Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 491

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: О.Бадмаараг;

улсын яллагч: П.Ганбаатар;

шүүгдэгч: Б.Т (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Батболдын Тт холбогдох эрүүгийн 1709016000187 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол-Хятадын хамтарсан Олон улсын их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, “Даблин” бааранд зөөгч ажилтай байсан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40.000-тын 77 дугаар байрны 09 тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, УШ94041471 регистерийн дугаартай, Барнууд овогт Батболдын Т.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Б.Т нь 2017 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Даблин” бааранд тус газраар үйлчлүүлж байсан иргэн Б.Хүрэлбаатарыг бусадтай маргалаа гэх шалтгааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй гэв.          

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Хүрэлбаатар /хх-ийн 6/, гэрч Э.Төрболд /хх-ийн 8/, Д.Эрдэнэ /хх-ийн 9/ нарын мэдүүлэг, Б.Тийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 7, 19/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12892 тоот дүгнэлт /хх-ийн 11/, Б.Тийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 20-28/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 10 дугаар 06-07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлан, үйл ажиллагаа явуулдаг "Даблин" гэх бааранд тус газраар үйлчлүүлж байсан Б.Хүрэлбаатарыг бусадтай маргалдан зодолдож байхыг салгах явцдаа өөрийг нь цохилоо гэсэн шалтгааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Б.Хүрэлбаатарын /хх-ийн 6/: “...тэгэхээр нь би зөөгчийг “тавь” гээд хойш нь гараараа хүчтэй савхад тэр зөөгч залуу ширээн дээр унасан. Тэгээд уурлаж босч ирээд намайг шууд нүүр рүү гараараа цохисон. Тэгээд ухаан ороход миний уруул сэтэрсэн байсан. Би 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тэр зөөгчтэй уулзахад намайг цохисон талаараа хэлж байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Э.Төрболдын /хх-ийн 8/: “...Т болон гомдол гаргасан залуу хоёр зодолдож байсан. Гомдол гаргасан залуу Ттэй зодолдсоны дараа уруул нь сэтэрсэн байсан...” гэх мэдүүлгээр,

 

Б.Тийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 7, 19/: “...Би Хүрэлбаатарыг нэг удаа шанаа руу нь цохисон. Би Хүрэлбаатарын уруул хэсэгт нь гараараа нэг удаа цохисон, тухайн гэмтлийг би Хүрэлбаатарт учруулсан. Надад уг асуудлын улмаас гэмтэл учраагүй тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй... Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин гэмт хэрэг үйлдэхгүй...” гэх мэдүүлгээр,

 

Б.Тийн буруутай үйлдлийн улмаас Б.Хүрэлбаатарын биед “тархи доргилт, дээд уруулын дээр шарх, зулгаралт, дээд доод уруулын дотор салстад зөөлөн эдийн няцрал” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12892 тоот дүгнэлт /хх-ийн 11/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч нь хохирогчийг нүүр рүү нь цохисноо өөрөө хүлээсэн, хохирогч, гэрч нар шүүгдэгчийг хүн зодсоныг гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Б.Тийн “түлхэж унаган, цохисон” хэмээн буруутган Б.Хүрэлбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Б.Тийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.       

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.            

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Хохирогч Б.Хүрэлбаатар “…гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх Б.Тийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Барнууд овогт Батболдын Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тт оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ