасан нь М.Нямдавааг эрэн сурвалжлах үндэслэл болж байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

3. М.Нямдаваа нь 26-28 орчим настай, 175 см орчим өндөртэй, 55 орчим кг жинтэй, нүүрээ их тод буддаг, эмэгтэй бөгөөд түүний талаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 15-28 тоотод оршин суудаг эцэг, эхээс нь асууж сураглах боломжтой байна.

 

4. Иймд М.Нямдавааг эрэн сурвалжилж, түүний оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг Дорнод аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Нямдавааг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар М.Нямдавааг эрэн сурвалжлах ажиллагааг хийж, оршин байгаа хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч Ц.Од-Ургац /утас:88047032/-д мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Г.НАМУУНТУЯА