Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 502

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: О.Бадмаараг;

улсын яллагч: П.Ганбаатар:

шүүгдэгч: Ц.Г (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Цэен-Ойдовын Гт холбогдох эрүүгийн 1709018730222 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Оюут констракшн” ХХК-д артатурчин ажилтай, ам бүл 4, дүү, хүргэн, дүүгийн хүүхдийн хамт Архангай аймгийн Чулуут сумын Хүрэм 5 дугаар багт оршин суух, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, АП86022071 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Базарваань овогт Цэен-Ойдовын Г.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Ц.Г нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жоби” худалдааны төвийн автомашины зогсоол дээр байсан иргэн Б.Батбүрэнгийн эзэмшлийн 38-26 УБҮ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашины 2 ширхэг толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Г мэдүүлэхдээ: Согтуу байсан учраас хэрэг хийсэн. Маш их гэмшиж байна. Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Батбүрэн /хх-ийн 7-9, 10-11/, гэрч Б.Гансүх /хх-ийн 38-40/, Ц.Энхтуяа /хх-ийн 19-20/ нарын мэдүүлэг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Үнэлгээний хорооны үнэлгээ /хх-ийн 23/, Ц.Гийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 32-35/  мэдүүлэг, Ц.Гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 24-25, 41-42/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Г нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутат байрлах “Жоби” худалдааны төвийн автомашины зогсоол дээр байсан Б.Батбүрэнгийн эзэмшлийн 3826 УБҮ дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашины 2 ширхэг толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Б.Батбүрэнгийн /хх-ийн 7-9, 10-11/: “... Миний төрсөн ах Гансүх ажил дээр 10 цаг 30 минутын үед ирж миний автомашиныг авч явсан юм. Тэгээд 17 цагийн үед ирж “Жоби” худалдааны төвийн авто зогсоолд байрлуулан тавьсан юм. Тэгээд би ажлаа хийж байтал танихгүй дугаараас залган “автомашины чинь толийг хүн хулгайлж байна” гэхээр нь гараад очтол нэг согтуу хүн миний автомашины нэг толийг бариад зогсож байсан. Нөгөө толь нь байхгүй байсан. Тэр согтуу хүнийг цагдаа дуудан өгч явуулсан. Намхан нуруутай сахалтай залуу байсан. ... Тухайн үед над руу залгасан хүн, утасны дугаарыг мэдэхгүй, танихгүй гудамжинд явж байсан хүн байсан. Тэгээд л яваад өгсөн. Хохирлоо барагдуулж авмаар байна, гомдолтой...” гэх мэдүүлгээр,

 

              гэрч Б.Гансүхийн /хх-ийн 38-40/: “... Дүү Батбүрэнгийн 3826 УБҮ дугаартай “Приус-20” машиныг нь унаж явж байгаад “Жоби” худалдааны төвийн орчимд 15 цагийн үед түр зогсоочихсон байсан юм. Тэгээд машинаасаа буугаад ажил руугаа ороод 5 минут орчим болж байтал удалгүй манай дүү Батбүрэн над руу залгаад “над руу танихгүй дугаараас залгаад байна. Миний машины толийг хулгайч хулгайлж байна” гэж хэлсэн юм. Тэгээд би машин байрлуулсан газарт очиход 40 гаран насны 2 эрэггэй хүн дээгүүрээ хар өнгийн куртиктэй, доогуураа жинсэн өмдтэй 155-160 см орчми өндөртэй 30 гаран насны нэг хөл нь хазгардуу залууг заагаад “энэ хүн танай машины толийг хулгайлж байхад нь барьлаа” гэж хэлчихээд яваад өгсөн юм…” гэх мэдүүлгээр,

 

              Ц.Гийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 32-35/: “...Авсан архи уугаад явж байхад “Жоби” төвийн орчим гадаа зогсоолд цагаан өнгийн “Тоёота Приус-20” маркийн автомашин байхаар нь зүүн талын толийг нь гараараа эвдэж салгасан юм. Тэгээд толио салгаад архи ууж байсан байшингийн 1 давхарт цонхоор нь шидчихээд, нөгөө талын толийг салгах гэж байсан чинь гэнэт 2 залуу гарч ирээд бариад авсан. Тэгээд машины урд шилэн дээр байсан утасны дугаар руу залгасан. Тэгээд машиных нь жолоочийн ах гэх хүн ирээд дүүгээ дуудсан. Би машиных нь толийг хулгайлаад “мөнгө болгоно” гэж бодсон. Тааралдсан хүндээ 1 шил архины мөнгөөр л өгөх байсан. Өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй. Хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ямар нэгэн багаж ашиглаагүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлгээр, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Үнэлгээний хорооны үнэлгээ /хх-ийн 23/   

                       

Хохирогч эд зүйлээ хулгайд алдсаныг өөрөө болон гэрч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирсон иргэний хөрөнгийг хулгайлсан болохоо мөрдөн байцаалтад сайн дураар мэдүүлсэн, хохирогчийн хулгайд алдсан хөрөнгийн үнэлгээг эд зүйлийн үнэлгээгээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгч Ц.Гийн дээрх байдлаар бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан санаатай үйлдэл нь “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Ц.Гийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Ц.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, нийт 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ шүүгдэгч Ц.Г гэмт хэргийн улмаас учруулсан 400.000 төгрөгийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул 400.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Батбүрэнд олгохоор тогтов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Шүүгдэгч Базарваань овогт Цэен-Ойдовын Гийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гийг нийт 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гаас 400.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Батбүрэнд олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд   давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурьдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Ц.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.МӨНХ-ЭРДЭНЭ