Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/00918

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 17-ны өдрийн 181/ШШ2021/00612 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б-ын хариуцагч М Д ХХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөрт 4,752,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Ш.Төгсгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мэргэд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Б.Б- нь 2019 оны 03 сарын 20-ны өдөр Юу Би Дрийм ХХК-аас Тоёота Приус 20 маркийн цайвар ногоон өнгийн 48-64 УБС улсын дугаартай автомашиныг лизингээр худалдаж авах үедээ хариуцагч компанитай 180028524 дугаартай Тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгал-ын гэрээ, 19020134300582 дугаартай Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ-г тус тус байгуулж, төлбөрийг бүрэн төлсөн.

2019 оны 09 сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 48-64 УБС улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашинаар замын хөдөлгөөнд оролцож байх үед өөр автомашин урсгал сөрөн орж ирсний улмаас замын баруун тал руу онхолдож ард сууж явсан 68 настай Д.Наранцэцэгийн амь нас хохирсон. Үүнтэй холбоотой хариуцлагаа Б.Б- хуульд зааснаар хүлээсэн.

Юу Би Дрийм ХХК нь хариуцагч даатгалын газартай хамтран ажиллах гэрээтэй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчээс асуулгүйгээр даатгалын гэрээг хийлгэсэн атлаа даатгалын нөхөн төлбөрийг бүрэн өгөхгүй байгаад гомдолтой байна. Санхүүгийн зохицуулах хороо-оос хариуцагчид 2020 оны 05 сарын 15-ны өдрийн дотор дутуу олгосон нөхөн төлбөрийг даруй олгож, 2020 оны 05 сарын 25-ны өдрийн дотор Б.Б-т болон санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэх үүрэг өгсөн. М Д ХХК-аас 9908-6354 дугаарын утсаар ярьж нөхөн төлбөрийн тухай асуухад манай даатгалын газрын гаргасан шийдвэр учир танд нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн хариуг утсаар өгсөн тул шүүхэд хандахад хүрсэн. Автомашины үнэлгээ хийлгэхэд 7,920,000 төгрөг болсон ба Тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалын гэрээний дагуу 40 хувь буюу 3,168,000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 352,000 төгрөг, нийт 3,520,000 төгрөгийг хариуцагчаас авсан тул үлдэгдэл 4,752,000 төгрөгийг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар М Д ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Б.Б- нь Юу Би Дрийм ХХК-ийн эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн 48-64 УБС улсын дугаартай автомашиныг манай компанийн албан журмын жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулж 19020134300582 дугаар гэрээ, Тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалд даатгуулж 2019 оны 03 сарын 22-ны өдөр 180028524 дугаар гэрээт баталгаа бичүүлж тус тус нэг жилийн хугацаатай даатгуулсан. Б.Б-ыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасан гэх боловч Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 09 сарын 28-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон акт-д осол гарсан замын нөхцөл байдлыг суурингийн доторх, асфальт хучилттай, шулуун, тэгш, хуурай, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэггүй, цаг агаарын байдал тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, хоёр эгнээ, хайс хашлагагүй гэж тодорхойлсон.

Мөн тус актад, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн, хэмжилтийн бүдүүвч зураг дээр дээрх автомашин нь 6.2 м өргөн, хоёр талын хөвөөтэйгээ нийлээд 9.7 м авто замаар явж байгаад замын хоёр талын хязгаарлалтын түмп өнгөрөнгүүт А цэгт зүүн гар талын дугуйгаар замаас анх гарч, замын хөвөө шороон далан руу орон 27.2 м яваад 1.Цэгт хоёр дугуйгаар замаас бүрэн гарсан, зүүн дугуй замын хөвөөгөөр 24м зай туулаад 2.Цэгт замын хөвөө шороон далангаас гарсан, А цэгээс 77.2м зайд 3.Цэгт дугуйгаар зурагдсан гүн мөр үлдээсэн, 4.Цэгт дугуйн колпак, 5.Цэгт автомашины хойд жижиг салхины шилний хагархай, 7.Цэгт автомашины хойд буфер тус тус байгаа тэмдэглэсэн, анх замаас гарч эхэлсэн А цэгээс 97.5 м зайд автомашин ирж, явсан зүг рүүгээ эргэн зогссон байдалтай байгаагаар хэмжилт зураг тэмдэглэгдсэн байдаг. Иймд Б.Б- нь 48-64 УБС улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа хурд хэтрүүлж явсан нь эргэлзээтэй байсан тул хэдэн км/цагийн хурдтай явсныг тодруулах зорилгоор 180028524 дугаар Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 7.3.6-д зааснаар даатгуулагчийн ирүүлсэн даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт материал эргэлзээтэй тохиолдолд эрх бүхий байгууллага албан тушаалтанд хандаж дүгнэлт тодорхойлолт гаргуулах гэсэн заалтыг үндэслэн автомашины хурдыг тодорхойлуулахаар Монгол Улсын автотехникийн зөвлөх инженер экспертэд хандсан. Инженер эксперт 2020 оны 02 сарын 10-ны өдөр 20/03 тоот дүгнэлт гаргаж, 48-64 УБС улсын дугаартай автомашин зам тээврийн осолд орох үедээ 111 км/цагаас дээш хурдтай явсан нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т зааснаар тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж хурд хэтрүүлэн явсан гэсэн дүгнэлтийг гаргасан.

180028524 дугаар Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 8.6.даатгуулагчийн дараах буруутай үйлдлээр тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд дор дурьдсан хувь хэмжээгээр нөхөн төлбөр олгоно, 8.6.2урд хэтрүүлсэн нь мэргэжлийн эрх бүхий байгууллага болон экспертийн дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд гарсан хохирлын 40 хувь хүртэл хэмжээгээр нөхөн төлбөр олгоно гэсэн заалтыг үндэслэн үнэлгээний тайлангаар гарсан 7,920,000 төгрөгийн хохирлын 40 хувь буюу 3,168,000 төгрөг, үнэлгээний хөлс 352,000 төгрөгийг нэмж, нийт 3,520,000 төгрөгийг 2020 оны 02 сарын 12-ны өдөр даатгуулагчийн 5727077585 тоот дансанд шилжүүлж, харин жолоочийн даатгалаар амь насны хохиролд 5,000,000 төгрөгийг 2020 оны 03 сарын 25-ны өдөр тус тус даатгалын сангаас олгож шийдвэрлэсэн. Мөн дээрх нөхөн төлбөрийн асуудлын талаар Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны 05 сарын 15-ны өдрийн 9/2031 тоот албан бичгийг хүлээн аваад нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн шийдвэрээ өөрчлөх боломжгүй тухай 2020 оны 05 сарын 27-ны өдрийн 01/12-815 тоот албан бичгээр хариуг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан М Д ХХК-аас 4,752,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,982 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 90,982 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх даатгуулагч Б.Б- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т ...гэсэн заалтыг зөрчсөн талаар талууд маргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь 2020 оны 01 сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа буюу 2020 оны 01 сарын 22-ны өдөр нөхөн төлбөр хүссэн өргөдөл болон бусад холбогдох материалуудыг бүрдүүлэн өгсөн. Иймд анх замын цагдаагийн акт дүгнэлт гарах үед хурд тогтоох талаар нэмэлт ажиллагаа хийлгэх боломж даатгагчид байгаагүй. Талууд Даатгалын тухай хууль болон түүнтэй холбоотой гарсан Санхүүгийн зохицуулах хорооны багц дүрэм, зааварт нийцүүлэн гэрээний нөхцөлүүдийг харилцан тохиролцож, сайн дурын даатгалын хэлбэр болох Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулсан. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.4, 7 дугаар зүйлийн 7.3.6 дахь хэсэгт заасны дагуу даатгуулагч Б.Б-ын нөхөн төлбөр хүссэн материалуудыг судлан шалгаж шийдвэрлэх ажиллагаа хийх явцад учирсан хохирол, ослын нөхцөл байдлыг судлаад хурд хэтрүүлсэн байх үндэслэл бүхий эргэлзээ төрсөн учир Техникийн хяналтын зөвлөх инженер А.Цэцэгмаад хандсан ба зөвлөх инженер нь даатгагчийн хүсэлтээр тусгай мэдлэг шаардсан даатгалын үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлж даатгуулагчийн ирүүлээн зам тээврийн ослын актын ослын зураг дээрх хэмжилтэд шинжилгээ хийж ажилласан.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тоггоолд ...МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т ... заасныг болон авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн... гэж дүгнэсэн байгаа боловч Тээврийн цагдаагийн албанаас хэргийн газарт үзлэг, хэмжилт хийн осол хэргийн нөхцөл байдлыг шалгах үедээ даатгуулагч нь осол гаргах үедээ ямар хурдтай явсан эсэх, үүнийг тогтоох талаар ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй байсан. Ингээд хурд тогтоох талаар ажиллагаа хийгдээгүй учир хэргийг хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Б- нь хурдтай явсан эсэх талаарх замын хөдөлгөөний дүрмийн заалтыг баримтлан шийдвэр гаргах боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд осол гаргасан жолооч нь зөвшөөрөгдсөн хурдаар явсан эсэх эсвэл зөвшөөрөгдсөн хурдыг хэтрүүлэн явж энэ талаарх замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн эсэх талаар огт дурдаагүй, энэ талаарх үйл баримт шийтгэх тогтоолд дурдагдаагүй байхад Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь осол гаргасан жолооч Б.Б-ыг ямар хурдтай явсан эсэхийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоосон юм шиг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн ноцтой алдаа гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагчийн хувьд осол хэргийг шалгасан, мөн тэрхүү баримт материалуудад үнэлэлт өгч хэргийг хянан шийдвэрлэсэн шийтгэх тогтоолд Б.Б-ыг осол гаргах үедээ ямар хурдтай явсан эсэхийг шалган тогтоосон байсан бол энэ талаар нэмэлт ажиллагаа хийх шаардлагагүй байсан, харин энэ талаар ямар нэгэн баримт даатгуулагч Б.Б-ын нөхөн төлбөр хүсч бүрдүүлэн өгсөн баримтуудад байгаагүй тул Даатгалын тухай хууль, Даатгалын гэрээний холбогдох заалтыг үндэслэн өөрийн боломж, арга хэрэгслээр нотолсон нь даатгалын гэрээний 7.3.6-д заасантай нийцсэн. Мөн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл, нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан хурд тогтоолгосон баримт болон хариуцагчийн шүүх хуралдааны үед гаргасан тайлбарыг үгүйсгэсэн үндэслэл бүхий мэтгэлцээн явагдаагүй, хурд тогтоосон баримтыг үгүйсгэсэн ямар нэгэн нотолгоог шүүхэд гарган өгөөгүй нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байсныг хангалттай нотолж байна. Түүнчлэн, хариуцагчийн анхан шатны шүүхэд гарган өгсөн итгэмжлэлийн хугацаа дуусгавар болсон байхад анхан шатны шүүх хариуцагчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийг оролцуулан шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасныг зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессийн ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч М Д ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэл 4,752,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх1-2, 40-41/

 

Хэрэгт авагдсан Тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалын гэрээ-г нэг талаас даатгагч М Д ХХК, нөгөө талаас даатгуулагч Юу би Дрийм ХХК /хамтран даатгуулагч Б.Б-, О.Эгэлцэцэгбал/ нар байгуулж, даатгуулагч нь Тоёота Приус 20 маркийн 48-64 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг даатгалын МИГ макс төрлөөр даатгуулж, уг даатгалын хураамжийг төлөх, даатгагч нь даатгалын эрсдэл үүссэн тохиолдолд даатгуулагчийн сонгосон даатгалын төрөлд заасан нөхөн төлбөрийг төлөх үүрэг хүлээхээр харилцан тохиролцсон байна. /хх6/

 

М Д ХХК, Б.Б- нарын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд талууд дээрх гэрээний хүчин төгөлдөр байдалд болон даатгуулагч нь даатгалын гэрээний дагуу 2019 оны 03 сарын 22-ны өдрөөс 2020 оны 03 сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны даатгалын хураамж 360,000 төгрөг төлсөн талаар маргаагүй.

 

Мөн хэргийн 8-11 дэх талд авагдсан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/41 дугаартай Шийтгэх тогтоол, зохигчдын тайлбараар даатгуулагч Б.Б- нь 2019 оны 09 сарын 28-ны өдөр 17 цаг 25 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Партизан явах замд Тоёота Приус 20 маркийн 48-64 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасныг зөрчсөний улмаас даатгалын гэрээний зүйл болох тээврийн хэрэгсэлд хохирол учирсан байх бөгөөд даатгагч нь хохирлын үнэлгээ болох 7,920,000 төгрөгийн 40 хувь буюу 3,168,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн хөлс 352,000 төгрөг, нийт 3,520,000 төгрөгийг даатгуулагчид төлсөн үйл баримт тогтоогдсон.

 

Даатгагч буюу хариуцагч нь даатгалын нөхөн төлбөрийг бүрэн төлөөгүй үндэслэлээ, даатгуулагч хурд хэтрүүлсэн болохыг мэргэжлийн экспертийн дүгнэлтээр тогтоосон тул талуудын хооронд байгуулсан гэрээний 8.6.2-т заасны дагуу хэмжээг бууруулсан гэж тайлбарлах боловч анхан шатны шүүх даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэл 4,572,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

Тодруулбал, дээрх зам тээврийн осолтой холбогдох хэргийг эрүүгийн журмаар шалган шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолд хариуцагчийн татгалзалд дурдаж буй үндэслэл тусгагдаагүй байх бөгөөд нэхэмжлэгчийн даатгуулсан МИГ макс даатгалын төрөлд зам тээврийн ослын эрсдлийн нөхөн төлбөрийг 100 хувиар тооцож олгох, мөн тухайн төрлөөр даатгуулсан даатгуулагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээ 0 хувь байхаар талууд гэрээндээ тохиролцсон байна. /хх6/ Иймд энэ талаар буюу шүүх хуулийг буруу тайлбарласан, экспертийн дүгнэлт үндэслэлтэй гэх агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

Түүнчлэн, хариуцагч компанийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан талаарх гомдол үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч Б.Б- нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 12 сарын 22-ны өдөр хариуцагч М Д ХХК-д холбогдуулан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаснаар тус шүүх 2020 оны 12 сарын 28-ны өдрийн 181/ШЗ2021/00150 дугаартай захирамжаар иргэний хэргийг үүсгэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Аззаяа нь 2021 оны 01 сарын 12-ны өдөр нэхэмжлэлийг гардан авснаар шүүх мөн өдөр хуульд зааснаар түүнд эрх, үүргийг тайлбарласан байна. Энэ тохиолдолд хариуцагч компаниас 2020 оны 01 сарын 12-ны өдөр гэсэн огноогоор Г.Аззаяад олгосон итгэмжлэлийг техникийн алдаа гаргасан гэж үзэхээр байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 17-ны өдрийн 181/ШШ2021/00612 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас төлсөн 91,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.НЯМБАЗАР