| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Урангуа |
| Хэргийн индекс | 128/2023/0636/З |
| Дугаар | 128/ШШ2025/0210 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2025/0210
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: О.Д,
Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагч Ш.Г,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Ц,
Гуравдагч этгээд: Д.М,
Гуравдагч этгээд О.Б,
Гуравдагч этгээд О.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аюуш,
Гуравдагч этгээд С.А,
Гуравдагч этгээд С.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б,
Гуравдагч этгээд “А” ХК,
Гуравдагч этгээд “А” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б,
Гуравдагч этгээд “А” ХК-ийн өмгөөлөгч С.Б,
Гомдлын шаардлага: Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагч Ш.Г-ийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №0014047 дугаартай Зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: гомдол гаргагч О.Д, хариуцагч Ш.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдол гаргагч О.Д гомдлын шаардлагадаа: Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагч Ш.Гийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №0014047 дугаартай Зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах гэжээ.
2. Гомдол гаргагч нар нь “А” ХК-ын хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит хуралд Тооллогын комиссын бүрэлдэхүүнд ажилласан юм. Тооллогын комисс нь Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-д Тооллогын комисс тухайн хурлаар хэлэлцэх асуудал тус бүрээр хурлын ирц болон саналын эрхтэй байх хувьцааны тоо, төрлийг тодорхойлно, 67 дугаар зүйлийн 67.3.1- д хурлын ирц /кворум/-ыг тогтоож, хурлын даргад мэдээлэх", 67.3.2-д тухайн хурлын хэлэлцэх асуудал тус бүрээр оролцогч бүрийн саналын эрхийн тоо, төрлийг тогтоох, 67.3.3-д хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, санал өгөх эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан гарах асуудалд тайлбар өгөх гэж тус тус заасны дагуу уг хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож үүргээ холбогдох хууль тогтоомжид заасны дагуу гүйцэтгэсэн.
2.1.Тус хувьцаа эзэмшигчдийн хуралд нийт 9 хувьцаа эзэмшигч, 859,918 саналын эрхтэйгээр оролцсон бөгөөд тооллогын комиссоос хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийг бүртгэн, саналын эрхийн тоог тодорхойлж, хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал тус бүрээр саналыг тоолж, тогтоол гаргасныг хувьцаа эзэмшигчдийн хурлаас хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан.
2.2.Гэтэл тооллогын комиссын шийдвэртэй холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооны ахлах байцаагч Ш.Г нь 2023 оны 07 сарын 04-ний өдрийн №0014046, 0014047, 0014048 дугаартай шийтгэх хуудсуудаар тооллогын комиссын дарга, гишүүдэд Зөрчлийн тухай хуулийн 10.11 зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хууль бус тогтоол гаргасан гэх үндэслэлээр тус бүр 500,000 төгрөгийн торгууль ногдуулсныг эс зөвшөөрч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6-р зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу О.Д надад холбогдох №0014047 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар үүгээр гомдол гаргаж байна.
2.3.Байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 6-д "Компанийн тухай хуульд заасан бусад үүргээ биелүүлээгүй, хориглосон хэм хэмжээ, үнэт цаасны зах зээлийг зохицуулах төрийн эрх бүхий байгууллагаас баталсан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалтыг үндэслэсэн нь ойлгомжгүй, хууль хэрэглээний хувьд илэрхий алдаатай болжээ.
2.4.Учир нь дээр дурдсан зөрчлийн үйлдлийн шинжийг 1/ Компанийн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, 2/ Хориглосон хэм хэмжээг зөрчсөн 3/ Үнэт цаасны зах зээлийг зохицуулах төрийн эрх бүхий байгууллагаас баталсан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж тодорхойлсон.
2.5.Ахлах хянан шалгагч нь гомдол гаргагч нарыг Компанийн тухай хуулийн ямар зүйл, заалтыг зөрчсөн эсхүл Тооллогын комисс нь мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь заалтад тодорхойлсон хувьцаа эзэмшигчдийн хурлын тооллогын комиссын аль үүргийг гүйцэтгээгүй гэж үзсэн, эсхүл хориглосон ямар хэм хэмжээ, хэм хэмжээний актыг зөрчсөн болохыг тодорхойлоогүй бөгөөд тогтоолыг хууль бус гэж үзэж байгаа үндэслэлийг огт тайлбарлаагүй.
2.6.Тооллогын комисс нь Компанийн тухай хууль тогтоомжид заасны дагуу хараат бусаар үүргээ биелүүлсэн ба хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын ирц, хурлыг хүчин төгөлдөрт тооцох тухай 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №01 дугаартай тогтоолыг хамтын шийдвэрээр гаргасан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №01275 дугаартай тогтоол, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс ирүүлсэн үнэт цаас эзэмшигчдийн судалгаа, “А” ХК-ийн хурлын нарийн бичигт ирүүлсэн Өмгөөлөгчдийн хуулийн дүгнэлт, зөвлөмж зэрэг баримт, материалуудтай танилцаж, судалсны үндсэн дээр уг тогтоолыг гаргасан ба Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагчийн шийдвэр нь зөрчлийн шийтгэл хүлээх субъект, зөрчлийн үйлдлийг буруу тодорхойлсон, хуулийг төсөөтэй хэрэглэсэн зэргээр хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.
2.6.1.Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлд Шийтгэл хүлээх хүн, хуулийн этгээд"- ийг тодорхойлсон ба 1-д Зөрчил үйлдсэн, зөрчил үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ, 2-д Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна гэж тус тус заасан.
Бид “А” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд бие дааж шийдвэр гаргах хүн, хуулийн этгээдийн хувиар оролцоогүй, хараат бусаар хамтын шийдвэр гаргах, саналын эрхтэй бүрэлдэхүүн буюу Тооллогын комиссын гишүүнээр ажилласан.
Тэрчлэн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тооллогын комисст Компанийн тухай хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хамтын шийдвэр гаргасан болохоос хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн явдал байхгүй болно.
Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 6-д заасан зөрчлийн үйлдлийн шинжийг тодорхойлох, хэрэглэхдээ үүрэг хүлээсэн субъект буюу хүн, хуулийн этгээд нь компанийн тухай хуулийг, хориглосон хэм хэмжээг эсхүл хэм хэмжээний актыг зөрчсөн субьектив хамааралтай байхаар тодорхойлсон. Гэтэл уг зөрчлийг төсөөтэй хэрэглэж Тооллогын комиссын шийдвэр, үйл ажиллагаанд хамаатуулан, гишүүн тус бүрд хариуцлага ногдуулах байдлаар хэрэглэсэн нь огт үндэслэлгүй болно.
Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно", 2-т Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно, 4-т Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэж тус тус заасан.
Мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна гэж заасан байтал хамтын шийдвэр гаргасан Тооллогын комиссын бүрэлдэхүүнд тус тусад нь 500 нэгжийн торгууль ногдуулсан буюу 1 зөрчил гэж тодорхойлогдох зөрчилд 3 удаа шийтгэл ногдуулсан гэж үзэхээр байна.
Нөгөөтээгүүр “А” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын 2023 оны 04 сарын 28-ны өдрийн тогтоолоор Тооллогын комиссын тогтоолуудыг баталсан
байдаг. Хэрэв хувьцаа эзэмшигчдийн хурлаас Тооллогын комиссын тогтоолыг хууль бус гэж үзэх, хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд батлахгүй байх эрх гагцхүү саналын эрх бүхий хувьцаа эзэмшигч нарт байдаг онцлогтой юм.
2.6.2.”Б” групп ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Т Б Т” ХХК, “Т Б И” ХХК, “У Г”ХХК-д тус тус холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр эцсийн шийдвэр буюу Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 12 сарын 15-ны өдрийн №01275 дугаартай тогтоолд “Т Б Т” ХХК, “Т Б И” ХХК, “У Г” ХХК-иудын хороонд шилжсэн “А” ХК- ийн нийт хувьцааны 39,86%-тай тэнцэх буюу 69,424 ширхэг хувьцааг саналын эрхгүй болохыг тогтоож энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан эрхийн зөрчилтэй хөрөнгө болохыг шүүхээс нэгэнт тогтоосон тул эрхийн зөрчилтэй хөрөнгө гэрээгээр шилжигдэх хууль зүйн үндэслэлгүй тул тэрхүү агуулгаар нь дүгнэж иргэн С.А, О.Б нарын худалдан авсан гэх хувьцааг саналын эрхийн тоонд оруулаагүй, ирцийн мэдээг гаргаж, танилцуулсан. Тодруулбал хувьцаа эзэмшигчийн санал өгөх эрхийг Тооллогын комисс хассан бус анхнаасаа саналын эрхгүй хувьцаа гэж Улсын Дээд шүүхийн тогтоолоор нэгэнт дүгнэсний дагуу саналын ирцэд оруулан тоолоогүй болно.
2.7.Гэтэл ахлах хянан шалгагчаас Тооллогын комисс хувьцаа эзэмшигчийн санал өгөх эрхийг хассан шийдвэр, тогтоол гаргасан гэж дүгнэсэн нь буруу байна.
2.8.Иймд Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагч Ш.Г-ийн 2023 оны 07 сарын 04-ний өдрийн № 0014047 дугаартай Зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, тус тус хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
3.Гомдол гаргагч О.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Д миний бие 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “А” хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тооллогын комиссын гишүүнээр ажилласан байдаг. Уг тооллогын комисс нь Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-д заасны дагуу тухайн хувьцаа эзэмшигчдийн хурлын ирц болон саналын эрхтэй байх хувьцааны тоо төрлийг тодорхойлох, 67 дугаар зүйлийн 67.3.1-д заасны дагуу хурлын ирцийг тогтоож хурлын даргад мэдээлэх тухайн хурлын хэлэлцэх асуудал тус бүрийг оролцогч буюу саналын эрхийн тоо төрлийг тогтоох гэж хуульд заасан эрх үүргийг хэрэгжүүлж санал нэгтэй тогтоолуудыг гаргасан байдаг. Тус хувьцаа эзэмшигчдийн хуралд нийтдээ 9 хувьцаа эзэмшигч, 859918 саналын эрхтэйгээр оролцсон бөгөөд тооллогын комиссоос дурдсан хувьцаа эзэмшигчдийг бүртгээд саналын эрхийн тоог нь гаргаж хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал тус бүрээр саналыг тоолж тогтоолоор гаргасныг хувьцаа эзэмшигчдийн нийт хурлаас хүлээн зөвшөөрч баталгаажуулж тогтоол гарсан байна. Гэтэл уг тооллогын комиссын шийдвэртэй холбоотойгоор санхүүгийн зохицуулах хорооны ахлах байцаагч Ш.Г-ийг 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 0014047 дугаартай шийтгэх хуудсаар тооллогын комиссын дарга болон гишүүдэд Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хууль бус тогтоол гарсан гэдэг үндэслэлээр 500 мянган төгрөгийн торгуулийг гишүүн тус бүрд ногдуулсан байдаг. Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 6 дахь заалт буюу Компанийн тухай хуульд заасан бусад үүргээ биелүүлээгүй хориглосон хэм хэмжээ үнэт цаасны зах зээлийг зохицуулах төрийн эрх бүхий байгууллагаас баталсан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн иргэнийг 500 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 5000 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалтыг үндэслэл болгож торгуулийн арга хэмжээ авсан байдаг. Үүнийг миний бие болоод хурлын комиссын бусад гишүүд эс хүлээн зөвшөөрч хуульд заасан хугацаанд гомдлыг гаргасан. Үүнд хэд хэдэн үндэслэлээр уг зөрчлийн арга хэмжээг авахдаа хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн хуулийг өргөжүүлэн тайлбарлаж алдаа гаргасан гэдэг агуулгаар гомдлынхоо агуулгыг тодорхойлсон байдаг. Нэгдүгээрт зөрчлийн үйлдлийн шинжийг Компанийн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй. Хоёрдугаарт хориглосон хэм хэмжээг зөрчсөн. Гуравдугаарт үнэт цаасны зах зээлийг зохицуулах төрийн эрх бүхий байгууллагаас баталсан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэдэг гурван шинжээр зөрчлийн үйлдлийн шинжийг тодорхойлсон байдаг. Үүнээс миний бие аль ч зөрчлийн үйлдлийн шинжийг ногдуулаад байгаа шийтгэлийн хуудаст нь агуулаагүй гэж үзэж байгаа юм. Компанийн тухай хуулийн ямар заалтыг зөрчсөн. Эсвэл тооллогын комисс нь мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-д заасан хувьцаа эзэмшигчдийн хурлын тооллогын комиссын аль үүргийг гүйцэтгээгүй гэж үзсэн. Эсвэл хориглосон ямар хэм хэмжээг зөрчсөн юм. Хэм хэмжээний актыг зөрчсөн бол ямар хэм хэмжээний актыг зөрчсөн гэдэг асуудлыг шийтгэлийн хуудсыг гаргахдаа тодруулаагүй. Тооллогын комисс нь Компанийн хууль тогтоомжид заасны дагуу хурлын ирцийг тогтоох үүргийг биелүүлж байгаа. Уг тогтоолыг “А”компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас мөн хүлээн зөвшөөрч баталгаажуулсан байдаг. Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйл нь шийтгэл хүлээх иргэн, хуулийн этгээдийг тодорхойлсон. Тодорхойлохдоо нэгд зөрчил үйлдэх үедээ 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан шийтгэлийг ногдуулж албадлагын арга хэмжээ авна. Мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд шийтгэл ногдуулж болно гэдэг хоёр агуулгаар тодорхойлсон. Гэтэл шийтгэлийг ногдуулахдаа тооллогын комисс хуульд заасан бусад үүргээ биелүүлээгүй гэдэг агуулгаар тодорхойлоод, давхар тооллогын комисст байгаа 2 гишүүн болон 1 дарга 3 хүн тус бүрд нь 500 мянган төгрөгийн шийтгэлийг ногдуулсан байгаа. Тиймээс нэгдүгээрт субъектийн хувьд хүн гэдэг агуулга гээд Компанийн тухай хуулийг зөрчсөн албан тушаалтай хүн гэж тодорхойлоод байгаа юм уу, эсвэл хуулийн этгээд буюу “А” компанийн хамаарал бүхий нийт субъект гэдэг агуулгаар тодорхойлж шийтгэл ногдуулаад байгаа юм уу гэдэг нь акт ойлгомжгүй, тодорхойгүй байдаг. Үүнтэйгээ холбоотой зөрчлийн хэрэг анх үүсгэхдээ “А”хувьцаат компани гэдэг байдлаар зөрчлийн хэргийг нээж шалгаж явж байгаад хуулийн этгээдэд холбогдуулан зөрчлийн хэргийг нээсний дараа хувь хүн тус бүрд зөрчлийн шийтгэл ногдуулаад байгаа 3 гишүүд нь субъектийн хувьдаа шийтгэл ногдуулах этгээдийг буруу тодорхойлсон, процессыг зөрчсөн. Мөн нэг үйлдэлд 3 удаа шийтгэл ногдуулсан гэж харагдаад байгаа. Тооллогын комисс гэх агуулгаараа тодорхойлчхоод, “А”хувьцаат компани гэж тодорхойлчхоод 3 гишүүн дээр 500, 500 мянган төгрөгийн шийтгэл торгуулийн арга хэмжээ авч байгаа нь 1 үйлдэл дээр 3 удаагийн хариуцлага ногдуулж байгаа үйл баримт байна гэдгийг шүүх анхаарч үзээрэй гэж хүсэж байна. Зөрчлийн тухай хуульд 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно. Хоёрт зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд ногдуулах шийтгэл албадлагын арга хэмжээг төрөл хэмжээг энэ хуулиар тогтооно. Дөрөвд нь энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэж заасан. Гэтэл ахлах байцаагчаас тухайн асуудлыг хянан шалгах явцдаа, шийтгэлийг ногдуулахдаа Компанийн тухай хуульд заасан бусад үүргээ биелүүлээгүй гэдэг Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг авч хэрэглэхдээ компанийн хуулиар тодорхойлсон бусад үүргээ биелүүлээгүй гэдэг агуулгаар хуулийн энэ заалтыг өргөжүүлж төсөөтэй хэрэгжүүлж шийтгэл ногдуулсан. Компанийн тухай хуульд бусад үүргээ биелүүлээгүй гэдгийг тооллогын комиссын гишүүд үүргийг хүлээнэ тодорхойлоод заачихсан. Тус заалтыг зөрччихсөн. Үүнийг ойлгож байгаа. Гэтэл тооллогын комисст үүрэг хүлээлгэсэн заалт байхгүй. Компанийн тухай хуульд иргэний хувьд жишээ нь О.Д надад компанийн тухай хуулийн тус заалтыг та мөрдөнө шүү гэдэг агуулгаар тодорхойлсон заалт байхгүй. Иргэний хувьд тооллогын комиссын гишүүнээр ажиллахад ямар үүрэг хүлээх вэ гэдэг асуудал мөн хуулиар тодорхойлогдоогүй байгаа. Гэтэл энэ заалтыг өргөжүүлэн хэрэглэж шийтгэл ногдуулсан байгаа нь үндэслэлгүй байна. Иймээс улсын байцаагчийн гаргасан шийтгэл ногдуулах тухай хуудас нь хуульд заасан процессыг зөрчсөн. Хууль буруу хэрэглэсэн учраас хүчингүй болгох нь үндэслэлтэй гэж үзэж байна. Улсын дээд шүүх тооллогын комиссын 2 гишүүн болох н.О, н.Н нарт холбогдох хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 78 дугаартай Улсын дээд шүүхийн тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. Шийтгэлийн хуудаснуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдсэн. Улсын дээд шүүхийн тогтоолыг дурдаж байгаа шалтгаан нь шүүхэд нөлөөлөх асуудал биш, хууль тогтоомжийг нэг мөр ойлгож, нэг байдлаар хэрэглэх агуулгаар тайлбарлаж байгаа. Яагаад гэвэл 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Захиргааны хэргийн хэргийн шүүхийн байранд Улсын дээд шүүхээс зохион байгуулсан захиргааны эрх зүйн хэрэг судлал гээд хэлэлцүүлэг болсон. Уг хэлэлцүүлгээр ч гэсэн мөн нэг ижил үйл баримттай, нэг ижил маргааныг хууль тогтоомжийг нэг байдлаар тайлбарлаж хэрэглэх нь зүйтэй гэдэг агуулгаар тайлбарлагдаж явсан байдаг. Улсын дээд шүүхийн тогтоолд дүгнэхдээ тус маргаан хувьцааны саналын эрхтэй юу, эрхгүй юу гэдэг маргаан нь хувийн эрх зүйд хамааралтай иргэний эрх зүйн маргаан юм. Гэтэл маргааны дундуур Санхүүгийн зохицуулах хороо буюу төрийн эрх бүхий байгууллагаас саналын эрхтэй, эрхгүй гэж дүгнэж байгаа нь хуульд заасан эрх хэмжээний хүрээнд ажиллаагүй байна гэдэг асуудлаар дүгнэсэн байдаг. Саналын эрхтэй, эрхгүй маргаан иргэний журмаар эцэслэгдэн шийдвэрлэгдэх ёстой. Компанийн тухай хуульд заасан бусад үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлаад байгаа. Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар дүгнэлт хүчингүй болсон байдаг. Ийм учраас шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ Улсын дээд шүүхийн холбогдох тайлбарыг харгалзан үзнэ үү гэж хүсэж байна. Ийм учраас гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж улсын байцаагчийн шийтгэл ногдуулах тухай актыг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна. гэв.
4.Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагч Ш.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч, Улсын байцаагч Ш.Г надад холбогдох “А” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хуралдсан хуралд тооллогын комиссын гишүүнээр ажилласан О.Д-ын нэхэмжлэлтэй зөрчлийн хэрэгт нэхэмжлэгчийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдолтой танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
4.1.”А”ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 02/23 дугаартай тогтоолоор компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2023.04.28-ны өдөр хуралдуулах шийдвэрийг гаргасан. Уг тогтоолд хувьцаа эзэмшигчдийн хурлаар дараах асуудлыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнд:
1.Компанийн 2022 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах,
2.Компанийн 2022 оны жилийн санхүүгийн тайланд ээлжит аудит хийсэн аудитын байгууллагын дүгнэлтийг танилцуулах,
3.2022 онд ногдол ашиг тараахгүйгээр шийдвэрлэсэн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцуулах,
4.Компанийн 2023 оны бизнес төлөвлөгөөг батлах,
5.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, гишүүдийн цалин, урамшууллын хэмжээг тогтоож, дотоод ажлын зардлын төсвийг батлах,
6.Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь заалтын дагуу хувьцааны хяналтын багцыг хуралдахаар санал болгосон хувьцаа эзэмшигчийн асуудлаар тусгайлан шийдвэр гаргуулах.
4.2.Хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийг 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр буюу хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийг гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд “А” ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хуралдсан хувьцаа эзэмшигчдийн хурлын материалыг Санхүүгийн зохицуулах хороонд 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн.
4.3.”А” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09:00 цагт компанийн байранд хуралдуулсан. Хуралд нийт 15 хувьцаа эзэмшигч оролцсон бөгөөд уг хуралд оролцохоор ирсэн хувьцаа эзэмшигч иргэн С.А, О.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг оролцуулаагүй талаар тус Хороонд гомдол гаргасан бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 2301000023 дугаартай зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
4.4.Хурлын тооллогын комиссын 2023.04.28-ны өдрийн 01 дугаартай тогтоол гарган хувьцаа эзэмшигч С.А, О.Б нарын эзэмшиж буй хувьцааг саналын эрхгүй гэж тооцон хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх эрхийг хассан байна. Тогтоолыг гаргахдаа “А” ХК-ийн хувьцааны хяналтын багцыг эзэмшигч “Б” групп ХХК болон “Т Б И” ХХК нарын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэсэн Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 011/ХТ2022/01275 дугаартай тогтоол, “А”ХК-ийн өмгөөлөгч нарын зөвлөмжийг үндэслэсэн байна.
4.5.Дээрх 2 иргэн Монголын хөрөнгийн бирж ХК-ийн нээлттэй арилжаагаар “А” ХК-ийн 42,000 ширхэг хувьцааг иргэн С.А27,424 ширхэг хувьцааг О.Б “Т Б И” ХХК-аас худалдан авсан байдаг. Тооллогын комиссын гишүүн О.Д өгсөн мэдүүлэгт Хурал цагтаа эхэлсэн,
нөгөө 2 гишүүн хувьцаа эзэмшигчдийн нэрсийг хувьцаа эзэмшигчдийн бүртгэл, итгэмжлэлийг тулгасан. Тооллогын комисст 2 хуульч болох Б, Э-гийн гарын үсэгтэй хувьцаа эзэмшигчдийн хуралд хаягласан зөвлөмж, Улсын дээд шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолыг ирүүлсэн байсан. Уг зөвлөмжид Дээд шүүхийн тогтоолд дурдсан “Т Б И” ХХК нь “А” ХК-ийн хувьцааг худалдаж авсан хувьцаа саналын эрхгүй гэж тогтоосон. Хувьцаа худалдаж авсан хүмүүсийн хувьцаа мөн эрхийн доголтой учир саналын эрхтэй гэж үзэх үндэслэлд хамаарахгүй. Улсын дээд шүүхийн тогтоол, зөвлөмжтэй танилцаад гишүүд хоорондоо зөвлөлдөөд хувьцааг худалдаж авсан 2 иргэн болох Б*******, А******* нарын хувьцааг хуралд оролцох асуудлаар саналын эрхгүй болохыг дүгнэж тогтоол гаргасан. Компанийн тухай хуулийн 63.4, 67.3.1, 67.3.2 заалтуудыг тус тус үндэслэн, хувьцаа эзэмшигчдийн дэлгэрэнгүй судалгаанаас тухайн 2 иргэний эзэмшдэг хувьцааны тоог тулгаад “Т Б И” ХХК-аас хувьцааг худалдаж авсан байна гэж тогтоосон. Компанийн тухай хуулийн 63.4-т Тооллогын комисс тухайн хурлаар хэлэлцэх асуудал тус бүрээр хурлын ирц болон саналын эрхтэй байх хувьцааны тоо, төрлийг тодорхойлно" гэж зааснаар саналын эрхийн тоо, төрлийг тодорхойлсон. Тооллогын комиссын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай тогтоол гарсан. Хэн нэгний эрх ашиг хөндөгдөх, зөрчихөөс илүү хууль ёсны шийдвэрийг тооллогын комисс холбогдох хууль, дээд шүүхийн тогтоолыг үндэслэн хамтын шийдвэрийг гаргасан гэж мэдүүлсэн.
4.6.Тооллогын комиссын гишүүн Э.Н өгсөн мэдүүлэгт Б, А нарын хувьцааг Дээд шүүхийн тогтоолд үндэслэн саналын эрхгүй гэж шийдвэрлэн тогтоол гаргасан, саналын эрхгүй хувьцааны талаар асуухад мэдэхгүй гэсэн хариултыг өгсөн бөгөөд Дээд шүүхийн тогтоолд дээрх 2 хүний нэр байсан, анх удаа тооллогын комиссын гишүүнд орж ажилласан учир нарийн сайн мэдэхгүй байна гэж мэдүүлэг өгсөн.
4.7.Тооллогын комиссын дарга Ө.О өгсөн мэдүүлэгт компанийн хуулийн хэлтсийн зүгээс зөвлөмж, Дээд шүүхийн 2022.12.15-ны тогтоолын хуулбарыг танилцуулсан. Дээд шүүхийн тогтоолд үндэслээд дээрх 2 иргэний хувьцааг саналын эрхгүй юм байна гэж тогтоосон. “Т Б И” ХХК “А”ХК-ийн хувьцааг худалдан авахдаа хууль зөрчсөнийг Дээд шүүх тогтоосон бөгөөд зөрчилтэй хувьцаагаа бусдад худалдсан учир, худалдаж авсан 2 иргэнийн хувьцааг саналын эрхгүй юм байна гэж тооллогын комиссын гишүүд шийдвэрлэж тогтоол гаргасан. Компанийн тухай хуулийн 67.3.1, 67.3.2, 67.3.3-д заасны дагуу хувьцааны саналын эрхтэй болон эрхгүй эсэхийг тогтоосон. Тогтоолын төслийг компанийн зүгээс өгсөн. Дээд шүүхээс энэ 2 хүний эзэмшиж байгаа хувьцааг саналын эрхгүй гэж шийдвэрлэсэн учир тооллогын комисс тогтоол гаргасан гэж мэдүүлсэн байдаг.
4.8.Тооллогын комиссын гишүүн болох Ө.О нь “А” ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “Б” групп" ХХК-д хуулийн мэргэжилтэн, О.Д нь “А” ХК-д холбогдох 2101000022 дугаартай зөрчлийн хэрэгт компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байсан, Э.Н нь “А” ХК-ийн Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-тай хамт өмгөөлөгчийн туслахаар ажилладаг буюу хоорондоо ажил төрлийн холбоотой хүмүүс байна.
4.9.Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйл Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох, 63.4-т Тооллогын комисс тухайн хурлаар хэлэлцэх асуудал тус бүрээр хурлын ирц болон саналын эрхтэй байх хувьцааны тоо, төрлийг тодорхойлно, 67 дугаар зүйл Хувьцаа эзэмшигчдийн хурлын тооллогын комисс, 67.3-т Хувьцаа эзэмшигчдийн хурлын тооллогын комисс дараах үүрэг хүлээнэ", 67.3.2-т тухайн хурлын хэлэлцэх асуудал тус бүрээр оролцогч бүрийн саналын эрхийн тоо, төрлийг тогтоох гэж заасны дагуу хувьцааны төрлийг тогтоохдоо дээрх 2 хувьцаа эзэмшигчийн хувьцааг саналын эрхгүй гэж тогтоон хууль бус тогтоол үйлдэн гаргасан байна. Тус хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Хувьцаа нь энгийн ба давуу эрхийн гэсэн төрөлтэй байна гэж заасан байдаг. Тооллогын комиссын гишүүд Компанийн тухай хууль болон бусад хуульд заасан хувьцаат компанийн хувьцааг саналын эрхтэй, эрхгүй гэж шийдвэр гаргах хүн, хуулийн этгээд биш бөгөөд тийм эрхийг хуулиар олгоогүй байна.
4.10.Хурлын тооллогын комиссын гишүүнээр ажилласан Ө.О, О.Д, Э.Н нар Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 34 дүгээр зүйлийн 34.1.1-т заасан хувьцаа эзэмшигчийн хуульд заасан эрхийг хассан, 63 дугаар зүйлийн 63.1, 67 дугаар зүйлийн 67.3.2-т заасан үүргээ биелүүлээгүй, тооллогын комиссын тогтоолыг буруу гаргасан үйлдэл нь зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан торгуулийн шийтгэл ногдуулсан болно. Иймд О.Д-ын Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Зөрчлийн үйл баримтын тухайд “А”хувьцаат компанийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тооллогын комиссоор орж ирсэн гишүүдэд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага оногдуулсан байгаа. Я агаад хариуцлага ноогдуулах болсон бэ гэвэл “А” компанийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр болсон хувьцаа эзэмшигчдийн хуралд тус компанийн хувьцаа эзэмшигч С.А, О.Б нар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан орсон байдаг. Гэтэл тооллогын комиссоос 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг гарган С.А, О.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг хуралд оролцож байгаа асуудлаар саналын эрхтэй оролцуулаагүй саналыг нь өгүүлээгүй байдаг. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх нь хувьцаа эзэмшигчийн үндсэн эрх байдаг. Мөн тус хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т зааснаар хувьцаа нь энгийн болон давуу эрхийн гэсэн төрөлтэй байдаг. Мөн энгийн хувьцаа эзэмшигчийн эрх нь хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож хэлэлцэж байгаа асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх эрхтэй. Тооллогын комиссын үүрэг нь Компанийн тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан гомдол гаргагч тооллогын комисст үүрэг хүлээлгээгүй гээд байна. 67.3 дугаар зүйлд хувьцаа эзэмшигчдийн хурлын тооллогын комисст дараах үүрэг хүлээнэ гэж байгаа 67.3.2-т тухайн хурлын хэлэлцэх асуудал тус бүрээр оролцогч бүрийн саналын эрхийн тоо, төрлийг тогтоох, 67.3.5-д санал өгөх журам болон хувьцаа эзэмшигчдийн санал өгөх эрхийг хангах гэж заасан. Гэтэл тооллогын комисс нь “А” хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч С.А, О.Б нарын Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож хэлэлцэж байгаа асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх эрхийг нь зөрчиж Компанийн тухай хуулийн 67.3-д заасан тооллогын комиссын хүлээх үүргийг зөрчсөн. Ийм учраас Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт Компанийн тухай хуульд заасан бусад үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр торгуулийн шийтгэл оногдуулсан. Хоёрдугаарт нь иргэн бүрд Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн байдаг тул Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1-д зөрчлийг хамтран үйлдсэн хүн, хуулийн этгээд тус бүрд шийтгэл оногдуулна гэж заасан. Тооллогын комисс нь гишүүдээс бүрдэж байгаа хамтаараа шийдвэр гаргаж байгаа учраас гишүүн бүрд хариуцлага хүлээлгэсэн. Гуравдугаарт Улсын дээд шүүхээс 2 тооллогын комиссын гишүүдэд холбогдох хэргийг шийдсэн. Гэхдээ үүнд хувьцаа саналын эрхтэй юу, эрхгүй юу гэдгийг хувийн эрх зүйн асуудал гэдэгтэй Санхүүгийн зохицуулах хороо маргахгүй. Иргэний эрх зүйн харилцаа гэдэгт санал нийлнэ. Гэтэл компанийн тухай хуулиар хувьцаа нь энгийн болон давуу эрхтэй гэсэн төрөлтэй. Мөн хуульд оролцсоны дагуу нэг хувьцаа, нэг саналын эрхтэй хэзээ саналын эрхгүй болохыг Компанийн тухай хуулийн 34, 35 болон 57 дугаар зүйлд заагаад өгчихсөн. Гэтэл тооллогын комиссын гишүүд тогтоол гаргаад хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааг саналын эрхгүй гэж тогтоож байгаа нь хууль зөрчиж байгаа гэж Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс үзсэн. Яагаад гэвэл тооллогын комиссын гаргасан 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолд Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын 2022 оны 1275 дугаар тогтоолыг үндэслэсэн байдаг. Тус тогтоол “А”хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн худалдан авах ажиллагаатай холбоотой “Б” групп-ийн нэхэмжлэлтэй, Таван богд капитал, “У Г” ХХК “Т Б И” зэрэг компаниудтай холбогдох хэрэг байдаг. Тус хувьцаа эзэмшихийн маргаантай холбоотой тогтоолыг үндэслээд “А” компанийн хувьцаа эзэмшигч иргэн С.А, О.Б нарын хувьцаатай ямар ч хамааралгүй гэж шүүхийн шийдвэрийг үндэслээд хувьцаа саналын эрхгүй гэж тогтоож байгаа нь хууль бус шийдвэр болсон. Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т зааснаар хуулийн 57.1-д заасан буюу сайн дураар худалдан авах үүргийг хэрэгжүүлээгүй этгээдийн эзэмшиж байгаа хувьцаа уг саналыг гаргаж зохих журмын дагуу хэрэгжүүлэх хүртэл хугацаанд мөн хуулийн 62.1-ээс 62.1.16-д заасан асуудлаар саналын эрхгүй байна гээд бусад асуудлаар 62.1.1-ээс 62.1.8-д заасан асуудлаар хувьцаа эзэмшиж байгаа этгээдүүдийн эзэмшиж байгаа хувьцаа саналын эрхтэй байдаг. Гэтэл тооллогын комисс энд үүссэн асуудал үүсээгүй байхад энэ хүмүүсийн хувьцааг саналын эрхгүй гэж тооцсон нь үндэслэлгүй. Мөн үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22, 23 дугаар зүйлд хувьцаат компанийн хувьцааг худалдан авах ажиллагааны журмыг тодорхойлж өгсөн. Хувьцаат компанийн хувьцааг худалдан авахтай холбоотой журмыг Санхүүгийн зохицуулах хороо баталж байгаа. Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон тус журмыг зөрчиж хувьцаат компанийн хувьцааг худалдан авахыг хориглодог. Хэрвээ тус журмыг зөрчөөд худалдаад авчихвал Санхүүгийн зохицуулах хороо тус хувьцааг нь саналын эрхгүй гэж олон дахин зарладаг зохицуулалттай. Гэтэл С.А, О.Б нар хувьцаа саналын эрхтэй, эрхгүй гэж маргасан иргэний шүүх дээр ямар нэгэн хэрэг үүсээд эцэслэгдэн шийдвэрлэгдээд саналын эрхтэй, эрхгүй гэж тогтоогдоогүй. Санхүүгийн зохицуулах хорооноос худалдан авах ажиллагааны журам зөрчсөн байна гээд саналын эрхгүй гэдгийг тогтоогоогүй байхад тооллогын комисс тогтоол гаргаад шийдчихэж байгаа юм. Гэтэл Улсын дээд шүүх хууль хэрэглээний хувьд тайлбар хийгээд Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 6-д Компанийн тухай хуульд заасан бусад үүргээ биелүүлээгүй гэдэгт нь Компанийн удирдлага компанийн тухай хуулиар хориглосон заалтыг зөрчсөний улмаас компани буюу компанийн хувьцаа эзэмшигч нь бусад этгээд нийтийн эрх ашиг хохирсон эсвэл Санхүүгийн зохицуулах хорооны хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдэг үйлдлүүд хамаарахаар байна гэж үзчихсэн. Гэтэл энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд Улсын дээд шүүхийн шийдвэр маш харамсалтай шийдвэр гарсан. Хувьцаат компанийн асуудал иргэний эрх зүйн харилцаа мөн гэтэл нөгөө талаас хувьцаа эзэмшигч нар хөрөнгө оруулагч Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу хөрөнгө оруулагчдын эрхтэй Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулиар нийтийн болон иргэний эрх зүйн аль аль нь эрх зүйн хэм хэмжээ хэрэглэх холимог эрх зүйн зохицуулалттай учраас нэгэнт Зөрчлийн тухай хуулиар Компанийн тухай хуулийг зөрчсөн зөрчлүүдийг зөрчил гээд хуульчлаад өгчихсөн байхад хувьцаат компаниудын хурлыг Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал байдаг. Хурлын тооллогын комиссын гишүүн нь тухайн хурлын саналыг зөв тоолж маш чухал үүрэгтэй оролцдог. Хөндлөнгийн этгээдээр гүйцэтгүүлдэг. Компанийн шийдвэр гаргах түвшний хамааралтай этгээдүүд байхыг хориглодог этгээдүүд хувьцаа эзэмшигчдийн эрхэд дураараа халдаад байх боломжтой шийдвэр гаргасан нь тун харамсалтай байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
5.2.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... “А” ХК-ийн хувьцааг иргэн О.Б, С.А нар биржийн энгийн арилжаагаар хувьцаа худалдаж авснаараа хувьцаа нь саналын эрхгүй гэж тооллогын комисс дүгнээд байгаа. Санхүүгийн зохицуулах хороо хувьцааг саналын эрхгүй, эрхтэй гэж тодорхойлох субъект биш гэж гомдол гаргагч хэлж байна. Гэтэл тооллогын комисс нь хүний худалдаж авсан хувьцааг саналын эрхгүй гээд хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцуулахгүй байгаа. Компанийн тухай хуульд тооллогын комиссын эрх, үүргийг заагаад өгчихсөн. Тооллогын комисс нь ямар эрх, үүргээ хэрэгжүүлээгүй гэдэгт нэгдүгээрт хувьцаа эзэмшигчийн хуралд оролцуулаагүй. Хэрвээ тухайн хүний хувьцаа саналын эрхгүй гэж шийдсэн бол Компанийн тухай хуулиар хэлэлцэж байгаа зарим асуудалд оролцох эрхтэй. “А”компанийн тухайн өдрийн хурлаар санхүүгийн тайланд хийсэн төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлт, аудитын дүгнэлт, ноогдол ашиг хуваарилах ТУЗ-ийн гишүүдийн цалин гэдэг асуудлыг ч хэлэлцсэн. Хэрвээ саналын эрхгүй гэж шийдвэрлэж байгаа бол энэ асуудлаар санал өгөх эрхтэй. Ганцхан саналын эрхгүйг нь Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.9-өөс 62.1.16-д асуудлаар санал өгөх эрхгүйгээр шийдвэрлэчихсэн. Гомдол гаргагч 859 мянган ширхэг саналын эрхтэй хувьцаа эзэмшигч оролцсон гээд байгаа. Тус компани нь 174136 ширхэг хувьцаатай нэг хувьцаа нь нэг саналын эрхтэй тооллогын комисс үүнийг 9-өөр үржүүлээд, ТУЗ-ийн гишүүдийг сонгоход нэг саналын 9-өөр үржүүлдэг. Гэтэл тооллогын комисс нь бүх асуудлаар санал авахдаа саналын эрхтэй гэж байгаа хувьцаагаа 9-өөр үржүүлээд 859 мянган ширхэг хувьцаа тоолоод саналын тооллогын комиссын 01 дүгээр тогтоол гарчихсан. Компанийн тухай хуулиар нэг хувьцаа нэг саналын эрхтэй. 859 мянган ширхэг саналын эрхтэй 9 хувьцаа эзэмшигч оролцсон. Ганцхан тооллогын комисс нь Компанийн тухай хуулийн 67 дугаар зүйлд ямар үүрэгтэйг заачихсан. Тухайн 67 дугаар зүйлийн 67.3.2-т тухайн хурлын хэлэлцэх асуудал эсвэл оролцогч бүрийн саналын эрхийн тоо, төрлийг тогтоох гэж байгаа. Тооллогын комисс нь саналынхаа тоо, төрлийг буруу тоолчихсон байна. Төрөл гэдэг Компанийн тухай хуульд энгийн болон давуу эрхийн гэсэн хоёрхон төрлийн хувьцаа байдаг. Хэрэг нь гишүүнээр оролцсон гурван хүнийг Компанийн тухай үүргээ биелүүлээгүй гэдэг Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 6 дахь заалтаар торгосон. Хэрвээ Компанийн тухайн хуульд заасан аливаа хуулийн этгээд үүрэг хариуцлагаа биелүүлээгүй бол Компанийн тухай үүргээ биелүүлээгүй гэдэг нийтлэг шинжээр нь Зөрчлийн тухай хуульд заасан байдаг. Улсын дээд шүүх манай итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлснээр харамсалтайгаар ганцхан компанийн удирдлагуудын хийх ёстой үйлдэлд торгосон гэдэг шийдвэр гаргасан. н.Н, н.О нарын анхан болон давж заалдах шатны шүүх зөв тайлбарлаж шийдвэр гаргасан. Тийм учраас бид нар О.Д, н.Н нарын асуудал нь нэг үйл баримттай явж байгаа асуудал. “А” ХК хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулахдаа жижиг хувьцаа эзэмшигчдийн саналыг авч хэлэлцдэггүй оролцуулдаггүй. О.Б, С.А хоёр маргалдаад байгаа юм биш энэ хоёроос гадна өшөө жижиг хувьцаа эзэмшигч дээр “А”компанийн хувьцаа эзэмшигч түр хороо гэдэг юм байгуулчихсан. Гуравдагч этгээдээр оролцох хүмүүс нь үгээ хэлэх байсан байх. Яагаад ирээгүйг нь сайн мэдэхгүй байна. Тийм учраас гомдол гаргагчийн гомдлыг эсэргүүцэх саналтай байна. гэв.
6.Гуравдагч этгээд “А” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-аас 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Гомдлын шаардлага болон хариуцагчийн татгалзалтай холбоотой тайлбар хүргүүлэх нь:
Тус шатны шүүхэд хянагдаж буй О.Д-ын гомдлын шаардлага бүхий Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч Ш.Г-ийн 2023.07.04-ний өдрийн №0014047 дугаартай Шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах" гомдлын шаардлага бүхий захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр “А” ХК-ийг татан оролцуулж байгаад талархаж байгаагаа үүгээр илэрхийлж дараах тайлбарыг хүргүүлж байна.
“А”хувьцаат компани нь 1941 онд Улаанбаатар хотод “Т З" нэртэйгээр байгуулагдсан Монгол Улсын хүнсний ууган үйлдвэр юм. Өнөөдрийн байдлаар Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй 174.136 ширхэг хувьцаа, 350 орчим хувьцаа эзэмшигчийн хөрөнгийн эрхээс бүрддэг нээлттэй хувьцаат компани юм.
Тус компанийн санхүү бүртгэлд хөндлөнгийн аудитын хяналт, шалгалт хийгдсэнтэй холбоотойгоор компанийн нийт хувьцааны арилжааг түр хугацаагаар зогсоосон байсныг Санхүүгийн Зохицуулах Хороо хувьцааны арилжааг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дур мэдэн хувьцаат компанийн зөвшөөрөлгүйгээр/ сэргээж улмаар аудитын хяналт, шалгалтаар илэрсэн зөрчилд холбогдсон тус компанийн өмнөх удирдлагууд, тэдгээртэй хамаарал бүхий хувьцаа эзэмшигч 6 хүний нэр дээр бүртгүүлсэн компанийн хувьцааг 2017 оны 12 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд хууль бусаар худалдсан байдаг.
Хувьцааг хууль бусаар олж авч буй худалдан авагч "Т Б Т" ХХК, “У Г” ХХК нарыг хууль бус хувьцаа эзэмшигч болох нөхцөлийг Санхүүгийн зохицуулах хороо бүрдүүлж өгсөн байдаг.
Эл хууль бус асуудлаар “А” ХК болон тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл, мөн компанийн хяналтын багц хувьцаа эзэмшигч нарын зүгээс Санхүүгийн зохицуулах хороонд удаа дараа шаардлага, мэдэгдэл хүргүүлж хууль бус ажиллагааг таслан зогсоох, хувьцааг хууль бусаар шилжүүлсэн хэлцлийг харилцан буцаалгах, хэлцлээр шилжүүлсэн хувьцаа саналын эрхгүй болохыг тогтоож өгөхийг шаардсан боловч Санхүүгийн зохицуулах хороо, түүний асуудал хариуцсан нэгж ямар ч арга хэмжээ авч хэрэгжүүлээгүйн дээр хууль зөрчсөн этгээд, тэдгээртэй хэлцэлд оролцсон этгээдүүдийг илэрхий хаацайлах байдлаар тэдний талд үйлчилж ирсэн байдаг.
Санхүүгийн зохицуулах хороо хууль бус ажиллагааг таслан зогсоох бус эсрэгээрээ хууль зөрчсөн этгээдүүдэд давуу байдал үүсгэж байсан тул “А”ХК болон тус компанийн хяналтын багц хувьцаа эзэмшигчийн зүгээс арга буюу үүсээд байгаа асуудлаар иргэний хэргийн шүүхэд хандаж улмаар 2019 оны 05 сарын 07-ны өдрийн 637 дугаартай Улсын Дээд шүүхийн тогтоолоор 2017 оны 12 сарын 27, 28-ны өдөр “А”ХК-ийн хувьцааг хууль зөрчиж олж авсан болохыг, хууль бусаар олж авсан хувьцаа саналын эрхгүй болохыг тус тус тогтоож маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байдаг.
Ийнхүү шүүхээс хувьцаатай холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэснээр Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаа, хувьцаа худалдан авсан этгээдүүд хууль зөрчөөгүй гэх хорооны байр суурь илт үндэслэлгүй, хууль хэрэглээний хувьд алдаатай байсныг харуулж байгаа юм. Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс шүүхийн хүчин төгөлдөр эцсийн шийдвэрийг биелүүлж холбогдох арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх байтал мөн л шүүхийн шийдвэрийг үл ойшоож өөрсдийн урьдын хууль бус байр сууриа хамгаалахаар оролдож ямар ч арга хэмжээг авч хэрэгжүүлээгүйгээс болж “А” ХК-ийн хувьцааг хууль бусаар олж авсан “У Г” ХХК, “Т Б Т" ХХК нар нь өөрсдийн нэр дээр бүртгүүлсэн хувьцаагаа өөрийн шууд хамаарал бүхий “Т Б И” ХХК-руу мөн л Компани, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг илтэд бүдүүлгээр зөрчиж хувьцаагаа дамжуулан шилжүүлсэн байдаг.
Энэхүү хууль бус үргэлжилсэн үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс хяналт тавих нь бүү хэл эсрэгээрээ шүүх саналын эрхгүй хувьцаагаа бусдад шилжүүлэх эрхийг хязгаарлаагүй байна гэх зэргээр шүүхийн шийдвэрийг санаатайгаар буруу тайлбарлаж хууль зөрчсөн этгээдэд давуу байдал бий болгож байгаа нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.
Санхүүгийн зохицуулах хорооны хяналт, шалгалт зохицуулалтын асуудал эрхэлсэн албан тушаалтан нь цаг ямагт “А” ХК-ийн эсрэг бодлого, чиглэлтэй ажиллаж шүүхийн шийдвэрийг гуйвуулах байдлаар ямар ч арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй байсан тул бид бүхний зүгээс шүүхэд хандаж улмаар “Т Б И” ХХК-ийн эзэмшилд шилжээд буй хувьцаа саналын эрхгүй болохыг Улсын Дээд шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 001/XT2022/01275 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлээд байгаа юм.
Улсын Дээд шүүхийн хуулийн хүчин төгөлдөр эцсийн шийдвэр биелэгдэх нөхцөлийг хангуулах зорилгоор “А” ХК-ийн зүгээс хувьцааны арилжааг зогсоолгохоор 2023.01.24-ний өдрийн 29, 30 дугаартай албан бичгүүдээр Санхүүгийн зохицуулах хорооны дарга, тус хорооны хяналт, шалгалт, зохицуулалтын газарт тус тус хаяглан хүргүүлсэн боловч Санхүүгийн зохицуулах хорооны хяналт, шалгалт, зохицуулалтын газраас 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 9/364 дугаартай албан бичгээр шийдвэрлэх боломжгүй тухай, мөн “Б” групп ХХК-ийн зүгээс гаргасан хувьцааны арилжаа зогсоолгох хүсэлтийг мөн л хүлээн авахаас татгалзсан тухай 2023.02.02-ны өдрийн 9/404 дугаартай албан бичгийг ирүүлж "А" ХК болон “Б” групп ХХК-ийн хүсэлт, гомдлыг огтоос хүлээж аваагүй байдаг.
Тэрчлэн шүүхийн шийдвэрээр саналын эрхгүй болсон хувьцаанд тусгаарлуулах бүртгэл хийлгүүлэхээр Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд 2023.01.25-ны өдрийн 31 дугаартай бичгээр, Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт зохицуулалтын газарт 2023.02.16-ны өдрийн 111 дугаартай бичгээр тус тус хандаж үнэт цаасыг тусгаарлах хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж саналын эрхгүй буюу эрхийн доголдолтой хөрөнгө бусдад дахин шилжих нөхцөлийг хааж өгөхийг хүссэн боловч мөн л үндэслэлгүйгээр татгалзаж байгаа нь хэт нэг талд үйлчилж байгааг харуулж байгаа юм.
Ийнхүү Санхүүгийн зохицуулах хорооны хяналт, шалгалт, зохицуулалтын газар нь Улсын Дээд шүүхийн хоёр удаагийн эцсийн шийдвэрийг үл тоож, шүүхийн шийдвэртэй холбогдуулан гаргасан өргөдөл, хүсэлт, гомдлыг бүгдийг нь хүлээн авахаас татгалзах байдлаар шүүхийн шийдвэр биелүүлэх үүрэг бүхий этгээдийг дахин хууль бус ажиллагаа явуулахад нь илтээр дэмжиж улмаар “А” ХК-ийн нийт хувьцааны 39.87%-тай тэнцэх буюу 69,424 ширхэг саналын эрхгүй хувьцааг “Т Б И” ХХК нь шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийх зорилгоор 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэн С овогтой А-т 42,000 ширхгийг, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэн О******* овогтой Б*******д 27,424 ширхгийг тус тус шилжүүлж дахин хууль зөрчсөн үйлдлээ үргэлжлүүлж компанийн бусад хууль ёсны хувьцаа эзэмшигчдийн эрхийг ноцтой зөрчих нөхцөл, бололцоог бүрдүүлээд байна.
Цаашлаад “А” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2023 оны ээлжит хуралд эдгээр саналын эрхгүй буюу эрхийн доголдолтой хөрөнгө хууль бусаар олж авсан этгээдүүдийг хуралд оролцох, хурлаар хэлэлцэж буй асуудлаар санал өгөх саналын эрхтэй гэж тодотгон хууль зөрчсөн этгээдүүдэд зориулж хууль бус албан бичиг үйлдсэн байдаг.
“А” ХК-ийн дээрх маргаан бүхий хувьцаа саналын эрхгүй болохыг гагцхүү шүүх эцэслэн тогтоосон байтал шүүхийн шийдвэрийг дур мэдэн өөрийнхөөрөө тайлбарлаж өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн нь эрүүгийн гэмт хэрэг мөн юм.
Учир нь Санхүүгийн зохицуулах хорооны хяналт, шалгалт, зохицуулалтыг газрын даргын үүрэг гүйцэтгэгчид хувьцааны саналын эрхийг тогтоох эрх хуулиар олгогдоогүй, мөн ийм чиг үүрэг хуульд байхгүй, Б.Д уг асуудлаар байр суурь илэрхийлэх эрхтэй этгээд биш юм.
Гэтэл хууль зөрчсөн эрхийн доголдолтой хөрөнгийг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн этгээдтэй үгсэн тохиролцох замаар олж авсан этгээдүүдийг саналын эрхтэй гэж тэдэнд зориулж бичиг хийж өгсөн нь гэмт хэргийн шинжийг агуулж байгаа юм.
Уг асуудлаар Авлигатай тэмцэх газарт Санхүүгийн зохицуулах хорооны хяналт, шалгалт, зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Д нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах замаар бусдад давуу байдал бий болгосон үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа болно.
Эцэст нь:
1.Гомдол гаргагчийн гомдлын шаардлагын тухайд:
Гомдол гаргагч О.Д-ын тус шатны шүүхэд гаргасан гомдлын үндэслэлийг гуравдагч этгээдийн зүгээс бүрэн дэмжиж байгаа болно.
2. Хариуцагчийн татгалзлын тухайд:
Хариуцагчийн зүгээс гомдолд ирүүлсэн хариу тайлбарын үндэслэл нь энэ хэрэгт хамааралгүй. Тухайлбал: Хувьцаа олж авч буй хоёр иргэн болох О.Б, С.А нарын нэр дээд шүүхийн тогтоолд байхгүй гэх тайлбар нь хууль зөрчсөн үйлдлийг зөвтгөх эрх зүйн үндэслэл болохгүй юм. Учир нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжихтэй холбоотой харилцаа нь гэрээ, хэлцэлд оролцож буй субъектээс бус тухайн хөрөнгийн шинжээс шууд хамаарч хэрэгждэг онцлогтой юм. Энэ шинжээс нь тайлбарлавал: Нэгэнт шүүхээс эрхийн зөрчилтэй хөрөнгө болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тохиолдолд тухайн хөрөнгө гэрээний зүйл болох боломжгүй юм.
Нөгөө талаар: Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тооллогын комиссын бүрэлдэхүүн нь компанийн тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хувьцааны төрөл, тоог тодорхойлох эрхтэй. Саналын эрхгүй болон эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлалт тогтоосон хувьцааны эрхийг эдлүүлэхгүй байхаар тусгайлан шийдвэр гаргах эрхтэй этгээдүүд юм.
Товчхондоо: Санхүүгийн зохицуулах хорооны албан тушаалтнууд хувийн компанийн дотоод хэрэгт хэт оролцож бусдын эрх, явцуу эрх ашгийг гүйцэлдүүлэхийн төлөө тэдэнд илтээр үйлчилж хууль бус захиргааны үйл ажиллагаа явуулж зорилгодоо хүрэхийн тулд зөрчлийн хэрэг нээж улмаар шийтгэл хүлээлгэх байдлаар хүч хэрэглэж, хясан боогдуулж, тулган шаардаж дарамт учруулж байна.
Үүнээс улбаалж “А” ХК нь 2023 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын материалаа баталгаажуулж чадахгүй нөхцөл байдалд хүрч эл хурлаар томилогдсон Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болох, цаашлаад компанийн хэвийн үйл ажиллагаанд шаардагдах бодлогын шийдвэрүүдийг цаг тухай бүрд нь гаргаж чадахгүй хүнд нөхцөл байдалд хүргээд байна. Иймд Гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.
7.Гуравдагч этгээд Д.М 2024 оны 06 сарын 07-ны өдөр бичгээр гаргасан тайлбартаа: “А” ХК-ийн 2023 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын Тооллогын комиссын гишүүнээр томилогдон ажилласан Өмгөөллийн "А” хуулийн фирмийн өмгөөлөгч О.Д-ын нэхэмжлэлтэй Санхүүгийн зохицуулах хорооны хяналт, шалгалт, зохицуулалтын ахлах байцаагч Ш.Г-ийн 2023 оны 07 сарын 04-ний өдрийн 0014047 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчлийн хэргийг урьдчилан хэлэлцээд гаргасан шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч захирамжид өөрчлөлт оруулахаар гуравдагч этгээд “А” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-аас гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1.”А” ХК-ийн 2023 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын Тооллогын комиссын гишүүн О.Д нь Компанийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т Хувьцаа эзэмшигчдийн хурлын тооллогын комисс дараах үүрэг хүлээнэ, 67.3,2-т тухайн хурлын хэлэлцэх асуудал тус бүрээр оролцогч бүрийн саналын эрхийн тоо, төрлийг тогтоох гэсэн заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл тооллогын комисс нь саналын эрхтэй хувьцааг энгийн, эсхүл давуу эрхийн хувьцаа мөн эсэхийг ялгаж хувьцааны төрлийг тогтоох, түүнчлэн уг 2 төрлийн хувьцааны тоо хэмжээг тодорхойлох үүрэгтэй болохоос биш саналын эрхтэй эсэхийг тогтоох хуулиар олгогдсон эрх хэмжээ байхгүй байхад С.А, О.Б нарын дээрх компанид эзэмшдэг хувьцааг саналын эрхгүй гэж тооцож шийдвэр гаргасан нь 67.3,2-т заасан үүргээ зөрчсөн.
2. Тооллогын комисс нь “А” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох асуудлыг шийдвэрлэхдээ зөвхөн кумулятив аргыг хэрэглэх байтал тус компанийн нийт зарласан 174,136 ширхэг хувьцааг 9-р үржүүлэн, нийт саналын эрхийн тоог 1, 567, 224 гэж тогтоож, ээлжит хурлаар хэлэлцсэн бүх асуудлыг кумулятив аргаар санал хурааж, шийдвэрлэсэн нь Компанийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.4-т заасан заалтыг зөрчсөн гэх мэтчилэн дурдаад байвал тооллогын комисс нь тухайн үед Компанийн тухай хууль болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн холбогдох маш олон зүйл заалтуудыг олон удаагийн давтамжтайгаар зөрчиж байсан.
3.”А” ХК-ийн 2023 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын Тооллогын комиссын гишүүнээр томилогдон ажилласан О.Д-ын дээр дурдсан хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас хувьцаа эзэмшигчдийн хууль ёсны эрх ашиг ноцтой зөрчигдөөд байхад маргаанд ямар ч холбоо хамааралгүй асуудлаар шалгагдаж байгаа гэх Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтын зохицуулалтын дарга Б.Д-д холбогдуулан Авлигатай тэмцэх газар гаргасан гомдлыг шалгаж дуустал хүртэлх хугацаанд зөрчлийн хэрэг маргааныг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан нэхэмжлэгч О.Д-ын гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдсэн шүүгчийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШЗ2024/4309 дугаартай /захирамжийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд
"А" ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.
1. Гомдол гаргагч "А" ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн "65.1.3.эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй" гэсэн заалтыг хэрэглэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь энэ хэрэгт хамааралгүй байна" гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглээд байна гэж дурджээ.
Гэтэл энд хуулийг буруу тайлбарласан зүйл огт байхгүй харин хэргийн бодит байдалд дүгнэлт өгсөн байгаа билээ. Өөрөөр хэлбэл Улсын нэг байцаагчийн үйлдэл нь нөгөө нэг байцаагчийн гаргасан шийдвэртэй хамааралтай эсэх тухай асуудал юм. Улсын байцаагч нар нь асуудлыг шийдвэрлэхдээ бие даасан байдлаар хандаж шийдвэр гаргасан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагч Ш.Г нь шийтгэврийн хуудас үйлдэхдээ өөр нэг улсын байцаагчийн гаргасан дүгнэлтийг үндэслээгүй бөгөөд Тооллогын комиссын гишүүний хууль зөрчсөн үйлдлийг дурдаж, дүгнэлт гаргасан байдаг. Ийм учраас эдгээр нь хэргийн аль нэгийг шийдвэрлэсний дараа нөгөөг нь шийдвэрлэх шаардлага огт байхгүй юм.
2. Миний төлөөлж буй О.Б-ын эзэмшиж буй хувьцааг дээд шүүхийн шийдвэрээр саналын эрхгүй болох нь эцэслэн тогтоогдсон хувьцаа гэж тайлбарлажээ. Гэтэл хувьцаа өөрөөр саналын эрхгүй болно гэсэн ойлголт байхгүй бөгөөд Компанийн тухай хуулийн 32.1-т зааснаар "...компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилнэ" гэж заасан учраас хувьцааны үндсэн мөн чанарын нэг саналын эрх юм. Тодорхой хэдэн асуудлаар саналын эрхийг хязгаарлах нь тодорхой хувьцаа эзэмшигчийн тодорхой эс үйлдэлтэй холбоотой бөгөөд уг эс үйлдлийг залруулснаар саналын эрх нь сэргэх тухай мөн Компанийн тухай хуулийн 57.1-д "Хувьцаат компанийн хувьцааг дангаараа буюу түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авснаар тухайн этгээдийн эзэмшиж байгаа хувьцаа нь хяналтын багц болон түүнээс дээш хэмжээнд хүрсэн бол хяналтын багц эзэмшигч болсон өдрөөс хойш ажлын 60 өдрийн дотор бусад хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааг уг хувьцааны сүүлийн зургаан сарын зах зээлийн үнийн жигнэсэн дунджаас доошгүй үнээр худалдан авахаар санал гаргах үүрэгтэй.
57.2.Энэ хуулийн 57.1-д заасан үүргийг хэрэгжүүлээгүй этгээдийн эзэмшиж байгаа хувьцаа нь уг саналыг гаргаж зохих журмын дагуу хэрэгжүүлэх хүртэл хугацаанд энэ хуулийн 62.1.9-62.1.16-д заасан асуудлаар саналын эрхгүй байна" гэж зааснаас харахад тодорхой бөгөөд ойлгомжтой байна.
Ийм илэрхий асуудлаар улсын байцаагч Б.Д Үнэт цаасны зах зээлийн Тухай хуулийн 85.1.1-д "үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомж болон түүнд үндэслэсэн нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон журмын биелэлтэд хяналт тавих" гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт гаргасан нь улсын байцаагч Ш.Г-ийн тооллогын комиссын гишүүд эрх мэдлээ хэтрүүлэн шүүхийн шийдвэрээр эсвэл улсын байцаагчийн шийдвэрээр тодорхой хувьцаа эзэмшигч нь саналын эрхтэйг тогтоох асуудлаар дүгнэлт гаргасанд хариуцлага хүлээлгэсэнтэй хамааралгүй асуудал болно.
Ийм учраас “А” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна
8.Гуравдагч этгээдээр татагдсан С.А, О.Б нар шүүхэд бичгийн тайлбар тусгайлан гаргаж өгөөгүй байна. Гэхдээ 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гуравдагч этгээдүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсантай холбоотой эдгээр хүмүүсийг хуралд оролцож тайлбар мэдүүлэг гаргах эрхийг нь хангаж хойшлоод, шүүхийн албан бичгээр иргэн О.Б, Д.М, С.А нарт нэхэмжлэлийн хувь гардуулж хариу тайлбарыг нотлох баримт гаргуулах тухай хугацаа тогтоосон албан бичгийг хүргүүлжээ. Үүний дараа 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Урьдчилсан хэлэлцүүлэгт гуравдагч этгээдүүд өөрийн биеэр болон төлөөлөгчөөрөө дамжуулж оролцсон байна. Үүнд гаргасан тайлбараас нь уншиж танилцуулав.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Гомдол гаргагч О.Д-аас Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагч Ш.Г-т холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагч Ш.Гийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №0014047 дугаартай Зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргажээ.
2.Шүүх гомдол гаргагчийн гомдол, түүний үндэслэл, гомдолдоо хавсаргасан баримтууд болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
3.Хэргийн үйл баримтын тухайд, “А” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 02/23 дугаартай тогтоолоор компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 6 асуудлыг хэлэлцүүлэхээр зарлаж, Төлөөлөн удирдах зөвлөлийн Нэр дэвшүүлэх хорооны 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг үндэслэн Тооллогын комиссын даргаар Ө.О, гишүүнээр Э.Н, О.Д нарыг томилжээ. /Хэргийн 1 дүгээр хавтас, 81-82 дахь тал/
3.1.Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн гаргасан Үнэт цаас эзэмшигчдийн судалгаагаар 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн буюу хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийн байдлаар “А” ХК-ийн нийт зарласан хувьцааны тоо 174,136 ширхэг бөгөөд үүнээс 111/О.Б 27,424 тоо ширхэг, 110/С.А 42,000 тоо ширхэг хувьцааг тус тус эзэмшигч болохыг тодорхойлсон байна. /Хэргийн 1 дүгээр хавтас, 81-82 дахь тал/
3.2.”Б” групп ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Т Б И” ХХК, “Т Б Т” ХХК, “У Г” ХХК-д тус тус холбогдох Хувьцаа худалдан авах санал гаргах эрхгүй болохыг тогтоолгох, “А” ХК-ийн хувьцааг худалдан авах тухай 2019.09.26-ны өдрийн 32/А-11 дүгээр саналыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хувьцаа олж авсан 2019.11.01-ний өдрийн арилжааны хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хэлцлээр шилжүүлсэн хувьцаа саналын эрхгүй болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 001/ХТ2022/01275 дугаар тогтоолоор “Т Б И” ХХК-ийн 2019.11.01-ний өдөр “Т Б Т” ХХК, “У Г” ХХК-иас худалдан авсан “А” ХК-ийн тус бүрдээ 34,712 ширхэг хувьцааг саналын эрхгүй болохыг тогтоож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын хүсэлтээр өмгөөлөгч Б.Б, Ц.Э нараас О.Б, С.А нарын нэр дээрх хувьцаа нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор саналын эрхгүй болохыг тогтоосон “Т Б И” ХХК дээр бүртгэгдэж байсан хувьцаа тул түүнээс хувьцаа худалдаж авсан О.Б, С.А нь саналын эрхгүй хувьцаа эзэмшигч болохыг тодорхойлсон зөвлөмжийг Тооллогын комисст хүргүүлжээ.
3.3.Ийнхүү хурлын ирцийг тогтоохдоо Тооллогын комиссоос Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 001/ХТ2022/01275 дугаар тогтоолыг үндэслэн С.А, О.Б нарын эзэмшиж буй хувьцааг саналын эрхгүй гэж тооцож, хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх эрхгүй гэж дүгнэж, улмаар Тооллогын комиссын 2023 оны 04 дүгээр сарын 28-ын өдрийн 01 дүгээр тогтоолоор “А” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд 174,136 ширхэг буюу 1,567,224 саналын эрх бүхий энгийн хувьцаа эзэмшдэг 364 хувьцаа эзэмшигч оролцохоос 95,502 ширхэг буюу 859,918 саналын эрхтэй 9 хувьцаа эзэмшигч, 624,816 ширхэг буюу 2 саналын эрхгүй хувьцаа эзэмшигч О.Б, С.А нар өөрөө болон итгэмжлэлээр оролцож, хурлын ирц 54.84 хувь болсон үндэслэлээр хурлын ирц, хурлыг хүчин төгөлдөр болсонд тооцсон байна.
3.4.Шүүх хуралдааны явцад гомдол гаргагч О.Д тооллогын комисс хувьцаа эзэмшигч О.Б, С.А нарыг ирцэд оруулан тоолоогүй болохыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасныг дурдах нь зүйтэй.
3.5.С.А, О.Б нараас дээрх хувьцаа эзэмшигчдийн хуралд тэдгээрийг хувьцааг саналын эрхгүй гэж тооцон, хуралд оролцуулаагүй талаар 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны эрх бүхий албан тушаалтан 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 2301000023 дугаартай зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Тооллогын комиссын гишүүн нь хууль бус тогтоол гаргасан болох нь түүний мэдүүлэг, тогтоол, баримт бичгээр нотлогдсон үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 500 нэгж /таван зуун мянган төгрөг/-ээр торгох шийтгэлийн оногдуулжээ. /Хэргийн 1 дүгээр хавтас, 151 дэх тал/
4.Гомдол гаргагчаас ...Зөрчлийн үйлдлийн шинж бол хуульд тодорхойлсон үйлдлийн шинж байхгүй гэж үзэж байгаа. Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зургаад заасан Компанийн тухай хуульд заасан бусад үүргээ биелүүлээгүй гэдгийг өргөжүүлэн тайлбарлаж хэрэглэж байгаа нь хууль тогтоомжийг буруу хэрэглэж байна гэж үзэх шууд үндэслэл болно. Учир нь Зөрчлийн тухай хууль нь нийтийн хэм хэмжээ буюу тухайн хууль тогтоомжид зайлшгүй зөрчил гэж үзэх үйлдлийг тодорхойлон заасан байх эсвэл тухайн үйлдэлтэй хамааралтай хэм хэмжээний актаар эсвэл бусад хууль тогтоомжид эсвэл захиргааны хэм хэмжээний актаар үйлдлийг тодорхойлон заасан байх ёстой. Гэтэл улсын ахлах байцаагчаас бусад үүргээ биелүүлээгүй гэдэг заалтыг өргөжүүлэн тайлбарлаж хэрэглэж байгаа нь хууль бус гэж үзэж байгаа. Үүнийг Компанийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3.2-т заасан үүргээ биелүүлээгүй буюу хэлэлцэх асуудал тус бүрийг оролцогч бүрийн саналын эрхийн тоо, төрлийг тогтоох үүргээ биелүүлээгүй гэдэг агуулгаар тайлбарлаж байгаа. Гэтэл үүргээ биелүүлсэн буюу саналын эрхийн тоо, төрлийг тогтоосон 1 дугаартай тогтоол гаргачихсан байгаа юм. Үүргээ биелүүлчихсэн байна. Зөрчлийн хуудаст буруу тоо гаргасан байна. Эсвэл тоогоо тоолохдоо буруу тооцоолсон байна гэдэг агуулгаар бичээгүй байна. Буруу гаргахгүй байх гэдэг нь шал өөр асуудал юм. Үүнийг адилтгаж зөрчлийн шийтгэл ногдуулж байгаа нь үндэслэлгүй юм. ... гэж маргаж байна.
5.Харин хариуцагчаас ...Нэг гэр бүлийн нэгдмэл сонирхолтой хүмүүс компанийн бараг 70, 80, 90 хувийг нь эзэмшдэг. Компанийн тухай хуулиараа 50-аас дээш хувийн хувьцаа эзэмшигчид оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно. Зарим асуудалд дийлэнх олонх нь санал байлаа ч 66.6-аас дээш хувийг нь эзэмшиж байгаа хүмүүс шийдвэрийг дангаараа компанийг удирдаад шийдвэрийг гаргаад явах боломжтой. Ийм учраас үлдэж байгаа хувийг эзэмшиж байгаа хэдэн зуу, хэдэн мянган жижиг хувьцаа эзэмшигчид тэнд саналаа өгөөд ч санал нь ач холбогдолгүй. Шийдвэрт үр нөлөө үзүүлж чадахгүй учраас ялангуяа адилхан хувьцаа эзэмшигчийг том, жижиг ялгаварлахгүй. Хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо юм. Гэтэл том буюу нэгдсэн сонирхолтой этгээдүүдийн шийдвэр нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хуульд хөндөх тэд нарын эсрэг хууль ёсны Компанийн тухай хуулиар олгогдсон эрхийн үндэслэл шийдвэр гарах магадлал нь өндөр байдаг учраас жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг илүү хамгаалах бодлогыг Санхүүгийн зохицуулах хорооноос барьдаг. Санхүүгийн зохицуулах хороо яагаад шийтгэлийн хуудсыг тооллогын комисст оногдуулсан бэ гэвэл Компанийн тухай хуульд заасан л хувьцаа эзэмшигчийн гуравхан үндсэн эрх байгаа. Энгийн хувьцаа эзэмшигчийн, давуу эрхийн хувьцаа эзэмшигч дээр ямар эрхтэй байх, байхгүйг компанийн дүрмээрээ тогтоож болно. Нийтлэг хувьцаа эзэмшигчийн эрх нь ногдол ашиг авах нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх, гуравдугаарт нь компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх гээд ийм гурван үндсэн эрх байгаа. Гэтэл компанийн хувьцааг биржийн нээлттэй арилжаагаар худалдаж авсан 2 иргэн 2023, 2024 ондоо дахиад энэ жилийн хурал болно гээд хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх эрхээ эдэлж чадахгүй эрхийн тооллогын комиссын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоол гаргаад зөрчөөд, Компанийн тухай хуульд заасан тооллогын комиссын 67 дугаар зүйлээр хүлээлгэсэн үүргээ биелүүлэхгүй. Улсын дээд шүүхийн тогтоол үндэслээд хууль бус шийдвэр гаргаж байгаа учраас торгуулийн шийтгэл оногдуулсан байгаа. хэмээн тайлбарлан маргаж байна.
6.Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно. 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ., 10.11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт Компанийн тухай хуульд заасан бусад үүргээ биелүүлээгүй ... бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан ба гомдол гаргагчийн үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчлийн хуулиар тодорхойлсон зөрчлийн шинжийг бүрэн хангаснаар эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдсэн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх учиртай.
6.1.Ингэхдээ зөрчлийн үйл баримт нь нийтийн эсхүл хувийн эрх зүйн алинд хамаарах талаар хамгийн эхэнд дүгнэлт өгөх замаар хувийн эрх зүйн харилцааны асуудал байх тохиолдолд эрх зүйн харилцаанд оролцогчид өөрсдөө сайн дурын үндсэн дээр, эсхүл хувийн эрх зүйгээр тогтоосон тухайн харилцаанд эдлэх эрх, үүргээ хэрэгжүүлсэн эсэх, хэрэгжүүлэх боломжтой эсэхийг нягтлах, харин нийтийн эрх зүйн асуудал байх тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжийг бүрэн хангасан эсэхийг шалгасны үндсэн дээр шийтгэл оногдуулах ёстой байтал зөрчлийг шалгасан эрх бүхий албан тушаалтан маргаан бүхий харилцаанд хамаарах суурь эрх зүй нь нийтийн эсхүл хувийн эрх зүйн аль нь болохыг тодорхойлж чадаагүйгээс шууд Зөрчлийн хуульд заасан зөрчил үйлдсэн байна гэж гомдол гаргагчийг буруутгасан нь үндэслэлгүй байна.[1][1]
6.1.Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д Хувьцаа эзэмшигчийн эрхийг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоох бөгөөд хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг үндсэн эрх эдэлнэ, 34 дүгээр зүйлийн 34.1-д Компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь дараах эрх эдэлнэ:34.1.1.хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх;, 34.6-д Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх зарим асуудлаар энгийн хувьцаа эзэмшигчийн санал өгөх эрхийг энэ хуулиар хязгаарлаж болно гэх зэргээр хувьцаа эзэмшигчийн эрхийг тодорхойлж,
мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т Тооллогын комисс тухайн хурлаар хэлэлцэх асуудал тус бүрээр хурлын ирц болон саналын эрхтэй байх хувьцааны тоо, төрлийг тодорхойлно, 64 дүгээр зүйлийн 64.1-д Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-өөс тогтоосон бүртгэлийн өдрөөр тасалбар болгон компанийн үнэт цаас эзэмшигчдийн бүртгэлийг хөтлөх эрх бүхий этгээд гарган тухайн хурал зарласан этгээдэд хүргүүлнэ, 67 дугаар зүйлийн 67.3-д Хувьцаа эзэмшигчдийн хурлын тооллогын комисс дараах үүрэг хүлээнэ:67.3.2.тухайн хурлын хэлэлцэх асуудал тус бүрээр оролцогч бүрийн саналын эрхийн тоо, төрлийг тогтоох; 67.3.5.санал өгөх журам болон хувьцаа эзэмшигчдийн санал өгөх эрхийг хангах; гэж хуульчилжээ.
6.2.Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигчдийн хурал буюу хувийн эрх зүйн харилцааны субъектүүдийн хүрээнд үүссэн саналын эрхтэй, эрхгүй хувьцаа эзэмшигчийг тогтоох үйл баримт нь маргаантай байхад Компанийн хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж шууд дүгнэх боломжгүй, “А” ХК-ийн хувьцааг худалдан авсан О.Б, С.А нар өөрийн хувьцааг саналын эрхтэй гэж үзэж байгаа бол иргэний журмаар маргаанаа шийдвэрлүүлэх боломжтой буюу энэ нь иргэд хоорондын хувийн эрх зүйн маргаан байна.[2][2]
7.Иймд тооллогын комиссын гишүүдийн үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхэд шүүх дүгнэлт өгөөгүй бөгөөд гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангаж, үндсэн гол шийдвэрлэх ёстой асуудал нь хувийн эрх зүйн маргаан байхад нийтийн эрх зүйн хэм хэмжээ буюу Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гаргасан байна гэж шууд дүгнэн шийтгэл оногдуулсан нь хууль бус болохыг тогтоож, Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагч Ш.Г-ийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 0014047 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 113.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч О.Д-ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагч Ш.Г-ийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 0014047 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан гомдол гаргагчид олгосугай.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРАНГУА
[1][1] Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2024/0761 дугаартай шийдвэрийн 3.5.Хэдийгээр хариуцагч нар маргаан бүхий асуудлаар шийдвэр гаргах эрх хэмжээтэй хэдий ч энэ нь шат дараалалтай, тодруулбал сайн дурын үндсэн дээр асуудлаа шийдвэрлэх боломжтой хувийн эрх зүйн харилцаа байхад маргалдагч талууд буюу ажил олгогч, ажилтан талын төлөөллүүдэд хоорондоо зохицох, нарийвчилсан зохицуулалт бүхий Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу асуудлаа шийдвэрлэх боломж олгохгүйгээр төрийн хяналт шалгалт хийх бүрэн эрхээ хэрэгжүүлсэн нь алдаатай захиргааны акт гаргах нөхцөл болсон гэж шүүх дүгнэлээ. хэмээн хууль хэрэглээний хувьд төсөөтэй хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгааг дурдах нь зүйтэй.
[2][2] Улсын дээд шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ХТ2024/0078 дугаартай тогтоолын хянавал хэсгийн 19