| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/00351/И |
| Дугаар | 309/ШШ2025/00365 |
| Огноо | 2025-04-10 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 309/ШШ2025/00365
| 2025 оны 04 сарын 10 өдөр | Дугаар 309/ШШ2025/00365 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******ийн *******ын хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих хуулийн этгээд “******* *******” ХХК-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих хуулийн этгээд “******* *******” ХХК-г эрэн сурвалжлуулах тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие "ХУЛАГУ ХОЛДИНГ” ХХК /РД:5738814/-ыг төлөөлж захирал Б.Хатанзоригтой 2024 оны 02 сарын 05-ны өдөр 1-р зэргийн үхрийн мах 14036 кг, 2-р зэргийн үхрийн мах 866 кг, хонины мах-782 кг тушаахдаа 1-р зэргийн үхрийн махыг 11,000 төгрөг, 2-р зэргийн үхрийн махыг 7,000 төгрөг, хонины махыг 8,000 төгрөгөөр бодон нийт 177,667,165 төгрөгийг төлүүлэхээр шүүхэд хандсан боловч гэрээн дээрх хаяг дээрээ байхгүй хаяг тодорхойгүй шалтгаанаар 2024.12.02-нд хэрэгсэхгүй болж /183/Ш32024/26596/ тоот захирамж гарсан тул "ХУЛАГУ ХОЛДИНГ" ХХК / РД:5738814/ хуулийн этгээдийг эрэн сурвалжилж өгнө үү.
Уг хуулийн этгээд нь 2013.08.15-нд "ХУЛАГУ ХОЛДИНГ" ХХК нэртэйгээр байгуулагдсан. Болдхүү овогтой Хатанзориг, Буянбаатар овогтой Уранбаатар, Мэдрээ овогтой Мөнхтулга нар хувь эзэмшдэг. Гэрээ байгуулах үедээ ... байна гэжээ.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Мах бэлтгэн нийлүүлэх 24/11 дугаартай гэрээ, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.12.02-ны өдрийн *******дугаартай шүүгчийн захирамж болон итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих хуулийн этгээд “******* *******” ХХК-г эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч Б.******* нь “******* *******” ХХК шүүхийн журмаар эрэн сурвалжлуулж, байрлаж үйл ажиллагаа явуулдаг хаягийг олж тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар нэхэмжлэгч нь “******* *******” ХХК-тай 2024 оны 02 сарын 05-ны өдөр 24/11 дугаартай Мах бэлтгэн нийлүүлэх гэрээгэрээ байгуулж хамтран ажилласан, уг гэрээний үүргээ “******* *******” ХХК биелүүлээгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргах гэхэд тус компани гэрээ байгуулах үед үйл ажиллагаа явуулж байсан хаягтаа байрлахгүй байгаа, хаана үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхойгүй болох нь тус тус тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг ханган шийдвэрлэж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих хуулийн этгээд болох 5738814 регистрийн дугаартай “******* *******” ХХК-г эрэн сурвалжилж, тус компаний үйл ажиллагаа явуулж байгаа бүртгэлтэй хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих хуулийн этгээд болох “Нутгийн цагаан өргөө” ХХК-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар “******* *******” ХХК-г эрэн сурвалжлах, тус компаний үйл ажиллагаа явуулж байгаа бүртгэлтэй хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэн, энэ тухай нэхэмжлэгч Б.******* /утас 99527249/-т мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-д зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА