Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2023/ДШМ/48

 

И.Д-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/181 дүгээр шийтгэх тогтоолтой, И.Д-д холбогдох эрүүгийн 2213003260186 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ахлах прокурор Х.Өрен, шүүгдэгч И.Д-, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Бакен, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Еркегүл нар оролцов.  

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр **** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй, **** ажилтай, ам бүл ** хүнтэй, **** хамт ***** оршин суудаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Н овогт И-ийн Д- /**********/

 

2. Шүүгдэгч И.Д- нь Баян-Өлгий аймгийн Б- сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг ашиглаж тус суманд хэрэгжүүлж байгаа услалтын системийг шинэчлэн сайжруулах “Цул улаан дэд төсөл"-ийн барилгын ажлын гүйцэтгээч "Н" ХХК-ийн захирал Д.С-болон түүний аав барилгын ажлын удирдагч Э.Д- нартай 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр "Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах гэрээ"-г байгуулж, тус компанид давуу байдал бий болгож, байгаль орчинд 2500862 төгрөг, техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардалд 3117758 төгрөг, нийт 5618620 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ..

 

3. Прокурорын 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 142 дугаар яллах дүгнэлтээр И.Д-ы дээрх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн  2023/ШЦТ/181 дүгээр шийтгэх тогтоолоор:

4.1. Шүүгдэгч Н овогт И-ийн Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И-ийн Д-ы нийтийн албанд томилогдох эрхийг 4 (дөрвөн) жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 (арван таван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан.

Мөн Улсын Дээд шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 223 дугаар тогтоолд “...Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ” гэж зааж өгсөн.

Анхан шатны шүүх надад торгох ял оногдуулахдаа дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэхгүйгээр 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 ( арван таван сая ) төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

5.2. Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ юуны өмнө гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой. Баян-Өлгий аймгийн Б- сумын “Цул улаан услалтын систем” төсөл нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа төсөл.

Төслийг хэрэгжүүлэх баримт бичгүүдийг эрх бүхий байгууллагуудаас батлахдаа хайрга авахтай холбоотой зөвшөөрлүүдийг сумын Засаг даргаас авахаар тусгасан нь энэ гэмт хэрэг үйлдэгдэн гарахад шууд нөлөөлсөн.

Хэрэв дээрх баримт бичгүүдийг анх боловсруулахдаа холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг холбогдох хуульд нийцүүлэн авахаар тусгасан бол энэ гэмт хэрэг үйлдэгдэн гаргахгүй байсан.

5.3. Энэ нь дараах нотлох баримтуудаар нотлогддог. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан “Баян-Өлгий аймгийн Б- сумын “Цул улаан услалтын систем” төслийн байгаль орчны менежмент” /1 дүгээр хавтаст хэргийн 68-72 дугаар тал/ гэх баримт бичгийн “Орон нутгаас байгаль орчны холбогдох зөвшөөрлүүд” хэсгийн 2 дахь заалтад “Барилгын ажилд шаардагдах хайрга, дайрга, элс зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлох зөвшөөрлийг олгох (сумын ЗД-аас авах)” гэж тусгагдсан. Мөн аймгийн ерөнхий архитектор баталж, холбогдох эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж зөвшөөрсөн “Баян-Өлгий аймгийн Б- сумын цул улаан услалтын системийн ажлын зураг төсөл” (1 дүгээр хавтаст хэргийн 171-182 дугаар тал) гэх баримт бичгийн 182 дугаар хуудсанд байгаа услалтын системийн шинэчлэн сайжруулах барилгын ажлын материалын техникийн тодорхойлолт (Баян-Өлгий Б-)-ын 2-т “хайргыг тухайн орон нутагтай гэрээ байгуулж татан авалт хийнэ” гэж зааж өгсөн байдаг.

5.4. Миний бие тухайн үед Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг судлахгүйгээр дээрх баримт бичгүүдэд тусгагдсаны дагуу гэрээ байгуулсан нь намайг буруутгах үндэслэл болж байна.

5.5. Шүүх надад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж торгуулийн хэмжээг багасгах бүрэн боломжтой байсан.

5.6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой.Шүүхийн шийтгэх тогтоолд “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дурдсан боловч энийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрхэн харгалзан үзсэн талаар огт дурдаагүй байна.

5.7. Би гэм буруугийн талаар эхнээсээ маргаагүй бөгөөд анхан шатны шүүхээс гэм бурууд тооцсон шийдвэр гаргасны дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар учирсан хохирлыг нөхөн төлөх хүсэлт гаргаж завсарлагаа авч 8,119,482 төгрөгийг байгаль орчны уур амьсгалын сангийн дансанд бүрэн төлсөн. Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үүнийг мөн харгалзан үзэх ёстой байсан.

5.8. Би одоо 65 настай бөгөөд он гараад тэтгэвэрт гарахаар төлөвлөж байсан. Намайг 15,000,000 төгрөгөөр торгож, түүнийг 2 жил буюу 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон. Энэ нь сард 625,000 (15,000,000:24 сар = 625,000) төгрөгөөр төлөхөөр байгаа. Тэтгэврээс өөр орлогогүй тохиолдолд сард 625,000 төгрөг төлөхөд хүндрэлтэй тусахаар байна.

5.9. Иймд миний гомдлыг дээрх үндэслэлүүдийн дагуу хянан шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д заасны дагуу Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/181 дугаартай шийтгэх тогтоолд хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр өөрчлөлт оруулж, шүүхээс оногдуулсан торгох ялын хэмжээг багасгах шийдвэр гаргаж өгнө үү.

 

6. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлт:

6.1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрен би, шүүгдэгч И.Д-д холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна.

6.2. Шүүгдэгч И.Д- нь Баян-Өлгий аймгийн Б- сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг ашиглаж тус суманд хэрэгжүүлж байгаа услалтын системийг шинэчлэн сайжруулах “Цул улаан дэд төсөл"-ийн барилгын ажлын гүйцэтгээч "Н" ХХК-ийн захирал Д.С-болон түүний аав барилгын ажлын удирдагч Э.Д- нартай 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр "Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах гэрээ"-г байгуулж, тус компанид давуу байдал бий болгож, байгаль орчинд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Холбогдох хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад явуулсан үйл баримтаар нотлогдон тогтоогдсон гэж үзээд холбогдох хэргийг шүүхэд хүргүүлсэн.

6.3. Шүүхээс прокурорын яллах дүгнэлтэд дурдан ирүүлсэн яллах талын нотлох баримтууд болон шүүх хуралдааны шинэчилсэн мэдүүлэг өгөх ажиллагааны явцад хянан хэлэлцсэн нотлох баримтын хүрээнд шүүгдэгч И.Д-ы үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 181 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож, 15 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгэсэн. Прокуророос ялын дүгнэлтээ гаргахдаа 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нийтийн албанд томилогдох эрхийн 3 жилээр хасахыг санал болгосон.

6.4. Шүүхээс холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасан хууль буцаан хэрэглэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Үүнд миний зүгээс ямар нэгэн эсэргүүцэл бичээгүй. Түүнд оногдуулсан торгох ял түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгт тохирч байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч И.Д-ы гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав. 

 

8. Шүүгдэгч И.Д- нь тус аймгийн Б- сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох бүрэн эрхийг аймгийн Засаг даргад олгосон байхад, өөрт нь хуулиар олгогдоогүй бүрэн эрхийг  хэрэгжүүлж, “Цул-Улаан” услалтын системийн барилгын ажлыг гүйцэтгэгч “Н” ХХК-тай 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай” 22/01 дугаартай гэрээ байгуулж тус компанид давуу байдал олгож, уг гэрээг байгуулснаар “Н” ХХК нь тус аймгийн Б- сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Ховд голын эргээс 367 метр, 268 метрийн зайд 2 нүх ухаж, түгээмэл тархацтай ашигт малтмалд хамаарах голын хайрга олборлож, байгаль орчинд 3.117.758 төгрөгийн хохирол учруулсан нь  хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 - Гэрч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Баян-Өлгий аймгийн Б- суманд газар тариалангийн усжуулалтын системийг “Н” ХХК нь “Манханы ам” гэх газраас их хэмжээний хайрга олборлосон байдаг. Тус компани хайрга олборлохдоо тус сумын засаг дарга Д-аас зөвшөөрөл авсан гэдэг ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 25 дахь тал),

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тус компани манай сумын удирдлагуудтай гэрээ хийж, тус ажлыг 2022 оны 06 дугаар сараас эхлэн хийж байгаа юм. “Н” ХХК нь ажилд шаардагдах хайргыг тухайн газраас авч байгаа. Экологи эдийн засгийн үнэлгээг гарсны дараа хохирлыг нэхэмжлэх болно..." гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 39-40 дэх тал),

 - Гэрч Х.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тус сумын 2 дугаар багт хийгдэж байгаа Цул-Улаан услалтын системийн хайрга олборлолтын ажил нь 2022 оны 6 дугаар сараас эхлэн хийгдэж байгаа. Тус “Н” ХХК-ийн эрх бүхий хүмүүс нь манай сумын Засаг дарга И.Д-тай гэрээ хийж үйл ажиллагаагаа эхэлсэн...." гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 42-43 дахь тал),

- Гэрч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай “Н” ХХК-ийн ерөнхий захирал Д.С-нь тус сумын Засаг дарга И овогтой Д- гэх хүнтэй 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр түгээмэл тархацтай ашигт малтмал олборлохтой холбоотой гэрээ хийж байсан... Манай тухайн услалтын систем барьж байгаа газрын ойролцоо хажуу талаас нь хайргыг авч байгаа....” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 45-46 дахь тал),

- Гэрч Э.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай компани Б- сумын Засаг даргатай хайрга ашиглах талаар гэрээ хийж тухайн гэрээний дагуу хайрга ашиглаж байгаа. ...Тухайн зураг төсөлд хайрга хаанаас ашиглах талаар тодорхой тусгасан зүйл байхгүй. Ер нь хайрга ашиглахад тухайн сум орон нутгаас гэрээгээр зөвшөөрөл авсны үндсэн дээр ашигладаг юм....” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 52-53, 76-77 дахь тал),

- Баян-Өлгий аймгийн Б- сумын “Цул улаан услалтын систем” төслийн танилцуулга (1 дэх хавтаст хэргийн 57-72 дахь тал),

- Гэрч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн "...Үүний нэг нь манай аймгийн Б- болон Сагсай суманд хэрэгжиж байгаа юм. Б- сумын услалтын системийн ажлыг таны асууж байгаа "Н" ХХК хийж байгаа...." гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 74 дэх тал),

- “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 1/16 дугаартай “...1)Тухайн газар нь КЗРТ-02505 дугаартай, Уушгины улаан гэх нэртэй 2017 онд орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан Байгалийн нөөц газарт хамаарч байна. Ойн сан, усан сан бүхий газарт хамаарахгүй байна. 2) Тус газраас олборлосон ашигт малтмал нь голын хайрга байна. 3) Шинжилгээ хийсэн талбайд 1100 м2 болон 472,65 м2 талбай бүхий 2 ухаш нүх байна. 4) Тухайн газарт урьд өмнө нь буюу 2022 оны 6 дугаар сараас өмнө элс, хайрга олборлох үйл ажиллагаа явагдаж байгаагүй, эрүүл газар байсан байна. 5) Тус газарт ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдоогүй бөгөөд ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй газар байна. 6) Эвдэгдсэн нэгдүгээр талбайгаас байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ 1,750,428 төгрөг, хоёрдугаар талбайгаас байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ 750,344 төгрөг, нийт хохирлын үнэлгээ 2,500,862 төгрөг болж байна. 7) тус талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажил хийгдээгүй байх бөгөөд нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 1-р талбайд 2,144,054 төгрөг, 2-р талбайд 973,704 төгрөг, нийт нөхөн сэргээлт хийх ажлын зардлын хэмжээ нь 3,117,758 төгрөг болж байна..." гэх дүгнэлт, байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардлын тооцооны баримтууд (1 дэх хавтаст хэргийн 100-131 дэх тал),

- Хэргийн газрын үзлэг хийсэн талаарх тэмдэглэл, үзлэгийн явцын бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 135-140 дэх тал),

- Хайрга олборлоход ашигласан гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 141-144 дэх тал),

- Эрх бүхий албан тушаалтан, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Геологи уул уурхайн хяналт, газрын тос хийн хяналтын улсын байцаагчийн шалгасан “Н” ХХК-нд холбогдох зөрчлийн ГУУ-01 дугаартай материалд үзлэг хийсэн тэмдэглэл, хуулбарлаж авсан холбогдох баримтууд (1 дэх хавтаст хэргийн 147-157 дахь тал),

- Баян-Өлгий аймгийн Б- сумын Засаг дарга, Н ХХК-ийн захирал нарын 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай” 22/01 дугаартай гэрээ (1 дэх хавтаст хэргийн 160-161 дэх тал),

- Баян-Өлгий аймгийн Б- сумын Цул-Улаан услалтын системийн ажлын зураг төсөл, ажлын материалын техникийн тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 171-182 дахь тал),

- Яллагдагч И.Д-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Ажил хийлсэн Н ХХК-ийн захирал Д- “та манай сумаас хайрга олборлож болохгүй манайд зөвшөөрөлтэй газар байхгүй” гэж хэлэхэд “120 км газраас буюу аймгаас хайрга татах үнэхээр хүндрэлтэй байна. Та өөрөө зөвшөөрөл гаргаад өгчих” гэхээр нь би зөвшөөрөл гаргаад өгсөн. Ингэхдээ байгаль орчны байцаагч, хамгаалагч нарт судлаад хариу өгөөрэй гэж хэлсэн. Тэгэхэд тэд нар надад болохгүй гэж хэлээгүй учраас би Д-тай гэрээг байгуулсан. Ингэхдээ Д- нь бүх гэрээний маягт бүгдийг хийгээд зөвхөн дээд талд нь миний гарын үсэг зурж батлах зай үлдээгээд ирснийг би баталж өгсөн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 243-244 дэх тал)   зэрэг нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдсон байна.

 

9. Б- сумын Засаг дарга ажилтай, шүүгдэгч И.Д- нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуульд заасан нийтийн албан тушаалтан мөн бөгөөд тэрээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох бүрэн эрхийг аймгийн Засаг даргад олгосон байхад энэ талаар мэтсээр байж, “Н” ХХК-аас гаргасан газар нутгийн хувьд ажил үүрэг гүйцэтгэж буй нутаг дэвсгэрт ойрхон газраас хайраг олборлох тухай саналыг хүлээн авч, улмаар өөрт хуулиар олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлж, “Цул-Улаан” услалтын системийн барилгын ажлыг гүйцэтгэгч “Н” ХХК-тай 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай” 22/01 дугаартай гэрээ байгуулж, уг гэрээний хэрэгжилтийн дүнд байгаль орчинд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

 

10. Шүүх шүүгдэгч И.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэж, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж, хувийн байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, 15.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь ял оногдуулах нийтлэг зарчмыг хангасан байна.

 

11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч И.Д- “...миний бие өөрийн холбогдсон хэргийн гэм буруу, зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... шийтгэх тогтоолд хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр өөрчлөлт оруулж, шүүхээс оногдуулсан торгох ялын хэмжээг багасгах шийдвэр гаргаж өгнө үү....” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Шүүх И.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан нь мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг журамд нийцсэн, түүнд оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, 15.000.000 төгрөгөөр торгох ял нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх тул шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

            1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/181 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.КӨБЕШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Н.ТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК