Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/00900

 

 

 

 

 

 

 

 

Ф К ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 09-ний өдрийн 184/ШШ2021/00572 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ф К ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Э-т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 6 177 200 төгрөг гаргуулах тухай үндсэн шаардлагатай, 2018 оны 03 сарын 26-ны өдрийн БЗГ/18/03/28 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Ф К ХХК нь барьцаалан зээлдүүлэх зээлийн үйл ажиллагаа явуулдаг. Үүний дагуу хариуцагч Д.Э-тэй 2017 оны 09 сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 3 000 000 төгрөг зээлдүүлсэн. Хариуцагч Д.Э-ийн зээлийн үлдэгдэл 3 882 500 төгрөгийг Д.Батмягмар гэх хүний 5890906909 тоот данснаас нэхэмжлэгч байгууллагын данс руу шилжүүлж хаасан. Мөн өдрөө хариуцагч дахин зээл авах хүсэлт өгснөөр 3 940 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээ байгуулсан.

Хариуцагчийн дансны хуулгад зээлийг хаасан, дахин зээл авсан, зээлийн мөнгийг Д.Батмягмар гэх хүний данс руу шилжүүлсэн 2 удаагийн орлого, зарлага дурдагдсан байна. Гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу бид хариуцагчийн хүссэн данс руу зээлийн мөнгийг шилжүүлсэн.

Хариуцагч Д.Э- 2 удаа зээл авснаас хойш зээлийн эргэн төлөлтөд нийт 5 удаагийн төлөлт буюу 1 удаа 197 000 төгрөг төлж, 2018 оны 08 сарын 23-ны өдрөөс хойш нийт 985 000 төгрөг төлсөн. Энэ нь зээлийн гэрээ байгуулсныг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. 5 удаагийн зээлийн эргэн төлөлтөд 2017 оны зээлийн гэрээний эргэн төлөлт хамаарна.

Хариуцагч Д.Э- 2018 оны 08 сарын 23-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт огт хийгээгүй тул үндсэн зээлийн үлдэгдэлд 3 940 000 төгрөг, хүүгийн төлбөрт үндсэн 1 сарын хүү 197 000 төгрөг, алдангид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 1 970 000 төгрөг нийт 6 107 000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулсантай холбогдон гарсан зардал 70 200 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж, нийт 6 177 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллагаас 2017 онд 3 000 000 төгрөг зээлсэн бөгөөд хүү, алданги нийт 3 940 000 төгрөгийг эргэн төлөх болсон. Харин 2018 онд дараагийн гэрээг хийхдээ хүү, алдангийг дахин гэрээнд тусгасныг хүлээн зөвшөөрөхгүй. 2019 оны 10 сарын 15-ны өдөр нэхэмжлэгч байгууллагад өөрийн биеэр очиж, өргөдөл бичиж, утасны дугаараа өгсөн байдаг. Гэтэл нэхэмжлэгчээс 2020 оны 06 сард хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр эрэн сурвалжлуулахаар өргөдөл гаргасан байна.

2017 оны 09 сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хүү, алданги шаардсан бол зээлийн гэрээний барьцаа болох тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад бэлэн байна. Одоогоор эрхэлсэн ажилгүй гэртээ байдаг. Д.Батмягмар гэх хүний дансаар зээл авахыг нэхэмжлэгч тал зөвлөсний үндсэн дээр хийсэн болохоос бэлнээр мөнгө аваагүй. 5 удаагийн эргэн төлөлтийн хувьд 2017 оны зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэсэн гэжээ.

 

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: 2018 оны 03 сарын 26-ны өдрийн гэрээ нь хууль зөрчсөн. Тухайн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Ф К ХХК-аас зээлдэгч Д.Э-ийн данс руу зээлийн мөнгөн хөрөнгө болох 3 940 000 төгрөгийг шилжүүлээгүй, харин Д.Батмягмар гэх хүний данс руу шилжүүлсэн. Үүнээс үзэхэд Д.Батмягмар, Ф К ХХК-ийн хооронд эрх зүйн харилцаа үүссэн байх тул талуудын хооронд байгуулсан гэрээ нь хууль зөрчсөн байгаа юм.

2017 оны зээлийн гэрээний хүү алданги болох 940 000 төгрөгийг 2019 оны зээлийн гэрээний хүү алданги болгон тооцож байгаа тул тус зээлийн гэрээ нь үндсэндээ буруу байна. Д.Батмягмар нь Д.Э-ийн зээлийг хаасан асуудал бол тухайн 2 хүний хоорондох асуудал болохоос Ф К ХХК-д хамаарахгүй тул нэхэмжлэгчээс Д.Батмягмар гэх хүний данс руу мөнгө шилжүүлэх шаардлага үүсээгүй байна.

Гэрээ шинэчилнэ гэсэн буруу үйлдэл байдаг. 2018 оны 03 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ нь шинээр байгуулсан гэрээ биш юм. Учир нь 2017 оны зээлийн гэрээний хүү, алданги нийлээд 940 000 төгрөг болж байгаа юм. Гэтэл 2018 оны зээлийн гэрээнд 3,940,000 төгрөг гэсэн нь тодорхойгүй. Тус зээлийн гэрээнд өмнөх 2017 оны зээлийн гэрээний хүү, алдангийг мөн фидуцийн гэрээгээр барьцаалсан автомашиныг 2018 оны гэрээний барьцаанд тооцсон байгаа юм. Мөн тухайн зээлийн гэрээгээр зээлсэн гэх 3 940 000 төгрөгийг Д.Э-т бэлнээр болон дансаар шилжүүлээгүй.

Иргэний хуульд заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээний үүрэг үүсэх үндэслэлгүй байна. Өмнөх гэрээ дуусгавар болсон юм бол тэр гэрээний хүү, алданги дараагийн гэрээнд зурагдсан нь эргэлзээтэй. Нэхэмжлэгч нь Д.Э-ийг дуудаад хүсэлт бичүүлсэн талаар өөрөө тайлбарладаг. 2017 оны зээлийн гэрээ нь 2018 оны зээлийн гэрээ болон үргэлжилсэн.

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 03 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч талын гаргаж буй 2018 оны 03 сарын 26-ны өдөр хариуцагчийн зүгээс Д.Батмягмар гэх хүнээр зээлээ төлүүлсэн, хоёр хүний хоорондох харилцаа нь Ф К ХХК-тай ямар нэгэн хамаарал байхгүй гэсэн тайлбартай санал нэг байна. Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Э-ийн зээлийг Д.Батмягмар гэх хүн хаасан болохоор дараагийн зээл болох 3 940 000 төгрөгийг Д.Батмягмарын данс руу шилжүүлээгүй, харин хариуцагч Д.Э-ээс Д.Батмягмарын данс руу зээлийн олголтоо авах хүсэлт гаргасны дагуу нэхэмжлэгчээс Д.Батмягмарын данс руу Д.Э-ийн зээлсэн мөнгийг олгосон гэдгийг хариуцагч тал ойлгох хэрэгтэй.

Дээрх бүх харилцаа Д.Э- гэх хүний хүсэл зоригийн дагуу хийгдсэн ажиллагаа юм. 2017 оны 09 сарын 22-ны өдрийн зээлийн гэрээ нь 2018 оны 03 сарын 26-ны өдрөөр бүх төлбөр нь төлөгдөж хаагдаад, тухайн зээлийн гэрээтэй холбоотой Д.Э-ийг гүйцэтгэх эрх нэгэнт дуусгавар болчихсон учраас нэхэмжлэгч тал тус зээлийн гэрээний дагуу шаардлага гаргах хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй.

Иймд талуудын хооронд байгуулсан 2018 оны 03 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн 2018 онд зээлийн гэрээ байгуулахдаа дахиж хүү, алданги тооцсон гэх тайлбар нь үндэслэлгүй. Д.Батмягмар нь Д.Э-ийг муу зээлдэгчийн ангилалд оруулахгүйн тулд түүний зээлийг хаагаад, хариуд нь Д.Э-ийн дахин зээлсэн мөнгийг өөрийн данс руу шилжүүлж авсан гэж үзэж байна. Хариуцагчийг дуудаж авчраад хүсэлт бичүүлсэн зүйлгүй. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, хүү, алданги тооцож буй үйл явдлууд нь хариуцагчийн хүсэл зоригийн дагуу явагдсан гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 268 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Д.Э-ээс 1 848 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ф К ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 329 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар 2018 оны 03 сарын 26-ны өдрийн БЗГ/18/03/28 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 113 786 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-ээс 44 518 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ф К ХХК-д олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн тал давж заалдах гомдолдоо: Шүүхээс хариуцагч нь Д.Батмягмарыг танихгүй гэж байна, Д.Батмягмар 2018 оны зээлийн олголтыг Д.Э- рүү буцааж шилжүүлээгүй байна гэх тайлбар дээр үндэслэн хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Хариуцагч зээлийн олголтоо өөр дансаар хүлээн авахаар бичгээр хүсэлт гаргасны дагуу олголтыг хийсэн.

Д.Э- нь 2018 оны зээлийг авснаас хойш нийт 5 удаагийн эргэн төлөлт хийсэн байдаг. Д.Батмягмар, Д.Э- нарын хоорондын харилцааг мэдэхгүй бөгөөд, ямар харилцаатай болохыг тодруулах үүргийг нэхэмжлэгч тал хүлээхгүй юм. Мөн хариуцагчийн Д.Батмягмарыг танихгүй гэх тайлбарыг үндэслэн 2018 оны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс зөрчсөн шийдвэр юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талуудаас Д.Батмягмар гэх хүнийг гэрчээр асуулгах хүсэлт гаргаж байсан боловч, шүүхээс хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Ийнхүү Д.Батмягмарын Д.Э-тэй хамааралтай эсэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй хэмээн дүгнэж байсан атал хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ танихгүй гэж тайлбарласныг үндэслэх боломжгүй юм.

Өмнөх гэрээний үүрэг болох 3 000 000 төгрөгнөөс хүү алданги тооцож 3 940 000 төгрөг болгочихоод, дахиж түүнээс хүү алданги тооцсон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хэлцэл байна гэж дүгнэжээ. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд үүргийн харилцаа дуусгавар болно хэмээн заасан байдаг. 2017 онд байгуулсан зээлийн гэрээний үүргийг Д.Э- нь Д.Батмягмар гэх хүнээр гүйцэтгүүлсэн. Мөн Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно хэмээн заасан байдаг. Д.Э-ийн үүргийн гүйцэтгэлийг Д.Батмягмар гэх этгээд биелүүлснийг хүлээн авч, зээлийн гэрээний харилцааг дуусгавар болгосон нь хууль зөрчсөн үйлдэл биш юм. Д.Э- нь дахин зээл авах хүсэлт гаргасныг хүлээн авч, гэрээний 2.11-т заасны дагуу зээлийн олголтыг шилжүүлсэн.

Хүү тооцох тухайд зээлийн гэрээний хүүг гэрээний хугацаанд тооцдог бөгөөд 2018 оны 03 сарын 26-ны өдрийн гэрээг 6 сарын хугацаатай байгуулсны дагуу Ф К ХХК нь 6 сарын хүү тооцох эрхтэй юм. Гэтэл Д.Э- нь гэрээний үүргээ биелүүлэлгүй 2 жилийн хугацаа өнгөрсөн байна. Шүүх Ф К ХХК-ийг 2017 оны зээлийн гэрээний үлдэгдэлээ шаардах эрхтэй хэмээн тооцоолсон байна. Гэтэл 2017 оны зээлийн гэрээний үүрэг нь аль хэдийн дуусгавар болсон харилцаа юм.

Мөн зээлийн төлөлтийг тооцоолохдоо шүүхэд нотлох баримтаар цуглараагүй төлөлтүүдийг хасаж тооцсоор 1 848 000 төгрөгийг шаардах эрхтэй хэмээн тооцсон байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар зөвхөн 2018 оны зээлийн гэрээний 5 удаагийн хүүний төлөлтийн баримт л авагдсан байдаг.

Ф К ХХК нь хариуцагчид холбогдуулан 2019 онд Сонгинохайрхан дүүрэгт нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан. Ийнхүү хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гарсан. Гэтэл шүүхээс эрэн сурвалжлуулах нэхэмжлэлд төлсөн 70 200 төгрөг нь хохирол биш, нэхэмжлэгчээс зайлшгүй гарах зардал юм хэмээн дүгнэсэн нь буруу. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1 дэх хэсэгт энэ хуулийн 223 дугаар зүйлд зааснаар хугацаа хэтрүүлсэн гэм буруутай үүрэг гүйцэтгүүлэгч ийнхүү хугацаа хэтрүүлснээс үүрэг гүйцэтгэгчид учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй хэмээн заасан байдаг. Эрэн сурвалжлуулах ажиллагааны зардал нь хариуцагчийн үүрэг гүйцэтгэх хугацаагаа хэтрүүлсэн үйлдлийн улмаас шаардах эрхээ хэрэгжүүлэх үед гарсан зардал юм.

Мөн зээлийн гэрээний 3.2.1-т зээлдэгч энэхүү гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, түүний хүү болон алданги бусад зээл төлүүлэхтэй холбоотой гарсан зардлыг үл маргах журмаар төлөх үүрэгтэй хэмээн зохицуулсан. Иймд хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас гарсан, зээлийг төлүүлэхтэй холбоотой гарсан зардал учир хариуцагч төлөх үүрэгтэй юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ф К ХХК нь хариуцагч Д.Э-т холбогдуулан 2018 оны 03 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 6 107 000 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70 200 төгрөг, нийт 6 177 200 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, тухайн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаснаар талууд харилцан маргажээ. /хх1-2, 23, 45-46, 50/

 

Нэхэмжлэгч Ф К ХХК нь зээлдэгч 2017 оны 09 сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг 2018 оны 03 сарын 26-ны өдөр бүрэн төлсөн ба мөн өдрөө зээл авах хүсэлт бичгээр гаргаснаар 2018 оны 03 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ байгуулагдсан, мөн уг гэрээний 2.11-т зээлийн мөнгөн хөрөнгийг Д.Батмягмар гэх хүний дансанд шилжүүлэх нөхцөлийг тусгасны дагуу 3 940 000 төгрөгийг шилжүүлсэн гэсэн үндэслэлээр өөрийн үндсэн шаардлагаа дэмжиж, сөрөг шаардлагыг татгалздаг бол хариуцагч Д.Э- нь зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй, зээлдүүлэгч 3 940 000 төгрөгийг Д.Батмягмар гэх хүний данс руу шилжүүлсэн учир тэдгээрийн хооронд эрх зүйн харилцаа үүссэн, 5 удаагийн эргэн төлөлт нь 2017 оны 09 сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт хамаарна гэж өөрийн сөрөг шаардлагаа дэмжиж, үндсэн шаардлагыг татгалздаг.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүйн улмаас талуудын хооронд үүссэн гэрээний үүргийн харилцааг барьцаат зээлийн гэрээ гэж буруу тодорхойлж, улмаар нэхэмжлэгчээс хариуцагчид 2018 оны 03 сарын 26-ны өдрийн БЗГ/18/03/28 дугаар зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй гэж үзэн, уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон, 2017 оны 09 сарын 22-ны өдрийн БЗГ/17/09/35 дугаар зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй мэтээр дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хэрэгт авагдсан 2018 оны 03 сарын 26-ны өдрийн БЗГ/18/03/28 дугаар зээлийн гэрээг нэг талаас зээлдүүлэгч Ф К ХХК, нөгөө талаас зээлдэгч Д.Э- нар байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчид 3 940 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусахад зээл болон хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд хугацаа дууссанаас хойш зээлийн үлдэгдэл дүнгээс 1 хоногийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх үүргийг тус тус хүлээх нөхцөлийг тусгасан байна. /хх 7-9/ Тус зээлийн гэрээний 2.3-т Зээлийн хугацаа: 30 /гуч/ хоног байна гэж дурдсан бөгөөд уг хугацааг талууд сунгасан талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгч 6 сарын хүүг хариуцагчаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

 

Дээрх зээлийн гэрээг хариуцагчийн бичгээр гаргасан хүсэлт /хх 14/ болон Хаан банкны шилжүүлгийн мэдээлэлтэй /хх 12/ харьцуулан үзвэл, Д.Э- нь 2018 оны 03 сарын 26-ны өдөр нэхэмжлэгч байгууллагаас 3 940 000 төгрөгийг зээлэх тухай хүсэлт гаргасан, улмаар талууд зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний 2.11-т мөнгөн хөрөнгийг иргэн Д.Батмягмарын эзэмшлийн Хаан банк дахь 5890906909 тоот дансруу шилжүүлэх нөхцөлийг тусгасан, улмаар зээлдүүлэгчээс зээлдэгчийн нэрлэн заасан данс руу 3 940 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тус тус тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагчаас илэрхийлсэн зээл, мөнгөн хөрөнгийг өөр этгээдийн данс руу шилжүүлүүлэх хүсэл зоригийг нэхэмжлэгч тал хүлээн авсан байх тул Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр гэж үзэх ба зээлдүүлэгчийн зүгээс гэрээнд заасны дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Мөн зээлдэгч Д.Э-ийн 2017 оны 09 сарын 22-ны өдрийн БЗГ/17/09/35 дугаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг Д.Батмягмар гэх этгээдээс гүйцэтгэж, нийт 3 882 500 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагын дансруу 2018 оны 03 сарын 26-ны өдөр шилжүүлсэн нь /хх 81/ Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт заасан үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болох зохицуулалтад харшлахгүй тул 5 удаагийн эргэн төлөлтөөр 2017 оны зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэсэн, 2017 оны зээлийн гэрээний хүү алдангийг 2019 оны зээлийн гэрээний хүү алданги болгон тооцож байгаа гэсэн хариуцагч талын тайлбар, татгалзал үндэслэлгүй.

 

Иймд хариуцагчийн гаргасан 2018 оны 03 сарын 26-ны өдрийн БЗГ/18/03/28 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, харин нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Дээрх зээлийн гэрээний дагуу хариуцагчийн хүлээх үүрэг 3 940 000 төгрөгөөс /үндсэн зээл 3 940 000 төгрөг + 30 хоногийн хүү 197 000 төгрөг/ хариуцагчийн төлсөн 985 000 төгрөгийг хасахад гүйцэтгээгүй үүрэг 3 152 000 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар анз нь гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 3 152 000 төгрөгийн алдангид 1 576 000 төгрөг тооцох үндэслэлтэй.

 

Түүнчлэн, хэргийн 16 дахь талд авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00261 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч нь хариуцагч Д.Э-ийг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоолгохоор шүүхэд хандахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байх тул уг зардлыг үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн улмаас гарсан зардал гэж үзэх ба Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1 дэх хэсэг заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчээс гарсан дээрх зардлыг хариуцан төлөх үүрэгтэй юм.

 

Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгө болох 55-18 улсын дугаартай, Тоёота Королла Ран-Икс маркийн автомашинтай холбоотой шаардлага гаргаагүй, мөн уг тээврийн хэрэгсэл нь барьцаалуулагчийн эзэмшил, ашиглалтад байгаа гэсэн тайлбарыг хариуцагч няцаагаагүй учир 2017 оны 09 сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хүү, алданги шаардсан бол зээлийн гэрээний барьцаа болох тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад бэлэн гэсэн хариуцагчийн татгалзлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 09-ний өдрийн 184/ШШ2021/00572 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 224 дүгээр зүйлийн 224.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Э-ээс 4 798 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ф К ХХК-д олгож, үлдэх 1 379 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Ф К ХХК-д холбогдох 2018 оны 03 сарын 26-ны өдрийн БЗГ/18/03/28 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай хариуцагч Д.Э-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 113 786 төгрөг болон 77 990 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-ээс 91 721 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ф К ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн нийт 84 218 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Д.НЯМБАЗАР