| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2017/0562/Э |
| Дугаар | 483 |
| Огноо | 2017-12-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнх-Эрдэнэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 483
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч: Ч.Мөнх-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга: Г.Номин,
Хохирогч: Б.Очгэрэл,
Шүүгдэгч Ц.Н, түүний өмгөөлөгч А.Бүдханд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Цолмонгийн Нд холбогдох эрүүгийн 201725021479 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежмент мэргэжилтэй, “Ханлиг Тайшир Илч” ХХК-нд хэлмэрч, орчуулагчаар ажилтай, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 38 дугаар байрны 24 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ДЭ86112201 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Мухар овогт Цолмонгийн Н.
Яллагдагчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч Ц.Н нь 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 38 дугаар байрны 23 тоотод иргэн Б.Очгэрэлтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний толгой, мөр, нуруун тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Н мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сард манай гэрийн хаалгыг нэг хүн тогшихоор нь очоод “хэн бэ” гэтэл “хажуу айлын хүн байна, танайх юм дриллдээд байна” гэсэн. Тэгэхээр нь “үгүй” гэж хэлсэн. Дараа нь бас хаалга тогшихоор нь онгойлготол энэ хохирогч ганжин барьчихсан зогсож байсан. Бид 2 муудалцаад байж байтал жижүүр ирээд энэ эмэгтэйд “энэ айл биш, өөр айл дриллдээд байгаа” гэж хэлсэн. Тэгээд хамгийн сүүлд 2017 оны 6 дугаар сард гэрээсээ гараад орж иртэл манай гэрийн хаалганы 4 тоот байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь би хажуу айлын хаалгыг тогшоод “манай хаалганы 4 тоот алга болчихсон байна, та мэдэхгүй биз” гэтэл шууд над руу дайрсан. Тэгээд би өөрийгөө хамгаалах гээд цааш нь түлхсэн. Ийм л юм болсон гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Очгэрэл мэдүүлэхдээ: Тухайн өдөр би 2 хүүхэдтэйгээ гэртээ байж байтал хажуу талын хүүхэн 2 хүнтэй гэрт орж ирээд шууд зодоод эхэлсэн. Манай 5 настай охиныг минь бас цохиод байсан. Тэгээд би “та нар яагаад ингэж байгаан бэ” гэтэл “манай хаалганы 4 тоот алга болсон байна, чи авсан” гэсэн. Хамгийн анх хүүхдийн маань өрөөнд дрилл дугараад байхаар нь “танайх юм дриллээд байна уу” гэж асууж байсан нь үнэн. Тэгээд намайг “муу Солонгостой суусан” гээд басайн. Тэгээд тэрнээс хойш манай 2 хүүхэд их айдаг болчихсон байгаа. Энэ хэргийг хуулийн дагуу шийднэ биз дээ. Хохирлын гэж тэр үеийн эм тарианы баримт гэх зүйл байхгүй гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Очгэрэлийн /хх-ийн 17, гэрч Ц.Төмөрбаатарын /хх-ийн 18, Г.Цолмон /хх-ийн 19/, Ц.Нандин-Эрдэнийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 29-30/, шүүх сэтгэц эмгэг судлалын 47 дугаартай дүгнэлт /хх-ийн 21/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 7695 дугаартай дүгнэлт /хх-ийн 25/, Ц.Нандин-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 32-36/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Н нь 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 38 дугаар байрны 23 тоотод хохирогч Б.Очгэрэлтэй урьдны хувийн таарамжгүй харьцаанаас үүдпэлтэйгээр маргаан үүсгэн, улмаар хохирогчийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон зан, ёс суртахууны хэм хэмжээ, харьцааны соёлын түвшин дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Шүүгдэгч Ц.Н нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудад үндэслэгдэж байна. Үүнд:
хохирогч Б.Очгэрэлийн /хх-ийн 17/: “... 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 13 цагийн үед өөрийн түрээслэн амьдарч байсан газар буюу Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 38 дугаар байрны 23 тоотод өөрийн төрсөн хоёр хүүхэдтэйгээ хамт байж байтал гаднаас хаалга маш хүчтэй цохисон. Тэгэхээр нь би дурангаар харахад хажуу айлын хөрш хүүхэн үл таних 2 эмэгтэй хүнтэй хамт зогсож байсан. Намайг хаалгаа онгойлгоход шууд манай гэрлүү дайраад 3-уулаа ороод ирсэн. Тэгээд л намайг хөрш хүүхэн гартаа хар өнгийн торон дотор хийсэн хатуу зүйл барьчихаад нүүр рүү цохиод, үсдээд, дээрээс дэвсээд, эд зүйлс эмх замбараагүй болгоод, намайг зодож, нүдэж маш их хохирол учруулсан. Тэр үед манай хажуу айлын хүмүүс дуу чимээнээр гарч ирээд биднийг салгасан. Мөн орцны жижүүр ах хүрч ирчихсэн байсан. Тэгээд л би цагдаад дуудлага өгсөн юм. Намайг хөрш айлын хүүхэн л зодож, цохисон. “Хаалганы 24 гэсэн тооны 4-ийн тоо нь алга болчихсон байна. Чи авлаа” гэж хэлээд зодоод байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Ц.Төмөрбаатарын /хх-ийн 18/: “... Би “Булнар” харуул хамгаалалтын газарт хамгаалагч хийдэг юм. 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр би Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, “ЮүБи тауны” 38 дугаар байранд хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байсан. Өдөр 12 цагийн үед байх, би орцнуудаа шалгаад явж байхад 38 дугаар байрны 1 дүгээр орцонд хүмүүс хэрэлдээд, маргалдаад хаалгыг нь нүдээд, орилоод, пижигнэлдээд байсан. Би 3 дугаар давхарт гараад очиход тус байрны 24 тоотод оршин суух эмэгтэй нь 23 тоотод оршин суух эмэгтэйг үснээс нь зулгаасан, нүүр ам руу цохиж байсан ба цаад талд хүүхдүүд нь уйлж байсан. Тэгээд би “боль” гэсэн шаардлага тавихад 24 тоотын эмэгтэй нь “танд хамаарахгүй, бид нар эндээ учраа олно” гэж байсан ба “эдний нөхөр Солонгос хүн” гээд хэл амаар доромжлоод байсан. ... Намайг очиход 23 тоотын эмэгтэйг 24 тоотын эмэгтэй нь үснээс нь зулгаагаад, толгой руу нь цохиж байсан...” гэх мэдүүлгээр,
Ц.Нандин-Эрдэнийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 29-30/: “... 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гэрээсээ гараад хаалгаа цоожлоход манай хаалганы 24 гэсэн тоотын 4-ийн тоо нь алга болсон байсан. Тэгээд би бодохдоо хажуу айл байнга хаалга тогшдог учраас авсан байж магадгүй гээд 23 тоотын хаалгыг нь тогшсон. Тэгээд хаалга нээхэд манай хаалгыг байнга нүддэг эмэгтэй байсан ба “та манай хаалганы хойд талын 4-ийн тоо нь алга болчихжээ, танайх авсан уу” гээд асуусан. Тэгтэл “юун 4-ийн тоо” гээд хэрэлдэж байгаад над руу дайрсан. Тэгэхээр нь би баруун гараараа тухайн эмэгтэйн мөр рүү түлхсэн ... гэх мэдүүлгээр,
Ц.Нандин-Эрдэнийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Очгэрэлийн биед “зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, зулайн хуйх, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт, зулгаралт, уруулын дотор салстын язарсан шарх, зүүн бугалга, зүүн шуу, нуруу, баруун гуяны цус хуралт, зулгаралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7695 дугаартай дүгнэлт /хх-ийн 25/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Нандин-Эрдэнийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон гэж дүгнэв.
Прокуророос шүүгдэгч Ц.Нандин-Эрдэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллахаар дүгнэлт үйлдэн хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.
2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...”, “…үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуусан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тус тус тодорхойлж өгчээ.
Хэдийгээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ хөнгөрсөн гэж үзэхээр боловч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд уг гэмт хэргийг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг буцаан өөрчлөх нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үр дагаварыг бий болгохоос гадна шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзнэ.
Иймд прокуророоос 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг буюу эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байх зарчмыг баримтлан шүүгдэгч Ц.Нандин-Эрдэнийн үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуульд хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба тэрээр 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр дээрх хэргийг үйлдсэн бөгөөд шүүхэд хэрэг хянагдах шатанд уг эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь хууль зүйн үр дагаварын хувьд шүүгдэгчид илүү ашигтай болно.
Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь Нэгдсэн Үндэстний байгууллагын ивээл дор 1966 онд батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлд заасан заалт болон Үндсэн хууль, үндэсний хууль тогтоомжид тусгалаа олсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй үзэлд нийцсэн зарчим байдаг.
Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй дислозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.
Хохирогч Б.Очгэрэл “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул Ц.Нандин-Эрдэнийг түүнд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан прокуророос шүүгдэгч Ц.Нд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Мухар овогт Цолмонгийн Нандин-Эрдэнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч Ц.Нд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг журамлан Ц.Нандин-Эрдэнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Н цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Ц.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Нд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ