| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/00426/И |
| Дугаар | 309/ШШ2025/00454 |
| Огноо | 2025-04-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 309/ШШ2025/00454
| 2025 оны 04 сарын 24 өдөр | Дугаар 309/ШШ2025/00454 | Дорнод аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,
Нэхэмжлэгч: ******* *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* *******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмж 600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.*******тэй гэр бүл болж 2010 онд охин ******* төрсөн. Ингээд 2013 оныг хүртэл хамт амьдарч байгаад ээж ******* нь салж явснаар охин *******г эмээ нь өсгөсөн. Миний охины улсаас авч байгаа сар бүрийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийн мөнгийг ээж болох Б.******* нь 2020 оны 05 сарыг хүртэл авч байсан ба 2020 оны 05 сараас Төрийн банкинд хадгаламж нээлгээд хуримтлуулж байсан. Гэтэл 2024 оны 9, 10, 12 сар, 2025 оны 1, 2, 3 сарын хүүхдийн мөнгийг нь хадгаламжинд нь хийгээгүй тул нийт 6 сарын хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Түвшинжаргалын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдэд төрөөс олгож байгаа мөнгө надаас шалтгаалахгүй шалтгаанаар миний зээлийн дансанд орж зээлийн төлбөрт татагдсаныг би мэдээгүй явсан. Хуучин интернэт банкгүй байсан учир дансанд байдаг, хүүхдийн хадгаламж руу холбогдоод шууд татагддаг байсан. Харин сая интернэт банктай болсноос хойш шууд зээлийн дутуу төлөлтөнд татагдаад байдаг болчихсон байна. Би шууд нэг мөсөн бүгдийг нь төлөх боломжгүй. 2-3 хувааж 6 сардаа багтаан төлөх болно. Ер нь шүүхийн шийдвэрээр хүүхэд эцгийнхээ асрамжид үлдсэн тул эцэг нь хөөцөлдөөд надад олгогдоод байгаа асуудлыг зогсоолгох хэрэгтэй байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Түвшинжаргал нь хариуцагч Б.*******т холбогдуулан төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмж 600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмж 600,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Түвшинжаргалд төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.
Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Б.******* нь төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмж 600,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Түвшинжаргалд төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,650 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 9,325 төгрөг, хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 9,350 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Түвшинжаргалд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА