Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2023/ДШМ/39

 

 

 

 

 

  

 

 Г.Бид холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Б.Тогтох,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Бүрэнчимэг,

Нарийн бичгийн дарга: Б.Баяржаргал нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/254 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэгийн гаргасан давж заалдах гомдлоор  Г.Бид холбогдох 2338000000263 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хариад овогт Ггийн Б, …. оны ..... дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, . настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын .... дугаар багт оршин суух бүртгэлтэй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн …. оны …. дугаар сарын 16-ны өдрийн …... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн /регистрийн дугаар ........................../.

Г.Б нь 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хзочид буудлын урд байрлах хашаанаас Ц.Гын мустанг 5 загварын мотокиклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 832,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/254 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Хариад овогт Ггийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ггийн Бийг 650 /зургаан зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бид оногдуулсан 650 /зургаан зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг даргын тамгын газарт эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, энэ хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг давж заалдах гомдолдоо:  Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ЭХХШТХ-ийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Г.Б нь ...Ц.Гын мустанг 5 загварын мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 832,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан ЭХТА-ийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ” гэсэн байх ба Г.Б нь ЭХТА-ийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 1 удаа үйлдсэн болох нь харагдаж байна. Гэтэл шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар дүгнэлт хийхдээ “ЭХ-ийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болохыг дурьдах нь зүйтэй байна” гэж утга агуулгын хувьд хоорондоо эрс зөрүүтэй, хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлтийг хийсэн байна.

2. Шүүх шийтгэх тогтоолд дурдсан дээрх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэсэн үндэслэлээ тайлбарлахдаа Г.Б нь урьд 2017 болон 2019 онуудад Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг ЭХЕА-ийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан нөхцөл байдалд хамааруулан тайлбарлаж байгаа нь хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

ЭХЕА-ийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж хориглосон хэм хэмжээг, мөн түүнчлэн тус хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах шударга ёсны зарчмыг зөрчин урьд нь удаа дараа гэмт хэрэг үйлдэж байсан гэсэн үндэслэлээр ял халдааж байгаа нь хууль хэрэглээний маш том алдаа гэж үзэж байна.

Б нь 2023/ШЦТ/254 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээх үедээ 1 удаагийн үйлдлээр “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлж байсан боловч шүүх энэ нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр 650 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдаатай байдалд дүгнэлт хийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар хэргийн зүйлчлэл тохирсон. Ялыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байх тул шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ялын дээд хэмжээгээр ял оногдуулсан тул ялын хугацааг багасгах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэгийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Хзочид буудлын урд байрлах хашаанаас хохирогч Ц.Гын мустанг-5 загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 832,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Дамно ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ХӨ-23-21 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, мотоциклийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгч Г.Бийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Бийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын үндсэн зорилгод бүрэн нийцсэнээс гадна шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэрэгт тохирсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг “...шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй байна” гэж утга агуулгын хувьд эрс зөрүүтэй, хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийсэн” гэж гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-ийг шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэхээр хуульчилсныг хууль зүйн хэрэглээний хувьд урьд нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн хэрэгт хамааралгүй гэж үзэх бөгөөд нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн үйлдэлдээ алинд нь ч ял шийтгүүлээгүй тохиолдолд л хамаарах зохицуулалт байна.

Өөрөөр хэлбэл 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй Эрүүгийн хуулийн /2015 оны/ хуульд “ялтай байдал” гэх эрх зүйн ойлголт үгүй болсон учир “ялтай байдал”-ын үр дагавар үүсэхгүй юм.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Бид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулсан гэж үзэхээргүй байна.

Учир нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй байна гэж бичсэнээс үзвэл дээрх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулсан гэж үзэхээргүй байна.

Нөгөөтэйгүүр шүүх ял шийтгэл оногдуулахдаа сонгох санкцтай гэмт хэрэгт хорихоос өөр төрлийн ялыг сонгон хэрэглэж, хуульд заасан хэмжээний дотор ял оногдуулсан байх тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхгүй юм.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль хэрэглээний алдаатай дүгнэлт хийсэн тул шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах  гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЗ/254 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.СОСОРБАРАМ

                             ШҮҮГЧИД                                 Л.ЭРДЭНЭБАТ

                                                                                          Н.БАЯРХҮҮ