Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 309/ШШ2025/00432

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 309/ШШ2025/00432

Дорнод аймаг

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                                                 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,

Нэхэмжлэгч:  ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* овогт *******ийн *******д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.******* нь 2022.11.12-ны өдөр 2,000,000 төгрөг 20 хувийн хүүтэй зээлсэн. Эхлээд хүү өгч байгаад, сүүлдээ таг болсоон. Нарийн хүү тооцохгүйгээр мөнгөө зээлүүлээд удаж байгаа учраас хүүнд 500,000 төгрөг бодож авах хүсэлтэй байна. Иймд үндсэн мөнгө 2,000,000 төгрөг, хүү 500,000 төгрөг, нийт 2,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.*******, хариуцагч Н.******* нарын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч А.******* миний бие хариуцагч Н.*******гаас 2,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 500,000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 2,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар, хариуцагч дээрх төлбөрийг 2025 оны 04 дүгээр сараас сар бүр 500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрлээ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.******* нь тус шүүхэд хариуцагч Н.*******д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 2,500,000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,500,000 төгрөгөөс 500,000 төгрөгийг гаргуулахаас татгалзан, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 2,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Н.******* нь  2025 оны 04 дүгээр сараас сар бүр 500,000 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцон эвлэрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

Дээрх эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.  

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Н.******* нь нэхэмжлэгч А.*******т 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг 2025 оны 04 дүгээр сараас эхлэн сар бүр 500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгөөс 27,475 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 27,475 төгрөгийг, хариуцагч Н.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 23,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.*******т олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдгдсүгэй.        

 

ШҮҮГЧ                         П.ПАГМА