Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2023/ДШМ/44

 

Б.Т-т холбогдох эрүүгийн хэргийн тухай   

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/160 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Т-т холбогдох эрүүгийн 2313000000214 дугаартай, 1 хавтастай хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд прокурор А.Дорждэрэм, шүүгдэгч Б.Т-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Айгерим нар оролцов.   

 

1 Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ** хүнтэй, эцэг эхийн хамт **** багт оршин суух, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Б-ны Т-.

 

2. Шүүгдэгч Б.Т- нь 2023 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 09 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.А-ийг “дуудахад ирсэнгүй” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Прокурорын 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 162 дугаар яллах дүгнэлтээр Б.Т-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн  2023/ШЦТ/160 дугаар шийтгэх тогтоолоор: 

4.1. Шүүгдэгч Бо овогт Б-ны Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ийг 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,

4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас явахыг хориглож, шаардлагатай   тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж,

4.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

4.5. Шүүгдэгч Б.Т-т оногдуулсан 4 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Б.Т- би Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/160 дугаартай шийтгэх тогтоолыг 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, танилцаад эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

5.2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэргийг тал бүрээс нь бүрэн дүгнэж үзээгүй.

5.3. 2023 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Б.Т-, Н.А- бид хоёр маргалдаж байгаад Н.А- намайг нүдэн тус газраас цохисон. Тухайн үед миний нүд хавдаж байсан ба Н.А- намайг цохих үед өөрөө баруун гарын эрхий хурууг гэмтээсэн.

5.4. Гэтэл Н.А- нь өөрөө гэмтэл аваад намайг хэрэгт гүтгэж байсан. Мөн үед миний нүд хавдаж эдгэрсэн байсан ба аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа миний байдлыг харгалзан үзээгүй зорчих эрх хязгаарлах ял оногдуулсанд маш их гомдолтой байна.

5.5. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/160 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.

 

6. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн. Хохирогчоос гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хохирогч болон шүүгдэгч нар хороондоо зодолдсон ба чулуугаар хохирогчийг зодсон үйл баримт тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлтээр хатуу мохоо үйлчлэлээр гэмтэл үүссэн гэж дүгнэлт гарсан.

6.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Т- маргаж байсан. Хохирогч Цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дараа 19 хоногийн дараа шүүгдэгчийн биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгохоор шинжээч томилсон. Шүүгдэгчийн биед гэмтэл учирсан бол хор уршиг илрээгүй. Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад бодит дүгнэлт хийж шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тогтоож шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол зэрэгт тохирсон шийтгэл оногдуулсан улсын яллагчийн зүгээс үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

7. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Т-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

            8. Шүүгдэгч Б.Т- нь 2023 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 09 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.А-ийг “дуудахад ирсэнгүй” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн, хөтөлбөргүй тогтоогджээ. 

            9. Хэрэгт цугларсан мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлүүд, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан үнэлэхэд, шүүгдэгч Б.Т- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон байна.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон оролцогч нарын тайлбар, мэдүүлэг, дүгнэлтүүд, бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгч Б.Т-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

11. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна. 

 

12. Шүүгдэгч Б.Т-ийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, мөн зүйлд зааснаар шүүгдэгч Б.Т-т 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, шударга ёсны зарчмыг хангасан гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

13. Шүүгдэгч нь “...2023 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Б.Т-, Н.А- бид хоёр маргалдаж байгаад Н.А- намайг нүдэн тус газраас цохисон. Тухайн үед миний нүд хавдаж байсан ба Н.А- намайг цохих үед өөрөө баруун гарын эрхий хурууг гэмтээсэн. Гэтэл Н.А- нь өөрөө гэмтэл аваад намайг хэрэгт гүтгэж байсан. Мөн үед миний нүд хавдаж эдгэрсэн байсан ба аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа миний байдлыг харгалзан үзээгүй зорчих эрх хязгаарлах ял оногдуулсанд маш их гомдолтой байна... гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь” харгалзаж үзэх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Т-т хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн гэм буруутайд тооцож, хууль ёсны, шударга ёсны болон эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй хохирогчийн тайлбар, гомдол зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн буюу шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь Б.Т-ийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

14. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

           

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/160 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР

 

ШҮҮГЧ                                                Д.КӨБЕШ