Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2023/ДШМ/47

 

Т.А-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/192 дугаар шийтгэх тогтоолтой, Т.А-т холбогдох эрүүгийн 2313003140218 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Дорждэрэм, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Айгерим нар оролцов.  

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр **** төрсөн, ** настай, эрэгтэй, мэргэжилгүй, **** ажилтай, ам бүл *** хүнтэй, **** хамт ***** оршин суудаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Н овогт Т-ийн А-. /**********/

 

2. Шүүгдэгч Т.А- нь 2022 оны 9 дүгээр 28-ны өдрөөс 30-ны өдрүүдийн хооронд Баян-Өлгий аймгийн Алтай сумын 1 дүгээр /Хар нуур/ багийн нутаг дэвсгэрт орших улсын тусгай хамгаалалттай Ёлтын сав газрын “Шар гэр”, “Цагаан гүүр” гэх газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 4,2979 м3 /64 ширхэг/ шинэс мод бэлтгэн, улмаар Д.П-ы **** БӨҮ улсын дугаартай, ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслээр тус сумын төв хүртэл тээвэрлэж ойн санд 4,411,316 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Прокурорын 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 168 дугаар яллах дүгнэлтээр Т.А-ын дээрх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн  2023/ШЦТ/192 дугаар шийтгэх тогтоолоор:

4.1. Шүүгдэгч Н овогт Т-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2. Шүүгдэгч Т.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.А-т оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Алтай сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж,

 4.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулж,

4.5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.4.1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заасныг тус тус баримтлан шүүгдэгч Т.А-оос ойн санд учруулсан хохиролд 13.233.948 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, 

4.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэгт зааснаар иргэн Д.П-ы эзэмшлийн мод тээвэрлэхэд ашигласан “ЗИЛ-131” маркийн **** БӨҮ улсын дугаартай, 12.000.000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцааж, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 12.000.000 төгрөгийг шүүгдэгч Т.А-оос гаргуулж улсын орлого болгохыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 4.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.А-ын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого буюу хууль бусаар бэлтгэсэн 4.411.316 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий, 4.2979 м3 эзлэхүүнтэй, 64 ширхэг шинэс модыг хурааж, хохирол төлөхөд зарцуулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хөрөө 1 ширхэг, сүх 1 ширхэг, модны тайрдас 3 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын Газрын Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст тус тус даалгаж, СД диск 1 ширхгийг хэргийн хамт хадгалж шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлын агуулга:

5.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/192 дугаар шийтгэх тогтоолын зарим хэсэг болох 5 дугаар заалтыг эс зөвшөөрч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

5.2. Хэрэгт цугларсан нотлох баримт гэрч Ү.Б-ийн өгсөн “...2 метрийн харгай модыг материалын зорилгоор бэлтгэсэн байна” гэх мэдүүлэг, гэрч С.А-ын өгсөн "Ёлтын сав газрын Шар хээр гэдэг газраас мод бэлтгэсэн ... ургаа мод тайрсан асуудал байхгүй. Зөвхөн унасан болон мурийсан моднуудыг тайрч бэлдсэн" гэх мэдүүлэг, гэрч Т.Б-н өгсөн “...Ёлтын Шар гэр гэдэг газарт очиход цас орж байсан ...ургаа мод тайрсан асуудал байхгүй. Зөвхөн унасан болон мурийсан моднуудыг тайрч бэлдсэн" гэх мэдүүлэг, гэрч Д.П-ны өгсөн "...Ёлт руу даваад очтол цас ихээр орж байсан ..Т.А- өөрөө “бүгд унасан мод байгаа, би унасан мод авна’’ гэж хэлсэн" гэх мэдүүлэг, гэрч Д.Е-ын өгсөн “...тухайн үед цас их орсон тул мод бэлтгэхэд хүндрэлтэй байсан ...тухайн үед А- өөрөө унасан моднуудыг хажууд байгаа Азат, Халтар нарын хамт хөрөөдөж байсан. Би бэлдэж өгсөн модыг чирээд машин хүргэж ачиж байсан. Ургаа мод бэлтгээгүй. Зөвхөн унасан модыг тайрсан” гэх мэдүүлэг яллагдагч Т.А-ын өгсөн “...Ёлтын Шар гэр, Цагаан гүүр гэх газарт очиж хоёр өдөр байгалийн жамаар унасан модыг бэлдсэн” гэх мэдүүлэг, мөрдөгч Б.Ш-ын “...Ёлт гэх газар луу ...иргэн Т.А- нарын хамт морьтой явсан. Тухайн үед Ёлт руу давах “гэр хад"-ын даваа нь цас ихтэй, шуургатай байсан тул цаг агаарын давагдашгүй нөхцөл байдлын улмаас хэргийн газарт хүрч чадалгүй Ёлт руу давж чадалгүй замаасаа буцсан" гэх тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “...Т.А-ын зааж өгснөөр уг хэргийн ойр орчимд үзлэг хийхэд хэд хэдэн унасан моднууд байв. Зураг №8. Иргэн Т.А-ын Шар гэр гэх газраас унасан модноос тайрч авсан гэх модыг өөрөө зааж өгч харуулсан байдал ...уг газарт байрлах ой мод дунд үер буусан ...уг үер буусан газрын ойр орчимд олон тооны унасан моднууд байх бөгөөд иргэн Т.А-ын зааж үзүүлсэн модны хэмжээг үзэхэд модонд үзлэг хийсэн тэмдэглэлийн 1-р мод. 43-р мод, 46-р моднуудын хэмжээ таарч байсан. Уг моднууд бүгд унасан моднууд байв. Оролцогч Т.А-ын хэлснээр “миний бэлдсэн моднууд бүгд унасан моднууд байсан энэ жил энэ газарт маш хүчтэй үер буусан байна, ихэнх модыг урсгаж явчихсан байв" гэснийг тэмдэглэлд тусгав” гэснээр болон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.Хасымын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...4. ...Бэлтгэсэн шинэс мод нь ургах чадвартай нойтон байна. ...6.Хэзээ огтлогдсон эсэхийг тогтоох боломжгүй” гэжээ.

5.3. Ойн нэр томьёоны тайлбар толь, товхимолд “мод бэлтгэл” гэдгийг ой, ойн сан бүхий газарт ургасан титэм бүхий гол иштэй, олон наст модлог ургамлыг гар болон цахилгаан хөрөө ашиглан үндэс ёзоороос нь салгах зорилгоор хөрөөдөн унаган тасалж, цагаалах үйлдэл гэж тайлбарлажээ.

5.4. Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүй мод бэлтгэх” шинжид ой, ойн сан бүхий газарт ургасан модыг зохих зөвшөөрөлгүйгээр шууд санаатай, шунахайн сэдэлтээр халдаж, хөрөөдөх, таслах цагаалах зэрэг огтлох үйлдлээс гадна модыг технологийн бус аргаар тухайлбал үндэстэй нь хөрснөөс сугалах, булгалах зэргээр газрын гадарга, хүрээлэн буй орчноос салган авч ойн санг бүрдүүлэгч хүчин зүйлийн даац чадавхад хохирол учруулсан, төлөв байдлыг доройтуулсан аливаа сөрөг үйлдэл хамаардаг билээ.

Шинжээч Б.Хасымын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дүгнэлт болон уг дүгнэлтэй холбогдуулан өгсөн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн тодруулга бүхий тайлбараас үзвэл байгалийн жамаар унасан буюу огтолсон шинэс буюу шилмүүст мод нь байгалийн хүчин зүйл болох цас, бороо, үер ус, салхи зэрэг агаарын чийгшил болон тухайн газрын байрлалаас хамаарч чийгээ тодорхой хугацаанд хадгалж байдаг байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Алтай сумын Ёлтын сав газрын "Шар хээр”, “Цагаан гүүр” гэдэг газарт 2022 онд үер бууж байсан, мөн яллагдагч Т.А-ын мод бэлтгэсэн гэх цаг хугацаанд буюу 2022 оны 9 дүгээр сарын 27-30-ны өдрүүдэд их хэмжээний цас орсон болох нь тогтоогдсон байна.

Дээрхээс дүгнэвэл, яллагдагч Т.А- нь ургаа модыг шууд санаатай, шунахайн сэдэлтээр халдаж, хөрөөдөх, таслах, цагаалах зэрэг огтлох үйлдэл хийгээгүй, гагцхүү тухайн газарт унасан байсан модыг 2 гаруй метр хэмжээгээр тайрсан, улмаар эдгээр моднуудыг тээвэрлэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.А-ын үйлдэлд ойн санд хохирол учруулсан үйлдэл байхгүй байна.

5.5. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/192 дугаар шийтгэх тогтоолын 5 дугаар заалтыг хүчингүй болгож өөрчлөлт оруулж огно үү.

 

6. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлт:

6.1. Шүүгдэгч Т.А- нь 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 30-ны өдрүүдийн хооронд н.Ж, н.С нарт олгосон түлшний мод бэлтгэх зөвшөөрлийг авсан ба уг зөвшөөрөлд заасан хугацаа дууссаны дараа мод бэлтгэхээр Ёлтын сав газарт явсан байна. Тухайн үед байгаль хамгаалагч Ү.Бахытбек нь шүүгдэгч Т.А-т мод бэлтгэх 22-003040 дугаартай эрхийн бичгийн хугацаа дууссан гэж тайлбарласан байна. Дараа нь шүүгдэгч Т.А- нь мод бэлтгэх эрхийн бичгийн хугацааг сунгуулсан байдаг. Шүүгдэгч тус мод бэлтгэх эрхийн бичгийн хугацааг сунгуулсан ч өөрийнхөө нэр дээр захирамж гаргуулж аваагүй. Шүүгдэгч өөр 3 хүний хамт очиж мод бэлтгэсэн ба мод бэлтгэж явсны дараа 14 хоногийн дараа Цагдаагийн байгууллагад гомдол оруулсан байна. Тухайн модыг шууд хурааж авч шинжээч томилсон. Шүүгдэгчийн бэлтгэсэн гэх мод нь шинжээчийн дүгнэлтээр нойтон мод гэх дүгнэлт гарсан. Хэргийн газарт үзлэг хийхээр явсан боловч цасанд дарагдаж машинаар явах боломжгүй болоод мориор явсан боловч мориор очиж чадаагүй. Гэхдээ дараа жил нь хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн. Хэргийн газарт нөхөн үзлэг хийхдээ хоёр модны ёзоор нь тарсан. Ургаж байсан ургаа модыг тайрч авсан болох нь дараа жил нь нотлогдсон гэж үзсэн.

6.2. Шүүгдэгчийн хувийн байдлыг үзэхэд мужаан хийдэг хүн байсан. Зарим гэрч нар Т.А- нь мужаан хийдэг учраас өөрийнхөө хэрэглээнд тохируулж модыг 2 метрийн хэмжээтэй тайралт хийж ачсан гэж мэдүүлсэн. Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж заасан. Дээрх хуулийн зүйл заалтад зааснаар шүүгдэгч өөрөө эрхийн бичиг авах ёстой байсан. Бусдын эрхийн бичгийг ашигласан нь шүүгдэгч өөрөө эрхийн бичиггүй гэж үзэх үндэслэл бий болж байгаа. Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт “Дараах тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ” гэж заасан. Энэхүү үндэслэлийн 2 ойлголт нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдалд таарч байгаа. Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн” гэж заасан. Шүүгдэгч бусдад авсан эрхийн бичгийн хүрээнд хэрэглээний буюу түлшний модыг бэлтгэх ёстой байсан. Тухайн эрхийн бичигт зааснаас өөр тохиолдлоор мод бэлтгэсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” гэж зааснаар шүүгдэгч мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй. Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн” гэж заасан нөхцөл байдлууд тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг цагаатгах үндэслэл тогтоогдоогүй учраас энэхүү хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн.

6.3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын журамд зааснаар ойгоос 3 төрлийн аргаар мод бэлтгэх ёстой. Арчилгаа, цэвэрлэгээ, үйлдвэрийн болон ашиглалтын, уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэсэн 3 төрлөөр мод бэлтгэж болдог. Гэхдээ шүүгдэгч нь дээрх дурдсан 3 төрөлд хамаарахгүй аргаар мод бэлтгэсэн. Шүүгдэгчийн бэлтгэсэн мод нь түлшний зориулалттай мод биш учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийсэн тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 2022/ШЦТ/192 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгөхийг хүсье.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

7. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжаны гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр түүнд холбогдох хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.  

8. Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

9. Шүүгдэгч Т.А- нь 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 30-ны өдрүүдийн хооронд Баян-Өлгий аймгийн Алтай сумын 1 дүгээр /Хар нуур/ багийн нутаг дэвсгэрт орших улсын тусгай хамгаалалттай Ёлтын сав газрын “Шар гэр”, “Цагаан гүүр” гэх газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүй 4,2979м3 /64 ширхэг/ шинэс мод бэлтгэн, улмаар Д.П-ы **** БӨҮ улсын дугаартай, ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслээр тус сумын төв хүртэл тээвэрлэж ойн санд 4,411,316 төгрөгийн хохирол учруулсан нь:    

- хэргийн газарт буюу “Шар гэр”, “Цагаан гүүр” гэх газруудад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 10-29 дүгээр хуудас/,

- модонд буюу иргэн Т.А-ын хашаанд хураасан байсан модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 30-36 дугаар хуудас/,

- хэргийн газрын үзлэгээр огтолж авсан модыг иргэн Т.А-оос хураан авсан модтой харьцуулан үзлэг хийсэн “1) Шар гэр гэх газраас модноос огтолж авсан 1 гэсэн тоог тавьсан модны хэмжээ 24х22 см болох бөгөөд Т.А-оос хурааж авсан моднуудыг харьцуулахад 29, 31, 36, 40, 53-р моднуудын бүдүүн үзүүр нь 24 см байв. Эдгээр моднуудыг харьцуулж үзэхэд Т.А-оос хураан авсан 53-р модтой голын бөөрөнхий хэсэг болон жишиг яраар яг таарч байв. 2) Шар гэр гэх газарт хэргийн газрын үзлэгийн үеэр ургаа модны хошуунаас огтолж авсан модны бөөрөнхий хэсэг нь 27х23 см хэмжээтэй болох бөгөөд Т.А-оос хураан авсан моднууд дундаас 32-р модтой модны зах хэсэгт 6х3 см хэмжээтэй бөөрөнхий яртай хэсэг гол хэсгийн бөөрөнхий хэсгээр мөн 27х23 см хэмжээгээр яг таарч байв. 3) “Цагаан гүүр” гэх газарт үзлэг хийх үеэр 6-р дугаарласан модноос огтолж авсан модны хэсгийн 4 гэсэн улбар шар өнгийн тодруулагчаар тодруулсан бөгөөд Т.А-оос хураан авсан моднууд дунд 43-р модтой диаметр хэмжээгээр таарч байгаа боловч шинж тэмдгээр таарахгүй байв. Модны диаметр 26 см байв. Мөн 4 тоогоор тэмдэглэсэн модны диаметр 33 см болох бөгөөд Т.А-оос хураан авсан 46-р модны хэмжээтэй диаметрээр таарч байв. Мөн 3 тоогоор тэмдэглэсэн хэргийн газарт байсан мод нь 16 см диаметртэй бөгөөд Т.А-оос хураан авсан моднууд дунд хэмжээгээр 62-р мод, 1-р модтой адилхан байв. Эдгээр моднуудын диаметр хэмжээ нь 16 см байна” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 37-46 дугаар хуудас/,

- эд мөрийн баримтаар хураан авсан 64 ширхэг модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 48-67 дугаар хуудас/,

- эд мөрийн баримтаар хураан авсан хөрөө, сүхэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 70-73 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/156 дугаартай захирамж, мод бэлтгэх 22-003040 дугаартай эрхийн бичиг /1 дэх хавтаст хэргийн 76-78 дугаар хуудас/,

- 2022 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн А/217 дугаартай тушаал, Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 63 дугаартай тогтоол, тус аймгийн Алтай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 40 дугаартай тогтоол, түүний хавсралтууд /1 дэх хавтаст хэргийн 93-102 дугаар хуудас/,

- мод бэлтгэх талбай тусгаарлах тухай гэрээ /1 дэх хавтаст хэргийн 104-110 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай албан бичиг, хавсралт координатын зураг /1 дэх хавтаст хэргийн 112-113 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 30/5301 дугаартай “...3ил-131 загварын тээврийн хэрэгсэл нь БА86031218 регистрийн дугаартай Д.П-ны нэр дээр бүртгэлтэй байна...” гэх албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 118-119 дүгээр хуудас/,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С-ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Т.А- гэх хүн зөвшөөрөлгүй мод бэлдсэн нь хууль зөрчсөн үйлдэл байсан гэдгийг өөрөө сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна. Тэр хүн эхэндээ зөвшөөрлийн бичигтэй байсан гэж явж байсан. Гэтэл тухайн бичиг баримтын хугацаа нь дууссан, хүчингүй бичиг баримт байсан байна. Т.А- бид нартай ирж уулзсан, тэгээд учирсан хохирлыг бүрэн төлж өгөхөө илэрхийлсэн..., ...шинжээчийн дүгнэлтээр 4,411,316 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн болохоор тухайн дүгнэлтийн дагуу нэхэмжлэх болно....” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 129-130 дугаар хуудас/,

- гэрч Ү.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Алтай сумын иргэн Т.А-т өөрт нь мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгсөн асуудал байхгүй. Харин Т.А- иргэн М.М, Х.С, М.Ж нарын нэр дээр бичигдсэн мод бэлтгэх эрхийн бичгээр мод бэлтгэнэ гэж надад 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн орой ирсэн..., ...Тэр үед би Т.А-т нэгдүгээрт одоо мод бэлтгэх хугацаа дууссан байгаа, мод бэлтгэх захирамжид хугацааг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл гэж заасан, хоёрдугаарт таны гарт байгаа мод бэлтгэх эрхийн бичгийн мод бэлтгэх, тээвэрлэх хугацаа нь мөн дууссан байна. Таны гарт байгаа Х.С, М.М, М.Ж нарын нэр дээр бичигдсэн мод бэлтгэх эрхийн бичигт мод бэлтгэх хугацааг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд 8 хоног, тээвэрлэх хугацаа нь 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд 2 хоног гэж заасан байна. Өнөөдөр 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр болж байна. Таны эрхийн бичиг дэх хугацаа дууссан тул та Ёлтоос мод бэлтгэж болохгүй, таны гарт байгаа мод бэлтгэх эрхийн бичиг хүчингүйд тооцогдсон, хугацаа сунгаж болохгүй гэсэн үг, дээрээс нь таны гарт байгаа мод бэлтгэх эрхийн бичгээр хожуул, гишүү, мөчир зэрэг мод бэлтгэгдэх ёстой, таны зориулалтад бол таарахгүй гэж хэлсэн..., ...Харин Т.А- нь хожуул, гишүү, мөчир, үзүүр, ёзоор бэлтгэхгүйгээр 2 метрийн харгай модыг материалын зорилгоор бэлтгэсэн байна. Т.А- мод бэлтгэх хугацаа дууссаны дараа очиж мод бэлтгэх эрхийн бичигт заагдсанаас өөр зориулалтын мод бэлтгэж ирсэн...”, “...Ёлтын сав газрын зарим хэсэг нь тусгай хамгаалалтын онцгой бүс, зарим хэсэг нь аялал жуулчлалын бүст ордог. Ёлтын сав газар нь улсын тусгай хамгаалалттай газарт 1996 онд орсон. Улсын Их Хурлын №43 дугаар тогтоолоор тусгай хамгаалалттай газарт авагдсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 132-133, 135 дугаар хуудас/,

- гэрч С.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Т.А- гэдэг хүний хамт Ёлтын сав газрын “Шар гэр” гэдэг газраас мод бэлтгэсэн. Анх А- надад “Ёлтоос очоод мод бэлтгээд ирмээр байна, чи туслаад өгөөч” гэж хэлсэн. Би хөлсөндөө мөнгө авна гэж тохирсон. Надаас гадна Е, Х гэдэг хүмүүс мод бэлтгэсний хөлсөнд мод авахаар болж тохирч байсан. Ачиж ирэх машин болох ЗИЛ-131 маркийн машины жолооч П- гэдэг залуу байсан. Ёлтоос мод бэлтгэх хугацаа дууссан тул Засаг дарга А.Асет, байгаль хамгаалагч Ү.Бахытбек нарт хэллээ мод бэлтгэх хугацааг сунгахаар болсон, Засаг дарга А.Асет, байгаль хамгаалагч Ү.Бахатбек нар аймаг руу ярьсан мод бэлтгэх хугацааг сунгахаар болсон гэж бид нарт А- хэлсэн. Тэгээд бид нар 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр билүү 28-ны өдөр билүү яг өдрийг нь тодорхой санахгүй байна, П-ы ЗИЛ-131 маркийн машинаар Ёлт руу А-ын мод бэлтгэх ажлаар иргэн Х, Е, А-, П- бид тав явсан. Ёлтын Шар хээр гэдэг газарт очиж, 2 хонож мод бэлтгэсэн..., ...Бид нар хоёр хоногийн хугацаанд 60 хэдэн ширхэг мод бэлтгэсэн. Тэгээд буцаж ирсэн. Бид нар буцаж ирсэн өдөр сумын төвд оршин суудаг иргэн Кадирбек гэдэг хүн нас барж тэр хүнийг оршуулсан өдөр буюу 2022 оны 9 дүгээр сарын 31-ний өдөр сумын төвд ирсэн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 138 дугаар хуудас/,

- гэрч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Т.А- гэдэг хүний хамт Ёлтын сав газрын “Шар гэр” гэдэг газраас мод бэлтгэсэн. Анх надад А- ах “нэг мод бэлтгэх эрхийн бичиг байна, туслах хүн байхгүй байна, чи ахдаа туслаад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд би А- ахад туслахаар болсон. Ажлын хөлсөнд 5 ширхэг мод авахаар тохиролцсон. Тухайн үед бид нар Ёлт руу Азат, А-, Е, жолооч П- бид тав явсан. Бид нар 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр билүү 28-ны өдөр билүү явсан. Ёлтын Шар гэр гэдэг газарт очиход цас орж байсан. Маргааш нь босож аваад Шар гэрийн эх гэдэг газраас нийтдээ жаран хэдэн ширхэг мод бэлтгэсэн..., ...Бид нар бэлтгэсэн модоо 2 метр, 20 сантиметрээр хэмжиж тайрсан..., ...уг моднуудыг А- өөрөө мужаан хүн учраас ямар нэгэн зүйл хийж урлахаар авсан байх, яг түлээний мод болгохоор авсан мод биш...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 140 дүгээр хуудас/,

- гэрч Д.П-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Т.А- нь бид нар явахаас өмнө хоёр хоногийн урьд манай гэрт очиж “надад мод бэлтгэх зөвшөөрөл байгаа юм, бензинийг чинь хийж өгье” гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр орой ирж А-ын бензинийг хийж авсан. Тэгээд А-т би таны бичиг баримт чинь яг бүрэн биз, дараа нь асуудал болох вий дээ гэж хэлэхэд Т.А- надад гарт нь байсан зөвшөөрлийн бичгээ харуулсан. Тэр үед би уг зөвшөөрлийн бичгийн хугацаа хэтэрснийг нь анзаараагүй байна. Харин би дахин А-т наад мод чинь асуудал болох вий дээ, би ер нь явахгүй юм байна гэж машинаа асаагаад голын цаана байдаг гэр лүүгээ явчихсан. Тэгтэл маргааш нь өглөө буюу 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр өглөө над руу А- утсаар залгаж миний хажууд засаг дарга А.Асет сууж байна, захирамжийг сунгаж өгөхөөр боллоо, байгаль хамгаалагч Бахытбект бас хэлсэн байгаа, засаг дарга А.Асет зөвшөөрөл өгсөн гэж хэлсэн. Засаг дарга зөвшөөрч захирамжийн хугацааг сунгахаар боллоо гэж хэлэхээр нь би А-ын модыг хүргэж өгөхөөр болсон. 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр үд дөхөөд иргэн А-, Х, Е, А нарын хамт Ёлт руу явсан. Ёлт руу даваад очтол цас ихээр орж байсан. Бид нар Ёлтын сав газрын шууд “Шар хээр” гэдэг газарт очоод хоносон. Тэгээд маргааш нь өглөө босоход цас их орсон байсан. Өглөө босож аваад уг шар хээр гэдэг газраас мод бэлтгэх гэсэн боловч машинд мод ачиж буух нь аюултай бөгөөд мод ачсан машин буух ямар ч боломжгүй байсан. Тэгээд би А-т эндээс мод бэлтгэвэл машинаар бууж чадахгүй юм байна, аваар осол гарна, энэ өөрөө зөөлөн цас байна, машин их халтирч байна гэж хэлсэн. Тэр үед А- надад ядаж хэдэн мод авъя гэж хэлсэн. Тэр үед А- хажуудаа Х, Е, А нарыг дагуулаад ой модны дотор орж хэд хэдэн мод авч ирж машинд хийсэн. Тухайн үед би ой мод руу ороогүй машины хажууд байсан. Тухайн үед тэр хүмүүс ямар модыг, яаж бэлдэж ирснийг мэдэхгүй байна. Тэд нар гартаа хоёр хүний хөрөө, сүх бариад явж байсан. Хэд хэдэн модыг ачсаны дараа би А-т одоо хаанаас мод авах вэ гэж асуухад А- би нэгэнт бензин хийгээд ирлээ доошилж буугаад гүүрний  тийшээ очиж бэлтгэе гэж хэлсэн. Тэгээд “Шар хээр”-ээс машинаар буугаад гүүр тийшээ доошилж явсан. Гүүрээс гараад доошилж явж мод бэлтгэж тэнд бас нэг хоносон..., ...Мод бэлтгэсэн асуудалд би оролцоогүй. Харин А-ын бэлтгэсэн модыг Ёлтоос сумын төв хүртэл өөрийн эзэмшлийн ЗИЛ-131 маркийн машинаар хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 149-150 дугаар хуудас/,

- гэрч Д.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Надад А- гэдэг хүн 2022 оны 9 дүгээр сарын сүүлээр “Ёлтоос мод авч ирнэ чи туслаад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд би А-тай сайн харилцаатай хүн байсан учир зөвшөөрсөн. А- надад хөлсөнд мөнгө өгөхөөр болсон. Би одоо хүртэл мөнгө аваагүй. 2022 оны 9 дүгээр сарын сүүлээр иргэн П-ы ЗИЛ131 маркийн машинаар иргэн А, Х, А- нарын хамт Алтай сумын газраас мод бэлтгэхээр явсан. Бид нар очсон өдөр Ёлтод хоносон. Тэр өдөр хэдэн ширхэг модыг “Шар хээр” гэдэг газраас бэлдсэн. Тухайн үед цастай байсан учир тэр газраас сайн мод гарахгүй байхаар нь маргааш өглөө нь гүүрнээс доош явж хоёр гаталга гэдэг газраас очиж бэлдсэн. Тэр өдөр өдөржингөө мод бэлтгээд тэндээ дахин хоносон. Тухайн үед цас их орсон тул мод бэлтгэхэд хүндрэлтэй байсан. Тухайн үед бид нар нээх их мод бэлтгээгүй ба тавин хэдэн мод л бэлтгэж тэр өдөр орой буцсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 153 дугаар хуудас/,

- гэрч А.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Т.А- өөрөө хувиараа мужаан хийдэг...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 155-156 дугаар хуудас/,

- гэрч М.Н-ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн хоёр байршил хоёулаа мод бэлтгэхээр зөвшөөрөгдсөн буюу тусгаарлагдсан талбайд орохгүй байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 166, 168 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай “...Алтай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Шар гэр гэх газар нь улсын тусгай хамгаалалтын газар нутагт хамаарна: Тус бэлтгэсэн мод нь шинэс буюу шилмүүст мод байна. Тухайн бэлтгэсэн мод нь байгалийн жамаар хатаж хуурайшаагүй, ургах чадвартай, шинэс модыг зориуд хөрөөгөөр тайрч бэлтгэсэн байна. Стандарт Хэмжил Зүйн Үндэсний Зөвлөлийн 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор батлагдсан стандартын дагуу тооцоход 4,2979м3 эзлэхүүнтэй байна. Бэлтгэсэн шинэс мод нь ургах чадвартай нойтон байна. Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багийн иргэн Т.А-ын хууль бусаар бэлтгэсэн моднуудын экологи эдийн засгийн үнэлгээ нь 4.2979м3х570,216x1.8=4,411,316 төгрөг...” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 178-181 дүгээр хуудас/,

- хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн БӨА-23-0163 дугаартай “...Оросын холбооны улсад 1989 онд үйлдвэрлэсэн, Зил 131 загварын тээврийн хэрэгсэл 12,000,000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 191-196 дугаар хуудас/,

- яллагдагч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 219-220 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

 

10. Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

11. Шүүгдэгч Т.А-ын Баян-Өлгий аймгийн Алтай сумын 1 дүгээр /Хар нуур/ багийн нутаг дэвсгэрт орших улсын тусгай хамгаалалттай Ёлтын сав газрын “Шар гэр”, “Цагаан гүүр” гэх газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүй 4,2979м3 /64 ширхэг/ шинэс мод бэлтгэн, улмаар Д.П-ы **** БӨҮ улсын дугаартай, ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслээр тус сумын төв хүртэл тээвэрлэж ойн санд 4,411,316 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт буюу “...улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр, мод бэлтгэж тээвэрлэсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд энэ талаар анхан шатны шүүх хууль ёсны, үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

 

            12. Иймд шүүгдэгч Т.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Т.А-т  Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор нэг жил, хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийг хор аюул, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг журам болон шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

13. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан нь “... Т.А- нь ургаа модыг шууд санаатай, шунахайн сэдэлтээр халдаж, хөрөөдөх, таслах, цагаалах зэрэг огтлох үйлдэл хийгээгүй, гагцхүү тухайн газарт унасан байсан модыг 2 гаруй метр хэмжээгээр тайрсан, улмаар эдгээр моднуудыг тээвэрлэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.А-ын үйлдэлд ойн санд хохирол учруулсан үйлдэл байхгүй байна. Иймд шийтгэх тогтоолын 5 дугаар заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Т.А- нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн нь тогтоогдсон бөгөөд “тэрээр ургаа модыг огтлоогүй, байгалийн жамаар унасан байсан модыг 2м-ийн хэмжээгээр тайрсан” гэх өмгөөлөгчийн давж заалдах гомдол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 10-29 дүгээр хуудас/, Т.А-ын хашаанд хураасан байсан модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 30-36 дугаар хуудас/,  хэргийн газрын үзлэгээр огтолж авсан модыг иргэн Т.А-оос хураан авсан модтой харьцуулан үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 37-46 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар хураан авсан 64 ширхэг модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 48-67 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар хураан авсан хөрөө, сүхэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 70-73 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэнэ.

 

14. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...модлог ургамлыг хөрөө ашиглан үндэс ёзоороос нь салгах зорилгоор хөрөөдөн унагаахыг мод бэлтгэх гэдэг ойлголтод хамааруулна, харин байгалийн жамаар газарт унасан байсан модыг тайрсныг мод бэлтгэх гэсэн ойлголтод хамаатуулахгүй” гэсэн агуулгатай, ойн нэр томьёоны тайлбар-товхимлыг эш татаж гаргасан давж заалдах гомдол хуульд нийцэхгүй. Учир нь, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт арчилгаа, цэвэрлэгээ, үйлдвэрлэлийн ашиглалт гэсэн гурван зориулалтаар зөвшөөрөлтэйгөөр зөвхөн огтлолтоор  мод бэлтгэхийг хууль ёсны гэж үзсэн байх ба мөн зүйлийн 35.4 дэх хэсэгт гэрээ, зөвшөөрөлгүй, эсхүл зөвшөөрсөн тоо хэмжээг хэтрүүлж мөн зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр хуульчилсан.

15. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, тухайн гэмт хэргийн “улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд” гэх хүндрүүлэх шинжийг хангасан байдал, мөн амьдрах чадваргүй болж үхжиж унаагүй, хатаж, хуурайшаагүй, ургах чадвартай шинэс модыг зориуд хөрөө, сүх ашиглан тайрч бэлтгэн, тухайн газраас буюу Алтай сумын 1 дүгээр /Хар нуур/ багаас 4 дүгээр /Чихэртэй/ баг хүртэл тээвэрлэсэн шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл тогтоогдсон учраас Т.А-ыг ойн санд учруулсан хохирол төлбөрөөс чөлөөлөх хууль зүйн болон бодит үндэслэл байхгүй бөгөөд энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

            1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/192 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.КӨБЕШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Н.ТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК