Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2025/0246

 

2025 04 08 128/ШШ2025/0246

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ХХК /РД: /

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгч: Г.

Хариуцагч: Нийслэлийн Хяналт, шалгалтын газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б., А.

Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, агуулахын зориулалттай, зоорьгүй 2 давхар барилгыг ашиглалтад оруулах улсын комиссыг ажиллуулахгүй байгаа Нийслэлийн Хяналт, шалгалтын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус барилгад улсын комисс ажиллуулахыг Нийслэлийн Хяналт шалгалтын газарт даалгах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О. нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, агуулахын зориулалттай, зоорьгүй 2 давхар барилгыг ашиглалтад оруулах улсын комиссыг ажиллуулахгүй байгаа Нийслэлийн Хяналт, шалгалтын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус барилгад улсын комисс ажиллуулахыг Нийслэлийн Хяналт шалгалтын газарт даалгахаар маргаж байна.

2. Маргаан бүхий үйл баримтын талаар:

2.1. ******* ХХК-нд Барилга хот байгуулалтын яам /хуучин нэрээр/-ны харьяа Барилгын хөгжлийн төвийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар Барилга, байгууламжийн зураг төслийн Магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Үйлдвэрлэлийн баруун бүс-4, хаягт байрлах, Э- дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын дугаартай, Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар зориулалтаар олгосон нийт 10818 м.кв газрыг үндэслэн олгосон байна.

2.2. ХХК нь Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газар агуулахын зориулалттай, зоорьгүй, 2 давхар барилгыг ажлыг ерөнхий төлөвлөгөөний дагуу ******* ******* ХХК-ийг гүйцэтгэгчээр ажиллуулж 2023 оны 08 дугаар сард барилгын ажлыг эхлүүлэн мөн оны 09 дүгээр сард барьж дуусгасан байна.

2.3.  Нэхэмжлэгчээс 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А07/68 дугаар албан бичгээр Нийслэлийн хяналт, шалгалтын газарт ... ХХК нь Баянгол дүүрэг, Үйлдвэрлэлийн Баруун бүс-4, тоот хаяг, нэгж талбарын дугаар ******* дугаар бүхий 10,000 м.кв газар эзэмшдэг ба уг газар дээр тэнхлэгээр 4.140 м.кв хэмжээ бүхий хүнсний агуулахын зориулалт бүхий агуулахын барилга барьсан болно. Бид тус барилгыг Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах зөвшөөрөл авахаар энэхүү хүсэлтийг гаргаж байна. Шаардлагатай бичиг баримт, зураг төслийг хавсралтаар хүргүүлж байгаа тул та бүхэн холбогдох журмын дагуу тус барилгыг ашиглалтад авч бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү гэх хүсэлтийг гаргажээ.

2.4. Нийслэлийн Хяналт, шалгалтын газраас 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар албан бичгээр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, агуулахын зориулалттай, зоорьгүй 2 давхар, барилгыг ашиглалтад оруулах захиалагчийн хүсэлтийн дагуу баримт, бичгийг судалж, барилгын ажлын гүйцэтгэлтэй газар дээр нь танилцахад тус агуулахын барилга нь  Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь /Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно/ заалтыг зөрчсөн байна. Иймд Монгол Улсын Засгийн газрын 2021 оны ******* дугаар тогтоолын 10.3 дахь заалтын дагуу шүүхийн шийдвэрийг гаргуулна уу гэх хариуг өгчээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ХХК нь хүнсний худалдаа эрхэлж, хүнсний бүтээгдэхүүнээ гадаадын орнуудаас импортоор оруулж ирдэг. Өөрийн агуулах, байргүй учир бусад компани болон хувь хүний агуулахад бараагаа хадгалдаг, дулаан агуулахгүй учир агуулахын барилга барих зориулалтаар Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 2023 оны 06 дугаар сард Нийслэлийн Засаг даргын захирамжтай газрыг эрх шилжүүлэн авсан.

Тухайн газартаа барих барилгын зургийг эрх бүхий компаниар хийлгэж, энэ зураг шаардлагад нийцсэн учир Барилгын хөгжлийн төвийн Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлт 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ******* дугаартай гарсан. Энэ барилгыг барихын тулд Хас банкнаас 4 тэрбум төгрөгийн зээл авсан. Хас банк 2023 оны 06 дугаар сард Танай хүссэн зээл олгогдох зээлийн хорооны шийдвэр гарсан тул зээлээ авч, хүү төлж эхлэх шаардлагатай, мөнгийг танай дансанд шилжүүлнэ гэж мэдэгдсэн. Зээлээ яаралтай авахгүй бол буцаан татах, эсвэл шийдвэр өөрчлөгдөнө гэж айгаад 2023 оны 06 дугаар сард банкнаас зээлээ авсан.

Ингээд банкны зээл авсан тул арга буюу барилгын ажлаа 2023 оны 08 дугаар сард эхлүүлсэн. Тус агуулахын барилгыг 6 хүртэл давхар барилга тусгай зөвшөөрөлтэй ******* ******* ХХК-аар гүйцэтгүүлсэн. Энэ барилга 2024 оны 09 дүгээр сард ашиглалтад орсон бөгөөд одоо манай компани хүнсний агуулахын зориулалтаар, төвлөрсөн дулаан хангамж, цахилгаанаар хангагдсан барилга ашиглаж байна.

Бусад бүх зөвшөөрлүүд гарсны дараа барилга эхлэх зөвшөөрөл гарна гэвэл бид банкны зээлийн эрсдэлд орох тул явцын дунд дулаан, цахилгаан хангамжийн зөвшөөрлүүд гарсан. Дулаан хангамжийн зөвшөөрөл 2023 оны 08 дугаар сард гарсан. Барилга эхлэх зөвшөөрөл 2024 оны зун гарсан. Тухайлбал, цахилгаанд холбуулах хүсэлт өгөхөд 2023 оны 08 дугаар сард дарга солигдсон учир хурал хуралдахгүй байгаа гэсэн хариу өгсөн. 2023 оны 10 дугаар сараас эхлэн зөвшөөрөл олгодоггүй, 4 дүгээр сард олгох эсэхийг шийддэг гээд 4 дүгээр сард очиж уулзахад Манайх 3-аас дээш аж ахуйн нэгж, хувь хүн өргөдөл гаргавал зөвшөөрөл олгох хурлыг хуралддаг, одоогоор 2-хон этгээд байна гэж хойшлуулсаар байсан. Ингээд 2024 оны 07 дугаар сард зөвшөөрөл гарсан.

Тухайн барилгыг ашиглалтад хүлээн авсны дараа хаяг олгогдож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарна гэсэн тул барилгыг ашиглалтад хүлээн авах комисс ажиллуулах хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийн дагуу ажлын комисс гэх хүмүүсийг ажлын байрандаа авч ирсэн. Энэ ажлын хэсэг ирээд ямар нэгэн үзэж танилцсан зүйлгүй, ямар ажиллагаа дутуу хийсэн, ямар ажиллагаа хийх шаардлагатай зэргийг шалгахгүй, зөвлөмж, шаардлага ч өгөхгүй эс үйлдэхүй гаргаад явсан болно.

Үүний дараа Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно гэж заасныг зөрчсөн байна. Иймд шүүхэд хандах нь зүйтэй гэсэн хариу 2024 оны 12 дугаар сарын 27-нд өгсөн байна. ны түрүүнд шүүхэд ханд гэж бичихийн оронд төрийн байгууллагаас томилогдсон барилга ашиглалтад хүлээн авахаар ажилласан ажлын хэсэг ямар баримт дутуу байна, ******* ХХК-ийн зүгээс ямар баримт бичиг бүрдүүлэх, ямар ажиллагаа хийх талаар шаардлага зөвлөмж өгч, түүнийг нь хэрэгжүүлээгүй, тухайн барилга ашиглалтад авах ямар ч боломжгүй байсан бол шүүхэд ханд гэж зөвлөж болох мэт санагдаж байна. Гэтэл зүгээр л яваад өгсөн нь хууль бус үйлдэл юм.

Бидний хувьд санаатай хууль тогтоомж зөрчөөгүй бөгөөд банкны 4 тэрбум төгрөгийн зээл хурдан олгогдсон ба зээлийн хүүгийн төлбөрт орж санхүүгийн эрсдэл үүсэх нөхцөл үүссэн, хүнсний бараагаа хадгалах агуулах байхгүй тул эрх бүхий зөвшөөрөлтэй компаниар барилгын ажлыг яаравчлан эхлүүлсэн болно.

Олон төрлийн зөвшөөрөл авах гэж хөөцөлдөж, нэг бүрчлэн гарах гэж цаг хугацаа алддаг, аль зөвшөөрөл эхэлж гараад дараагийн зөвшөөрөл олгогдох учир холбогдлыг ойлгох гэж удсан, энэ талаар журамласан эрхийн акт байхгүй, нэг байгууллага нь нөгөө байгууллагын зөвшөөрлийг өмнөөс шаарддаг, түүнийг гаргуулах гэж явсаар ийм байдалд орсон болно.

Манай барилгыг зураг төслийн дагуу эрх бүхий этгээд барьсан тул ямар нэгэн зөрчилгүй гэж ойлгож, хэвийн ашиглаж байна. Бидний хувьд өөрийн байр савгүй учир бусдын агуулах түрээслэн мөнгө болох санхүүгийн боломжгүй, өнөөдрийг хүртэл 4 тэрбум төгрөгийн банкнаас авсан зээлээ, хүүгийн хамт төлсөөр байгаа болно.

Иймд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, агуулахын зориулалттай, зоорьгүй 2 давхар барилгыг ашиглалтад хүлээн авах комисс ажлаа хийхгүй эс үйлдэхүй гаргасан нь хууль бус болохыг тогтоож, энэ барилгыг ашиглалтад хүлээн авахыг даалгуулах тухай нэхэмжлэл гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... ******* ХХК нь Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах зоорьгүй 2 давхар, 1 блок, агуулахын барилгын ажил дууссан тул ашиглалтад оруулахаар холбогдох хүсэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн. Хүсэлтийн хүрээнд Хяналт шалгалтын газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ******* дүгээр тушаалын Хоёрдугаар хавсралтаар баталсан Барилга байгууламжийн барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцсан илтгэх хуудас-ны дагуу мөн оны 11 дүгээр сарын 18-ны өдөр барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцахад барилгыг ашигласан нь тогтоогдсон тул тус газрын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар албан бичгээр хүсэлтийг буцааж шийдвэрлэсэн.

Тухайлбал, Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны ******* дугаар тогтоолоор батлагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм-ийн 10.3-т Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна гэж тус тус заасныг ******* ХХК нь зөрчсөн байх тул тус газар нь хууль тогтоомжийн дагуу татгалзсан шийдвэр гаргасан. Иймд нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсанаар ... Ажлын хэсэг ирээд ямар нэгэн үзэж, танилцсан зүйлгүй, ... ямар ажиллагаа хийх шаардлагатай зэргийг шалгахгүй, эс үйлдэхүй гаргасан гэж дурдсан нь үндэслэлгүй.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж заасны дагуу даалгах нэхэмжлэлийн урьдчилсан нөхцөл нь хууль бус захиргааны байгууллагын татгалзал, эс үйлдэхүй байхыг шаарддаг бөгөөд захиргааны байгууллагын татгалзал нь хууль тогтоомжийг зөрчөөгүй, эрх зүйн үндэслэлтэй шийдвэр байдаг.

Иймд Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

      ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгчээс Нийслэлийн Хяналт шалгалтын газарт холбогдуулан тус шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ... Баянгол дүүргийн 20 дугаар хороо, агуулахын зориулалттай, зоорьгүй 2 давхар барилгыг ашиглалтад оруулах улсын комисс ажлаа хийхгүй байгаа эс үйлдэхүй гаргасан нь Нийслэлийн Хяналт, шалгалтын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, энэ барилгыг ашиглалтад хүлээн авахыг Нийслэлийн Хяналт шалгалтын газарт даалгах тухай гэж тодорхойлсон.

3. Уг захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, агуулахын зориулалттай, зоорьгүй 2 давхар барилгыг ашиглалтад оруулах улсын комиссыг ажиллуулахгүй байгаа Нийслэлийн Хяналт, шалгалтын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус барилгад улсын комисс ажиллуулахыг Нийслэлийн Хяналт шалгалтын газарт даалгах гэж эцсийн байдлаар тодруулсан бөгөөд уг тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн болно.

4. Нэхэмжлэгч ХХК нь Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн газарт агуулахын зориулалттай, зоорьгүй 2 давхар барилгыг ажлыг ерөнхий төлөвлөгөөний дагуу ******* ******* ХХК-ийг гүйцэтгэгчээр ажиллуулж 2023 оны 08 дугаар сард барилгын ажлыг эхлүүлж, мөн оны 09 дүгээр сард барилгын ажлыг хийж гүйцэтгэж дуусгажээ.

5. Дээрх барилгын зураг төслийг Барилгын хөгжлийн төв-өөс хянаад 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлт гарсан байна.

6. Улмаар 2024 оны 07 дугаар сард Барилгын ажил эхлүүлэх тусгай зөвшөөрлийг, 08 дугаар сард Дулаан, хангамжийн тусгай зөвшөөрлийг тус тус холбогдох байгууллагаас авсан байна.

7. Нэхэмжлэгчээс 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А07/68 дугаар албан бичгээр Нийслэлийн Хяналт, шалгалтын газарт хандан ... ХХК нь Баянгол дүүрэг, Үйлдвэрлэлийн Баруун бүс-4, тоот хаяг, нэгж талбарын дугаар ******* дугаар бүхий 10,000 м.кв газар эзэмшдэг ба уг газар дээр тэнхлэгээр 4.140 м.кв хэмжээ бүхий хүнсний агуулахын зориулалт бүхий агуулахын барилга барьсан болно. Бид тус барилгыг Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах зөвшөөрөл авахаар энэхүү хүсэлтийг гаргаж байна. Шаардлагатай бичиг баримт, зураг төслийг хавсралтаар хүргүүлж байгаа тул та бүхэн холбогдох журмын дагуу тус барилгыг ашиглалтад авч бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү гэх хүсэлтийг гаргажээ.

8. Нийслэлийн Хяналт, шалгалтын газраас нэхэмжлэгчийн гаргасан дээрх хүсэлтэд 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр маргаан бүхий барилгад улсын комисс ажиллуулахаас татгалзсан хариуг өгсөн байна.   

9. Дээрх албан бичигт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, агуулахын зориулалттай, зоорьгүй 2 давхар, барилгыг ашиглалтад оруулах захиалагчийн хүсэлтийн дагуу баримт, бичгийг судалж, барилгын ажлын гүйцэтгэлтэй газар дээр нь танилцахад тус агуулахын барилга нь  Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь /Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно/ заалтыг зөрчсөн байна. Иймд Монгол Улсын Засгийн газрын 2021 оны ******* дугаар тогтоолын 10.3 дахь заалтын дагуу шүүхийн шийдвэрийг гаргуулна уу гэжээ.

10. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ ... төрийн байгууллагаас томилогдсон барилга ашиглалтад хүлээн авахаар ажилласан ажлын хэсэг ямар баримт дутуу байна, компанийн зүгээс ямар бичиг баримт бүрдүүлэх, ямар ажиллагаа хийх талаар шаардлага, зөвлөмж өгч, түүнийг нь хэрэгжүүлэхгүй, тухайн барилга ашиглалтад авах ямар ч боломжгүй байсан бол шүүхэд ханд гэж зөвлөж болох мэт санагдаж байна. Гэтэл зүгээр л яваад өгсөн нь хууль бус юм гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа ... 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлсэн хүсэлтийн хүрээнд Хяналт шалгалтын газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар тушаалын Хоёрдугаар хавсралтаар баталсан Барилга, байгууламжийн барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцсан илтгэх хуудас-ны дагуу мөн оны 11 дүгээр сарын 18-ны өдөр барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцахад барилгыг ашигласан нь тогтоогдсон тул тус газрын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр хүсэлтийг буцааж шийдвэрлэсэн гэжээ.

11. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн Захиалагчийн чиг үүрэг, 37.6 дахь хэсэгт Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Дүрэм шинэчлэн батлах тухай ******* дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Барилга байгууламж ашиглалтад оруулах дүрэм-ын 10.3 дахь хэсэгт Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахын хориглох бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна гэж тус тус заасан.

12. Хууль болон дүрмийн дээрх заалтуудаас үзвэл, дуусаагүй болон дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглосон байх бөгөөд ашигласан тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулахаар зохицуулсан байна.

13. Нэхэмжлэгчийн зүгээс агуулахын зориулалттай, зоорьгүй 2 давхар барилгыг ашиглалтад оруулаагүй байхдаа ашигласан болохоо хүлээн зөвшөөрдөг бөгөөд ашиглах болсон үндэслэлээ ... энэ барилгыг барихын тулд Хас банкнаас 4 тэрбум төгрөгийн зээл авсан. Зээлээ яаралтай авахгүй бол буцаан татах, эсвэл шийдвэр өөрчлөгдөнө гэж айгаад 2023 оны 06 сард зээлээ авсан. Ингээд банкны зээл авсан тул арга буюу барилгын ажлаа 2023 оны 08 дугаар сард эхлүүлж, 09 дүгээр сард ашиглалтад орсон. Бидний хувьд санаатай хууль тогтоомж зөрчөөгүй бөгөөд банкны зээл маш хурдан олгогдсон ба зээлийн хүүгийн төлбөрт орж санхүүгийн эрсдэл үүсэх нөхцөл үүссэн, хүнсний бараагаа хадгалах агуулах байргүй тул бусдын агуулах түрээслэх мөнгө болон санхүүгийн боломжгүй, өнөөдрийг хүртэл банкнаас авсан зээлээ хүүгийн хамт төлсөөр байгаа болно гэж тайлбарласан.

14. Дээрх нөхцөл байдлаас үзвэл, нэхэмжлэгчийн барилга байгууламжийг ашигласан гэх үйлдэл нь уг агуулахын зориулалттай барилгыг барих зориулалтаар банкнаас 4 тэрбум төгрөгийн зээл авсан, агуулахын барилгад түргэн муудах бараа, бүтээгдэхүүн хураасан, тухайн бараа бүтээгдэхүүнийг өөр байранд түрээс төлж байршуулах боломжгүй нөхцөл, байдал үүссэн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй бөгөөд банкнаас зээл авсан нь хэрэгт авагдсан тус компанийн дансны хуулгаар тогтоогдож байна гэж үзлээ.

16. Мөн хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгчийн хүсэлтийн хариуд өгсөн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар Хүсэлт буцаах тухай албан бичигт зөвхөн Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн талаар дурдаж, шүүхээр шийдвэрлүүлэх талаар дурдсанаас үзвэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан ... төрийн байгууллагаас томилогдсон барилга ашиглалтад хүлээн авахаар ажилласан ажлын хэсэг ямар баримт дутуу байна, компанийн зүгээс ямар бичиг баримт бүрдүүлэх, ямар ажиллагаа хийх талаар шаардлага, зөвлөмж өгч, түүнийг нь хэрэгжүүлэхгүй, тухайн барилга ашиглалтад авах ямар ч боломжгүй байсан бол шүүхэд ханд гэж зөвлөж болох мэт санагдаж байна. Гэтэл зүгээр л яваад өгсөн нь хууль бус юм гэх тайлбар үндэслэлтэй.

17. Дээрхээс үзвэл, хариуцагч захиргааны байгууллага нь хүсэлтэд дурдсан асуудлаар буюу улсын комисс ажиллах боломжийг хэрхэн хангах, цаашид үүссэн нөхцөл, байдалд ямар арга хэмжээ авч ажиллах талаар нэхэмжлэгчид тодорхой хариу өгөхгүйгээр албан бичгээр шууд татгалзсан нь хууль бус байна.

18. Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна, 48.6-д 48.6.Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт, энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг хянаж, ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах комисс ажиллуулна гэжээ.

19. Хэргийн оролцогч нараас тухайн барилгыг улсын комисс хүлээн аваагүй байхад агуулахын зориулалтаар ашигласан /хүнсний бараа хурааж, хадгалсан/ талаарх үйл баримттай талууд маргаагүй.

20. Нэхэмжлэгч нь улсын комисс хүлээж аваагүй байгаа агуулахын зориулалттай тухайн барилга дотор хайрцаг байрлуулах модон суурь, цаасан хайрцагтай бараануудыг давхарлан хураасан болох нь хэрэгт авагдсан фото зураг, Нийслэлийн Хяналт, шалгалтын газрын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Барилга, байгууламжийн ажлын гүйцэтгэлтэй танилцсан илтгэх хуудас, хэргийн оролцогчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

21. Хэдийгээр Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно гэж заасан хэдий ч энэ нь дээр дурдсанчлан хүндэтгэх үзэх шалтгаантай нөхцөл байдал үүссэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

22. Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс нэхэмжлэгчийн барилгад ажилласны дүнд тус комиссоос гарах акт, шийдвэрт энэхүү шүүхийн шийдвэр хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 48 дугаар зүйлийн 48.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн газар дээрээ агуулахын зориулалттай, зоорьгүй 2 давхар барилгыг ашиглалтад оруулах улсын комиссыг ажиллуулахгүй байгаа Нийслэлийн Хяналт, шалгалтын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус барилгад улсын комисс ажиллуулах акт гаргахыг Нийслэлийн Хяналт, шалгалтын газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг хариуцагч Нийслэлийн Хяналт, шалгалтын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Х.НЯМДЭЛГЭР