| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2017/0597/Э |
| Дугаар | 511 |
| Огноо | 2017-12-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Батнасан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 511
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: О.Бадмаараг;
улсын яллагч: Р.Батнасан;
шүүгдэгч: С.А /өөрийгөө өмгөөлөж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Сүхбаатарын Ад холбогдох эрүүгийн 1709009580249 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1975 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, 2 хүүхэд, зээ хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамжны 655 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ХЛ75092600 регистерийн дугаартай, Зээрднүүд овогт Сүхбаатарын А.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч С.А нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 7 буудлын орчимд 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр М.Заяадэлгэртэй маргалдаж улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 22-нд өөрийн төрсөн 2 эгчтэйгээ хоол хүнсний юм цуглуулаад 7 буудал дээр явж байтал гар дээрээс худалдаа хийдэг жимс зарж байсан. Би жимснээс нь барьж үзтэл “гараараа барьлаа, тавь” гэж хэлсэн. Би “энийг чинь үзэж байж л авна ш дээ” гээд мөнгөө өгөөд авахдаа хариултан дээрээ маргалдсан. Тэгтэл “та нар тэр сүпермаркетаасаа жимсээ ав, наадхаа буцаагаад өг” гэсэн. Тэгтэл хажуугийн хүмүүс бас “7 буудалд эндээс л жимс авна, та нар өөр хаанаас авах юм” гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд буцаж очоод маргалдаж байхад Заяадэлгэр хажуунаас орж ирээд маргалдаад байсан. Биднийг цааш явахад Заяадэлгэр “хачин бүдүүн авгай чинь” гэж намайг доромжилсон. Би эргэж хараад цээж рүү нь түлхчихээд цааш явтал араас ирж үсдээд хамар руу цохисон. Би зөрүүлээд тортой юм аа хаяад үсдэлцсэн. Олон хөлийн газар байсан болохоор хүмүүс ирээд салгасан. Тэгтэл Заяадэлгэр өөрөө “би яахаараа энэ авгайд дормжлуулдаг юм бэ” гээд ноцоод байхаар нв би цагдаад дуудлага өгсөн. Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа ирээд биднийг хэлтэс дээр очиж учраа ол гээд аваад явсан. Надаас “гомдол саналтай юу” гэж асуухаар нь “цамц урагдсан, хамраас цус гарсан, нүүр маажигдсан” байсан болохоор “гомдолтой” гэж хэлсэн. Тэгтэл Заяадэлгэр “энэ авгай ингэж байгаа юм чинь би ч гэсэн гомдолтой” гэж хэлж байсан. Тэгээд энэ асуудлыг дууссан байх гэж бодоод 7 буудалын хавьд явж байтал таньдаг хүн таараад “чамтай үс гэзэгнээсээ зулгаалцаад байсан охин гомдолтой гээд шүүх эмнэлэгт үзүүлээд явж байна лээ, чи үзүүлдэггүй юм уу” гэж хэлсэн. Би үзүүлэх гэтэл 10 гаран хоносон байсан тул ямар нэг дүгнэлт гараагүй гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Заяадэлгэр /хх-ийн 12-15/, гэрч Л.Чимэдлхам /хх-ийн 19/, С.Амармөнх /хх-ийн 21/, шинжээч эмч Н.Энхцолмон /хх-ийн 32-33/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10958 тоот дүгнэлт /хх-ийн 28/, С.Аийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 39-40/, С.Аийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 41-44/, М.Заяадэлгэрийн хүсэлт /хх-ийн 46/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.А нь 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, 7 буудлын орчимд хохирогч М.Заяадэлгэртэй хэрүүл маргаан үүсгэн, улмаар хохирогчийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
хохирогч Т.Заяадэлгэрийн /хх-ийн 12-15/: “…2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ... “хачин будүүн авгай минь” гэж би Аийг нь хэлчихсэн юм. Тэгсэн чинь “чамайг алчихна шүү” гээд эргэж харангуутаа гараараа нидрээд, миний нүүр рүү цохиж авсан. Тэгэхээр нь “та яахаараа хүнийг цохидог юм” гээд араас нь очоод Аийн мөр рүү нь цохичихсон чинь эргэж хараад А гээд байгаа бүдүүн эгч хоёр гараараа толгой руу цохиод дайрчихсан. ... А үсдэж авчихаад тавихгүй байсан, “тавиач” гэсэн чинь тавихгүй байсан. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлгээр
гэрч Л.Чимэдлхамын /хх-ийн 19/: “... Эргээд хартал М.Заяадэлгэр хэрүүл хийгээд байсан эмэгтэйтэй үснээсээ зулгаацалдаад байж байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч С.Амармөнхийн /хх-ийн 21/: “...Үсдэлцээд ямарч цохих боломжгүй болгоод барьчихсан байсан…” гэх мэдүүлгээр,
шинжээч эмч Н.Энхцолмонгийн /хх-ийн 32-33/: “…Тархи доргилт гэмтэл нь …тархи толгойн тус газраа цохиулах, үсдэлцэх гэх мэт тархи толгойн тус газарт ямар нэгэн хүч үйлчлэх үед үүсгэгдэх боломжтой…” гэх мэдүүлгээр,
С.Аийн буруутай үйлдлийн улмаас М.Заяадэлгэрийн биед “тархи доргилт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10958 тоот дүгнэлтээр /хх-ийн 28/, С.Аийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 39-40/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогчтой хэрэлдэж маргалдсаны улмаас бие биенийгээ үсдэлцсэнийг өөрөө хүлээсэн, хохирогч, гэрч нар хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч, хохирогч нар хоорондоо үсдэлцсэн байсныг гэрчилж мэдүүлсэн, шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл нь үсдэлцэх үед үүсэх боломжтойг шинжээч эмч мэдүүлсэн байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
М.Заяадэлгэрийн “бүдүүн авгай” гэж хэлсэн үгэнд дургүйцэн, улмаар М.Заяадэлгэртэй зодолдож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан С.Аийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Аийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч М.Заяадэлгэр “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд С.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэдийгээр прокурор шүүгдэгчид 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр санал гаргасан боловч эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Шүүх С.Аийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Зээрднүүд овогт Сүхбаатарын Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ад оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ