Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 503

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн;

улсын яллагч: Ч.Мөнх-Эрдэнэ

шүүгдэгч: П.Г (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Пүрэвжавын Гт холбогдох эрүүгийн 1709083930213 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 504 дүгээр байрны 118 тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, НМ84041225 регистерийн дугаартай, Жарнууд овогт Пүрэвжавын Г.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч П.Г нь 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хангай” худалдааны төв дотор иргэн Ц.Саранцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрийг маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Г мэдүүлэхдээ: 2017 лны 07 дугаар сарын 22-нд “Хангай” худалдааны төв дотор Ц.Саранцэцэгийг нэг удаа түлхэхдээ зүүн хацарынх нь арьсыг зулгалсан нь үнэн. Манай нөхрийг цохиод байсан, мөн миний хүзүүг адилхан л самардсан. Би цагдаа, сэргийлэх гэж яваагүй юм. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй гэв.          

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Саранцэцэг /хх-ийн 10-12/, гэрч Э.Галмандах /хх-ийн 13-15/ нарын мэдүүлэг, П.Гийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 33-35/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9373 тоот дүгнэлт /хх-ийн 27/, П.Гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 38-44/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.Г нь 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах “Хангай” худалдааны төв дотор хохирогч Ц.Саранцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүрийг маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

хохирогч Ц.Саранцэцэгийн /хх-ийн 10-12/: “... Би 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж “Хангай” худалдааны төвд ногоо зарж байгаа. “Хангай” худалдааны төвд ногоо зарж эхэлснээс хойш дандаа үнийн зөрүүн дээрээс болж маргадаг байсан. Намайг “ногоогоо 50 төгрөгөөр хямдхан зарлаа” гээд маргаан эхэлдэг. Тэгээд “ер нь лангуу түрээслэхээ больё” гэж бодоод 2017 оны 7 дугаар сарын 22-ны өглөө ногоогоо хямдхан зараад дуусгаад лангуугаа чөлөөлье гэж байтал хажуу лангууны Эрхэмбаяр нь манай хүүхдийг “эхийнхээ хөхнөөс салаагүй гөлөг минь” гэхээр нь би “хүүхэн дуутай банди минь эр хүн шиг байлдаа” гэж нэг нэгийгээ доромжилсон. ... нүүр гураван удаа маажсан ...”  гэх мэдүүлгээр,

 

гэрч Э.Галмандахын /хх-ийн 13-15/: “... 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 11 цагийн үед лангуун дээр байхад Эрхэмбаяр гэх нөхөр нь манай ээжийг “янхан” гэж хэлсэн ба манай ээж өөдөөс нь “чи муу арчаагүй, эмэгтэй хүн шиг” гэж хоорондоо хэрэлдэж байтал Эрхэмбаяр гэх нөхөр нь манай ээж рүү дөхөж очоод эрэгтэй хүн шиг л 2 гарнаас нь бариад авсан. Тэр үед би лангууныхаа ард байсан бөгөөд Эрхэмбаярын эхнэр Ганаа гэгч гүйж очоод манай ээжийн нүүрийг шууд самардаад урчихсан. Ээжийн нүүрнээс тухайн үед цус гарсан ...” гэх мэдүүлгээр,

 

П.Гийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 33-35/: “... Баруун гараараа Саранцэцэгийг түлхсэн чинь нүүр хэсгийг нь 1 удаа хумсаараа урчихсан юм...”  гэх мэдүүлгээр,

 

П.Гийн буруутай үйлдлийн улмаас Ц.Саранцэцэгийн биед “эрүү, баруун, зүүн хацар, зулгаралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9373 тоот дүгнэлт /хх-ийн 27/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч нь хохирогчийг нүүрийг самардаж урснаа өөрөө хүлээсэн, хохирогч, гэрч нар шүүгдэгчийг хүн зодсоныг гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

П.Гийн “хүнсний ногоо хямд зарлаа” хэмээн бусадтай маргаан тэмцэлдээн үүсгэн Ц.Саранцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч П.Гийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.       

 

Хохирогч Ц.Саранцэцэг гэм хорын нөхөн төлбөртэй холбоотой баримтыг хэрэгт хавсарган өгөөгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Харин хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөртэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.             

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх П.Гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.