Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 311/ШШ2025/00237

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ......... нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын ...... багт оршин суух хаягтай, ........ Н. холбогдох Эрүү.......л мэндийн санд учирсан хохирол 798.186 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Завхан аймгийн П........шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Н.....нь 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алтан багийн нутаг дэвсгэрт Л.Д.......... зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн байна. Хохирогч Л.Д...... 798.186 (долоон зуун ерэн найман мянга нэг зуун наян зургаа) төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт "Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ. "Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт "Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.", мөн хуулийн 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө." гэж зааснаар Х.Н........ үйлдсэн гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид олгосон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу прокурор төрийн ашиг сонирхлыг хамгаалж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцнэ. Дээрх хууль тогтоомжид зааснаар Х.Н....... нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсны улмаас эрүүл мэндийн даатгалын байгууллага буюу төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байх тул гэм хорын хохирол гаргуулахаар прокурорын нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

  Нэхэмжлэгч Завхан аймгийн П..... итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С...... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Завхан аймгийн Прокурорын газраас Х.Н..........д холбогдуулан даатгуулагч Л.Д....... олгосон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр 798.186 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч Х.Н......... нь уг төлбөрийг төлж барагдуулсан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Завхан аймгийн П....... нь хариуцагч Х.Н...........д холбогдуулан Эрүүл мэндийн санд учирсан хохирол 798.186 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Н..... даатгуулагч Л.Д...... олгосон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр 798.186 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулсан талаар нэхэмжлэгчээс ирүүлсэн тайлбараар тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

 

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Завхан аймгийн П...........нэхэмжлэлийн шаардлага эрүүл мэндийн даатгалын санд учирсан гэм хорын хохирол 798.186 төгрөгийг хариуцагч Х.Н......... төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ