Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2023/ДШМ/45

 

К.Ж-ад холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/186 дугаар шийтгэх тогтоолтой, К.Ж-ад холбогдох эрүүгийн 2313001150171 дугаартай, 1 хавтастай хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Дорждэрэм, шүүгдэгч К.Ж-, түүний өмгөөлөгч Д.Айбек, Д.Эрдэнэчимэг шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Еркегүл нар оролцов.    

 

1. Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, ** настай, эрэгтэй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, *** хамт амьдардаг, **** оршин суух хаягтай, урьд нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн:

(1) 2003 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял,

(2) 2005 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 62А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял,

(3) 2006 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял,

(4) 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хорих ял,

(5) 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 38/А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ял,

Сум дундын 2 дугаар шүүхийн:

(6) 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 11/А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял,

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн:  

(7) 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн:

(8) 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ДШМ/32 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, М овогт К-ын Ж- /РД:**********/  

 

2. Шүүгдэгч К.Ж- нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны шөнө 00 цагаас 04 цагийн хооронд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэр, иргэн Ш.Б-ийн өмчлөлийн “Т” нэртэй хүнсний дэлгүүрийн хаалгыг хөшиж онгойлгон хууль бусаар нэвтэрч, бэлэн 170.000 төгрөг, “Кастр-5” тамхи 12 хайрцаг, “Кастр-3” тамхи 1 бодол буюу 10 хайрцаг, “Mevius” хөх тамхи 1 бодол буюу 10 хайрцаг, “Mevius” улаан тамхи 2 бодол, 4 хайрцаг буюу 24 хайрцаг, “Ессе чэнж” тамхи 1 бодол буюу 10 хайрцаг, “Ессе” ногоон тамхи 1 бодол буюу 10 хайрцаг, “Улаан шонхор” тамхи 1 бодол буюу 10 хайрцаг, “LD” тамхи 10 хайрцаг, “Болор” 0.75 литрийн архи 4 ширхэг, “Алтан түрүү” 0.75 литрийн архи 1 ширхэг, “Arkhi” 0,75 литрийн архи 1 ширхэг, “Ерөөл” 0.5 литрийн архи 1 ширхэг, ууттай шоколад 6 боодол, тамхины асаагуур 1 ширхэг, ментос бохь 2 хайрцаг, шилтэй огурцы 1 ширхэг, барааны сагс 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 904.100 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Прокурорын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 147 дугаар яллах дүгнэлтээр К.Ж-ын дээрх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн  2023/ШЦТ/186 дугаар шийтгэх тогтоолоор:

4.1. Шүүгдэгч М овогт К-ийн Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч К.Ж-ыг 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ж-ад оногдуулсан 3 жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

4.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч К.Ж-ад Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг, мөн энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож,

4.5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч К.Ж-аас гэмт хэргийн хохиролд 904.100 төгрөг гаргуулан хохирогч Ш.Б-т олгож шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. К.Ж- намайг 2023 оны 02 дугаар сарын 18-ны шөнө 00 цагаас 04 цагийн хооронд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэр, иргэн Ш.Б-ийн өмчлөлийн “Т” нэртэй хүнсний дэлгүүрийн хаалгыг хөшиж онгойлгон, хууль бусаар нэвтэрч эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 904,100 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жилийн хорих ял шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

5.2. Миний бие хулгайн гэмт хэрэг үйлдээгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтууд зөрүүтэй, хулгайн гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоогүй, камерын бичлэгийг нягтлан шалгалгүйгээр намайг шийтгэж байгаад гомдолтой байна.

5.3. Хохирогч Ш.Б- нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө: “...Манайх Өлгий сумын 04 дүгээр багын нутаг дэвсгэрт “Т” гэх супермаркет ажиллуулдаг ба хоёр давхарт нь өөрсдөө амьдардаг юм. 2023 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 07 цаг 30 минутын үед манай хүү Б.Т намайг сэрээж “би хичээлд явахаар босож дэлгүүрээс нойтон салфитка авахаар ороход дэлгүүрийн хаалга онгорхой байна” гэж надад хэлсэн юм.Тэгээд би дэлгүүр лүү очиж үзхэд хаалга нь онгорхой байхаар дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзэхэд 04 цагийн үед хүн орж эд зүйл авсан бичлэг байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай дэлгүүрийн гадна үүд хэсэг рүү харсан 1 ширхэг, дотор талд 4 ширхэг хяналтын камер байдаг. Манай дэлгүүрийн хаалга болон цонх бүрэн бүтэн ямар нэгэн эвдэрсэн, хагарсан зүйлгүй байлаа...” гэж мэдүүлжээ. Дэлгүүрийн хаалга бүрэн байсан байхад дэлгүүрийн хаалгыг хөшиж онгойлгосон гэж дүгнэж байгаа нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна.

5.4. Хулгайн үйлдэл хийсэн хүний дүрс дэлгүүрийн камерт бичигдэж үлдсэн ба камерт бичигдсэн дүрсний нүүрэнд маск зүүгдсэн, маскийн завсраар тухайн этгээдийн хамар ил гарсан, өндөр туранхай хүний дүрс байхад маскийн завсраар гарч ирсэн хамар чиний хамартай адилхан байна. Мөн гэрч Ж.Нэргүйн “...Ялтан К.Ж- нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Т” супермаркетад очсон бөгөөд дэлгүүрийн 10-15 метрийн зайд очсоныг цахим хяналтын системээс тогтоосон гэдэг мэдүүлгүүдийг үндэслэн намайг яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

5.5. Миний бие ахын хүүхдүүдийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 04 дүгээр багт байрлаж байсан 15 дугаар цэцэрлэгт хүргэж өгөөд, орой авдаг байсан. Тэр өдөр би тухайн дэлгүүрт ороогүй. Миний бие хулгайн гэмт хэрэг үйлдээгүй тул хэргийг хянан үзэж, намайг хулгай хийгээгүй болохыг тогтоож өгнө үү.

 

6. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлт:

6.1. К.Ж- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах, иргэн Ш.Б-ийн өмчлөлийн “Т” нэртэй хүнсний дэлгүүрийн хаалгыг хөшиж онгойлгон хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлсан.

6.2. Хавтаст хэрэгт авагдсан мөрдөгч Ербол нарын эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Нэргүй, хохирогч Ш.Б- нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна.

6.3. Уг хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэний дараа мөрдөгч Ербол эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан. Шүүгдэгч К.Ж- нь Ж нэртэй засварын газарт ажиллаж байсан. Тухайн засварын газарт К.Ж- нь ажиллаж байсан нөхцөл байдлыг хараад камерын бичлэгт байгаа хүнтэй адилхан юм байна гэдэг таамаглал дэвшүүлж тэмдэглэл үйлдсэн. Хяналтын камерын бичлэгийг аваад К.Ж-ад байнгын хяналт тавьж байсан Шүүхийнх шийдвэр гүйцэтгэх газрын ажилтнаас мэдүүлэг авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан Нэргүйгээс камерын бичлэгт байгаа хүн К.Ж- мөн эсэхийг асуухад, шууд ямар ч эргэлзээгүйгээр К.Ж- мөн гэж таньсан. Тухайн бичлэгийг шүүх хуралдаанаар шинжлэн судлуулсан.

6.4. Улсын яллагч миний зүгээс  ч хяналтын камерын бичлэгийг харахад, К.Ж- мөн гэж өөрийнхөө дотоод итгэлээр үнэлсэн. Мөн хяналтын камерт байгаа хүний хувцсыг анзаарахад, засварын газарт ажиллаж байсан тос масло болсон юм шиг байдалтай харагддаг. К.Ж- мөн гэдэг нь нотлох баримтуудаар тогтоогдсон учраас түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд гэм буруутайд тооцуулах саналыг гаргасан. Шүүхээс түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жилийн хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг тус тус нэгтгэж шийдвэрлэсэн.

6.5. Анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоосон, үйл баримтад зөв дүгнэлт хийсэн. Түүний өмнө нь үйлдэж байсан гэмт хэргүүдийн нөхцөл байдлыг харгалзан 3 жилийн хорих ял оногдуулсныг прокурорын зүгээс үндэслэлтэй гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан учраас хэвээр үлдээж өгнө үү.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

7. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч К.Ж-ын гаргасан гомдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

8. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн хэрэглэвэл зохих зүйл, хэсгийг хэрэглээгүй тул шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

9. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, шүүгдэгч К.Ж- нь Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ний өдрийн 32 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан бөгөөд энэ ялыг бүрэн эдэлж дуусаагүй байна.

 

10. Харин тэрээр шүүхээс тогтоосон дээрх 2 жилийн хугацаанд буюу 2023 оны 02 дугаар сарын 18-ны шөнө 00 цагаас 04 цагийн хооронд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, иргэн Ш.Б-ийн өмчлөлийн “Т” нэртэй хүнсний дэлгүүрийн хаалгыг хөшиж онгойлгон хууль бусаар нэвтэрч, бэлэн 170.000 төгрөг, “Кастр-5” тамхи 12 хайрцаг, “Кастр-3” тамхи 1 бодол буюу 10 хайрцаг, “Mevius” хөх тамхи 1 бодол буюу 10 хайрцаг, “Mevius” улаан тамхи 2 бодол, 4 хайрцаг буюу 24 хайрцаг, “Ессе чэнж” тамхи 1 бодол буюу 10 хайрцаг, “Ессе” ногоон тамхи 1 бодол буюу 10 хайрцаг, “Улаан шонхор” тамхи 1 бодол буюу 10 хайрцаг, “LD” тамхи 10 хайрцаг, “Болор” 0.75 литрийн архи 4 ширхэг, “Алтан түрүү” 0.75 литрийн архи 1 ширхэг, “Arkhi” 0,75 литрийн архи 1 ширхэг, “Ерөөл” 0.5 литрийн архи 1 ширхэг, ууттай шоколад 6 боодол, тамхины асаагуур 1 ширхэг, ментос бохь 2 хайрцаг, шилтэй огурцы 1 ширхэг, барааны сагс 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 904.100 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

11. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч К.Ж-ын  “Т” нэртэй хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч, бэлэн мөнгө, эд зүйл хулгайлсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх шүүгдэгч К.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцжээ.

 

12. Гэтэл шүүх шүүгдэгч К.Ж-ын зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд холбогдсон хулгайлах гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гурван жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн боловч түүнийг 2022 оны 9 дүгээр сарын 06-ний өдрийн 32 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулсан  хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тус тусад нь эдлүүлэхээр  тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан “хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” журам болон “гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” хууль ёсны зарчим, “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим, “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчмуудыг тус тус хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

13. Анхан шатны шүүх шүүгдэгч К.Ж-ын сүүлд холбогдон хулгайлах гэмт хэрэгт хорих ял оногдуулж, түүний өмнө үйлдсэн, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй /давж заалдах шатны шүүхийн магадлал/ хулгайлах гэмт хэрэгт оногдуулсан хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас биечлэн эдэлсэн болон эдлээгүй үлдсэн ялын хэмжээг тогтоохгүйгээр хорих болон зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг анхаараагүй, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял эдлүүлэх нийтлэг зарчмын зөв тайлбарлаж хэрэглээгүй байна.  

 

14. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг үндэслэн хүчингүй болгож, “хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй тул хэргийг хянан үзэж, намайг хулгай хийгээгүй болохыг тогтоож  өгнө үү” гэсэн агуулгатай шүүгдэгч К.Ж-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

15. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлүүдээр хүчингүй болгож, шүүгдэгч К.Ж-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг шүүх хуралдааны танхимаас суллаж, К.Ж-ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тул түүнд Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ДШМ/32 дугаар магадлалаар оногдуулсан хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг энэ өдрөөс эхлэн үргэлжлүүлэн эдлүүлэх нь зүйтэй.

 

16.  К.Ж- нь тус давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ДШМ/32 дугаартай давж заалдах шатны шүүхийн магадлалаар хоёр жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн байхад анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолд “Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгүүлсэн” гэж бичсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь ... хүчингүй болгож” гэж заасныг тус тус удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/186 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч К.Ж-ын  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч К.Ж-ад шүүхийн шийтгэх тогтоолоор авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг шүүх хуралдааны танхимаас суллаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэглэсүгэй.

 

3. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ДШМ/32 дугаар магадлалаар К.Ж-ад оногдуулсан хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг энэ өдрөөс үргэлжлүүлэн эдлүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

                                    ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ