Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 320/ШШ2025/00449

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 320/ШШ2025/00449

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч:Б.О

Хариуцагч: Ч.Н

Машины үнэ 3,000,000 (гурван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 320/2025/00343/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлага: 3,000,000 төгрөг. Үндсэн төлбөр 3,000,000 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 2024.09.25. Гэрээний дүн: 3,000,000 төгрөг. Худалдан авагч мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн огноо: 3,000,000. Барааны доголдлыг илрүүлсэн огноо: 2024.10 сард. Доголдлын талаар нөгөө талдаа мэдэгдсэн огноо: 2024.10 сар.

Миний бие Б.О нь Ц.Цтай харилцан тохиролцож, өөрийн верна авто машинаа 3,000,000 төгрөгөөр үнэлж, түүний шинэ мустанг маркийн мотоциклиор сольсон. Гэвч миний сольж авсан мотоцикол хулгайн мотоцикль болох нь тогтоогдож, эзэн нь ирээд аваад явсан. Би тухайн үед Ц.Цад болсон асуудлын талаар хэлэхэд хулгайн мотоцикл байсан гэдгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сард багтааж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй, утсаа авахаа больж, намайг утсан дээрээ блоклосны улмаас түүнтэй холбогдож чадахгүй болоод байна. Одоо би машин ч үгүй, мотоцикл ч үгүй болсон учир Ц.Цаас өөрийн верна машины үнийг гаргуулж авах хүсэлтэй байна.

Иймд Ц.Цаас машины үнэ болох 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-6 дахь тал)

2. Хариуцагч Ч.Н  (Ц) шүүхэд гаргасан тайлбартаа: Намайг Ц  Ц гэдэггүй. Намайг Шарнууд овогт Ч.Н (РН*****) гэдэг. Ойр дотны хүмүүс, гэрийнхэн маань намайг Ц гэж дууддаг. Би нэхэмжлэгч Б.О-оос 2024 оны намар 10 сард верна машиныг авч, оронд нь мустанг мотоцикл өгсөн юм. Би тэр мотоциклийг хүнээс авсан бөгөөд машин болгохоор сольсон. Гэтэл тус мотоцикл хулгайн мотоцикл болж таарсан. Нэгэнт би наймаа хийж машиныг авсан нь үнэн. Хадам ээжийн бие тааруу байсан тул хот руу авч явж, зардал мөнгө болсоор машины төлбөрийг төлж чадаагүй. Хадам ээж маань ч бурхан болсон.

Иймд одоо нэхэмжилж байгаа 3,000,000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ. (хавтаст хэргийн 29 дэхь) 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Б.О нь хариуцагч Ч.Н  (Ц)-д холбогдуулан машины үнэ 3,000,000 (гурван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.    

Хариуцагч Ц Намайг Ц Ц гэдэггүй. Намайг Шарнууд овогт Ч.Н (РН*****) гэдэг. Ойр дотны хүмүүс, гэрийнхэн маань намайг Ц гэж дууддаг... гэж тайлбарласан тул хариуцагчийн нэрийг Ч.гийн Н гэж тодорхойлон өөрчлөх нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Н  (Ц) нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ...Би нэхэмжлэгч Б.О-оос 2024 оны намар 10 сард верна машиныг авч, оронд нь мустанг мотоцикл өгсөн юм. Би тэр мотоциклийг хүнээс авсан бөгөөд машин болгохоор сольсон. Гэтэл тус мотоцикл хулгайн мотоцикль болж таарсан. Нэгэнт би наймаа хийж машиныг авсан нь үнэн...Иймд одоо нэхэмжилж байгаа 3,000,000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 3,000,000 (гурван сая) төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийн тал хувь болох 31,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ч.Н  (Ц)-ээс улсын тэмдэгтийн хураамж 31,475 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Оын нэхэмжилсэн машины үнэ 3,000,000 (гурван сая) төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Н (Ц) хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгөөс 31,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ч.Н Ц)-ээс улсын тэмдэгтийн хураамж 31,475 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч Б.Од олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

           

 

 

ШҮҮГЧ                              Б.ОТГОНБЯМБА