| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2018/0123/Э |
| Дугаар | 145 |
| Огноо | 2018-02-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Л.Мажигсүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Бадмаараг,
Улсын яллагч: Л.Мажигсүрэн,
Шүүгдэгч Б.Д,
Хохирогч Л.Энхцацрал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Шүхэрт овогт Бямбадоржийн Б.Дд холбогдох эрүүгийн 1709024720019 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны 82-72 тоотод байх гэртээ хамтран амьдрагч Л.Энхцацралыг хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу. Дахин ийм үйлдэл гаргахгүй, хохирогчтой эвлэрсэн.” гэв.
Хохирогч Л.Энхцацрал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр орой 24 цагийн орчим ирсэн. Гэрийн гадаа такситай ирээд бууж байхад манай нөхөр гэрийн гадаа машинтай ирж таарсан. Манай нөхөр надруу дайраад шууд цохиод, үсдэж, зодсон. Намайг хүргэж ирсэн жолооч яваад өгсөн. Би гэрлүүгээ оръё гэхэд гэрийн үүднээс машиндаа суулгаад Тоосгоны үйлдвэрийн ойролцоо 1 ухсан нүхний хажууд машинаа зогсоогоод намайг чирч буулгасан. Тэгээд чамайг энд ална гээд удаан зодсон. Би болиулах гэж их гуйсан. Тэндээсээ Сансрын шөлөндөө гэх газар очиж хоол авч идсэн. Тэндээсээ гараад замаас салаад айлын хашааны урд очоод машиныхаа урд талын суудал дээр унтаад өгсөн. Би бас бага зэрэг унтаж байгаад даарч сэрээд гэрлүүгээ явъя гээд харьсан. Гэртээ ороод эвлэрэх гэсэн чинь миний хэвлий рүү цохисон. Тэгээд эвлэрэх боломжгүй гэж ойлгоод цагдаа дуудсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй.” гэв.
Хохирогч Л.Энхцацралын: “...2017 оын 12 дугаар сарын 04-ний орой найз Ганаа манай гэрт ирээд намайг аваад 3-р хороолол руу явж караокед суухаар болсон. Тэгэхэд тэр үед ажлынх нь нэг залуу , өөр нэг эмэгтэй бид дөрөв 2 цаг суугаад 24 цаг болж байна гээд дуудлагын жолооч дуудаад автомашинаа бариулаад хашааны үүдэнд би буух гэхэд Даваасүрэн машинтайгаа гудамж эргээд гарч ирээд наад 2 эрэгтэйтэйгээ 2 уулантай нь унтсан, янхан минь гээд түлхэж унагаагаад толгой, нүүр, хуруу, гуя, хөл, цээж зэрэг газар луу өшиглөсөн. Тэгээд үснээс зулгаагаад машин руугаа оруулаад тоосгоны эцсээс дээшээ өгсөөд том ухсан нүхний хажууд аваачаад одоо чамайг алчаад булаад хаяна гэсэн ба түлхэж унагаагаад нүүр нүдгүй зодоод багалзуурдаж ухаан алдуулж байгаад зодсон. Тэгээд би харья гэж Даваасүрэнгээс аргадаж гуйж байгаад машинд нь суугаад тэндээсээ Сансарын шөлөндөө орчоод, тэндээсээ гараад Дарь эхийн 33-ын буудлын тэнд зогсоод эндээ унтая гээд 2 цаг гаран тэндээ байсан. Тэгээд гэртээ ирсэн тэгээд унтах гэтэл хэрүүл гуйгаад байсан ба урд нь зогсож байтал баруун гараараа миний хэвлий рүү маш хүчтэй цохьсон, тэгээд цагдаа дуудсан...2017 оны 10 сарын 15-16-ны үед намайг хардалтаас болж зодсон. Цагдаад шалгуулж дуудлага өгч байгаагүй, би шүүх эмнэлэгт үзүүлнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/,
Гэрч Б.Энхтунхын мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би Даваасүрэнг танина, манай охинтой 2017 оны зунаас хамтран амьдрах болсон. Манай хашаанд 2017 оны 09 сараас хойш гэр бариад амьдрах болсон. Миний хажууд Даваасүрэн нь Энхцацралыг зодож, хэрүүл маргаан болж байгаагүй, 2017 оны 12 дугаар сарын 04-05 нд шилжих шөнийн 05 цагийн орчим Энхцацрал орж ирээд намайг Даваасүрэн зодчихлоо гэсэн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 15032 дугаартай дүгнэлт:
Шүүгдэгч Б.Дгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-21-23/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч Б.Д нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны 82-72 тоотод байх гэртээ хамтран амьдрагч Л.Энхцацралыг хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болохоо өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.
Шүүх шүүгдэгч Б.Дгийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх хялбаршуулсан журмаар Б.Дд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналд “...500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүхэрт овогт Бямбадоржийн Б.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Д нь 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын дотор төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Д нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР