Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/00921

 

 

 

 

 

 

 

 

 

Х Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 23-ны өдрийн 182/ШШ2021/00457 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.М-, М.А- нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 9,197,448 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгч нарын гаргасан гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Д.М-ийн өмгөөлөгч С.Ялалт, хариуцагч М.А-ын өмгөөлөгч Д.Давааням, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Хариуцагч нар Х Б ХХК-тай 2018 оны 10 сарын 04-ний өдөр 1490022407 тоот зээлийн гэрээ байгуулан 9,500,000 төгрөгийг 365 хоногт 20.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. Банк нь 2018 оны 10 сарын 04-ний өдөр зээлийн гэрээний дагуу 9,500,000 төгрөгийг зээлдэгч Д.М-ийн Х Б ХХК дахь 5002405615 дансанд шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 1,969,924.28 төгрөг, зээлийн хүүнд 2,196,414.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 10,878.18 төгрөг төлсөн ба зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг төлөлгүй, нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 183 хоног хугацаа хэтрүүлээд байна. Х Б ХХК-ийн зүгээс дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 7,530,075.72 төгрөг, 2020 оны 09 сарын 09-ний өдрийн байдлаарх хүү 1,639,759.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,613 төгрөг, нийт 9,197,448.40 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч тал хариу тайлбартаа: Х Б ХХК нь 2018 оны 10 сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 9,500,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон.

Гэтэл банкны зүгээс Иргэний хуулийн 225, 204-т заасныг зөрчиж, гэрээ цуцлах талаар урьдчилан мэдэгдэлгүйгээр шууд гэрээний үлдэгдэл төлбөрийг бүхэлд нь гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Мөн тухайн зээлийг бодитоор ашиглаж чадаагүй, ашиглах боломжийг зээлдүүлэгч хязгаарласан юм. Өрхийн хэрэглээний зээл гэж олгосон боловч олгосон даруйдаа Х Б ХХК-д төлөгдөөгүй байсан цалингийн зээлийг хааж барагдуулсан болно. Тодруулбал, 2020 оны 10 сарын 04-ний өдөр 9,500,000 төгрөгийн зээлийг харилцах дансанд хиймэгц цалингийн зээлийн 1490021699 тоот дансанд 8,577,345.65 төгрөгийг суутган авсан болно.

Иймд нэхэмжлэлийг бидний зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.М-, М.А- нараас 8,647,815 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х Б ХХК-д олгож, үлдэх 549,634 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,109 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.М-, М.А- нараас 153,315 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х Б ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Төрийн банкны зээлийг шинэ зээл олгож хассан үйлдэл, мөн өмнөх буюу 2018 оны 05 сарын 17-ны өдрийн зээлийг 2018 оны 10 сарын 04-ний өдөр шинэ зээл олгож хаасан нэхэмжлэгчийн үйлдлийг Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5, Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам-ын 2.4.14-т заасныг зөрчсөн буюу энэ заалтад нэхэмжлэгчийн үйлдэл нийцээгүй гэж дүгнэсэн хэрнээ энэ нь зээлдэгч нарын хүсэл зоригт нийцсэн гэсэн нь буруу болжээ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хэлцэл нь хэн нэгний хүсэл зоригт нийцсэн эсэхээс үл хамааран хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдгийг шүүхээс анхаараагүй.

Өмнөх зээлийг хаах зорилготой байсан хэрнээ зээлийн гэрээнд өрхийн хэрэглээний зориулалт гэж хэзээ ч биелэгдэхгүй нөхцөл тусгасан, мөн өмнөх зээлийг хаах талаар Зээлийн хорооны шийдвэрүүдэд тусгасан байгааг шүүх анхаараагүй.

2018 оны 10 сарын 04-ний өдөр 9,500,000 төгрөгийн зээлийг олгосон гүйлгээ, мөн тухайн өдрөө 8,496,616.16 төгрөгийн дүнгээр өмнөх буюу 2018 оны 05 сарын 17-ны өдрийн зээлийг хаасан гүйлгээг нэг теллер хийж, нэг хяналтын ажилтан хянасан байдаг.

Хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн зүгээс өмгөөлөгч С.Ялалт, Д.Давааням нарт нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг гардаж авахыг шаардсан. Өмгөөлөгч нэхэмжлэл гардах үйл ажиллагаа явуулах эрхгүй талаар сануулж хэлсэн боловч шүүгч хүлээн аваагүй. Үүнтэй нь холбоотой шүүгчийг татгалзан гаргасан хангаагүй.

Иймээс шүүхийн шийдвэрт нэмэлж өөрчлөлт оруулж, гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Х Б ХХК нь хариуцагч Д.М-, М.А- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 8,647,815 төгрөг гаргуулахаар анх шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 549,633 төгрөгөөр ихэсгэж, нийт 9,197,448 төгрөгийг гаргуулахыг хүссэн.

 

Дээрх шаардлагын зарим хэсгийн хариуцагч нар зөвшөөрч байх боловч үлдэх хэсгийг Банк холбогдох хууль, журмыг зөрчсөн учир зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус тул хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэсэн үндэслэл заан маргажээ.

 

Талууд 2018 оны 10 сарын 04-ний өдөр 1490022407 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээнд зээлдүүлэгч нь зээлдэгчид 9,500,000 төгрөгийг 365 хоногт 20.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүүг буцаан төлөх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тусгажээ. /1хх 10-11/

 

Тус зээлийн гэрээ нь хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцэж байгаа боловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна.

 

Тодруулбал, Х Б ХХК нь 2018 оны 10 сарын 04-ний өдөр 9,500,000 төгрөгийг зээлдэгч Д.М-ийн 1490022407 тоот данс руу шилжүүлсэн, мөн өдөр Д.М- нь 8,496,616.16 төгрөгийг Х Б ХХК болон Д.М-, М.А- нарын хооронд 2018 оны 05 сарын 17-ны өдөр байгуулагдсан 1490021699 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтөд шилжүүлж, уг гэрээний үүргийг гүйцэтгэсэн үйл баримт хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүд, дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /1хх 10-11, 40-41, 15, 32/

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Х Б ХХК нь Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт Банкны активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журмыг Монголбанк санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлахаар заасан байх ба үүний дагуу 2017 оны 06 сарын 30-ны өдрийн А-193/228 дугаар тушаалаар батлагдсан журмын 2.4.14-т Банк нь төлбөр хариуцагч болон түүний холбогдох этгээдэд актив болон харгалзах хүүг нэмж актив олгох, эх үүсвэр байршуулах зэргээр төлүүлэхийг хориглохоор зохицуулсныг зөрчсөн байна.

 

Нэхэмжлэгч Х Б ХХК нь хариуцагч нар өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр 2018 оны 05 сарын 17-ны өдрийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байх боловч 1-р хавтаст хэргийн 218-р талд авагдсан 2018 оны 10 сарын 04-ний өдрийн зээл олгох шийдвэрт 1. 1490021699 тоот зээлийн данстай нэгтгэх гэсэн нөхцөлийг нэмэлт, тусгай нөхцөлд тусгасан байх тул Х Б ХХК-ийг өмнөх зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шинээр зээл олгох талаар урьдчилан мэдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Түүнчлэн, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 1.1-д өрхийн хэрэглээний зориулалтаар зээл олгох нөхцөлийг тусгасан боловч бодит байдал дээр 1490021699 зээлийн данстай нэгтгэх зориулалтаар зээлийг олгосон байх тул Х Б ХХК-ийг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 6, 26 дугаар зүйлд заасан зээлдэгч зээлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 10 сарын 04-ний өдрийн 1490022407 тоот зээлийн гэрээ нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэсэн хариуцагч талын тайлбар үндэслэлтэй, улмаар шүүхийн зүгээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу үр дагаврыг шийдвэрлэх нь зүйд нийцнэ.

 

Зээлдэгч нар 9,500,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг зээлдэн авч, улмаар 4,177,217 төгрөгийг эргүүлэн төлсөн болох нь холбогдох дансны хуулгаар тогтоогдож байх тул хариуцагч Д.М-, М.А- нараас 5,322,783 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х Б ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Хэдийгээр зээлдэгч Д.М-, М.А- нар 2018 оны 10 сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгөөр 2018 оны 05 сарын 17-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж, уг зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөж байгаа боловч энэ нь тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд өөрийн үйл ажиллагаандаа мөрдлөгө болгох хууль, журмыг зөрчсөн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүйг тайлбарлах нь зүйтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх гомдлын тухайд, Х Б ХХК-ийн ихэсгэсэн шаардлагыг өмгөөлөгч С.Ялалт, өмгөөлөгч Д.Давааням нарт гардуулсныг хариуцагч нарт гардуулсан гэж үзэхгүй боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хэвээр, харин үнийн дүн өөрчлөгдөж байх тул энэ нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1,2 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 23-ны өдрийн 182/ШШ2021/00457 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.М-, М.А- нараас 5,322,783 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х Б ХХК-д олгож, үлдэх 3,874,665 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...153,315... гэснийг ...100,114... гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.НЯМБАЗАР