Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2023/ДШМ/38

 

 

  

 

 

 2023        11         08                                         2023/ДШМ/38

 

   Ц.Өөд холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Б.Тогтох,

Нарийн бичгийн дарга: Б.Баяржаргал нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/277 дугаар шийтгэх тогтоолыг эс шүүгдэгч Ц.Өийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Өөд холбогдох 2338002500339 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Байчууд овогт Цын Ө, ........ оны .... дүгээр сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрсөн, ..... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын ..... дугаар багт оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй /регистрийн РУ-................... дугаартай/.

Шүүгдэгч Ц.Ө: 2022 оны 02 дугаар сард хохирогч Д.Бтэй утсаар холбогдож “45 хурга худалдана” гэж тохиролцож хохирогч Д.Бэс Хаан банкны 5003137902 тоот дансаар нийт 2,850,000 төгрөг шилжүүлэн авч 45 хургаа бусдад өгөөгүй зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч мэхлэн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Залилах” гэмт хэрэгт  холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/277 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч “Байчууд” овогт Цын Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цын Өийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Өөд оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ц.Өөд оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 2338002500339 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Ө давж заалдах гомдолдоо:  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/277 дугаар шийтгэх тогтоолыг хүлээн аваад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Сумын цагдаа надаас мэдүүлэг  авахад би бүгдийг нь үнэн зөвөөр хэлсэн. ...Би өмгөөлөгчтэй хамт хуралд орох хүсэлт, яллах дүгнэлтэд бичсэн буруу зүйлүүдийг ч хэлж чадаагүй. Өөрт өгөх хурга байсан, нөхрийн хориглолтоос болоод өгч чадаагүй өдий хүрсэн. Өөрт байхгүй хургыг байгаа мэт зохиомол байдал зориуд бий болгож, хуурч, итгүүлж, мэхэлсэн зүйл байхгүй. Улсын өмгөөлөгч ч болов хуралд оролцуулж өгөөч гэж хэлэх байсан боловч прокурорын зааврын дагуу юу ч хэлж чадахгүй дарамтад орсондоо харамсаж байна. ...Хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийн учир холбогдлыг ойлгосон эсэх, ийнхүү шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа, бусдын нөлөөгүй гаргасан эсэх, ял тохирох асуудал хуулийн дагуу тодорхой хийгдсэн эсэх зэрэг нь эргэлзээтэй, гэм буруутай этгээд мөн эсэхийг гүйцэт шалгаагүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.

Иймд хэргийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар шийдвэрлэх боломж олгож өгнө үү” гэжээ.

Прокурор Б.Тогтох давж заалдах гомдолд холбогдуулж гаргасан тайлбартаа: “...Ц.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч хэргээ хурдан шийдвэрлүүлэх, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтэй, (мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг) мөн Прокурорын хяналтад хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч шийдвэрлэсэн. Хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ц.Өөд хуульд заасан эрх, үүргийг тайлбарласан энэ талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, шүүх хуралдааны тэмдэглэл болон бусад баримтаар нотлогдох бөгөөд шүүгдэгч Ц.Ө өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргасан байна.

2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан Ц.Өийн гомдол нь хууль зүйн үндэслэлгүй тул гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой” зөрчсөн үндэслэлгүй тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ц.Өийн гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй тул уг хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/277 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Ц.Ө нь 2022 оны 02 дугаар сард хохирогч Д.Б-эй утсаар холбогдож “45 хурга худалдана” гэж тохиролцож хохирогч Д.Бат- Эрдэнээс Хаан банкны 5003137902 тоот дансаар нийт 2,850,000 төгрөг шилжүүлэн авч 45 хургаа бусдад өгөөгүй зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч мэхлэн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Залилах” гэмт хэрэгт  холбогджээ.

Анхан шатны шүүх Ц.Өийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилжээ.

Мөн шүүх “нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, шүүгдэгч Ц.Ө нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэсэн дүгнэлт хийж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан байна.

Шүүгдэгч Ц.Ө нь “...Хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийн учир холбогдлыг ойлгосон эсэх, ийнхүү шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа, бусдын нөлөөгүй гаргасан эсэх, ял тохирох асуудал хуулийн дагуу тодорхой хийгдсэн эсэх зэрэг нь эргэлзээтэй, гэм буруутай этгээд мөн эсэхийг гүйцэт шалгаагүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн...” гэх агуулгаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Учир нь

1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ц.Ө 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Тийм болохоор хэргийг хурдан хугацаанд шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Миний ярьсан бүхэн үнэн...” гэжээ /хх-н 31 тал/.

2. Мөн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Ц овогтой Ө миний бие хохирлыг бүрэн төлж барагдуулсан, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэх хүсэлтийг Хөвсгөл аймгийн Прокурорын газарт гаргасныг Прокурорын мөн өдрийн 121 дугаартай тогтоолоор хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд даруй хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна /хх-н 53-54 тал/.

3. Прокуророос Ц.Өийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба яллагдагч Ц.Ө нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гаргасныг хянахад, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэх саналыг шүүхэд гаргасан байна /хх-54-56, 60 тал/.

4.Ц.Өийн “...би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө” гэх яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 30/, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “шүүх хуралдаанд өөрөө өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалан өмгөөлөгчгүй оролцох хүсэлтэй байна” гэх хүсэлт /хх-ийн 71 тал/,  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны явцад “өмгөөлөгчгүй оролцох байр суурин дээрээ хэвээрээ байгаа юу гэх асуултад шүүгдэгч хэвээрээ байгаа” гэх мэдүүлэг өгсөн /хх-ийн 78 тал/ зэргээс үзвэл шүүгдэгч өмгөөлөгч авахгүйгээ илэрхийлсэн байх ба түүний өмгөөлөгч авах эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэргийн бүх ажиллагааг хянавал мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул шүүгдэгч Ц.Өийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Өийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/277 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАЯРХҮҮ

                 ШҮҮГЧИД                                    Б.СОСОРБАРАМ

                                                                                Л.ЭРДЭНЭБАТ