Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2025/0278

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: овогт ийн /РД:*******/

Хариуцагч: Татварын ерөнхий газрын дарга Ч.д холбогдох төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх тухай тушаалтай холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., нэхэмжлэгчийн өмгөөлөгч П., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Татварын ерөнхий газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай Д.ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэж тодорхойлсон.

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Татварын ерөнхий газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Ц.гаар албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай тушаалыг илт хууль бус байх тул хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлсэн бөгөөд шүүх хуралдааны явцад уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.Нэхэмжлэгч нь Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дүгээр тушаалаар тус газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн дугаар Д.ыг албан тушаалд томилж, цалин, нэмэгдлийг шинэчлэн тогтоох тухай тушаалаар Хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргаар тус тус жинхлэн томилсон байна.

2.2.Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн дугаар Хууль хэрэгжүүлэх тухай албан бичгээр Татварын ерөнхий газрын зарим төрийн жинхэнэ албан тушаалуудад нэр бүхий иргэдийг хууль зөрчиж томилон ажиллуулж байгаа талаар гомдол гаргасны дагуу хяналт шалгалт явуулж, нэхэмжлэгчийг ...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж, томилох мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасан тусгай шалгалт өгөх зохицуулалтыг тус тус зөрчсөн гэж үзэж нэхэмжлэгчийг тухайн албан тушаалаас чөлөөлж, сул орон тоог хууль тогтоомжийн дагуу нөхөх арга хэмжээ авч, холбогдох шийдвэрийг 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн.

2.3.Уг албан бичгийг үндэслэн хариуцагч Татварын ерөнхий газрын даргаас маргаан бүхий 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дүгээр Д.ыг албан тушаалаас чөлөөлөх тухай тушаалыг гаргаж нэхэмжлэгчээс татварын итгэмжит зөвлөх цолыг хураан, татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, мөн хуулийн 62.1.1-д энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхийг зөрчиж төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Гурав: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ийн миний бие 2003 оноос төрийн албанд ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд өнөөдрийг хүртэл дараах ажил албан тушаалыг хашиж ирсэн. Үүнд:

2003-2008 онд Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газарт улсын байцаагч;

2008-2013 онд *******-ын БОГУУХГ-ын Уул уурхайн хяналтын улсын байцаагч;

2013-2015 онд *******-т хэлтсийн дарга;

2015-2016 онд *******-ын БОУУХГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч;

2016-2018 онд Ашигт малтмалын, газрын тосны газарт ******* хэлтсийн дарга;

2016-2017 онд *******-ны Эрдэс баялгийн Мэргэжлийн зөвлөлийн гишүүн;

2019-2024 онд *******-ын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын дарга,

Гэтэл Татварын Ерөнхий газрын дарга нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.аас 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн дугаартай "Хууль хэрэгжүүлэх тухай" мэдэгдлийг үндэслэж, 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх заалт болон холбогдох журмыг баримтлан дугаартай "Д.ыг албан тушаалаас чөлөөлөх тухай" тушаалаар намайг Татварын Ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргын албан тушаалаас чөлөөлж, татварын итгэмжит зөвлөх цолыг хураан, татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгож шийдвэрлэснийг дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэг. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.ы дугаартай "Хууль хэрэгжүүлэх тухай" мэдэгдэл хууль зүйн үндэслэлгүй тухайд:

1. дугаартай "Хууль хэрэгжүүлэх тухай" мэдэгдэлд "Д. нь Татварын Ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргын албан тушаалд жинхлэн томилогдохдоо төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж, томилох, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасан тусгай шалгалт erex зохицуулалтыг зөрчсөн" гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Д. миний бие Ашигт малтмал газрын тосны газрын ******* хэлтсийн даргын ажил албан тушаалд ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/191 дүгээр "Төрийн албанаас түр чөлөөлөх тухай" тушаалаар төрийн албанаас түр чөлөөлөгдсөн бөгөөд Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 23 дугаар зүйлийн 23.5-д зааснаар төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцогдох ба Төрийн албаны тухай хууль /2019 он/-ийн 16 дугаар зүйлийн 16.1-т "Төрийн албаны төв байгууллага төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийг хөтлөх бөгөөд уг бүртгэлд төрийн албан тушаал эрхэлж байгаа, эрхэлж байсан мэдээлэл болон энэ хуулийн 10.1.2, 10.1.4-т заасан удирдах албан тушаалтны нөөцийн бүртгэлийг тусгасан байна.", мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т "Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаал эрхэлж байсан төрийн албан хаагчийг энэ хуулийн 16 1-д заасан удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэнэ." гэж зааснаар удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэлтэй байсан болно.

Ингээд 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дүгээр тушаалаар намайг Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн дугаар тушаалаар тус албан тушаалд жинхлэн томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1- д "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө", 27. 1.1-д "төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс", 27.3-д "Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно." гэж заасантай нийцсэн.

Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д "Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэн, төрийн үйлчилгээний болон улс төрийн албан хаагчаас, тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна." гэж заасан байдаг. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасан захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд тусгай шалгалт өгөхөөс бус мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6-д заасан "хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын агентлагийн удирдах, гүйцэтгэх албан тушаал" буюу ангилал өөрчлөгдөөгүй байхад тусгай шалгалт өгөх зохицуулалт үйлчлэхгүй юм.

2. Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д "Зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ", 66.1.3-т "иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох", Зөвлөлийн дарга нь мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д "Зөвлөлийн дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ", 69.2.1-д "Зөвлөлийг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх" гэж заасан байна. 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай "Хууль хэрэгжүүлэх тухай" мэдэгдлийг зөвлөлийн гишүүн Б. ирүүлсэн байгаа нь хуулийн дээрх заалтуудтай нийцэхгүй байхаас гадна Төрийн албаны тухай хуулиар зөвлөлийн гишүүнд олгосон эрх хэмжээг хэтрүүлж, төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөхийг шууд даалгаж, хууль зөрчсөн болно.

Хоёр.Татварын Ерөнхий газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай "Д.ыг албан тушаалаас чөлөөлөх тухай" тушаал хууль зүйн үндэслэлгүй тухайд:

Татварын Ерөнхий газрын дарга нь 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх заалтыг үндэслэж, дугаартай "Д.ыг албан тушаалаас чөлөөлөх тухай" тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гаргаж, төрийн жинхэнэ албан хаагч миний эрх зүйн байдлыг дордуулж, Хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргын албан тушаалаас нэг мөр чөлөөлж, татварын итгэмжит зөвлөх цолыг хураан, татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгон шийдвэрлэж, ажил амьдралаар минь хохироосонд гомдолтой байна. Ийнхүү хууль зөрчин тушаал батлахдаа Татварын ерөнхий газрын дарга нь сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн явуулаагүй болно.

Тодруулбал, 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 15:00 цагт Д. миний [email protected] хаягт "Сонсох ажиллагааны мэдэгдэл"-ийг илгээсэн хэдий ч Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно." мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д "Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна." гэж заасныг зөрчиж, Д. надад тайлбар, санал гаргах боломж олгоогүй, тайлбар аваагүй тул мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан арга хэлбэрээр сонсох ажиллагааг явуулаагүй гэж үзэж байна. Түүнчлэн Татварын ерөнхий газрын дарга нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5-д заасан "хуульд заасан бусад үндэслэл"-ээр төрийн жинхэнэ албан хаагч намайг ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.аас ирүүлсэн мэдэгдэл шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-д заасан "эрх бүхий байгууллага шаардсан" гэж үзсэн.

Гэтэл төрийн жинхэнэ албан хаагч Д. миний бие 2003 оноос хойш тасралтгүй 20 гаруй жил төрийн албанд зүтгэж, төрийн албаны шатлан дэвших зарчмын дагуу шударга хөдөлмөрлөж ирснийг минь үл харгалзан, ажил, албан тушаалаас нэг мөр чөлөөлөхдөө, Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан нийтлэг баталгаа, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д "энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх" нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхийг минь ноцтой зөрчсөн үйлдэл болж байна.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд УИХ-ын ээлжит сонгууль болсонтой холбогдуулж, Төрийн албаны тухай хуулийг чанд мөрдөж, төрийн жинхэнэ албан хаагчдыг чөлөөлөх, халах шийдвэр гаргахгүй байх, орон тоо нэмэхгүй байхад анхаарч ажиллахыг эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг болгосон байдаг. Эцэст нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т "Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно." гэж заасан байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх заалтыг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалтад хамааруулж, ажил албан тушаалаас чөлөөлж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна

Миний бие Татварын Ерөнхий газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай "Д.ыг албан тушаалаас чөлөөлөх тухай" тушаалыг эс зөвшөөрч захиргааны урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Төрийн албаны зөвлөлд 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гомдол гаргасан боловч тус зөвлөлөөс Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан 30 хоногийн хугацаанд аливаа хэлбэрээр хариу мэдэгдээгүй, тодруулга авахаар холбогдолгүй эс үйлдэхүй гаргаж байх тул шүүхэд хандаж байгаа болно. Иймд Татварын Ерөнхий газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай "Д.ыг албан тушаалаас чөлөөлөх тухай" тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай Д.ыг албан тушаалаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилохоор даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Д.ын хувьд 2003 оноос эхлээд төрийн албанд ажиллаж байгаа. Төрийн жинхэнэ албан хаагч өөрөөр хэлбэл 2003-2008 он хүртэл Мэргэжлийн Хяналтын газарт улсын байцаагч, 2008-2013 он хүртэл Уул уурхайн хяналтын улсын байцаагчаар, 2013-2015 он хүртэл Мэргэжлийн Хяналтын ерөнхий газрын хэлтсийн дарга, 2015-2016 он хүртэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч, 2016-2018 он хүртэл Ашигт малтмалын газрын тосны газарт ******* хэлтсийн дарга, 2016-2017 он хүртэл Уул уурхайн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүн, 2019-2024 он хүртэл Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргаар ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч.

2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагт албаны мэйл хаягт сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн. 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагт уг сонсох ажиллагааны хүрээнд Хуулийг хэрэгжүүлэх тухай Төрийн албаны зөвлөлийн гишүүн н.аас ирүүлсэн албан бичгийн хүрээнд ажил олгогчид бичгээр хариу тайлбар өгсөн. Татварын ерөнхий газрын дарга сонсох ажиллагааг хуулийн хүрээнд явуулалгүйгээр өөрөөр хэлбэл 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-д заасныг тус тус баримтлан ажил албан тушаалаас чөлөөлж, Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргын албан тушаалаас чөлөөлж байгаатай холбогдуулаад татварын итгэмжит зөвлөх цолыг хураан, татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа хууль зүйн үндэслэлийн хувьд Төрийн албаны тухай хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулаад Төрийн албаны зөвлөлийн эрх хэмжээ тус хуулийн 66 дугаар зүйлд заагдсан.

Уг хуулийн шинэчилсэн найруулга мөрдөж эхэлсэнтэй холбогдуулаад Монгол Улсын Их хурлын 2019 оны 17 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан. Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм гэж байгаа. Тэгэхээр Хуулийг хэрэгжүүлэх тухай албан тоот өөрөөр хэлбэл 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн энэ албан тоотын үндэслэл юу гэхээр Д. сонгон шалгаруулалтад оролцолгүйгээр уг ажил албан тушаалд томилогдсон нь хяналт шалгалтаар тогтоогдсон учраас зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг даалгавар хүргүүлж байгаа юм. Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлд Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийн 1.4-д Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлахаас гадна шийдвэр гаргахдаа хамтын удирдлагын зарчмыг мөрдөж ажиллана гэж байгаа. Тэгэхээр зарчмыг зөрчсөн гэж үзэж байгаа юм. Зөвлөлийн бүрэн эрхэд хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагааны хяналт, шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай үүрэг даалгаврыг Төрийн албаны зөвлөлийн гишүүн биш Төрийн албаны зөвлөл бүрэн эрхээрээ хэрэгжүүлэх хууль зүйн зохицуулалттай. Тэгэхээр эрхээ хэтрүүлсэн. Төрийн албаны зөвлөлийн гишүүн н.д тийм эрх хуулиар олгогдоогүй байна.

Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтууд шинжлэн судлах явцад харна. Ямар нэгэн шалгалт явуулсан эсэх үйл баримт байхгүй мөн шалгалт явуулсантай холбоотойгоор Д.ын сонгон шалгаруулалт явуулсан эсвэл хурлаар хэлэлцсэн асуудал огт байхгүй. Зөвлөлд хурлаар хэлэлцээгүй, хурлын тэмдэглэл байхгүй, хамтын шийдвэр гаргасан зөвлөлийн тогтоол байхгүй байхад хяналт шалгалт явуулаагүй атлаа албан тоотыг Татварын ерөнхий газрын даргад илгээсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг Төрийн албаны хуулиар зохицуулж байгаа. Төрийн үйлчилгээний албан тушаал буюу бусад холбогдох албан тушаалуудыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулах хууль зүйн зохицуулалттай. Нэхэмжлэгчийн хувьд төрийн жинхэнэ албан тушаалтай учраас Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлахгүй гэж үзсэн. Хөдөлмөрийн тухай хуульд зааж байгаа эрх бүхий байгууллага гэдэгт Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б. хамаарахгүй байна гэж үзэж байгаа. Тэгэхээр тушаал ийм агуулгаар хууль зүйн үндэслэлгүй тушаал гэж үзэж байна.

Д.ыг төрийн албанаас Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5-д заасны дагуу чөлөөлж байгаа нь нэхэмжлэгчийн эрх ашгийг дордуулсан шийдвэр гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл Д. 2017 онд 1 жилээс дээш хугацаагаар буюу төрийн албаны нөөцөд бүртгэлтэй байхаар түүнийг чөлөөлсөн тушаалд тодорхой заасан. 2017 он буюу өмнөх 2002 оны Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албаны нөөцөд бүртгэлтэй төрийн албан хаагч гэж үздэг. Тэгэхээр тэр бүртгэлийг Төрийн албаны зөвлөл эсвэл салбар зөвлөл бүртгэсэн эсэх үйл баримт эсвэл бүртгээгүй байгаа үйл баримт нь түүнийг төрийн албаны нөөцөд бүртгэлгүй байна гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Хэрэв хэн нэгэн этгээдийг төрийн албаны нөөцөөс хасаж байгаа тохиолдолд эрх бүхий этгээдийн бичгээр гаргасан шийдвэр байж нөөцөөс хасах хууль зүйн үндэслэлтэй байгаа. Д.ыг төрийн албаны нөхцөлд бүртгэлгүй байсан гэж үзэх нотлох баримт байхгүй гэж үзэж байна. Хуулийн 46.2.5 гэдэг нь төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албаны нөөцөд үлдээхгүйгээр төрийн албанаас чөлөөлж байгаа нь үр дагаврын хувьд 2003 оноос хойш шатлан дэвших зарчмын дагуу улсын байцаагчаас хэлтсийн дарга, газрын дарга гэсэн ажил албан тушаалуудыг дамжин шатлан дэвших чадавх буюу мерит зарчмаар томилогдож байсан.

Ийм хүний ажил албан тушаалыг Төрийн албаны зөвлөлийн ямар ч хяналт шалгалт явуулалгүй, тухайн зөвлөлийн хамтын шийдвэрээр бус төрийн албанаас халж байгаа тушаал нь хуульд нийцээгүй, эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болсон гэж үзэж байгаа учраас гомдолтой байна. Удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэлтэй байсан эсэх асуудлыг юу гэж үзэж байгаа гэхээр 2019 оны 10 дугаар сард Хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргын түр орлон гүйцэтгэх тушаалд Д. томилогдсон. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинэчилсэн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлж байгаа. Тэгэхээр 2002 оны хуульд төрийн албаны нөөцийн бүртгэл нэг систем байсан бол шинэчилсэн хуулиар журам батлагдсаны дагуу 2019 оны 15 дугаар тогтоолын журам байгаа. Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх гэсэн нөөцийн бүртгэлийг бүртгэх журам байгаа. Журмын дагуу нөөцөд бүртгэлтэй байгаа иргэдийг удирдах, гүйцэтгэх, эрүүл мэндийн шалтгаанаар эсвэл цэргийн албан тушаалаар түр чөлөөлөгдсөн гэдэг ангилалтайгаар бүртгэх зохицуулалт үйлчилж байгаа. Хуулийн дагуу хэрэгжиж байгаа журмын хүрээнд бүртгэлийг Төрийн албаны зөвлөл, Төрийн албаны салбар зөвлөл хэрэгжүүлэх үүрэгтэй.

2002 оны Төрийн албаны тухай хуулийн нөөцөд бүртгэлтэй байсан иргэн өөрийгөө удирдах албан тушаалтны нөөцөд бүртгүүлэх зохицуулалт байхгүй учраас гуравдагч этгээд буюу төрийн алба, салбар зөвлөл бүртгэлээ бүртгээгүй байгаа эсвэл бүртгэсэн байгаа эсэхээс бүртгэлийн үйл баримт түүний нөөцөд байхгүй гэж үзэх үндэслэл биш гэж үзэж байна. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Өөрөөр хэлбэл сонсох ажиллагааг хуулийн хүрээнд явуулаагүй, ажил албан тушаалаас чөлөөлсөн тушаалыг нэхэмжлэгчид хууль дүрмийн дагуу гардуулаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч хуульд заасан журмын дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааг холбогдох хугацаанд гаргаж хариугаа авч байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэж байгаа гэжээ.

3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Тушаалын үндэслэл болсон Төрийн албаны зөвлөлийн гишүүн н.аас ирүүлсэн албан бичиг буюу Татварын ерөнхий газрын дарга н.*******сүрэн танаа гэсэн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай хууль хэрэгжүүлэх тухай гэсэн албан бичиг хууль зүйн үндэслэлгүй. Төрийн албаны зөвлөлд иргэн, өмгөөлөгч гомдол, мэдээлэл өгөөд шалгаж өгнө үү гэсэн байна. Эрхийн дагуу Төрийн албаны зөвлөл хяналт, шалгалт явуулах ёстой юм байна. Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.3, 68.1-д заасны дагуу явуулна. Зөвлөл өөрсдөө хуралдах ёстой. Хяналт шалгалтаа зөвлөл хийх ёстой. Зөвлөлөөс шийдвэр гаргах ёстой.

Зөвлөлийн шийдвэрийг үндэслээд албан бичиг ирэх ёстой. Тэрнээс Төрийн албаны зөвлөлийн гишүүний хийдэг ажил биш. Гишүүний эрх үүргийг Төрийн албаны зөвлөлийн ажиллах процесс Төрийн албаны тухай хуулиар, Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм гээд 2019 оны Улсын Их хурлын 17 дугаар тогтоолын 1.4, 2.1.4-д заасан байгаа. Дүрмээр хамтын зарчмаар явагдана. Түүнээс биш хэн нэгэн этгээдийн шалгасан гэдэг албан бичиг явуулаад халдаг байвал төрийн алба яаж мэргэших вэ, яаж үйл ажиллагаа тасралтгүй явуулах юм бэ. Д. 2003 оноос хойш тасралтгүй ажилласан. Мөн эрх зүйн мэдлэгтэй, бакалаврын дипломтой магистрын цолтой хүн. Энэ албан тушаалыг эрхлэх хэмжээний субъект байгаа. Хариуцагчаас хууль хэрэгжүүлэх албан бичгийг үндэслэсэн гэж байна. Хууль хэрэгжүүлэх албан бичиг нь хяналт, шалгалтыг явуулаагүй байна. Хяналт, шалгалт явуулсан бол ийм хяналт, шалгалтыг явуулаад үүний дагуу ийм зөрчил илэрсэн гэсэн зүйл байхгүй. Хууль хэрэгжүүлэх албан бичиг хууль бус, хуулийн хүчин төгөлдөр бус акт. Энэ актыг үндэслээд гаргасан тушаал хууль бус, мэдэгдэж байгаа нь хууль бус болж байна. Учир нь тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг бариад байгаа юм уу, Төрийн албаны тухай хуулийг бариад байгаа юм уу, огт үндэслэлгүй болоод байгаа юм.

Хэрэв Хөдөлмөрийн тухай хуулийг барьж байгаа юм бол эрх бүхий байгууллага шаардсан гэж байгаа бол огт өөр зүйл байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-д эрх бүхий байгууллага шаардсан гэдэгт 2 үндэслэл байгаа. Ажил албан тушаалд шалгалт өгөөд тэнцээгүй юм уу өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2-т заасан эрхэлж байгаа ажил албан тушаалдаа тэнцээгүй бол мэдэгдээд дахиад ажиллах боломжоор хангана гэдэг зүйл заалт байгаа. Үүнийг чадаагүй бол хуулийн 78.1.4-т заасны дагуу ажлаас чөлөөлнө, эрх бүхий байгууллага шаардана. Өөрөөр хэлбэл эрх бүхий байгууллага сонгон шалгаруулалтыг явуулаад тэнцээгүй бол эрх бүхий байгууллага тэнцээгүй байна гээд энэ хүнийг чөлөөл гээд бичиг ирсэн бол эрх бүхий байгууллага шаардаж байна гэсэн үг. Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.4, 80.1.2-г үндэслээд ажил албан тушаалд тэнцэхгүй байна гэж байгаа бол 84-д заасны дагуу 30 хоногийн өмнө мэдэгдэх ёстой. Мэдэгдээд баталгаажуулаад тайлбар авч нотолсон бай ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 84-д заасан заасан байгааг огт хийгээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийг барьж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.4-г барьж байгаа бол хуулийн боловсролгүй, мэдлэггүй, хуулийн зэрэг дэвгүй байгаад хууль хэрэгжүүлэх газрын даргаа томилогдсон нь хууль бус байгаа. Өөр албан тушаалтан багш, эмч байж байгаад Хуулийн хэрэгжилтийн газрын дарга болсон байна гэж ирсэн бол 1 үндэслэл болохгүй. Ийм 2 үндэслэлээр энэ хүнийг эрх бүхий байгууллагаас шаардсан гэж зааж ирэх ёстой байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийг барьж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн эрх бүхий байгууллага шаардсан гэдэг нь шүүх, прокурор, цагдаагаас түдгэлзүүлэхийг шаардсан бол ажлаас чөлөөлнө, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдвол Төрийн албаны зөвлөлөөс шүүхийн шийдвэр гараад шүүхийн шийтгэх тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн байна, энэ хүнийг ажлаас чөлөөл гээд ирсэн бол эрх бүхий байгууллага шаардсан гэдэг нь үндэслэлтэй болно. Төрийн албаны тухай хуулиар сонсох ажиллагаа явуулсан гэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2-р ажил албан тушаалд тэнцэхгүй гэж үзсэн бол 80.4-т зааснаар 30 хоногийн өмнө мэдэгдээд тайлбарыг авсан байх ёстой. Тийм үйл ажиллагаа огт хийгдээгүй. Тэгсэн мөртлөө Хөдөлмөрийн хуулийг барина гэж байна. 20 гаран жил төрд ажиллаад 2016 онд биеийн байдал муудаад эргээд ирэхэд ажилдаа аваагүй учир Улсын дээд шүүх гээд 3 шатны шүүхээр төрийн албаны нөөцөд байна, сонгон шалгаруулалтаар орох эрхийг нь эдлүүлээгүй байна гэж Улсын дээд шүүхийн тогтоол гарсан. Энэ хүн шатлан дэвших шатлалаар явдаггүй юм гэхэд ажиллаж байсан хугацаанд тухайн төрийн байгууллагууддаа удирдах албан тушаалтны шалгалтыг өгөөд сонгон шалгаруулалтад тэнцээд, зэрэг дэвээ авч байсан. 2019 оны 10 дугаар сард томилогдож ороод 12 дугаар сард удирдлагын академид эрхэлсэн түшмэлийн багц сургалтад суугаад Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар эрхэлсэн түшмэл гэдгийг нотлоод зэрэг дэвийг олгосон. 2019 онд өөрсдөө томилж ажилд авчхаад 2019-2024 оны 08 дугаар сар буюу ажлаас халах хүртэл хугацаанд 1 ч удаа ийм орон тоо байна гэдгийг нийтэд зарлаагүй, сонгон шалгаруулалтыг явуулаагүй байж хууль зөрчиж томилогдсон хал гээд хөөгөөд гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй тушаал байж болохгүй. 28-ны өдөр 15 цагт мэйлээр явуулчхаад 15 цаг 03 минутад халлаа гэж байгаа юм.

Тушаал нь 28-ны өдрийн 17 цагт гарсан гэж байна. Өөрт нь мэдэгдэхгүй, тайлбар авахгүйгээр тушаал гаргах 1 тохиолдол байгаа. Тэр нь Гэмт хэрэг үйлдээд хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон хүнээс тайлбар авахгүйгээр ажлаас хална. Тайлбар авах боломжоор нь хангаагүй. Тушаалыг яагаад гардуулж өгөөгүй гэхээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй гэж байна. 28-ны өдөр ажлаас халчхаад яаж 30-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй гэж хэлж чадаж байна. Сонсох ажиллагааг явуулаагүй, явуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27.1-д заасны дагуу өөрт нь мэдэгдээд боломжит хугацааг хангаад тайлбарыг авна, шаардлагатай тохиолдолд цахимаар явуулна гэж байна. Дотор нь ажиллаж байгаа хүнд өрөөнд нь оруулаад гардуулж өгөөд тайлбараа өгнө үү гэхийн оронд хуульд байгаа юм чинь гээд цахимаар өгсөн байна. 29-ний өдөр мэйлээ хараад тайлбараа өгсөн. Миний тайлбарт хариу өгөхгүй юм уу гэхэд тушаал 28-ны өдөр гарсан гэж хэлсэн. Тушаалын үндэслэл болсон хууль хэрэгжүүлэх тухай албан бичиг нь үндэслэлгүй, хяналт, шалгалт явуулаагүй, н. гэдэг гишүүний албан бичгээр хууль хэрэгжүүлэх тухай гэдэг.

Зөвлөл хуралдаад хуралдаанаас шийдвэр гарна гэж байна. Хяналт, шалгалтыг ямар нэг томилгоотой холбоотой гомдлыг шалгаад зөвлөлөөс шийдвэр гаргана гэж байна. Тэрийг огт хийгээгүй. Төрийн албаны тухай хуулийн 46.2.5-д зааснаар төрийн албаны нөөцөд байгаагаар тушаал гарсан бол дахиад сонгон шалгаруулалтад орох эрхтэй байх байсан. Жинхэлсэн байгаа тушаалаа хүчингүй болгоод түр орлон гүйцэтгэгчээр тавиад сонгон шалгаруулалтаа зарлаж болно. Сонгон шалгаруулалтад ороогүйгээр жинхэлсэн байна сонгон шалгаруулалтад орох эрх нээлттэй гэдэг байдлаар тушаал гаргаж болох байсан. Гаргасан тушаалаа түдгэлзүүлж байгаад түр орлон гүйцэтгэгчээр тавьж байгаад шалгаруулалтад оруул болно. Төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулаад байна. Хөдөлмөрийн тухай хуулиар ажилтны эрх зүйн байдлыг дурдуулаад ялгаварлан гадуурхаад байгаа. Энэ ажлаас гар чиний оронд өөрийн хүнээ тавина. Анх томилогдоход албан тушаалд ажиллаж байсан хүнийг халаад аваагүй, гадаадад сурч байсан хүний оронд ажлыг нь авч байгаа. Тушаал хүчингүй, тушаалын үндэслэл болсон хууль хэрэгжүүлэх тухай 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Төрийн албаны зөвлөл гэсэн толгойтой гишүүн н. гэгчээс ирүүлсэн албан бичгийг үндэслэж гаргасан тушаалыг танилцуулаагүй. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонсох ажиллагааг хийгээгүй, тайлбар өгөх нөхцөл боломжоор хангаагүй. Иймд гаргасан тушаал бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний үр дагаврыг арилгаж өгнө үү гэжээ.

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий тушаал гаргах үндэслэл Төрийн албаны зөвлөлөөс хууль хэрэгжүүлэх тухай хугацаатай шаардлагын дагуу хууль бус томилгоогоор томилсон байсан тушаал, шийдвэрийг зөвтгөж Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг илрүүлэх ажлын хүрээнд маргаан бүхий акт гарсан. Хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргаар ажиллаж байсан Д.ыг Татварын алба Төрийн албаны хууль тогтоомж зөрчиж томилогдсон талаар нэр бүхий иргэдээс Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаад гомдлын хүрээнд Төрийн албаны зөвлөл Татварын ерөнхий газраас холбогдох албан хаагчийн хувийн хэргийг татан авч үзээд улмаар хяналт шалгалтын үр дүнд төрийн албаны тусгай шалгалт өгөөгүйгээр Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргын албан тушаалд хууль бусаар томилогдон ажилласан зөрчлийг Төрийн албаны зөвлөл Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих бүрэн эрхийн хүрээнд тогтоосон. Энэ тогтоосон асуудлаар Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа н. даргад хугацаатай үүрэг өгөөд энэ шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд таныг авлига албан тушаалын гэмт хэрэг, Төрийн албаны тухай хуульд заасан цаашлаад Эрүүгийн хуульд заасан хариуцлага тооцох үндэслэл болно гэсэн агуулгаар хугацаатай үүрэг даалгавар ирүүлсэн.

Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчсөн гэдгийг Төрийн албаны зөвлөл тогтоосон. Татварын ерөнхий газар тухайн зөвлөлөөс гарсан хугацаатай шийдвэрийг биелүүлж ажилласан. Төрийн албаны зөвлөлийг хуулийг буруу хэрэгжүүлээд төрийн албаны хамтын шийдвэр гаргаагүй зохих журмын дагуу хяналт шалгалтыг хийсэн эсэх нь тодорхойгүй гэдэг асуудал тавьдаг боловч энэ талаар Төрийн албаны зөвлөлийг хууль зөрчсөн болохыг тогтоолгох, Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар хууль хяналтын байгууллагад хандаагүй. Маргаан бүхий акт гаргах болсон гол үндэслэл бүхий шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Энэ шийдвэрийг үндэслээд албан тушаалаас чөлөөлөх тухай тушаал гарсан. Энэ шийдвэрийг гаргах урьдчилсан нөхцөл өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Тухайн шийдвэртэй нэхэмжлэгчийн зүгээс маргаагүй, маргах хуулийн хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн байгаа гэдгийг тодорхой хэлмээр байна. Төрийн албаны тухай хууль бол 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн.

Хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд төрийн албанд төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтын үндсэнд төрийн албан хаагчаар томилогдон ажиллах хууль зүйн орчин хэрэгжиж эхэлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хууль хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд буюу 2019 оны аравдугаар сард Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Сар хүрэхгүй хугацааны дараа жинхлэн томилогдох тушаал гарсан. Энэ шийдвэр нэхэмжлэгчийн хэлээд байгаа шиг Удирдах албан тушаалтны нөөцөд байсан, нөөцөөс нөхцөл шаардлага хангасан мерит зарчмаар тухайн албан тушаалд томилогдсон гэдэг тайлбар үндэслэлгүй.

Удирдах албан тушаалтны нөөцөөс сул орон тоог нөхөх хууль зүйн зохицуулалтын тухайд Төрийн албаны салбар зөвлөлөөс удирдах албан тушаалтны нөөцөөс сонгон шалгаруулалт хийсний үндсэнд томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгох хуулийн зохицуулалттай байгаа. Хэрэгт авагдсан үйл баримтаас үзэхэд Төрийн албаны салбар зөвлөлөөс удирдах албан тушаалтны нөөцөөс Д.ыг сонгон шалгаруулаад чадахуйн зарчим хангасан гэсэн дүгнэлт шийдвэр байхгүй. Сонгон шалгаруулалтгүйгээр, Төрийн албаны зөвлөлийн санал болгоогүй албан хаагчийг бол хууль зөрчиж томилсон. Энэ албан тушаалд хууль зөрчиж томилсон шийдвэрийн улмаас хууль бусаар цалин хөлс авч төсөвт хохирол учруулсан асуудал байгаа учраас Төрийн албаны зөвлөлөөс буруутай албан тушаалтнаас нэхэмжлэх нөхцөл байдал бий болсон. Сонсох ажиллагааны хувьд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу зохих журмын дагуу хийсэн. Энэ шийдвэртэй холбоотой танилцах ердийн боломжит хугацаа өгөөд саналаа өгөх боломжит хугацааг өгсөн. Үр дүнд Төрийн албаны зөвлөлийн шийдвэр өөрчлөгдөх бодит нөхцөл байдал байхгүй. Зөрчлийг Татварын ерөнхий газар тогтоогоогүй. Хуулийн дагуу Төрийн албаны зөвлөл хуулийн хэрэгжилтэд хяналт тавиад эрх зүйн үндэслэлтэй тухайн зөвлөлийн тогтоосон шийдвэрийг биелүүлсэн гэж үзэж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Хариуцагчаас маргаан бүхий 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалаа гаргахдаа ...Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3, 77.7.4, 77.7.9, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4, Сангийн сайдын 2023 оны 32 дугаар тушаалаар баталсан Татварын улсын байцаагч, хувцас, хэрэглэл хэрэглэх, цол түүний нэмэгдэл олгох журам-ын 3.11, Татварын ерөнхий газрын даргын 2022 оны дугаар тушаалаар баталсан Татварын албаны хүний нөөц бүрдүүлэлтийн журам-ын 8.2.2 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн Хууль хэрэгжүүлэх тухай 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн тоот албан бичгийг тус тус үндэслэн ... Д.ыг Төрийн албаны тухай хуульд заасан тусгай шалгалтыг өгөөгүй гэж үзэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

2.Д.аас 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Төрийн албаны зөвлөлд Татварын ерөнхий газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тушаалыг эс зөвшөөрч гомдол гаргасны хариуд тус зөвлөлөөс 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгээр гомдолд дурдсан асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам-ын дагуу хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэх хариуг өгчээ.

3.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Татварын ерөнхий газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай Д.ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэж тодорхойлон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ маргаан бүхий тушаалыг гаргахдаа сонсох ажиллагааг хуульд нийцүүлэн явуулаагүй, төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан, хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхийг ноцтой зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргасан гэж, хариуцагчаас ... нэхэмжлэгч нь 2019 оны дугаар тушаалаар Хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр, мөн 2020 онд дугаар тушаалаар Хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргаар (жинхлэн) томилогдохдоо хуульд заасан нөхцөл, шаардлагыг зөрчсөн байсан, хуульд заасан төрийн захиргааны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэгдсэн эсэх нь тусгай шалгалтын зохицуулалт үйлчлэхгүйгээр шууд томилогдох үндэслэл болохгүй, сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг нэхэмжлэгчид цахим шуудангийн хаягаар хүргүүлж, тайлбар, санал гаргах боломжоор хангасан гэж тус тус тайлбарлан маргасан.

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Татварын ерөнхий газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Ц.гаар албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай тушаалыг илт хууль бус акт байх тул хүчингүй болгуулах нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг шүүх хүлээн авч гуравдагч этгээдээр Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.г татан оролцуулсан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, Ц.г үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

5. Төрийн албаны зөвлөлөөс 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн дугаар Хууль хэрэгжүүлэх албан бичгээр Татварын ерөнхий газрын дарга Ч.д хандан ... Хуулийн хэрэгжилтийг хангах дарга Д. нарыг дээрх албан тушаалуудад сонгон шалгаруулж томилсон үйл ажиллагаа, хүний нөөцийн удирдлагын шийдвэрт хяналт, шалгалт хийхэд ... Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Д.ыг албан тушаалд томилох тухай дугаар тушаалаар тус газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон байх бөгөөд мөн даргын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Д.ыг албан тушаалд томилж, цалин, нэмэгдлийг шинэчлэн тогтоох дугаар тушаалаар тус албан тушаалд төрийн албаны тусгай шалгалтгүйгээр Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж томилсон байна, ... Иймд Д.ыг тухайн албан тушаалаас чөлөөлж, сул орон тоог хууль тогтоомжийн дагуу нөхөх арга хэмжээ авч, холбогдох шийдвэрийг 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд ирүүлэхийг мэдэгдсэн байна.

6.Хариуцагчаас 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 15:00 цагт нэхэмжлэгчийн [email protected] хаягаар Сонсох ажиллагааны мэдэгдэл-ийг илгээж, Сонсох ажиллагаагаар Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны дугаар албан бичгийг дурдаж, Д.т тус албан тушаалаас чөлөөлөх захиргааны шийдвэр гаргах талаар сонсгов гэж дурдсан байх бөгөөд нэхэмжлэгчээс гаргасан тайлбартаа Татварын ерөнхий газрын даргын Албан тушаалаас чөлөөлөх тухай шийдвэр гаргах үйл ажиллагаанд хуульд заасан эрхийнхээ хүрээнд оролцож, тайлбар гаргах боломжоор хангагдаагүй, сонсох ажиллагааны тэмдэглэлээс үзвэл сонсох ажиллагаа нь 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 15:00 цагт эхэлж, мөн 15:00 цагт дууссан байх ба тус тэмдэглэл нь 15:03 минутад цахим шуудангаар ирсэн. Иймд сонсох ажиллагаа нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, хэлбэрийн төдий явагдсан ба тайлбар, санал, нотлох баримт гаргаж өгөх хуульд заасан ердийн боломжит хугацаагаар хангаагүй гэж маргадаг.

7.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч Д. нь Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Ажилд томилох тухай Б/178 дугаар тушаалаар тус газрын ******* хэлтсийн даргын албан тушаалд томилогдож, мөн даргын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Тарийн албанаас түр чөлөөлөх тухай Б/191 дүгээр тушаалаар эрүүл мэндийн улмаас удаан хугацаанд эмчлүүлж сувилуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх заалтыг үндэслэж төрийн албанаас түр чөлөөлөгджээ.

8.Улмаар нэхэмжлэгчийг Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дугаар Д.ыг албан тушаалд томилох тухай тушаалаар Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн дугаар Д.ыг албан тушаалд томилж, цалин, нэмэгдлийг шинэчлэн тогтоох тухай тушаалаар Хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргаар тус тус жинхлэн томилжээ.

9.Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах, 26 дугаар зүйлийн 26.1-д төрийн захиргааны албан тушаалтанд энэ хуулийн 3.1.3-д заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны шалгалт доор дурдсан төрөлтэй байна, 33.2.1-д ерөнхий шалгалт, 33.2.2-т тусгай шалгалт гэж, 33.3-д Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэн, төрийн үйлчилгээний болон улс төрийн албан хаагчаас, тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна гэж тус тус заасан.

10.Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байсан төрийн албан хаагчдаас эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх зохицуулалтын дагуу Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын сул орон тоог нөхөхдөө эхний ээлжид байгууллага дотроо ажиллаж байгаа албан хаагчдын дунд сонгон шалгаруулалт зарлан явуулж, дэвшин ажиллах боломж олгосны дараа тухайн шалгалтад хэн нь ч тэнцээгүй тохиолдолд нөөцөд байгаа иргэдээс сонгох зарчимтай.

11.Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 04/2615 дугаар албан бичигт ... Хуулийн хэрэгжилтийн хүрээнд Төрийн албаны Хүний нөөцийн удирдлага, мэдээллийн тогтолцоо цахим системд төрийн жинхэнэ албаны нөөцийн бүртгэлийг улсын хэмжээнд хөтөлдөг бөгөөд уг системд Д.ын нөөцөд бүртгэлтэй эсэх талаар мэдээлэл бүртгэгдээгүй байна. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албаны шалгалтыг ерөнхий шалгалт болон тухайн албан тушаалын буюу тусгай шалгалт гэсэн төрөлтэй байхаар зохицуулсан. Д.ыг 2017-2018 онд тодорхой албан тушаалд нэр дэвшүүлсэн талаарх баримт, мэдээлэл байхгүй, харин 2019-2020 онд тусгай шалгалтад орсон талаарх мэдээлэл Төрийн албаны зөвлөлийн шалгалтын цахим системд бүртгэгдээгүй байна. Тодруулбал, 2017-2020 онд Д.ыг төрийн жинхэнэ албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлээгүй байна гэжээ.

12.Гэтэл энэ тохиолдолд хариуцагч нь эхний ээлжид нээлттэй сонгон шалгаруулалтаар өрсөлдүүлэн тухайн албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг зохион байгуулахгүйгээр тухайн албан тушаалд орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан Д.ыг Хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргаар шууд жинхлэн томилсон нь хуулийн дээрх заалтад нийцээгүй, шатлан дэвших, туршлага, ажлын үр дүнд тулгуурлах зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

13.Тодруулбал, нэхэмжлэгч Д. нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаалд тооцох нийтлэг журам, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 33.3 дах хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчид томилогдох тусгай шалгалт өгөх хууль болон Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам-ын зохицуулалтыг зөрчиж томилогдсон байна.

14.Д.ыг анх Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр болон жинхлэн томилогдох цаг хугацаанд нэхэмжлэгчээс төрийн албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэлтэй байсан гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон Төрийн албаны зөвлөлийн албан бичигт нөөцөд бүртгэлгүй байсан гэж тус тус тайлбарлан маргадаг боловч нэхэмжлэгч нь дээрх байдлаар хуулийн зохицуулалтыг зөрчиж тусгай шалгалтгүй шууд томилогдсон нь тогтоогдож байх тул нөөцөд бүртгэлтэй байсан эсэхээс үл хамааран нэгэнт хуульд зааснаар томилогдоогүй, хууль бусаар томилогдсон нэхэмжлэгчийн эрхийг хамгаалах үндэслэл байхгүй болохыг дурдах нь зүйтэй.

15.Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн дугаар албан бичгээр хариуцагчид Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчсөн тул Д.ыг албан тушаалаас чөлөөлж, сул орон тоог хууль тогтоомжийн дагуу нөхөх арга хэмжээ авахыг мэдэгдсэний дагуу энэхүү зөрчлийг засаж залруулах боломжтой гэж үзэн хариуцагчаас хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд маргаан бүхий актыг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй.

16.Энэ талаар хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн дугаар албан бичиг нь Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ, 30.2-т Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна, мөн 66 дугаар зүйлийн 66.1.3-т иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох гэж тус тус заасанд нийцсэн гэж үзэн дээрх үндэслэлээр маргаан бүхий тушаалыг гаргасан гэх тайлбар үндэслэлтэй.

17.Түүнчлэн, нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан ... хариуцагч нь маргаан бүхий ажлаас чөлөөлөх тушаалыг гаргаж, нэхэмжлэгчийн татварын итгэмжит зөвлөх цолыг хураан, татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, мөн хуулийн 62.1.1-д энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхийг зөрчиж төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэх тайлбарын тухайд, нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоонд Төрийн албаны хууль, холбогдох журамд зааснаар томилогдож ажиллаагүй тул мөн хуулийн 62 дугаар зүйлд заасан хуульд зааснаас өөр үндэслэлээр төрийн албанаас халагдахгүй, чөлөөлөгдөхгүй байх төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх нэмэгдэл баталгаа хамаарахгүй юм.

18.Хариуцагчаас уг актыг гаргах өдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 15.00 цагт нэхэмжлэгчид Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааны мэдэгдлийг цахим хаягаар хүргүүлж мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

19. Шүүх гагцхүү хуульд заасан үндэслэлээр үүссэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах тул нэхэмжлэгчийн сонсох ажиллагааг хуульд заасан шаардлагыг хангаагүй, хэлбэрийн төдий явагдсан ба тайлбар, санал, нотлох баримт гаргаж өгөх хуульд заасан ердийн боломжит хугацаагаар хангаагүй гэх тайлбарыг хүлээн авч Татварын ерөнхий газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай тушаалыг хүчингүй болгох боломжгүй.

20.Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан Татварын ерөнхий газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай Д.ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1, 33 дугаар зүйлийн 33.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.аас Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Татварын ерөнхий газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай Д.ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР