| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 2313000000150 |
| Дугаар | 2023/ДШМ/43 |
| Огноо | 2023-11-20 |
| Зүйл хэсэг | 17.12.2.4., |
| Улсын яллагч | Х.Өрен |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2023/ДШМ/43
А.А-т холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/162 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч А.А-т холбогдох эрүүгийн 2313000000150 дугаартай, 3 хавтастай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч А.А-, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Алтай, прокурор Х.Өрен, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл, орчуулагч Б.Жанерке нар оролцов.
1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ний өдөр төрсөн, **настай, эрэгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **хүнтэй, **** нарын хамт **** багт оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт А-ийн А-.
2. Шүүгдэгч А.А- нь:
(1) 2023 оны 02 дугаар сарын 25-ны шөнө Увс аймгийн Өмнөговь сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэр, иргэн Б.Ө-ийн малын хашаанаас 1 тооны ямааг хулгайлж, 80.000 төгрөгийн хохирол учруулсан,
(2) 2023 оны 02 дугаар сарын 26-ны шөнө Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, иргэн М.Н-ийн малын хашаанаас 4 тооны ямаа хулгайлж, 480.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,
(3) 2023 оны 5 дугаар сарын 10-ны шөнө Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, тус сумын Засаг даргын Тамгын газрын байранд хууль бусаар нэвтэрч Мустанг-5 загварын улсын дугааргүй, *** арлын дугаартай, цэнхэр өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 750.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
3. Прокурорын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 132 дугаар яллах дүгнэлтээр А.А-ын дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/162 дугаар шийтгэх тогтоолоор:
4.1. Шүүгдэгч Ж овогт А-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
4.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.А-ыг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,
4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч А.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, хянан хүмүүжих 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсныг хүчингүй болгож,
4.4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.А-ыг 2 жилийн хугацаагаар хугацаагаар хорих ял шийтгэж,
4.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.А-т өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялд нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож,
4.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-т оногдуулсан 3 жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1. Гомдол гаргагч эрүүгийн 2313000000150 дугаартай хэрэгт 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/162 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4-т зааснаар гэм буруутайд тооцогдон 3 жилийн хорих ялаар шийтгэгдсэн яллагдагч А-ийн А-тай шинээр өмгөөллийн гэрээ байгуулсан өмгөөлөгч С.Алтай би яллагдагчтай зөвлөлдөж хэргийг дахин хянаж ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж дараах үндэслэлтэй гомдол гаргаж байна.
5.2. Энэ хавтаст хэрэгтэй танилцаж байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам заавал хийгдэх зарим ажиллагааг хийгдээгүй байна гэж үзэж байна. Тодруулбал: А.А- нь сэтгэцийн өвчтэй гэсэн оношоор олон удаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлэн эмчийн хяналтад байдаг өвчтөн юм байна. Хэрэг дотор энэ талаар нэг ч удаа хяналт шалгалт хийсэн тухай, мөн хийхийг санаачилсан талаар баримт нотолгоо алга байна. Энэ байдал нь шүүгдэгчийн эрхийг ноцтой зөрчсөн байна гэж үзэж байна. А.А- нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн өвчтэй байсан эсэхийг заавал тогтоосон байх шаардлагатай байна. Учир нь үүнийг шүүхийн шатанд хийх боломжгүй болохоор хэргийг нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр прокурор, мөрдөн байцаагчид шилжүүлэх нь зүйтэй гэсэн санал гаргаж байна. А.А- нь биеэ авч явж үйлдлээ зөв, буруутай гэж дүгнэх, ухамсарлах чадваргүй бөгөөд аав ээж танил хүмүүстээ юу ч болоогүй мэтээр харьцаж шоронд орох, хорих ял шийтгэгдсэн байдал зэргийг ойлгохгүй байгаа нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн өвчтэй байсан бус уу гэсэн эргэлзээг төрүүлж байна.
5.3. А.А- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж өгсөн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа билээ. Шүүхээс ял оногдуулахдаа тодорхойлох хэсгийн 18-д өмгөөлөгч С.Тилеүбердээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэгжүүлж оногдуулах ялыг багасгаж өгөхийг хүссэн” талаар дурдаж бичжээ. Үүнд: Малын хулгайд 6 сарын хугацаагаар хорих ял, тэнсэн харгалзах ялд оногдуулсан 1 жилийн хорих ялыг хэвээр нь нэмээд 1 жил 6 сар болгож анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жилийн хорих ялыг давж заалдах шатны шүүх нь дээрх байдлаар 50% хувийг хасаж хуульд заасан хөнгөлөлтийг хийж өгөх боломж ч байгаа. Мотоцикл хулгайлсан гэсэн үйлдлийг ч гэсэн шүүхээс хөнгөрүүлэн үзнэ үү гэж хүсэж байна. Учир нь аавынхаа мотоциклийг хууль бусаар хураан авч, хууль зөрчин журамлаж хурдан шийдвэрлэж өгөлгүй, чирэгдүүлж байсан цагдаагийн ажилтны үйлдлийг гэр орны хүрээнд ярилцсан нь сэтгэцийн өвчтэй А.А-т нөлөөлж мотоциклийг буцааж авахад хүргэсэн байх тул санаа зорилгын хувьд хулгайн хэрэг биш гэж үзэж байна. Тодруулбал: Цагдаа нь хууль бусаар хурааж авсан гэж ойлгож А.А- нь аавынхаа мотоциклийг авч өгсөн гэж байгаа үйлдэл нь эрүүл хүний үйлдэл биш гэж үзэж байна. Энэ үйлдэлд нь оногдуулах шийтгэл, ялыг ч шүүгч дотоод итгэлээр дүгнэж хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна. Энэ байдлуудыг дүгнэж шүүгдэгч А.А-т шүүхээс оногдуулсан ялыг 3 жил биш 2 жил болгон өөрчилж өгнө үү гэж хорих ялын хугацааг багасган хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна. Энэ хоёр үндэслэлээр тус шүүхэд гомдол гаргасан тул хэргийг хянан хүсэлтүүдийг хангаж өгнө үү.
6. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэд:
6.1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрен би, шүүгдэгч А.А-т холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна.
6.2. Шүүгдэгч А.А- нь 2023 оны 5 дугаар сарын 10-ны шөнө Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэр, тус сумын Засаг даргын тамгын газрын байранд хууль бусаар нэвтэрч Мустанг-5 загварын улсын дугааргүй, ****** арлын дугаартай, цэнхэр өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Баяннуур сумын Засаг даргын Тамгын газарт 750.000 төгрөгийн хохирол учруулсан. Мөн 2023 оны 02 дугаар сарын 26-ны шөнө Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэр, иргэн М.Н-ийн малын хашаанаас 4 тооны ямааг хулгайлж, 480.000 төгрөгийн хохирол, 2023 оны 02 дугаар сарын 25-ны шөнө Увс аймгийн Өмнөговь сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэр, иргэн Б.Ө-ийн малын хашаанаас 1 тооны ямааг хулгайлж, 80.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдсон.
6.3. Холбогдох хэргийг тус аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хэлэлцэж, шүүгдэгч А.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, өмнөх тэнсэнгийн хугацаанд үйлдэгдсэн малын хулгай бүхий гэмт хэрэгт энэ удаагийн 2 үйлдлээр нэмж нэгтгэн эрх зүйн байдлыг дээрдүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, энэхүү Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.А-т өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялд нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.
6.4. Энэхүү гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал шүүгдэгчийн хувийн байдал, энэхүү нэг төрлийн гэмт хэргийг давтан үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ энэхүү хорих ялыг оногдуулж, эрх зүйн байдлыг дээрдүүлэн шийдвэрлэсэн нь өөрөө Эрүүгийн хуулийн хамгийн боломжит хэмжээгээр оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор А.А-ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал түүний хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан ял нь шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна. Иймд 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/162 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
ТОДОРХОЙЛОХ нь:
7. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн хэрэглэвэл зохих зүйл, хэсгийг хэрэглээгүй тул шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.
8. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, шүүгдэгч А.А- нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцогдож, түүнд мөн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан байжээ.
Харин тэрээр шүүхээс тогтоосон дээрх 1 жилийн хугацаанд буюу 2023 оны 02 дугаар сарын 25-ны шөнө бусдын 1 тооны ямааг хулгайлж, 80.000 төгрөгийн хохирол учруулсан, 2023 оны 02 дугаар сарын 26-ны шөнө бусдын 4 тооны ямааг хулгайлж, 480.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт, 2023 оны 5 дугаар сарын 10-ны шөнө орон байранд нэвтэрч, бусдын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 750.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
9. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х.А-ын хоёр удаагийн, нийт 5 тооны ямаа хулгайлсан үйлдлийг нэгтгэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, орон байранд нэвтэрч мотоцикл хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх шүүгдэгч Х.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцжээ.
10. Гэтэл шүүх шүүгдэгч Х.А-ын үйлдсэн /мотоцикл/ хулгайлах гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн боловч түүнийг бусдын 5 тооны ямаа буюу мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй орхигдуулсан нь “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах” шударга ёсны зарчим /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг/ болон “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчмыг /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ тус тус зөрчсөн байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч А.А-ыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй орхигдуулсан үндэслэлээ “түүний өмнө үйлдсэн мал хулгайлах гэмт хэрэгт нь нэгтгэн зүйлчилж, эрх зүйн байдлыг нь дээрдүүлж, нэг л удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд нийцүүлнэ” гэж Эрүүгийн хуулийн гэм буруугийн зарчмын агуулга хийгээд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн хүнд уг албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, мөн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах хуулийн зохицуулалтыг агуулга, зориулалтаас нь өөрөөр буруу тайлбарлаж хэрэглэжээ.
11. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг үндэслэн хүчингүй болгож, “шүүгдэгч Х.А-т оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулгатай түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь ... хүчингүй болгож” гэж заасныг тус тус удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/162 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч А.А-ын өмгөөлөгч С.Алтайн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч А.А-т шүүхийн шийтгэх тогтоолоор авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүх хуралдааны танхимаас суллаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК