| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2025/0310/З |
| Дугаар | 128/ШШ2025/0361 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2025/0361
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: Б.А*******,
Хариуцагч: нийслэлийн Б******* Г.Д*******,
Гомдлын шаардлага: Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Д*******гийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: гомдол гаргагч Б.А*******, гомдол гаргагчийн өмгөөлөгч О.Б*******, хариуцагч Г.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэн Б.А******* нь Б******* Н.Д*******д холбогдуулан Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргажээ.
1. Иргэн Б.А******* 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд Иргэдийн Оролцооны Нэгдэл намаас сонгуулийн 8 дугаар тойрогт нэр дэвшсэн байна.
2. Гомдол гаргагч Б.А******* нь 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гомдол гаргажээ.
3. Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлдээ: Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:
3.1. Татварын улсын байцаагч анх хэргийн материал танилцуулахдаа надад тайлбар хэлэх боломж олголгүйгээр шууд зөрчлийн хэрэг үүсгэсэн, прокурорт гомдол гаргах эрхээр хангаагүй. Мөн би зөрчлийг хүлээн зөвшөөрөөгүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 10,000,000 төгрөгийн торгууль ногдуулсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй,
3.2. Би 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Хаан банканд очиж сонгуулийн зардлын данс нээлгэсэн. Манай намаас нэгдсэн байдлаар нийт нэр дэвшигчдийн мэдээллийг Үндэсний аудитын газарт хүргэнэ гэж байсан учраас нэр дэвшиж буй намдаа тухайн дансны мэдээллийг 06 дугаар сарын 07-ны өдөр хүргүүлсэн,
3.3. Үндэсний аудитын газраас надад ирүүлсэн гомдол дээр Үндэсний аудитын газрын аудиторын 06 дугаар сарын 04-ний өдрийн А/44 дүгээр журмыг хангаагүй гэсэн үндэслэлгүй учир нь тус журам нь 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хэм хэмжээний актад бүртгэгдэж, 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдсэн байсан гэжээ.
4. Гомдол гаргагч Б.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Батбаярын А******* нь 2024 оны Улсын Их хурлын сонгуульд нэр дэвшсэн. Нэр дэвшихдээ хуульд заасан дүрэм, журмын дагуу дансны мэдээлэл болон санхүүгийн тайлан зэргийг цаг тухайд нь төрийн байгууллагад хүргүүлсэн. Гэвч 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр татварын улсын байцаагч Г.Д******* нь утсаар ярьж тань дээр гомдол ирсэн гэж гомдлыг танилцуулсан. Уг гомдлын дагуу би 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст очиж мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхөд надаас хэргийн материалд холбогдох бичиг баримтуудыг авч прокурорт танилцуулаад эргээд хариу хэлье гэж хэлсэн. 03 дугаар сарын 18-ны өдөр манай намын ерөнхий менежерийн утасны дугаарыг надаас авсан. Үүний дараа 03 дугаар сарын 25-ны өдөр утсаар залгаж шийтгэлийн хуудастайгаа ирж танилцаарай, хялбаршуулсан журмаар 10,000,000 төгрөгийн торгууль ногдуулж байна гэдгийг хэлсэн. Энэ татварын байцаагчийн гаргасан шийдвэрийг би хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь анх хэргийн материал танилцуулахдаа надад тайлбар хэлэх боломж олголгүйгээр шууд зөрчлийн хэрэг үүсгэсэн. Мөн прокурорт гомдол гаргах эрхийг хангуулаагүй. Мөн би зөрчлийг хүлээн зөвшөөрөөгүй байхад хялбаршуулсан журмаар 10,000,000 төгрөгийн торгууль ногдуулсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сонгуулийн үе болох 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Хаан банканд очиж сонгуулийн зардлын данс нээлгэсэн. Манай намаас нэгдсэн байдлаар нийт нэр дэвшигчдийн мэдээллийг Үндэсний аудитын газарт хүргэнэ гэж байсан учраас нэр дэвшиж буй намдаа тухайн дансны мэдээллийг 06 дугаар сарын 07-ны өдөр хүргүүлсэн. Би хуулийн хугацаандаа өөрийн зардлын дансыг бүртгүүлсэн. Үндэсний аудитын газраас надад ирүүлсэн гомдол дээр Үндэсний аудитын газрын аудиторын 06 дугаар сарын 04-ний өдрийн А/44 дүгээр журмыг хангаагүй учраас гомдол гаргасан байсан. Тухайн журам нь 06 дугаар сарын 17-ны өдөр захиргааны хэм хэмжээний актад бүртгэгдээд 2020 онд нийтлэгдсэн байсан” гэв.
5. Гомдол гаргагчийн өмгөөлөгч О.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын улсын байцаагч шийтгэлийн хуудас ногдуулахдаа буруу этгээдэд ногдуулсан байна гэж үзэж байна. Учир нь гомдол гаргагч Б.А******* нь Иргэний оролцоо намаас нэр дэвшиж өөрийн намдаа тайлангаа хуульд заасан хугацаанд өгсөн. Өөрөөр хэлбэл гомдол гаргагч хийх зүйлээ хийсэн. Гэтэл намын менежер гэдэг этгээд нэр дэвшсэн бүх хүмүүсийн материалыг бүрдүүлээд Үндэсний аудитын газарт явуулахдаа хугацаа хоцроосон юм шиг байна. Б.А******* зөрчил огт үйлдээгүй, намд арга хэмжээ авахгүй нэр дэвшигчид арга хэмжээ авсан нь буруу байна. Хоёрдугаарт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Б.А*******д Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд заасан эрхийг эдлүүлээгүй. Ямар хэрэгт буруутгаж байгаа болон өмгөөлүүлэх, гомдол гаргах эрхээр огт хангаагүй. Өмгөөлөгч авах эрхийг тайлбарлаж өгөөгүй. Гомдол гаргагч эмч хүн. Хуулийн процесс ажиллагааны нарийн ширийн зүйлийг огт мэдэхгүй. 10,000,000 төгрөгөөр торгуулна гэж ч ойлгоогүй. 10,000,000 төгрөг асар их мөнгө. Энэ хүний бараг бүтэн жилийн цалин байх. Процесс ажиллагааны зөрчил тодорхой харагдаж байгаа. Гуравдугаарт нь актыг тавих гол үндэслэл болсон Үндэсний аудитын газрын албан бичгийн үндэслэх хэсэгт захиргааны хэм хэмжээний актыг дурдсан байгаа. Бид нар Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандаж захиргааны хэм хэмжээ тогтоосон акт нь Хууль зүйн яаманд хэзээ бүртгэгдсэн юм ,хэзээ нийтлэгдэж хүчин төгөлдөр болсон талаар лавлагаа авсан. Лавлагаа дээр уг хэм хэмжээний акт нь 06 дугаар сарын 17-ны өдөр бүртгэгдэж, 06 дугаар сарын 20-ны өдөр олон нийтэд хэвлэгдэж, хүчин төгөлдөр болсон гэдэг лавлагаа ирсэн. Үндэсний аудиторын гаргасан гомдол, хүсэлт нь хүчин төгөлдөр бус актыг үндэслэж гаргасан байгаа юм. Албан бичгийн үндэслэл болсон хэсэг нь хууль бус байгаа юм. Зөрчил шалган шийдвэрлэх процесс ажиллагаа маш их зөрчилтэй явуулсан. Нэр дэвшигч Б.А******* нь сонгуульд 2,500,000 төгрөгийн зардал гаргасан. Гэтэл өнөөдөр 10,000,000 төгрөгөөр торгуулсан байна. Төрийн албан хаагчид үндсэн ажиллаа хийлгүй хувь хүнээс хэдэн төгрөг салгаж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Тийм учраас шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
6. Хариуцагч Г.Д******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хувь хүний татварын улсын байцаагч Г.Д******* нь Үндэсний аудитын газраас Монгол Улсын Их хурлын сонгуулийн 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч иргэд, нам эвслийн зардлын тайланд хяналт тавьж Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илрүүлэн харьяаллын дагуу шалгуулахаар Үндэсний аудитын газрын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 011923 дугаартай албан бичигт Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д заасныг зөрчсөн гэх мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 8 дугаар тойрогт Иргэдийн оролцооны нэгдэл намаас нэр дэвшсэн Батбаяр овогтой А*******д холбогдох хэргийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан зөрчлийн дагуу Б.А*******гийн 99010677, 99292647 гэх дугаарт удаа дараа залгасан боловч холбогдох боломжгүй байсан. Үүнээс шалтгаалан холбогдогчоос нотлох баримт цуглуулах болон мэдүүлэг, тайлбар авч чадаагүй. Холбогдогч иргэн Б.А*******г 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр холбогдож хэрэг нээсэн талаар мэдээлэл өгч, танилцуулсан. Гэвч Б.А******* нь Иргэдийн оролцооны нэгдэл намаас Үндэсний аудитын газарт хүргүүлсэн албан бичиг ирсний дараа ирж уулзана гэдэг шалтгаанаар хойшлуулсан. 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр манай хэлтсийн 209 тоотод ирж уулзана. Гомдол Үндэсний аудитын газраас ирүүлсэн. Гомдол мэдээллийн талаар танилцана. Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.4-д зааснаар нам эвсэлд нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар болон банкны нэрийг санал авах өдрөөс 15 доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдүүлж бүртгүүлэх үүрэгтэй гэж заасныг зөрчсөн гэх гомдлын талаар тухайн холбогдогчоос мэдүүлэг авсан. 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Үндэсний аудитын газарт тухайн зардлын дансыг бүртгүүлэх материалыг хүргүүлсэн талаар мэдүүлгийн дагуу Үндэсний аудитын газарт албан тоот бичиг явуулсан. Уг албан бичгийн хариу 03 дугаар сарын 21-ны өдөр ирсэн. Тус албан бичиг Иргэдийн оролцоо намаас 2024 оны 05 дугаар сарын 31-ны өдөр 0210 дугаартай албан бичгээр сонгуулийн зардлын дансны дугаар болон банкны нэрийг бүртгүүлэхээр ирүүлсэн боловч 53 нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дансны дугаар нэрийг бүртгэхдээ хууль журмын дагуу шаардлага хангаагүй тул буцаасан байсан. Иргэдийн оролцоо нэгдэл намаас 06 дугаар сарын 13-ны өдөр буюу хуулийн хугацаа дууссан өдөр хүсэлт гаргах тухай 0237 дугаартай албан бичгээр 53 нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дансны мэдээллийг хавсарган Үндэсний аудитын газрын цахим хуудсаар ирүүлсэн байсан. Үүнд нь Б.А*******гийн дансны дугаар багтсан байсан. 2024 оны 06 дугаар сарын 24-ны өдөр Үндэсний аудитын газрын цахим хуудсанд нам эвсэл болон нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15 хоногоос доошгүй хоногийн өмнө буюу 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг дуустал Үндэсний аудитын дээд байгууллагын бичиг хэрэгт хүлээлгэн өгөх тухай зарыг байршуулсныг дурдах нь зүйтэй байна. Зөрчил шалгах ажиллагааны явцад Үндэсний аудитын газраас ирүүлсэн бичиг, албан тоот, холбогдогчийн мэдүүлгийг үндэслэн Зөрчлийн тухай хуулиар иргэн Б.А*******г торгох шийтгэлийг оногдуулсан” гэв.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаар хариуцагч дурдлаа. Нэхэмжлэгчийн зүгээс татварын улсын байцаагчийг буруу этгээдэд шийтгэл ногдуулсан байна гэж байна. Нэр дэвшигч Б.А******* нь өөрийн намдаа сонгуулийн зардлын данс болон мэдээллийг өгсөн боловч нам үүргээ биелүүлээгүй гэдэг зүйлийг тайлбарлаж байна. Сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.4-д нам эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар болон банкны нэрийг санал авах өдрөөс 15 доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх үүрэгтэй. Тус үүрэгт нам тухайн нэр дэвшигчийн өмнөөс холбогдох дансны дугаарыг бүртгүүлэх үүрэг байхгүй. Тус үүргийг хуульчилж өгөөгүй. Иргэдийн оролцоо нэгдэл намаас Үндэсний аудитын газарт 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2/010 дугаартай хүсэлт гаргасан. Уг хүсэлт нь хуулийн хугацаандаа багтсан боловч Иргэдийн оролцоо нам нь өөрийн дансаа бүртгүүлэх тухай хүсэлт илгээсэн. Уг хүсэлтийн дагуу тухайн аудитын байгууллага нь танай хүсэлт шаардлага хангахгүй байна дахин ирүүлнэ үү гэдэг утгаар буцаагдсан. 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2/037 дугаартай Иргэдийн оролцоо намаас Үндэсний аудитын газар мөн адил хүсэлт хүргүүлсэн. Иргэдийн оролцооны нэгдэл намаас 53 нэр дэвшигчийн дансыг бүртгүүлэх тухай албан тоотыг хүргүүлсэн байдаг. Хугацааны хувьд 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөр данс бүртгүүлэх дуусаж, хуулийн хугацааг хэтрүүлсэн. Нам бол нэр дэвшигчийн өмнөөс хариуцлага хүлээж, данс бүртгүүлэх үүргийг тусгасан заасан хуулийн заалт байхгүй. Хоёрдугаарт, өмгөөлөгч авах эрхийг эдлүүлээгүй, эрх үүрэг тайлбарлаагүй гэдэг тайлбарыг өгч байна. Холбогдогчоос мэдүүлэг авахдаа тухайн холбогдогчид эрх үүргийг манай татварын улсын байцаагч нар бүгд танилцуулдаг. Холбогдогч өмгөөлөгч авах, хэргийн материалтай холбогдуулж хүсэлт гаргах, тодорхой хэмжээний өөрийн эрхийн дагуу хүсэлт гаргах эрхтэй. Хүсэлт гаргасан ямар нэгэн нотлох баримт байдаггүй. Өөрөө эрх үүрэгтэйгээ танилцаад гарын үсэг зурж танилцсан байдаг. Хэргийн материалын хамгийн доор холбогдогчоос мэдүүлэг авсан тухай хэсэгт өмгөөлөгч авах эрхтэй гэдгийг сануулж байцаагч бичиж өгсөн байдаг. Тиймээс эрх, үүрэг тайлбарлаж өмгөөлөгч авах эрхээр хангаагүй гэдэг нь үндэслэлгүй байна. Гуравдугаарт, 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/44 дүгээр Монгол улсын Ерөнхий аудиторын тушаал байдаг. Энэ тушаал нь 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр цахим бүртгэлд орсон байна. Үндэсний аудитын газраас 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01/1120 дугаартай журам нь ямар шалтгаанаар гарсан гэхээр Монгол улсын ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар баталсан Монгол улсын Их хурлын сонгуульд оролцож байгаа нас эвсэл нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах. Зардлын тайланд аудит хийж, хянах дүнг нийтэд мэдээлэхийг танилцуулах журам гэж байдаг. Энэ журам нь 15 доошгүй хоногийн өмнө гэдэг нь 12-ны өдөр дууссан. Гэхдээ энэ журам нь хуулийн хугацаандаа ирүүлсэн мэдээллийг цахим сайтад тавина гэсэн утгатай. Бусдаар дансны мэдээллийг Аудитын газарт бүртгүүлэх үүрэгтэй гэж гарсан журам биш. Журам гарснаас хойш нийтэд мэдээлсэн юм байхгүй. Журмын дагуу 06 дугаар сарын 17-ны өдөр нийтэд мэдээлсэн гэсэн утгыг агуулаад байгаа юм. Гомдол гаргагч тал үүнийг буруугаар ойлгоод байна. Дөрөвдүгээрт, татварын байцаагч нь хууль хэрэглээний хувьд татвар төлөгч иргэдийг шулж байна гэдэг агуулгаар өмгөөлөгч нь тайлбарлаад байна. Татварын улсын байцаагчийн хувьд хуулиар хүлээсэн үүргийн дагуу ажиллагаа хийгээд явж байгаа. Ямар нэгэн хувийн ашиг сонирхлын үүднээс татварын улсын байцаагч ажиллагаа хийдэггүй. Хуулиар хүлээлгэсэн чиг үүргийн дагуу ажиллагаа хийсэн” гэв.
ҮНДЭСЛЭХ нь
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж зааснаар шүүх гомдлын шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
2. Үндэсний аудитын газар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч иргэн, нам, эвслийн сонгуулийн зардлын тайланд хяналт тавьж, зөрчил ирүүлэн, харьяаллын дагуу шалгуулахаар 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 01/1923 дугаартай албан бичгийг Татварын ерөнхий газрын даргад хүргүүлж, Баянзүрх дүүргийн 8 дугаар тойрогт Иргэдийн Оролцооны Нэгдсэн намаас нэр дэвшигч Б.А*******г Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх мэдээллийг Баянзүрх дүүргийн Хувь хүний татварын тасгийн татварын улсын байцаагч Г.Д******* хүлээн авч зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдогчийг сонгуулийн зардлын дансаа хуулийн хугацаанд бүртгүүлээгүй нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар 10000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна.
3. Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д “ нам эвсэлд нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар болон банкны нэрийг санал авах өдрөөс 15 доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдүүлж бүртгүүлэх үүрэгтэй” гэж зааснаар Иргэдийн оролцоо нэгдэл намаас 2024 оны 05 дугаар сарын 31-ны өдөр 0210 дугаартай албан бичгээр сонгуулийн зардлын дансны дугаар болон банкны нэрийг бүртгүүлэхээр Үндэсний аудитын газарт хүргүүлж, тус намын 53 нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дансны дугаар нэрийг хууль журмын дагуу шаардлага хангаагүй гэж буцааж дахин 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нэр дэвшигч нарын сонгуулийн зардлын дансны мэдээллийг хавсарган Үндэсний аудитын газрын цахим хуудсаар хүргүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
4. Мөн Монгол улсын ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар баталсан “Монгол улсын Их хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ын 3.4-д “нам, эвсэл, нэр дэвшигчийг сонгууль оролцуулахаар бүртгэх тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр гарснаас хойш нам, эвсэл, нэр дэвшигч холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэж, сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө Үндэсний аудитын газарт бичгээр хүргэнэ” гэж заасан боловч энэхүү журам нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 6868 дугаарт бүртгэгдэж захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 17 дугаарт нийтлэгдсэн байх тул уг журмыг тухайн тохиолдолд хэрэглэх хууль зүйн боломжгүй байна.
5. Үндэсний аудитын газрын цахим хуудсанд нам эвсэл болон нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15 хоногоос доошгүй хоногийн өмнө буюу 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг дуустал Үндэсний аудитын дээд байгууллагын бичиг хэрэгт хүлээлгэн өгөх тухай зарыг байршуулсан байна.
6. Маргаан бүхий татварын улсын байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******* дугаартай шийтгэвэрт гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу 10000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгосон нь Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д “нам эвсэлд нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар болон банкны нэрийг санал авах өдрөөс 15 доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдүүлж бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байна.
7. Учир нь Ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар баталсан “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ын тухайд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан буюу холбогдогчийг буруутгасан “зардлын дансаа бүртгүүлээгүй” гэх үндэслэлд хамаарахгүй, Иргэдийн оролцооны нэгдэл нам нь 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 2/037 дугаар албан бичгээр 53 нэр дэвшигчийн дансны мэдээллийг хавсарган Үндэсний аудитын газрын mnao@audit. gov.mn мэйл хаягаар илгээснийг дээрх журмын дагуу бичгээр ирүүлээгүй гэж гомдол гаргагчийг буруутгах үндэслэл болохгүй.
8. Өөрөөр хэлбэл Иргэдийн оролцооны нэгдэл намаас 53 нэр дэвшигчийн дансны мэдээллийг 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 2/037 дугаар албан бичгээр цахимаар Төрийн аудитын байгууллага нь нам эвсэл, нэр дэвшигчдээс ирүүлсэн сонгуулийн зардлын дансны мэдээллийг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр audit. gov.mn цахим хуудаст байршуулан олон нийтэд мэдээлсэн өдрөөс өмнө хүргүүлсэн болох нь тогтоогдож байна.
9. Иргэдийн оролцооны нэгдэл намаас 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Үндэсний аудитын газарт “...Голомт банканд ... тоо данс нээн хандив авч байгаа бөгөөд бүртгэж авна уу” гэсэн 2/010 дугаартай албан бичгийг хүргүүлсэн нь:
10. Гомдол гаргагч Б.А*******гийн тухайд намаас нэр дэвшигчийн хувьд ХААН банкны 54......61 дугаар бүхий сонгуулийн зардлын харилцах дансны мэдээллээ намын эрх бүхий албан тушаалтанд 2024 оны 6 дугаар сарын 7-ны өдөр цахим хаягаар хүргүүлж, 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр сонгуулийн зардлын тайланд аудит хийлгэж дүгнэлт гаргуулсан байх тул түүнийг сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг буюу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй гэж заасныг зөрчсөн гэж Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зааснаар 10,000,000 төгрөгөөр торгосон эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчсөн гэж үзэхээр байна.
11. Мөн хариуцагч эрх бүхий албан тушаалтан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д зааснаар сонгуулийн зардлын дансыг аудитын дээд байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй холбоотой асуудлыг тодруулж, холбогдох баримтыг цуглуулаагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан холбогдогчийн эрхийг зөрчсөн байна.
12. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Д*******гийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Б.А*******гаас Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Н.Д*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Д*******гийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ