| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/00388/И |
| Дугаар | 309/ШШ2025/00414 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 309/ШШ2025/00414
| 2025 оны 04 сарын 21 өдөр | Дугаар 309/ШШ2025/00414 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* овогт *******ын *******гийн хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь тус шүүхэд “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие нь 1991 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс Дорнод аймгийн "Онон" сангийн аж ахуйн 3-р фермд малчин, саальчнаар ажиллаж эхэлсэн. Улмаар аймгийн өмч хувьчлалын комиссын 1992 оны 09 дүгээр сарын 37 тоот тогтоолоор Онон САА хувьчлагдсан тул тухайн үед ажиллаж байсан малчдыг шинээр байгуулагдсан "Эрдэнэбулаг" ХК-ийн мэдэлд шилжүүлсэн бөгөөд 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус компанид малчнаар ажилласан. Нийтдээ би улсад 21 жил ажилласан ба "Эрдэнэбулаг" ХК-д малчнаар 1992 онд ажилд орсон тушаал хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч 1993 онд ажлаас гарсан талаар бичигдээгуй байна. Тус компанид ажилд орсон болон ажлаас гарсан тухай тушаалыг аймгийн Архиваас шүүлгэсэн боловч олдоогүй харин аймгийн Нийгмийн даатгалын газраас нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг гаргаж өгсөн юм. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний дээрх хугацаанд ажилласан хугацааг хөдөлмөрийн дэвтэрт тусгаагүйн улмаас ажилласан жил маань бүрэн тооцогдох боломжгүйд хүрээд байна. Иймд Д.Даваасурэн намайг 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд "Эрдэнэбулаг" ХК-д малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэх, Дорнод аймгийн Нийгмийн даатгалын газрны 2025.01.23-ны өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт”, 207919 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Шүүхээс гэрчээр Д.Долгорсүрэн, М.Өлзийтөмөр нарыг асууж мэдүүлэг авах ажиллагааг хийсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.******* нь тус шүүхэд “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд энэхүү шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон.
Нэхэмжлэгч Д.*******гийн нь хөдөлмөрийн дэвтрийн бичилт бүрэн биш, ажиллаж байх үеийн тушаалууд архивт байхгүй байгаагаас зайлшгүй шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоос өөр байдлаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжгүй болсон нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, тайлбар, түүний иргэний үнэмлэхийн хуулбар,
2. Дорнод аймгийн Нийгмийн даатгалын газрны 2025.01.23-ны өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт”,
3. Д.*******гийн 207919 дугаартай хөдөлмөрийн дэвтэр,
4. Гэрч Д.Долгорсүрэн, М.Өлзийтөмөр нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтын шаардлага хангасан бичгийн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг нотолсон үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Д.******* нь 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд "Эрдэнэбулаг" ББХК-д малчнаар ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.3-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* овогт Башнямын *******г 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд "Эрдэнэбулаг" ББХК-д малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-д зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА