| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоогийн Өрнөндэлгэр |
| Хэргийн индекс | 151/2020/01503/И |
| Дугаар | 223/МА2021/00004 |
| Огноо | 2021-04-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 223/МА2021/00004
О.Чын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 26-ны өдрийн 151/ШШ2021/00179 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч О.Чын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Д.От холбогдох,
23 653 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
4 520 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 04 сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням нар оролцов.
Нэхэмжлэгч О.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “О.Ч миний бие иргэн Д.Оыг 2018 оноос эхлэн таних болсон бөгөөд бид 2019 оны 05 дугаар сараас эхлэн Улаанбаатар хотод Хөн-хөхий нэртэй зочид буудал хамтран түрээсэлж ажиллуулж байсан юм. Гэтэл иргэн Д.О нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ...би банкинд байгаа зээлээ хаах хэрэгтэй байна, би найдвартай өгнө тус болооч... гээд байхаар нь би сайхан сэтгэл гаргаж өөрийн үнэт эдлэлийг ломбарданд тавьж, заримыг нь банкнаас авч бүгд 6 530 000 төгрөгийг бэлнээр барьж очоод хариуцагч Д.Оын Төрийн банкны данс руу шилжүүлсэн. Би тухайн үед энэ хүнд их итгэсэн ба хөдөө олон тооны мал ахуйтай, гайгүй амьдралтай болохоор нь хариуцагчтай бичгээр хийсэн зээлийн гэрээ байхгүй, зөвхөн аман хэлцэл хийсэн юм. Шүүхэд хандахын өмнө би Төрийн банкинд очиж уулзан 6 530 000 төгрөгийг бэлнээр барьж очоод хариуцагчийн данс руу шилжүүлсэн баримтаа авъя гэхэд банк иргэн Д.Оын нууцыг бид хадгадах үүрэгтэй. Та хуулийн байгууллагаас албан бичигтэй бол таньд баримтыг гаргаж өгнө гэсэн хариу өгсөн. Тиймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Оын өөрийнх нь нэр дээр байдаг Төрийн банкны дансны хуулгыг шүүхийн журмаар гаргуулан нотлох баримтаар хэрэгт хавсаргуулах хүсэлтийг гаргаж, энэхүү асуудлыг өөр нэг баримтаар давхар нотлох болно. Үүний өмнө би 2020 оны 04 дүгээр сарын эхээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гарган залилангийн шинжтэй эсэхийг шалгуулахад 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №1565 тоот тогтоолоор хариу өгсөн. Уг тогтоолд дурдахдаа ...иргэн О.Чын 6 530 000 төгрөгийг иргэн Д.О авсан тухайгаа хүлээн мэдүүллээ. Дээрх мөнгийг авсан болох нь тогтоогдож байна. Гэвч энэ үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэх залилангийн гэмт хэргийн шинжгүй, иргэд хоорондын маргаан байх тул хэргийг хаах нь үндэслэлтэй байна... гэсэн хариу өгсөн юм. Би хариуцагчаас зээлсэн мөнгөө авахаар удаа дараа холбогдоход элдэв арга саам хийн худлаа хэлж, сүүлдээ утсаа авахгүй байсаар өдий хүрсэн юм. Иймд хариуцагч Д.От 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зээлүүлсэн бүгд 6 530 000 төгрөгийг гаргуулан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн багасгасан шаардлагадаа: “Хариуцагч Д.Оын нэр дээр байдаг Төрийн банкны 311900129743 тоот данс руу нэхэмжлэгч О.Ч нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 6 530 000 төгрөгийг бус 6 212 000 төгрөгийг бэлнээр барьж очин шилжүүлсэн болохыг нотлох баримтаар хэрэгт хавсарган өгсөн билээ. Нэхэмжлэгч О.Ч нь дээрх гүйлгээг мөнгөө бэлнээр барьж очин хийхдээ Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Алтанговийн 1 дүгээр давхарт байрлах Төрийн банкны Цайз тооцооны төв-1038 дээр очсон байдаг юм. Хариуцагч талд энэ талаар маргаан байвал бид шүүхэд хүсэлт гарган банкны камерын бичлэгийг архиваас нь шүүлгэн нотлох баримтаар хэрэгт хавсаргуулах болно. Нэхэмжлэгч тал банкнаас гарч ирсэн хуулга болон бэлэн мөнгөний баримтыг аваад үндэслэл бүхий нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа 318 000 төгрөгөөр багасгаж байна.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “...Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн өөрийнх нь нэр дээр байдаг Хаан банкны 5745079002 тоот данс руу, нэхэмжлэгч О.Ч нь өөрийнхөө нэр дээр байдаг 6745129589 тоот данснаасаа 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд зарлагын гүйлгээгээр түүнд бүгд 17 441 000 төгрөгийг өгчихсөн байгаа нь нотлох баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч тал хариуцагч талтай яг адилхан Хаан банкны хуулгыг авахдаа 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цаг хугацаагаар авсан болно.
Хариуцагч талын хариу тайлбарт дурдсанаар хариуцагч Д.О нь нэхэмжлэгч О.Чд дээрх хугацаанд 9 531 880 төгрөгийг өгсөн гэдгээ бүрэн хүлээн зевшөөрсөн байх ба өөрийнхөө Төрийн банкны дансаар 6 211 000 төгрөгийг авч зээлээ хаалгуулсан талаараа няцаагаагүй байна. Тэгвэл нэхэмжлэгч нь хариуцагч Д.От 17 441 000 төгрөгийг өгсөн нь тогтоогдож байх ба үүний зөрүү нь 7 909 120 төгрөг болж байна. Энэ мөнгийг нэхэмжлэгч нь хариуцагчид илүү өгсөн байна. Нэхэмжлэгч тал нь зөвхөн нотлох баримтад тулгуурлан хууль зүйн үндэслэлтэй зүйлийг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаараа хариуцагчаас нэхэмжлэн гаргуулах гэж буйг аль аль талдаа зөвөөр ойлгох хэрэгтэй. Нэхэмжлэгч О.Чын хувьд 4 хүүхэдтэй, өрх толгойлсон, амьдралын төлөө шударга хөдөлмөрлөж яваа эмэгтэй хүн юм. Гэтэл хариуцагч Д.О нь өөрийн дур сонирхлоороо эхнэр, хүүхдээ хаяад түр хугацаанд толгой хорогдон амьдрах явцдаа хүний итгэлийг олж авах замаар нэхэмжлэгчийг бие сэтгэлийн болон санхүүгийн хувьд ихэд хохироон ашигласан байна. Мөн түүнчлэн хариуцагч Д.Оын иргэний болон эрүүгийн хэрэгт нь аль алинд нь өмгөөлөгч нарынх нь төлбөрийг нэхэмжлэгч О.Ч өгч байсан нь дансны хуулгаас нотлогдоно. Иймд нэхэмжлэгч О.Чын зүгээс хариуцагч Д.Оын Хаан банкны 5745079002 тоот данс руу шилжүүлэн зээлдүүлсэн бүгд 17 441 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Тодруулбал үндсэн нэхэмжлэлийн шаардлага 6 212 000 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага 17 441 000 төгрөг, бүгд 23 653 000 төгрөгийг хариуцагч Д.Оаас гаргуулж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч О.Ч 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Уг нэхэмжлэлийн шаардлага бол 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Д.От зээлдүүлсэн 6 530 000 төгрөгийг гаргуулах тухай гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай. Нэхэмжлэлийн утга нь Дамбадаржаагийн Отгонбаатарыг 2018 оноос эхлэн таних болсон ба бид 2019 оны 05 дугаар сараас эхлэн Улаанбаатар хотод “Хан-Хөхий" нэртэй зочид буудал хамтран түрээсэлж ажиллуулж байсан юм. Гэтэл иргэн Д.О нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр би банкинд байгаа зээлээ хаах хэрэгтэй байна, удахгүй мөнгийг чинь өгнө, би найдвартай, надад тус болооч... гээд гуйгаад байхаар нь би сайхан сэтгэл гаргаад өөрийн үнэт эдлэлийг ломбардад тавьж, заримыг нь банкнаас авч, бүгд 6 530 000 төгрөгийг бэлнээр барьж очоод хариуцагч Д.Оын Төрийн банкны данс руу нь тушааж шилжүүлсэн билээ. Үүний өмнө би 2020 оны 04 дүгээр сарын эхээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гарган залилангийн шинжтэй эсэхийг шалгуулахад 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1565 тоот тогтоолоор хариу өгсөн. Уг тогтоолд дурдахдаа иргэн О.Чын 6 530 000 төгрөгийг иргэн Д.О авсан тухайгаа хүлээн мэдүүллээ. Дээрх мөнгийг авсан болох нь тогтоогдож байна. Гэвч энэ үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэх залилангийн гэмт хэргийн шинжгүй, иргэд хоорондын маргаан байх тул хэргийг хаах нь үндэслэлтэй байна гэсэн хариу ирсэн. Үүний дараа би дүүргийн Прокурорын даргад гомдол гаргахад 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 4/615 тоот албан бичгээрээ хяналтын прокурорын шийдвэр үндэслэлтэй байна гэх хариуг мөн өгсөн юм. Би хариуцагчаас зээлсэн мөнгөө авахаар удаа дараа холбогдоход элдэв арга саам хэлэн худлаа ярьж, сүүлдээ утсаа авахгүй байсаар өдийг хүрсэн юм. Иймд иргэний хариуцагч Д.От 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зээлүүлсэн бүгд 6 530 000 төгрөгийг гаргуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т зааснаар нэхэмжлэлийг бүрэн ханган шийдвэрлэж өгнө үү. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага 6 530 000 төгрөгийг байсныг 6 212 000 төгрөг болгож үндсэндээ 318 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Үүний дараа 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагаа 17 441 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн байгаа. Үндсэн нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 6 212 000 төгрөг, нэмэгдүүлсэн 17 441 000 төгрөг бүгд 23 653 000 төгрөгийг нэхэмжлэгч О.Чын зүгээс хариуцагч Д.Оаас нэхэмжилж байгаа. Үүнтэй холбоотой нотлох баримтуудыг хавтас хэрэгт гаргаж өгсөн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа 100 хувь дэмжиж оролцож байгаа. Хариуцагч талын зүгээс 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан байдаг. Үүнийг бол хүлээж авсан. Хариуцагч Д.Оын хувьд насанд хүрсэн иргэний эрх зүйн чадвар чадамжтай хүн. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хавтаст хэрэгт өгсөн тайлбараас нь үзэхээр ямар нэгэн хөндлөнгийн дарамт шахалт, сүрдүүлэг дор ажилласан юм шиг гайхмаар зүйл ярьдаг. Би одоо мөнгөгүй ажиллаж байсан ч гэж байх шиг өөрийнхөө хүсэлтээр дурандаа хамт амьдарч байсан байлгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаараа 1 000 000 төгрөгийн хувцас ээмэг бөгжийг бэлэглэсэн. Бэлэглэгчийн гомдоосон учир 1 000 000 төгрөгөө нэхэмжилнэ. Мөн кузов засварын газар, граш гээд ялгаагүй зүйл яриад байна. 2019 оны 03 дугаар сараас 2019 оны 08 дугаар сар хүртэл би үнэгүй зарагдан ажилласан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу тухайн үеийн ханшаар үржүүлэхээр 1 600 000 төгрөг, зочид буудал галласан хөлс гээд 1 920 000 төгрөг ингээд бүгд 4 520 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Үүнийг нэхэмжлэгч талын зүгээс огт хүлээн зөвшөөрөх боломжгүй. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байна уу байхгүй. 359 дүгээр зүйл заасан Хөлсөөр ажиллах гэрээ байна уу байхгүй. Мөн хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ байна уу байхгүй. Хавтаст хэрэгт энэ талаар ямар ч гэрээ хэлцэл байдаггүй. Ажилласан талаар зөвхөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар л байдаг. Тиймээс энэ ажлын хөлсийг нэхэмжилж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Баримтаар няцаагдаж байна үүнийг нотлоогүй байна. Мөн дээр нь нэхэмжлэгчид бэлэглэсэн бэлэг гээд байгаа зүйл нэхэмжлэгчид хэзээ хаана бэлэглэснийг хавтас хэрэгт нотлоод хавсаргахгүй яасан юм бэ. Баримтгүй зүйл ярьж байна гэж үзэж байна. Дээрээс нь хавтаст хэрэгт зохигчдын хэн алины дансны хуулгууд, тайлбарууд, прокурорын тогтоол зэрэг баримтууд байдаг. Хариуцагчийн зүгээс бол зөвхөн дансны хуулга л гаргаж өгсөн байгаа. Мөн зохигчдын хэн аль нь хамтран амьдарсан талаараа маргадаггүй. Хэн аль нь мөнгө өгсөн авснаа хүлээн зөвшөөрдөг. Хариуцагч тал нь сөрөг нэхэмжлэлээ баримтаар нотолж чадахгүй байна. Эсрэгээрээ бол нэхэмжлэгч тал өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тал бүрээс нь бүрэн дүүрэн нотолж хавтас хэрэгт гаргаж өгсөн. Ийм учраас Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдмаа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “О.Ч нь анх надтай танилцан амьдарсан. Зочид буудал ажиллуулсан он сараа худлаа бичсэн ба мөн кузов засварын газрыг хамт ажиллуулж түрээсэлж байснаа мөн бичээгүй байна. О.Ч бид хоёр Улаанбаатар хотод 2018 оны 12 дугаар сараас эхлэн бие биетэйгээ холбогдож хоёулаа хотод 07 тоот байрыг түрээслэн суудаг байсан. Энэ нь О.Чын Хаан банкны 5745129589 тоот данснаас байр 07 тоот номер руу 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр түрээсийн мөнгө 160 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 7-н тоот 150 000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 7 тоот 150 000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 7-н тоот 150 000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 7-н тоот 130 000 төгрөг шилжүүлж байснаар нотлогдоно. Бид хоёр хамтран амьдарч байх хугацаандаа 2019 оны 03 дугаар сараас эхлэн 1 000 000 төгрөгөөр түрээслэн кузов засварын газар ажиллуулсан. Үүнийг грашийн түрээс гэж бичсэн байна. Энэ бол граш биш кузов засвар ажиллуулсны түрээсийн мөнгө юм. Тодруулбал О.Чын Хаан банкны 5745079002 тоот данснаас 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр грашийн түрээс гэж 1 000 000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр түрээс гэж 800 000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр граш гэж 800 000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 800 000 төгрөг шилжүүлснээр нотлогдоно. Мөн бид хамтран ажиллаж байхдаа 2019 оны 8 дугаар сараас “Хан-Хөхий” нэртэй зочид буудал 1 500 000 төгрөгөөр түрээслэн ажиллуулж тус буудлыг би нүүрсээр галлаж халаадаг байсан. Энэ ажлыг би гардан гүйцэтгэдэг байсан. Энэ үеэс эхлэн бид зочид буудалдаа байрладаг болсон. Энэ нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр О.Чын 5745079002 данснаас 1 500 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1 500 000 төгрөг зарлага гарснаар нотлогдоно. Мөн Д.О би 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр О.Чын төрсөн өдрөөр 1 000 000 төгрөгний ээмэг бөгж хувцас зэргийг авч өгч бэлэглэсэн. Иймд бэлэглэгчийг гомдоосон учир бэлэглэсэн зүйлийн үнэ болох 1 000 000 төгрөгөө буцаан нэхэмжилж байна. Иймд:
1. О.Чаас кузов засварыг хамтран ажиллуулж орлого олж тэр мөнгөө О.Чанцлын дансанд ордог байсан би ямар ч мөнгө аваагүй учир 2019 оны 03 дугаар сараас 2019 оны 08 дугаар сар хүртэл нийт 5-н сарын хугацааны цалин болох тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 320x5=1 600 000 төгрөг,
2. Хан Хөхий зочид буудлыг 2019 оны 09, 10, 11, 12 сарууд 2020 оны 01, 02 дугаар сар хүртэл галлаж галч хийж байсан үеийн цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 09,10,11,12 дугаар саруудын тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 320 000 төгрөгөөр бодож 1 280 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарыг 420 000 төгрөгөөр, 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 220 000 төгрөгөөр бодож 1 920 000 төгрөг
3. О.Чын төрсөн өдрөөр ээмэг бөгж хувцас авч өгсөн 1 000 000 төгрөг нийт 4 520 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Би өөрөө ямар нэгэн машингүй тухайн үед О.Чын машиныг бид дундаа унаж ажил төрлөө амжуулдаг байсан. Гэтэл О.Ч нь энэ машинд хийсэн түлш шатахууныхаа үнийг надаас буцаан нэхэмжилж байгаад гайхаж байна.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхны нэхэмжлэл болох 6 530 000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл хэрвээ Д.Отай 2018 оны эхээр энэ хоёр танилцсан байдаг. 2019 оны 05 дугаар сараас эхлээд хотод амьдарсан байдаг. Миний үйлчлүүлэгч олон малтай бөгөөд маш их хэмжээний мөнгөө дансаараа оруулж гаргадаг байсан. Нэхэмжлэлтэй холбоотой ярихад 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр буюу зээл өгсөн өдөр О.Чын данс руу миний үйлчлүүлэгч 600 000 төгрөг хийсэн байдаг. Хэрвээ зээл гээд 6 000 000 төгрөг нэхээд байгаа энэ мөнгийг яагаад хасахгүй байгаа юм. 2019 оны 12 дугаар сард 800 000 төгрөг шилжүүлсэн байдаг. Дараа нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 25 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 600 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 450 000 төгрөгийг миний үйлчлүүлэгч нэхэмжлээд байгаа зээл авсан гэсэн хүний данс руу хийсэн байдаг. Зөвхөн энэ мөнгө нь 2 150 000 төгрөг болж байгаа. Д.О О.Чын данс руу зээл авахаасаа өмнө маш их хэмжээний мөнгө хийсэн байгаа. 2018 оны 12 дугаар сарын 20-ноос эхлээд 150 000 төгрөг, 30 000 төгрөг, 2 700 000 төгрөг, 400 000 төгрөг, 500 000 төгрөг, 700, 000 төгрөг, 800 000 төгрөг, 500 000 төгрөг, 600 000 төгрөг, 25 000 төгрөг, 300 000 төгрөг, 450 000 төгрөг нийт 8 280 000 төгрөг шилжүүлсэн байдаг. Хүний энэ их мөнгийг авсан хүн чинь эргээд нөгөө хүнийхээ зээлийг төлнө. Тэгэхээр хүнээс ийм их мөнгө авчхаад эргээд 6 000 000 төгрөг нэхэмжилж байна гэдэг утгагүй. Зээл гэж хийсэн нь хавтаст хэргээс баримтаар харахад 2018 оны 5 дугаар сард 2 600 000 төгрөг зээл гэж хийсэн байдаг. Миний үйлчлүүлэгч мөнгө олдог ийм орлоготой хүн байсан байна гээд би хариу тайлбар бичихдээ дэлгэрэнгүй бичсэн байгаа. 2018 оны 11 сараас хойш ямар хэмжээний мал зараад, олсон мөнгөнүүдээ дундаа хэрэглэж байсан. 2020 оны 01 дүгээр сараас муудаад хоёулаа салж явсан. Тэгэхээр нэхэмжилж байгаа хүн маань би ерөөсөө зээл гээд бичсэн юм чинь энэ мөнгөө энэ хүнээс нэхэмжилж авъя гээд нэхэмжлэл бичсэн болохоос энэ хоёрын хооронд өгөө аваа байхгүй. Хэрвээ өглөг авлага байгаа гэж байгаа бол миний үйлчлүүлэгчийг энэ хүн үнэгүй хөлсөлж зарж байсан. Бид нар дундаа кузов засвар, зочид буудал ажиллуулж байсан гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ч гэсэн сая ярилаа. Тэр зочид буудал нь өөрөө нүүрс түлж халаадаг. Орой болгон түүнийг халаадаг ажлыг миний үйлчлүүлэгч хийдэг байсан. Тийм учраас би олон дансны хуулгуудыг гаргасан. Ингээд үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа О.Чын данснаас миний үйлчлүүлэгчийн данс руу мөнгө орсон байдаг. Энэ нь нийлээд бараг 8 000 000 төгрөг болж байгаа. Ингээд бодохоор энэ хоёр хоорондоо өглөг авлаг байхгүй. Энэ нэхэмжлэл үндэслэлгүй хэрвээ зээлсэн мөнгөө нэхэх гэж байгаа бол миний үйлчлүүлэгчийг үнэгүй зарж ашиглах ёсгүй. Тийм учраас би хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр ажиллаж байсан хөлсийг нь сөрөг нэхэмжлэлээр гаргасан байгаа. Зээлийн гэрээ гэж ярьж байна. Иргэний хуулийн 281-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж байгаа. Энэ хоёрын хооронд иргэний эрх зүйн зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Харин энэ хоёрын хооронд бие биедээ мөнгө шилжүүлсэн үйл ажиллагааг явуулж тодорхой хугацаанд хамтран ажиллаж байсан нь харагдаж байна. Тийм учраас тэр мөнгийг ярих юм бол миний үйлчлүүлэгч 8 280 000 төгрөгийг О.Чын дансанд шилжүүлсэн. О.Ч нь 6 700 000 төгрөгийг шилжүүлсэн байна. Үүний зөрүүг хүртэл гаргаж өгөх ёстой. Нөгөө талаар миний үйлчлүүлэгч зээл авсан гэсэн хугацаанаас хойш 2 000 000 гаруй төгрөг шилжүүлсэн нь зээл авсан гэдэг нь худлаа болох нь нотлогдож байгаа. Зээлтэй хүндээ мөнгө өгч байхад тэр хүн мөнгийг нь зээлээсээ хасах ёстой. Хэрвээ зээл гэж үзээд шилжүүлсэн бол тэр мөнгөө хасуулах ёстой. Шүүх зээл байна хаасан байна гэж үзвэл 11 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш Д.Оын шилжүүлсэн мөнгийг хасаж тооцох ёстой гэж үзэж байгаа. Ер нь бол аль аль нь бие биетэйгээ гэрээ хийгээгүй нэхэмжлэл угаасаа үндэслэлгүй нэхэмжлэл гэж үзэж байгаа. 17 441 000 төгрөг бол бүр үндэслэлгүй эднийх нэг бүрчлэн гаргаж ирэх ёстой.” гэжээ.
Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1, 496.2, 281 дүгээр зүйлийн 281.1-д тус тус зааснаар хариуцагч Д.Оаас 6 212 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Чд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17 441 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, О.Чд холбогдох 4 520 000 төгрөг гаргуулах Д.Оын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч О.Чын урьдчилан төлсөн 364 655 төгрөг, хариуцагч Д.Оаас урьдчилан төлсөн 87 110 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оаас 114 342 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Чд олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Нэхэмжлэгч хавтас хэргийн 7 дугаар хуудсанд өөрийн Хаан банкны 5745129589 тоот данснаас 2019.11.05-ний өдөр "АТМ"-аар бэлнээр 2 860 000 төгрөг авсан гэж дансны хуулгаа нотлох баримтаар шүүхэд өгчээ. Дээрх хуулгаас нягтлан харвал О.Чын дээрх дансны үлдэгдэл 2019.11.04-ний өдөр 2 571 869 төгрөг байсан. 5429139860 тоот данснаас 11-1-11-4 тооцоо гэж 240 000 төгрөг орж ирсэнийг нэмж 2 860 000 бэлнээр авсан байдаг.
Хэргийн 8-р хуудсанд О. Ломбарданд 1 270 000 төгрөгөөр ээмэг бөгж тавьсан гэх баримт, эдгээр мөнгөнүүд нь нийлээд 4 130 000 төгрөг болж байна. Энэ хуулгаас Д.О 2019.11.05-ны өдөр 600 000 төгрөг шилжүүлсэн орлогын гүйлгээний дараа мөн энэ өдрөө 9429139860 тоот данснаас 200 000 төгрөг орж ирж дээрх хоёр мөнгийг нийлүүлээд О.Ч нь 800 000 төгрөгийг "АТМ"-аар авч зарлага гаргасан байна.
Хавтас хэргийн 41-р хуудсанд байгаа баримтаар 5 011 835 төгрөгийг эхлэн хийж,
Хавтас хэргийн 42-р хуудсанд байгаа баримтаар 603,000 төгрөгийг салгаж хийсэн байна. Энэ нотлох баримтуудаас Д.Оын 2019.11.05-ны өдөр хийсэн 600 000 төгрөг, зочид буудлын орлого 440 000 төгрөгнүүд нь энэ өдөртөө буцаан гарч дээрх О.Чын тушаасан 6 212 000 төгрөгөнд орсон байх магадлал байна.
Мөн О.Чын хаан банкны 5745129589 тоот дансанд 2019.9.13-ны өдөр дээрх мөнгө шилжүүлсэн 5429139860 тоот данснаас буудал 9-9, 9-12 тооцоо гэж 95 000 төгрөг шилжүүлсэн байна. Энэ байдлуудаас зээл төлөх гэж авсан гэх 2 860 000 төгрөг нь хамтран ажиллуулж байсан буудал бусад орлогын мөнгө, мөн энэ өдөр авсан 800 000 төгрөгүүд нь нэмэгдэж 6 212 000 төгрөгийг бүрдүүлж тушаасан байх боломжтой байна. Гэтэл шүүх нэхэмжлэгч талаас нотлох баримтаар өгсөн 7-р хуудасны 1 хуудас дансны хуулганы мөнгө гарахаас өмнөх үлдэгдэл, 2019.11.05-ны өдөр орсон, гарсан бүх орлогыг тал бүрээс нь бодитойгоор нэг бүрчлэн үзэж, түхайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэхгүйгээр зөвхөн 2 860 000 төгрөгийг л бэлнээр авсан гэх нэхэмжлэгчийн үгэнд хэт их хөтлөгдөж хэргийг шийдвэрлэсэн.
-Прокурорын хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан тогтоолыг хавсаргаад:
Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 04 дүгээр сард Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан 2020.04.08-ны өдрийн 1565 тоот тогтоолоор хариу өгсөн. Энэ үйлдэл нь залилангийн гэмт хэргийн шинжгүй, иргэд хоорондын маргаан байх тул хэргийг хаасан байхад энэ хариуг үндэслэн шүүх хурал дээр Д.Оыг хэргээ хүлээсэн, мөнгийг Д.О авсан болох нь тогтоогдсон гэж мэтгэлзсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-д “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй.” Энэ хэрэгт Д.О сэжигтэн, яллагдагчаар татагдаагүй. Энэ үедээ өмнө хойно шилжүүлсэн мөнгөнүүдээ хэлээгүй байсан. Дансны хуулгаа ч авч хараагүй. Харин иргэний шүүхэд өгсний дараа дансны хуулгаа авч нийт өгсөн мөнгөө мэдсэн. Дээрх мөнгөний асуудлыг иргэний шүүхээр хэрэгт цугларсан нотлох баримтыг хүрээнд шийдвэрлэх ёстой
Д.О нэхэмжлэгчийг зээл хаасан гэх 2019.11.05-ны өдөр 600 000 төгрөг, түүнээс хойш О.Чын Хаан банкны 5745129589 тоот данс руу өөрийн Хаан банкны 5745079002 тоот данснаас 2019.11.12-ний өдөр 50 000 төгрөг, 2019.11.23-ны өдөр 100 000 төгрөг, 2019.11.30-ны өдөр 16 880 төгрөг, 2019.12.04-ний өдөр 800 000 төгрөг, 2019.12.16-ны өдөр 25 000 төгрөг, 2020.01.03-ны өдөр 300 000 төгрөг, 2020.01.06-ны өдөр 450 000 төгрөг, дээрх 2019.11.05-ны өдөр нийлээд 1 741 880 төгрөг дээрх шилжүүлсэн 600 000 төгрөгтэй нийлээд нийт 2 341 880 төгрөгийг шилжүүлсэн байна.
Мөн өмнө нь Д.О нь О.Чын дээрх данс руу 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нийт 6 270 000 төгрөг шилжүүлж дээрх 2 341 880 төгрөгтэй нийлээд О.Чын данс руу нийт 8 611 000 төгрөг шилжүүлсэн байна.
Хавтас хэргийн 20-77, 30-78-р хуудсуудад О.Ч нь өөрийн дансны хуулгуудаа шүүхэд нотлох баримтаар өгсөн боловч 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх 22 хоногийн дансны хуулгаа шүүхэд өгөлгүй авч үлдсэн байна. Д.Оын дансны хуулгаас 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр О.Чын Хаан банкны 5745129589 тоот дансруу 800 000 төгрөг шилжүүлсэн нь хавтас хэрэгт байгаа Д.Оын дансны хуулгаас харагдах боловч харин О.Ч нь энэ хугацааны дансны хуулгаа шүүхэд өгөөгүй тул О.Чын дансны хуулгаас 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Д.Оын шилжүүлсэн 800 000 төгрөг харагдахгүй байгаа юм.
Д.О О.Чтай хамт амьдрах хугацаандаа огт орлогогүй нэгэн байгаагүй. Түүний Хаан банкны 5745079002 тоот дансанд 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл нийт 29 277 800 төгрөгийн орлого орж ирсэн. Үүнээс ихэнх нь мал зарсан мөнгө байдаг. Энэ мөнгөөр Д.О, О.Ч нар байр түрээслэн гузов засвар, зочид буудал ажиллуулж орсон орлого зөвхөн О.Чын дансанд ордог байсан байна. Энэ талаарх нотлох баримтаа ч шүүхэд өгсөн мөн доорх шилжүүлэгүүдээр давхар нотлогдоно.
О.Ч Д.О нар 2018 оны 11 дүгээр сараас эхлэн Улаанбаатар хотод 07 тоот номерын өрөө түрээслэн хамт амьдарч байсан. Энэ нь 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 07 тоотод гэж түрээсийн мөнгө Д.Оын данс руу шилжүүлж байснаар нотлогдоно.
2019.03.25-наас эхлэн дундаа кузов засварын газар ажиллуулж 800 000 төгрөгөөр түрээслэж 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл түрээсийн 800 000 төгрөгийг Д.О луу шилжүүлж байснаар нотлогдоно.
2019 оны 08 дугаар сараас эхлэн “Хан-Хөхий” нэртэй зочид буудал ажилуулж 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрүүдэд түрээсийн мөнгө гэж 1 500 000 төгрөг Д.О луу шилжүүлж байснаар нотлогдоно. Гэтэл шүүх зохигчдыг хамтран ажилласан, хөлсөөр ажилласан зэрэг нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн.
Дээрх кузов засварын газар болон, зочид буудлыг ажиллуулж байхад Д.О цуг ажиллаж байсан. Зочид буудлыг орой болгон Д.О нүүрсээр галлаж халааж байсан. Дээрх газруудаас олсон ашиг орлого зөвхөн О.Чын данс руу ордог байсан. Харин Д.Оын данс руу дээрх 07 тоот байрны түрээсийн мөнгө, кузов засварын мөнгө, буудал түрээсийн мөнгийг хийж Отгонбаатар тушаадаг байжээ. Д.Оын дансруу шилжүүлсэн ихэнх мөнгө нь бензины мөнгө байсан. Д.О өөрөө машингүй О.Чын хамаатны машиныг унаж дундаа ажил төрлөө хөөцөлдөж байсан байдаг.
Дээрх үндэслэлээр 2019.11.05-ны өдөр төлсөн 6 212 000 төгрөг бол Д.Оын хөлс хөдөлмөр шингэсэн, зээл хаадаг өдөр, түүнээс өмнө, хойно О.Чын дансруу шилжүүлсэн хамтран ажилласан үйл ажиллагааны мөнгөнөөс зээлийг хаасан учир энэ мөнгийг төлөх үндэслэлгүй гэдгээ шүүхэд удаа дараа тайлбарлаж, сөрөг нэхэмжлэл гаргаж өгсөөр байтал Д.Оын оруулсан мөнгө, эд хөрөнгө, хөлс хөдөлмөр, цаг завыг хэт ихээр үнэгүйдүүлж, хэргийг Иргэний хуулийн 496.1.2, 281.1-д зааснаар зүйлчилж, Д.Оыг бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг нэмэх аргаар хөрөнгөжсөн, мөн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар давхар зүйлчилж, талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн, төлөх хугацааг талууд харилцан тохиролцсон юм шиг хэт хийсвэр дүгнэлт хийж Д.Оаас 6 212 000 төгрөг гаргуулан О.Чд олгохоор шийдвэрлэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон явдалд гомдолтой байна.
Учир нь: Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчлөгчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэгэн хязгааргүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах, Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан зарчим, Иргэний хуулийн 13 дугаар зүйлд заасан Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулсан, зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагааг хориглох зэрэг заалтуудыг зөрчиж хариуцагчийг хэт их хохироосон хууль бус шийдвэр боллоо.
Анх шүүх хуралдаанаас шийдвэр уншихдаа: Иргэний хуулийн 281-р зүйлд заасан Зээлийн гэрээний харилцаа биш гэж дүгнэж зөвхөн 496.1.2-т зааснаар шийдвэрлэсэн гэж тайлбарласан боловч сүүлд шийдвэр танилцуулж гардуулж өгөхөд 281.1-д заасан заалт давхар шинээр нэмэгдэж шийдвэрт тусгагдсан байна. Үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид бид хурлын дараа шүүх зээлийн харилцаа биш 496.1-ээр шийдлээ гэж ярьж байсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбаатар мэдэж байгаа ба тэр даруйд нь хуулиа харж 496.1-ийн заалтыг уншиж байсан.
Шүүхэд нэхэмжлэгчээс шаардлагаа нотлож өгсөн баримт нь Д.Оын зээлийг төлсөн гэхэд эргэлзээтэй, 6 212 000 төгрөгт хүрээгүй, ломбардаас авсан 1 270 000 төгрөг нь Отгонбаатарын зээлийг дарахад орсон гэдэг нь ч эргэлзээтэй, зөвхөн О.Чын нэрээр гарсан байна. Ломбарданд тавьсан гэх бөгж, ээмэг нь Отгонбаатар төрсөн өдрөөр нь бэлэглэсэн бөгж, ээмэг байх жишээтэй.
Иймд дээр дурьдсан эргэлзээтэй байдлуудыг харгалзан О.Чын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч О.Ч нь Д.От холбогдуулан 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 6 530 000 төгрөг шаардаж, үндэслэлээ, “Д.Отай 2018 оны 12 дугаар сараас эхлэн хамтран амьдарч байсан ба 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр түүний гуйлтаар Төрийн банк дахь зээлийн 6 530 000 төгрөгийн зээлийг нь өөрийн үнэт эдлэлийг ломбардад тавих, заримыг нь банкнаас авах зэргээр төлж хаасан” гэж тодорхойлсон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дээрх шаардлагаа 318 000 төгрөгөөр багасгасан, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 17 441 000 төгрөгөөр ихэсгэж, нийт 23 653 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж, үндэслэлээ “хамтран амьдрах хугацаанд буюу 2018 оны 11 дүгээр сарын 05-наас 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд дансны зарлагын гүйлгээгээр түүнд 17 441 000 төгрөгийг өгчихсөн байгаа нь нотлох баримтаар тогтоогдож байна” гэжээ.
Хариуцагч Д.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй татгалзаж, О.Ч, Д.О нар нь хамтран амьдрах хугацаандаа дугуй засвар, зочид буудал түрээслэн ажиллуулж, нийт орлого нь О.Чын данс руу ордог байсан ... нэхэмжлэгч, хариуцагч нар хэн хэн нь бие биедээ мөнгө шилжүүлдэг байсан... мөнгөний шилжүүлгийн баримтуудаас харахад Д.О нь О.Чд 9 531 880 төгрөг, О.Ч нь 8 040 000 төгрөг шилжүүлж байсан... гэх тайлбар гаргаж мэтгэлцсэн, хариуцагч 4 520 000 төгрөгийн сөрөг шаардлага гаргаж, үндэслэлээ кузов засварын газар болон зочид буудал ажиллуулж байсны цалин хөлс, мөн нэхэмжлэгчид ээмэг, бөгж авч өгсний үнэ гэж тодорхойлсныг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй татгалзжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 6 212 000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч зохигчийн хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцаанд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр эсхүл бусдын зардлаар хөрөнгөжсөн бол буцаан төлөх ёстой гэсэн ерөнхий зарчимд суурилан үндэслэлгүй хөрөнгөжихийн эсрэг зохицуулалтын хүрээнд үүргийг ногдуулдаг.
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэг нь “хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр хөрөнгө шилжсэн” болон “бусдын зардлаар, бусдын хөрөнгийг ашигласнаар хөрөнгөжсөн байх” гэсэн хоёр гол нөхцөлийн аль нэг нь энэ төрлийн үүрэг үүсэх үндэслэлийг бий болгодог.
“Хууль болон гэрээнд заасан үндэслэлгүй” гэдэг нь хариуцагчид тодорхой хөрөнгө бий болсон явдал нь хууль ёсны үндэслэлгүй буюу хуулийн дагуу бус, эсхүл гэрээнд зааснаар зөвтгөх шалтгаан, тайлбарлах боломжгүй байгааг ойлгодог бол “бусдын хөрөнгө, зардлаар хөрөнгөжсөн” гэдэг нь бусдад байх ёстой хөрөнгө, эсхүл бусад этгээдийн хүч хөдөлмөрийн үр дүнд бий болсон хөрөнгө, түүний үр шимийг ашигласан байх тухай ойлголт юм.
Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1.-д зааснаар хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болохоор байна.
Бусдын өрийг сайн дураараа... төлснөөр үүрэг бүхий этгээдэд ашигтай байдал үүсэж, хөрөнгө нь үндэслэлгүйгээр нэмэгдсэн, харин төлбөрийг төлсөн этгээд нь энэ хэмжээгээр эд хөрөнгийн алдагдал хүлээж байгаа нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1.-д заасан шаардах эрхийн үндэслэл болох юм. Хуульд заасан шаардах эрхийн дээрх урьдчилсан нөхцлүүд бүрэн хангагдсан тохиолдолд өрийг төлсөн этгээд шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой болно.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэхдээ хуульд заасан шаардах эрхийн урьдчилсан нөхцлүүд хангагдсан эсэхийг бүрэн шалгахгүйгээр О.Ч нь Д.Отай хамтран амьдрах хугацаанд түүний өрийг дарах зорилгоор мөнгөн хөрөнгө шилжүүлсэн гэх үйл баримтад үндэслэж 6 212 000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх гэрээний бус үүргийн нэг төрлийн харилцааг зохицуулж буй Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1. дэх хэсгийн заалтад нийцэхгүй байна.
Нэхэмжлэгч О.Чын гарын үсэг бүхий шилжүүлгээр Д.Оын зээлд 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Отгонбаатар зээл хаав” утгаар нийт 6 212 000 төгрөг шилжүүлсэн нь тогтоогдсон энэ үйл баримтад зохигч маргаагүй байна.
Харин дээрх төлбөрт төлсөн нэхэмжлэгчийн мөнгөөр хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэх нь эргэлзээтэй байх бөгөөд зохигчид 2018 оны 11 дүгээр сараас 2020 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд хамтран амьдарч, хамтын аж ахуй эрхэлж тодорхой хэмжээний орлого олдог байснаа хэн аль нь үгүйсгэж маргаагүй, зохигчоос шүүхэд гаргаж ирүүлсэн тэдний эзэмшдэг дансны гүйлгээний баримтуудаар хоорондоо харилцан мөнгө шилжүүлдэг байсан зэргээс үзэхэд тэдний мөнгөн хөрөнгө холилдсон, тус тусдаа ямар нэгэн төлбөр тооцоотой байсан гэх байдал тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгчээс хариуцагчийн банкны зээлд төлөгдсөн төлбөрийг зөвхөн түүний мөнгөн хөрөнгө гэж үзэж түүнээс энэ хэмжээгээр зардал гарснаар хөрөнгө нь багассан, хариуцагчийн хувьд бусдаар зээлээ төлүүлсэн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжиж ашигтай байдал үүссэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар нотлогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болох 17 441 000 төгрөгийн шаардлагын эрх зүйн үндэслэл тодорхойгүй, нэхэмжлэгч уг шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2.-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх;
38.1.-д заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна. Нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн, гомдол гаргаагүй.
Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн талаар үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгч хэрэгсэхгүй болгосон бөгөөд нэхэмжлэгчтэй хамтран амьдарч хувийн аж ахуй хамтран эрхэлж байхдаа ямар нэгэн цалин хөлс авахаар тохирч ажиллаж байсан болон бэлгийг буцаан шаардах эрхтэй болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2., 38.1.-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг баримтлан ТОГТООХ НЬ:
1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 26-ны өдрийн 151/ШШ2021/00179 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1., 281 дүгээр зүйлийн 281.1., 359 дүгээр зүйлийн 359.1., 280 дугаар зүйлийн 280.1.1.-д заасан үндэслэлгүй тул хариуцагч Д.Оаас 23 653 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.Чын нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгч О.Чаас 4 520 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Д.Оын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дугаар заалтын “...хариуцагч Д.Оаас 114 342 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Чд олгосугай хэсгийг хүчингүй болгож, “...хэвээр үлдээж...” гэснийг “...хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114 342 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧИД М.МӨНХДАВАА
Ц.ӨРНӨНДЭЛГЭР