| Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Одонтуяа |
| Хэргийн индекс | 109/2022/0008/З |
| Дугаар | 109/ШШ2025/0017 |
| Огноо | 2025-05-06 |
| Маргааны төрөл | Газар, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 109/ШШ2025/0017
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А.Э /РД:**********/
Хариуцагч: Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын хоорондын “А.Э-ын хууль ёсны эзэмшилд өмч хувьчлалаар шилжиж ирсэн боловч түүний эзэмшлээс хууль бусаар хасагдсан Төвшрүүлэх сумын Хаалга толгойн зүүн урд талын Хурлын толгойд байршилтай 275 га тариалангийн газрыг А.Э-д буцаан эзэмшүүлэх захирамж гаргах болон тус газрыг эзэмших эрхийн гэрчилгээг 60 жилийн хугацаагаар олгохыг Төвшрүүлэх сумын Засаг даргад даалгах, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай" 39 тоот захирамжийг болон Ж-гийн Д-т 100 га газар эзэмшүүлэх тухай 2005 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ******* тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн *********** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний хамт, мөн сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/102 тоот захирамжийг болон “Х С” ХХК-д 101.27 га газар эзэмшүүлэх тухай 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн *********** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, мөн сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх тухай” А/108 тоот захирамжийг хавсралтын хамт нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр болон Р-гийн Ү-т 10 га газар эзэмшүүлэх тухай 2020 оны 2 дугаар сарын 11-ны өдрийн *********** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 18-ны “Газар эзэмшүүлэх тухай” 39 тоот захирамжийг болон уг захирамжийн дагуу М.С-д 100 га газар эзэмшүүлэх тухай 2005 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн *********** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, мөн сумын Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/42 тоот захирамжийг болон уг захирамжийн дагуу С-гийн Б-д 75 га газар эзэмшүүлэх тухай 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн *********** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, мөн сумын Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” А/23 тоот захирамжийг болон уг захирамжийн дагуу Ц-ийн Ц-д 75 га газар эзэмшүүлэх тухай 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ***********тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.У (цахим), гуравдагч этгээд “Х С” ХХК-ийн захирал С.Д, түүний өмгөөлөгч С.П, гуравдагч этгээд Ж.Д, түүний өмгөөлөгч Г.Э, гуравдагч этгээд Р.Ү-ийн өмгөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гүн-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч А.Э нь “А.Э-ын хууль ёсны эзэмшилд өмч хувьчлалаар шилжиж ирсэн боловч түүний эзэмшлээс хууль бусаар хасагдсан Төвшрүүлэх сумын Хаалга толгойн зүүн урд талын Хурлын толгойд байршилтай 275 га тариалангийн газрыг А.Э-д буцаан эзэмшүүлэх захирамж гаргах болон тус газрыг эзэмших эрхийн гэрчилгээг 60 жилийн хугацаагаар олгохыг Төвшрүүлэх сумын Засаг даргад даалгах, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай" 39 тоот захирамжийг болон Ж-гийн Д-т 100 га газар эзэмшүүлэх тухай 2005 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ******* тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн *********** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний хамт, мөн сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/102 тоот захирамжийг болон “Х С” ХХК-д 101.27 га газар эзэмшүүлэх тухай 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн *********** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, мөн сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх тухай” А/108 тоот захирамжийг хавсралтын хамт нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр болон Р-гийн Ү-т 10 га газар эзэмшүүлэх тухай 2020 оны 2 дугаар сарын 11-ны өдрийн *********** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 18-ны “Газар эзэмшүүлэх тухай” 39 тоот захирамжийг болон уг захирамжийн дагуу М.С-д 100 га газар эзэмшүүлэх тухай 2005 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн *********** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, мөн сумын Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/42 тоот захирамжийг болон уг захирамжийн дагуу С-гийн Б-д 75 га газар эзэмшүүлэх тухай 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн *********** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, мөн сумын Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” А/23 тоот захирамжийг болон уг захирамжийн дагуу Ц-ийн Ц-д 75 га газар эзэмшүүлэх тухай 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ***********тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргаж байна.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн тухайд:
2.1. Анх “Х Ц” ХХК-ийн 1998 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн №2 дугаартай гишүүдийн хурлын тогтоолоор компанийн ногдол хувийг гишүүд сайн дурын үндсэн дээр тохиролцон шилжүүлж худалдах замаар багцлан төвлөрүүлсэн нь өмчлөгчийг жинхэнэ утгаар бий болгох үйлдвэрлэлийг хэвийн явуулах, хөрөнгө оруулалтыг бодитой болгох болзол зарчимд нийцэж буй тул Н-ийн А-д компаний хөрөнгийн гуравны хоёрыг, А-ийн Э-д гуравны нэгийг тус тус хувааж хувьчилж байжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 7 дахь тал)
2. Улмаар “Х” ХХК-ийн 1999 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хөрөнгө хуваах хурлын протоколд “ ... уриншийн талбайн /Жавхланд/ 251 га-д орсон зардлын 30 хувийг гэрээнд зааснаар А.Э-д өгөхөөр тохирлоо ... Эргэлтийн талбайг 50, 50 хувиар хуваахаар тохирлоо ...” гэж тэмдэглэсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 13-14 дэх тал)
3. Иргэн А.Э- нь 1998 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Х” ХХК-ийг үүсгэн байгуулж, газар тариалангийн үйл ажиллагаа явуулах, гурилын үйлдвэр, МАА, гахайн аж ахуй, бөөний болон жижиглэн худалдаа түүхий эд борлуулах, зочид буудал, бар зэрэг компанийн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг тусгажээ. (1 дүгээр хавтаст хэргийн 32 дахь тал)
4. Нэхэмжлэгчээс Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг дарга 2001 оны 6 дугаар сарын 11-ний өдөр "Х" ХХК /А.Э-/-д Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутаг дэвсгэрт 713 га газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж *********** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон боловч Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулах тухай” 67 тоот захирамжаар газар эзэмшигч надад мэдэгдэлгүй газрын хэмжээг 423 га болгон багасгаж эзэмших эрх олгосон нь илт хууль бус хэмээн тайлбарлажээ. Улмаар үндэслэлгүйгээр хасагдсан 275 га газрыг А.Э-д буцаан эзэмшүүлэх захирамж гаргах болон тус газрыг эзэмших эрхийн гэрчилгээг 60 жилийн хугацаагаар олгохыг Төвшрүүлэх сумын Засаг даргад даалгахыг хүсэж, дээрх 275 га газраас нэр бүхий иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн гэх Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын захирамж, газар эзэмших эрхийг гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байна.
5. Иргэн А.Э нь маргаан бүхий дээрх асуудлаар Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад хандсаны дагуу 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 1/15 дугаар албан бичгээр гомдлыг хангах боломжгүй талаар хариу хүргүүлсэн байна. (3 дугаар хавтаст хэргийн 123-127 дахь тал)
6. Улмаар 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2024 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 109/ШШ2024/0019 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 221/ШТ2024/0641 дүгээр тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан /шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь заалт/ хэсгийг хүчингүй болгосноор шүүх тус хэргийг хүлээн авч, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч А.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч А.Э миний бие 1998 онд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын “Х” ХХК-ийн гишүүний ногдол хувийг гишүүдээс худалдаж авч багцалснаар, тус компанийн бүх гишүүдийн хурлын 1998 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн “Ногдол хувь шилжүүлж худалдсаныг зөвшөөрч компанийг хуваах тухай” 02 тоот тогтоол болон 1998 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “Хөрөнгө хуваах хурлын протокол”-ын дагуу тус компанийн хөрөнгийн гуравны нэг болон тариалангийн газрын 50 хувийг тус компанийн бусдад төлөх өрийн хамт өөрийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэн авсан билээ. Ингэснээр “Х Ц” ХХК-ийн дээрх тариалангийн газрыг эзэмших, ашиглах эрх нэхэмжлэгчид давхар шилжин ирсэн юм. 1998 оны 10 дугаар сард “Х” ХХК-ийг үүсгэн байгуулж, түүнээс хойш газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж иржээ. Гэтэл хариуцагч Төвшрүүлэх сумын Засаг дарга (Ч.Т) 2002 онд шинэчлэн батлагдсан Газрын тухай хуулийг хэрэгжүүлэх нэрийн дор нэхэмжлэгч миний эзэмшлийн буюу “Х” ХХК-ийн тариалангийн эргэлтийн талбай болох Хаалга толгойн зүүн урд талын Хурлын толгойн 275 га газрыг тус газрын эзэмшигч надад огт мэдэгдэлгүйгээр, хууль бусаар хасаж захирамж гаргасан болохыг миний бие дөнгөж саяхан олж мэдлээ. Мөн хариуцагч Төвшрүүлэх сумын Засаг дарга (Г.Б) 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” А/73 тоот захирамж гарган “Х” ХХК-ийн эзэмшилд байсан нэр, байршил бүхий 423 га газрыг тус газрын хууль ёсны эзэмшигчид мэдэгдэлгүйгээр, хууль зүйн үндэслэлгүйгээр иргэн А.Э-ын нэр дээр шилжүүлсэн шийдвэр гаргасныг нэхэмжлэгч миний бие саяхнаас олж мэдлээ. Нэхэмжлэгчийн зүгээс энэ тухай фактыг саяхнаас мэдэж сумын Засаг даргын Тамгын газарт энэ оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хандан энэ талаарх баримт материал гаргаж өгөхийг хүссэнээр дээрх захирамжуудын хуулбарыг олж авсан бөгөөд Төвшрүүлэх сумын Засаг дарга Б.Б-д хандан дээрх илт хууль бус захирамжуудын талаар тодорхой шаардлага бүхий гомдлыг 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан /гомдлыг хавсаргав/ боловч сумын Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр “Хариу хүргүүлэх тухай” 1/15 тоот албан бичгээр шийдвэрлэхээс татгалзсан хариу ирүүллээ. Хариуцагч Төвшрүүлэх сумын Засаг дарга нэхэмжлэгчийн газар эзэмших эрхэд хууль зүйн үндэслэлгүйгээр халдсан, дээрх захирамжуудыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй байдлаар гаргасан. Иймд иргэн Ж.Д, “Х С” ХХК, Г.Ү, иргэн М.С, С.Б, Ц.Ц нарт нарт давуу эрх нэрийн дор өгсөн болон шилжүүлсэн захирамж болон газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд нь хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна гэжээ.
3.2. Нэхэмжлэгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эзэмшлийн 713 га газраас 275 га хасаад 423 га болгож гаргасан Төвшрүүлэх сумын Засаг даргын хоёр 67 тоот захирамж, хавсралтын хамт илт хууль бус болохыг шүүх тогтоосон. 423 га газрыг надад олгосон 67 тоот захирамжууд илт хууль бус болох нь тогтоогдсон учраас 2001 онд надад 713 га газар олгосон газрын гэрчилгээний хуулбарыг би гаргаж өгсөн. Газар эзэмших гэрээ, татварын улсын байцаагчийн акт тогтоосноор миний 713 га газар эзэмшиж байсан гэдэг нотлогдсон. Ийм байдлаар 275 га газрыг хассан асуудалтай холбогдуулаад миний 2001 оны газар эзэмших эрхийн гэрчилгээ сэргэсэн гэсэн үг. Гуравдагч этгээдүүдийн 2005 оны 4 дүгээр сард Ж.Д, М.С хоёрын авсан 100, 100 га тэр захирамжууд, миний 67 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоосон учраас миний газар эзэмших эрх сэргэсэн агуулгаар та бүхэнд газар эзэмшүүлэхээр олгож байгаа захирамжууд, газар эзэмших гэрчилгээнүүд автоматаар илт хууль бусад тооцогдоно. Энэ сэргэсэн учраас та бүхэнд 2005 онд олгосон газар эзэмших гэрчилгээнүүд хууль бус болж байгаа. Миний эзэмшлийн 713 га газраас 275 га газрыг хууль зүйн үндэслэлгүй, надад мэдэгдэхгүйгээр, гэнэт та бүхэнд шилжүүлж өгсөн байсан. Тийм учраас та бүхэн хууль бус шийдвэрийн улмаас газрыг эзэмших эрхийг олж авсан гэсэн үг. Миний эрх сэргэсэн учраас та бүхний эрх автоматаар, тэр тусмаа 275 га газраас 210 га газар нь гуравдагч этгээдүүдийн нэр дээр байна. Та бүхний олж авсан 210 га газрыг олгосон захирамж, гэрчилгээ нь автоматаар илт хууль бусад тооцогдох үр дагавартай. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй энэ шийдвэрийг гаргасан тухай хангалттай тайлбарласан. Тэрний үндсэн дээр 67 тоот захирамжууд бүхэлд нь илт хууль бус болох шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг дахин, дахин гаргах ёсгүй. Нэг удаа гараад бүх тохиолдолд илт хууль бусад тооцогдоно. Одоо 713 га газар А.Э-ын эзэмшилд байгаа гэдэг нь яаж нотлогдож байгаа вэ гэдэг асуудал руу оръё. 713 га газраас 275 га хасаад 423 га болгосон захирамж илт хууль бус болсон. 275 га гэдэг асуудал хаанаас гарч ирж байгаа вэ гэхээр 2001 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн газар эзэмших гэрчилгээ, Засаг дарга Ч.Т-ын гарын үсэгтэй хуулбар хэрэгт авагдсан байгаа учраас мэдэж байгаа байх. *********** тоот газар эзэмших гэрчилгээ, “Х” ХХК Архангай аймгийн Төвшрүүлэх сумын газар нутагт 713 га газар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр олгосон газар эзэмших гэрчилгээ байгаа. Энэ гэрчилгээний үндсэн дээр газар эзэмших, ашиглах гэрээг байгаль орчны байцаагч н.Болдтой байгуулаад, сумын Засаг дарга Ч.Т баталгаажуулаад гарын үсэг зурсан гэрээг хэрэгт нотариатаар батлуулаад хэрэгт хавсаргасан байгаа. *********** тоот газар эзэмших гэрчилгээний хуулбартай яг таарч байгаа. Эх хувь учраас та бүхэн маргахгүй байх. 713 га нь байна, газар эзэмших гэрчилгээний дугаар нь яг таарч байна. 2005 онд манай ахад газар эзэмших гэрчилгээгээ хураалгаад шинэ гэрчилгээ бичиж өгнө гэж хэлсэн байдаг. Шинэ гэрчилгээ бичиж өгөхдөө хоёр 67 тоот захирамж гаргаад, нэгэн дээр нь 423 га гэж бичээд нөгөө дээр нь хавсралтад зааснаар гээд манай ахад нүүрэн дээрээ тоо байх компьютер дээр шивсэн захирамж өгсөн. Шүүхэд хүсэлт гаргаад үзлэг хийхэд, манайх чинь 1998 оноос газар тариалангийн үйл ажиллагаа явуулсан. 1998-2005 онд хүртэлх газрын хувийг хэрэг байхгүй, бүгдийг устгасан байсан. Шүүхэд хүсэлт тавиад зөвхөн манайхаас биш өөр Төвшрүүлэх сумаас газар эзэмших гэрчилгээгээ манай ах шиг хураалгаад буцааж авч чадаагүй Л.Б, Я.Ё гэх хоёр хүнийг гэрчээр асуулгасан. Л.Б манай 400 гаруй га газрыг аваад 150 га газрын гэрчилгээ өгсөн, би тэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, буцаагаад эх хувийг нь үзье гэсэн байхгүй гэж хэлсэн гэх гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Я.Ё гэх хүн миний 600 га газартай байсан, буцаагаад багасгаад өгсөн, би тэр асуудалд гомдол гаргаагүй гэж мэдүүлэг өгсөн байдаг. Бусад нотлох баримтуудын дараагийнх нь татварын улсын байцаагчийн акт байгаа. 2004 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ****** тоот актаар “Х” ХХК-ийн эзэмших газар эзэмших гэрчилгээний дугаар мөн газрын төлбөр төлөх ёстой мөнгөн дүн, түүнээс төлөөгүй мөнгөн дүн, түүнд нь акт тавьсан. Газар эзэмших *********** тоот гэрчилгээгээр 713 га газартай бөгөөд газрын төлбөрийг 198.000 төгрөгөөр дутуу тооцсон. Ийм учраас би хууль ёсны баримттайгаар 713 га газар эзэмшиж байсан гэдгийг шүүхэд нотолж байна. 713 га гэдэг газар юунаас бүрдээд 713 га газар болов. Дарштын өврийн 80 га, Дарштын үзүүрийн 128 га, Хаалга толгойн наад талын 210 га, ингээд 418 га, ингээд 275 га газрыг нэмэхээр 713 га газартай таарахгүй байгаа. Хуучин Дарштын өврийн талбайг 200 га гэж үзэж байсан. н.А-тэй өмч хувьчлалаар хөрөнгө хуваахдаа эргэлтийн талбайг 50, 50% эзэмших протоколтой юм. Тэрний дагуу 100, 100 га гэж тооцоод байсан. Би шүүхэд хүсэлт тавиад Дарштын өврийн 80 га талбайг хэмжүүлсэн. Шүүх хүсэлтийг хүлээж аваад хэргийн газарт, мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэсэн. Багаж хэрэгслээр нь ном журмын дагуу хэмжүүлээд, хэрэгт авагдсан баримтаар 192 га гэж тогтоогдсон. Н.А-ийн эзэмшсэн нийт талбай, бидний 200 га гэж нэршиж заншсан талбай. Тэрийг протоколын дагуу 50, 50% авахаар манайд 96 га газар ногдож байгаа. Тэгээд 80 га биш 96 га болж таарсан. Би 2005 оны юм яриагүй, 2001 оны миний 713 га гэдэг тоо яаж гарч ирсэн тухай ярьж байна. 210 га, 128 га, 275 га, 96 га гэхээр нийт 714 га болж байгаа. 1 га газрын зөрүүтэй байгаа. 1 га зөрүү бол амьдрал дээр байх асуудал. Миний 713 га газрыг эзэмшиж байсан гэдэг ингэж тогтоогдож гарч ирж байгаа. Шүүгчийн 0019 тоот захирамжаар, 423 га илт хууль бус болохыг тогтоосон учраас 2001 оны миний газар эзэмших эрх, 713 га сэргэсэн байгаа. 2005 оны Ж.Д, М.С нарт 100, 100 га олгосон 39 тоот захирамж үнэхээр эргэлзээтэй, маш их алдаатай захирамж, М.С-д гэсэн дээр 41 тоот гэснийг үзгээр зураад 39 болгоод он, сарыг зассан, хоёулаа 39 тоотой захирамж гарсан. Тэр 2 захирамж аль ч талаасаа илт хууль бус гэж тооцож болохоор, утга агуулгын илэрхий алдаатай. 2 өөр хүнд газар олгож байгаа мөртлөө, нэг он, сар, өдөртэй, нэг ижил дугаартай, захирамжийн доторх үг үсэг нь яг адилхан. Ийм шийдвэр яаж хууль ёсны байх вэ. Тухайн газрыг огт хүн эзэмшээгүй юм шиг өгсөн байгаа юм. Багийн иргэдийн Нийтийн Хурлаас нэр дэвшүүлж байгаад, багийн иргэдийн Нийтийн Хурлаас газар эзэмшүүлнэ огт хүн эзэмшиж байгаагүй газрыг тэгж эзэмшүүлнэ. Огт маргаангүй бусдын эзэмшилд байхгүй газрыг шинээр тэгж олгоно. Бусдын эзэмшилд байгаа газрыг нууцаар, хууль бусаар ингэж шилжүүлж авсан. Та бүхэн 2005 онд газар авсан баримтуудаа гаргаж байгаа. Би тэрэнтэй маргахгүй байгаа. 2005 оноос өмнөх асуудал ярьж байгаа. 2001 оны миний газар эзэмшиж байсан эрх 2005 онд та бүхэнд газар эзэмшүүлснээс болж зөрчигдөж байгаа. Түрүүлж газар эзэмших эрх авсан хүний эрх хамгаалагддаг хуультай. Гуравдагч этгээдүүдэд хандаж хэлэхэд та бүхэн нэхэмжлэлийн шаардлагаа зөв ойлгоорой. Та бүхэн өмнөх шүүх хуралдаан дээр дандаа 2005 онд авсан газартайгаа холбоотой юм яриад байсан. Би тэр талаар та бүхэнтэй маргаагүй. Нэхэмжлэлийн шаардлага 2001 оны үйл явдалтай холбоотой асуудал ярьж байгаа. Та бүхний 2005 оноос хойших үйл явдалтай хамаагүй. Илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, тогтоогдож байгаа бол хууль бусаар олгосон 275 га газрыг буцааж олгохыг сумын Засаг даргад даалгах нэхэмжлэл байгаа. Эхнийх нь шийдэгдсэн. 67 тоот захирамж илт хууль бус болох нь тогтоогдсон учраас 2001 оны 713 га газар эзэмших эрх сэргэсэн байгаа. Эдгээр үндэслэлүүдээр миний 713 га газраас 275 га газар хассан нь хууль бус байна гэдэг нь тогтоогдож байна гэв.
3.3. Хариуцагч Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас шийдэгдээгүй үлдсэн маргаан бүхий 275 га газрын 200 га газрыг сумын Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 39 тоот захирамжаар иргэн Ж.Д, иргэн М.С нарт тус тус 100 га олгосон боловч, шийдвэрийн дугаар давхардсан, мөн засвартай байна. 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/108 дугаар захирамжаар иргэн Р.Ү-т 10 га газрыг тус тус олгосон байна. Үлдсэн 65 га газрыг эзэмшүүлэх тухай шийдвэр гараагүй байгаа болно. Иймд маргаан бүхий 275 га газрын 210 га газар нь иргэдийн эзэмшилд байгаа бөгөөд 65 га газар төрийн мэдэлд байна. Дээрх асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
3.4. Гуравдагч этгээд “Х С” ХХК-ийн захирал С.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь 101.2 га усалгаагүй үр тарианы талбайг хууль журмын дагуу газрын төлбөр татвараа талан идэвхтэй үйл ажиллагаа явуулж эзэмшдэг. А.Э-ын нэхэмжлэл нь үндэслэлгүй гэжээ.
3.5. Гуравдагч этгээд “Х С” ХХК-ийн захирал С.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2005 оноос хойш юм ярихгүй гээд байна. 2005 оноос өмнө тийм гэрчилгээ байгаагүй. 713 га газар гэсэн гэрчилгээ барьцан, энэ нь эх хувь биш, дээр нь засвартай байгаад байгаа. Илт зассан, бусад он, сар нь бүдэг байгаад байгаа. Гэтэл ганцхан 713 га газрыг яагаад тодруулсан юм энэ дээр эргэлзээтэй байгаа. Газрын гэрчилгээ олгохдоо сумын Засаг даргын захирамж, иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг үндэслэж олгодог. Гэтэл 713 га газрыг олгосон захирамж байхгүй. Иргэдийн Нийтийн хурлын шийдвэр байхгүй. Дээр нь Н.А өмч хувьчлалаар хувааж авсан гээд байгаа. Энэ дээр талбай хувааж авсан ямар нэг тэмдэглэл байхгүй. Газрын байршил, хэмжээ байхгүй. Албан ёсны газар хувааж өгсөн тогтоол байхгүй, зүгээр л протокол хөтөлсөн. Түрүүн газар олгосон 67 тоот захирамж яриад, мөн 1 дугаартай байна гэсэн. Тухайн үеийн Засаг даргын нэг захирамж нь тухайн хүнд газар олгоё гэсэн захирамж, нөгөө нь тухайн олгосон газарт нь гэрчилгээг нь олгож, кадастрыг хийж баталгаажуулъя гэсэн захирамж байгаа. Ямар ч хүн уншихад ойлгомжтой захирамж байгаа. Яг адилхан юм энд байхгүй. Энэ хүн би 2005 оноос хойш асуудлыг ярихгүй гээд байна. Эднийх 2005 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй. Эдний одоо эзэмшиж байгаа 423 га газар ч гэсэн шинэ хуулиар хураагдах болсон газар, 2-3 жил үйл ажиллагаа явуулахгүй бол хураагдах хуультай. Тариаланчид жил болгон мэдээ өгдөг, татвараа төлдөг, сум, болон улсад тариалалтын, уриншийн мэдээ, ургац хураалтын мэдээг бүгд өгөөд явдаг. Гэтэл эднийд 2005 оноос хойш тийм юм байхгүй, байг гэхэд 10-аад жид тасарсан болов уу гэж харж байгаа. Мөн атар газар, атаршсан газар дээр ойлгохгүй байх шиг байна нэхэмжлэгч тал. Атар газрыг Монгол улсын хэмжээнд ямар ч хүнд өгөх боломжгүй. Атаршсан газар байхгүй юу, энэ компани эзэмшихгүй байгаад, улс өөрийн мэдлийн газраа аваад бусдад эзэмшүүлж байгаа нь атаршсан газар, өмнө нь тариа тарьдаг байсан атаршсан газрыг хэлээд байгаа. Тэгэхээр атар газар, атаршсан газар хоёрыг ялгах хэрэгтэй байна гэв.
3.6. Гуравдагч этгээд “Х С” ХХК-ийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х С” ХХК хууль ёсны дагуу газар эзэмших эрх олж авсан. Үүнтэй хэн ч маргахгүй, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа. Нэхэмжлэгч 713 га газар эхнээсээ миний газар байсан гэж маргаж байгаа хэдий ч үүнийгээ нотлох баримтаар нотолж чадахгүй байна. 713 га газар эзэмших эрхийн гэрчилгээ надад байна гэж ярьдаг. Газар эзэмших эрхийн гэрчилгээ дангаараа нотлох баримт болох уу, үгүй юу гэдэг асуудал яригдана. Газар эзэмшүүлэх эрхийг олгохын тулд заавал эрх бүхий байгууллага буюу Засаг даргын захирамж гарч байж энэ хүнд гэрчилгээ олгогдох ёстой. Гэтэл А.Э гэх хүн, “Х” ХХК, “Х Ц” ХХК газар эзэмшүүлэх захиргааны акт байхгүй. Газар эзэмших эрхийн гэрчилгээ эх хувиараа байхгүй. Сая миний үйлчлүүлэгч хэллээ, засвартай ийм баримт гаргаж ирээд нотлох баримтаар үнэлүүлнэ гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй л асуудал байгаа. Гуравдагч этгээдийн хувьд хууль ёсны эрх ашиг зөрчигдөж орж ирж байгаа. Энэ хүмүүсийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж яриад байна. Энэ хүмүүс атаршсан газрыг хууль зүйн дагуу аваад, эзэмшиж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулаад байж байгаа үйл явдал. Гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх захирамж илт хууль бус байна, үүнийг дагаад газар эзэмших эрхийн гэрчилгээ хууль бус байна гэж байна. Газар эзэмшүүлсэн захирамж хууль ёсны дагуу гарсан захирамж байгаа. Миний үйлчлүүлэгч “Х С” ХХК нь 2020 оны захирамжаар бусдад газар эзэмших эрхийг шилжүүлж олж авсан. Энэ захирамж хууль ёсны дагуу гарсан, илэрхий алдаатай гарсан зүйл байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус гэдэг шаардлагыг хангасан нотолгоо хавтаст хэрэгт байхгүй. Эхнээсээ би 713 га газар эзэмшиж байсан юм гэж хэлээд байгаа мөртлөө энэ нь ямар ч нотлох баримтаар нотлогдоогүй. Газрын тухай хуульд заасны дагуу аваад, эзэмшээд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулаад байж байгаа нь илт хууль бус гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Хэн ч уншсан ойлгогдохоор захирамж байгаа. Иргэний эрх ашгийг эхнээсээ зөрчсөн гэж хэлэх гээд байх шиг байна. Гэтэл энэ хүн өөрөө газар эзэмших эрх олж авсан захирамж байхгүй, газар эзэмших эрхээ баталгаажуулаагүй ийм хүнд иргэний эрх ашиг зөрчигдөх асуудал гарч ирэхгүй юм гэдэг тайлбарыг хэлж байна гэв.
3.7. Гуравдагч этгээд Ж.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2005 онд Монгол улсын Газрын тухай хуулийн хүрээнд Төвшрүүлэх сумын Засаг даргын захирамжаар 2-р багийн нутаг дэвсгэрт байх “Хаалга толгойн” зүүн урд Хурлын толгой гэдэг газар 100 га газрыг тариалангийн зориулалтаар эзэмшсэн болно. Ж.Д миний одоо эзэмшиж буй тариалангийн талбайн 100 га газар нь “Х” компанийнх гэдэг нь үндэслэлгүй болохыг дараах баримтаар нотолж байна. А.Э нэхэмжлэлдээ 1998 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хурлын 02 тоот тогтоол, мөн оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хурлын протоколыг баримт болгожээ. Эдгээр тогтоол, протоколын алинд ч ямар нэгэн газар усны нэр, байршил, талбайн “га” хэмжээний талаар нэг ч үг үсэг байхгүй. Ийм тодорхой бус, тойм төдий материалаар асуудлыг баримтжуулах ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. “Х” ХХК-ийн 2005 оны 6 дугаар сарын 8-ны өдөр сумын Засаг даргын 67 тоот захирамжаар 60 жилийн хугацаатай 423 га газрыг эзэмшжээ. Тус захирамж тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх тухай Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолыг үндэслэсэн байна. Энэ тогтоолоор “Тариалангийн газрын давуу эрхээр эзэмшүүлэх журам”-ыг баталжээ. Тус журамд иргэн хүсэлт гаргасан бол түүнд тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлнэ гэж заасан. “Х” ХХК 2004 онд газар эзэмшихийг хүссэн өргөдөлдөө 3 байршилд 423 га газрыг хүсэж өгсөн баримт байна. Сумын Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 67 тоот шийдвэр ч хүссэн хэмжээгээр нь эзэмшүүлэхээр өгчээ. Тиймээс “Х” ХХК-ийн одоо эзэмшиж байгаа 423 га газраас өөр буюу 275 га /үүн дотор миний 100 га багтсан/ газрын асуудлыг тэр үед огт дурдаагүй, ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй нь одоо миний эзэмшлийн 100 га газар тус компанийн харьяалал биш болохыг нотолж байна. Хурлын толгой дахь 100 га газар “Х” ХХК-ны газар биш гэдгийг нотлох цаг хугацааны асуудал байна. Тус компани 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр газар хүссэн өргөдөл өгч байсан байна. Ж.Д миний бие 2005 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өгчээ. “Х” ХХК-иас бүтэн 1 жилийн дараа газар хүссэн гэсэн үг. Хуулиар бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй болохыг сумын газрын даамал, аймгийн Газрын алба нягталснаар Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн дагуу асуудал шийдэгддэг. Тийм болохоор миний эзэмшиж буй 100 га газар ямар нэгэн хүний харьяаллын өмч газраас хууль бусаар авч эзэмшээгүй болох нь нотлогдоно гэжээ.
3.8. Гуравдагч этгээд Ж.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ойлгоод байгаагаар энэ хүн өмч хувьчлалын үеийн асуудлаа, Газрын тухай хууль 2002 онд батлагдсан, тэрнээс өмнөх юм яриад байх шиг байна. А.Э, Н.А нар өмч хувьчлалтай байсан. Тухайн өмч хувьчлалаар объектуудыг хувьчилж авсан байх, газрыг өмчилж аваагүй гэж ойлгож байгаа. Тэр үед энэ хүмүүс өмч хувьчлалаар авсан объектуудыг хэрэглээд, газрыг орхисон байсан. 2003 оны Газрын тухай хуулиар улс газраа буцааж аваад, 2004 онд эдний ах А.Э- өөрөө хүсэлтээ гаргаж 423 га газрыг авсан. Тэр үед гарзын маргаан байгаагүй, тэр үедээ маргаад 423 га газар биш 713 га газрыг авах боломж байсан. Тэгээгүй 423 га газрыг авсан гэж ойлгож байна. Дараа нь 2005 онд би 100 га газар эзэмших хүсэлтээ өгөөд 100 га газраа авсан. Тэрнээс хойш одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. Өмч хувьчлалын үеэр н.А 80%, А.Э- 20%-тай гэсэн байсан. Маргаад байгаа газар нь энэ хоёрт байгаагүй, улсад байсан. Энэ газрын би авна, энийг нь би авна гэсэн нэршил, байршил байгаагүй. Тухайн үед 50, 50% гэсэн боловч нэр байршил байгаагүй. 2003 онд Газрын тухай хууль шинэчлэгдэхэд, эднийх газраа орхисон байсан. Тэгээд 2003 онд Газрын тухай хуулиар улс газраа аваад, давуу эрхээр хүмүүст олгосон. Тэр үед намайг 100 га газар авахад эдний ах өмнө жил нь хүсэлтээ гаргаад 423 га газраа авсан байсан. Газрын ямар ч маргаан байхгүй байсан. Хэрвээ энэ хүний газар кадастрын зураглалд байсан бол дараагийн хүнд тухайн газрыг олгохгүй. Кадастрын зураг давхардахгүй байгаа учраас дараагийн иргэнд газрыг олгож байсан. Суманд мэдэж байсан, аймаг ч мэдэж байгаа учраас давхардахгүй байгаа газрыг олгосон. Би 2005 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа гэв.
3.9. Гуравдагч этгээд Ж.Д-ын өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Д-ын тайлбарыг дэмжиж оролцоно. Нэхэмжлэгч тал 2005 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн газар эзэмших тухай 39 тоот захирамжаар Ж.Д-т 100 га газар эзэмшүүлсэнтэй би огт маргаагүй гэж тайлбарлаж байна. Шүүх эдгээр хүмүүсийг А.Э-ын нэхэмжлэлтэй холбогдуулаад гуравдагч этгээдээр эрх нь зөрчигдөж болзошгүй гэж оруулж ирсэн. Анхнаасаа 713 га газар түүний нэр дээр байна гэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байдаг. Хэргээс харахад 713 га газартай хүн байна гэж харагдах нотлох баримт байхгүй. 713 га газрын гэрчилгээ байсан, тэрийг Б.Н- гэх хүн устгаад, танил талаараа Ж.Д- гэдэг хүнд өгчихлөө гэдэг хардлага нэхэмжлэгч талд байдаг. Хардах эрх энэ хүнд байгаа учраас үгүйсгээд байх байхгүй ч гэсэн бодит үйл явдал дээр боломжгүй зүйл байна. Яагаад гэвэл Б.Н гэдэг хүн мэдэхгүй гэдэг ганцхан үг хэлээд орхисон хүн биш. Надад тийм гэрчилгээ өгөөгүй юм. 713 га газрын гэрчилгээ байдгийг мэдэхгүй, тийм гэрчилгээ харж байгаагүй, харин 423 га газрын гэрчилгээ байдгийг мэднэ. 713 га газрын дагуу төлбөр төлж байгаагүй гэдэг мэдүүлэг өгсөн байхаас харахад, 713 га газартай байжээ гэж үзэх боломж хаагдаж байна. Дээр нь Т.У гэдэг хүний мэдүүлэг байдаг. А.Э-ын төрсөн ах А.Э-ын эхнэр, А.Э-ын бэр эгч, хамаарал бүхий хүн. Энэ хүн 713 га газрын гэрчилгээг газрын даамал хурааж авч байсныг мэдэхгүй байна гэж мэдүүлсэн байдаг. Хэрвээ энэ айлд 713 га газар байсан бол А.Э гэдэг хүний эхнэр мэдэх ёстой гэж харж байгаа. А.Э гэдэг хүн эхнэртэйгээ сумын газрын даамал очиж өргөдөл бичиж өгсөн байдаг. Тэр бичвэрүүдийг миний бичвэрүүд мөн байна гэж мэдүүлсэн байдаг. Тэгэхээр газрын асуудалд хамаарал бүхий этгээдүүд хамт явж байсан байна. 713 га газартай байгаад гэрчилгээгээ солих дээрээ тулаад явж байж 713 га газрыг 423 га болгож байхад, тухайн үед юу болоод байгааг вэ гэж эргэлзээ төрөх болов уу гэж харж байна. Тийм газрын гэрчилгээг хурааж авсныг мэдэхгүй байна шүү гэхээр гэрчилгээтэй байсан гэдгээ нотлоогүй байна гэж харагдахаар нотлох баримтууд хэрэгт байна. Энэ гэрчилгээ өөрт нь байсан үгүй нь эргэлзээтэй өөрт нь байсан гэдгийг нэхэмжлэгч өмнөх нэг шүүх хуралд тайлбарласан байдаг. 1998-2005 оны газрын зохион байгуулалт нь зохион байгуулалтгүй явагдаж байсан. Би өөрөө тэнд ажиллаж байсан хүний хувь сайн мэдэж байгаа. Яг газар эзэмших эрхийн гэрчилгээ өгч байсан юм уу гэдэг яриа шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан байгаа. Тэр үед энэ хүн өөрөө 713 га газартай байсан гэдэг нь баттай мэдэхгүй ийм нөхцөл байдал байна. Одоо болохоор гэрчилгээтэй байсан байна. Миний энэ гэрчилгээ эргэлзээгүй нотлох баримт болно гэж маргаад байдаг. Гэтэл тэр эргэлзээгүй байгаа нотлох баримт дээр ямар Засаг даргын захирамж байгаад байгаа юм. Тэр захирамж нь хэрэгт ямар байдлаар авагдсан юм. 713 га газар эзэмших эрхийн гэрчилгээ А.Э-ын нэр дээр ч байхгүй, А.Э-ын нэр дээр ч байхгүй, компани нэр дээр ч байхгүй. Тэгэхээр тийм захирамж байгаад түүнийг үндэслээд ийм гэрчилгээ гарсан нотлох баримт хэрэгт байхгүй байна. Хуулбар хувь байна, тэрийг нотлох баримтын шинжээр үнэлэх боломжгүй гэж харахаар, тэр дээр А.Э-ын гарын үсэг ч байдаггүй. Албажаагүй ийм нотлох баримт байгаа харагдаад байгаа. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах саналтай байгаа. 713 га газар нь нэхэмжлэлийн суурь учраас 713 га газарт ач холбогдол өгч ярьж байгаа. 713 га газар надад байсан, 423 га газрыг А.Э өгөөд үлдсэн 275 га газрыг энэ хүмүүст хуваагаад өгсөн гэж маргадаг. 423 га газрыг А.Э-д өгөхдөө миний зөвшөөрөлгүй өгсөн гэж маргаж байгаа. Хэргээс хараад байхад яг аль газар нь А.Э-ын газар гэдэг нь ойлгомжгүй. А.Э гэх хувь хүний газар аль нь вэ гэх ойлгомжгүй. Ж.Д тухайн газрыг авах үед ямар нэг хүний эрхэнд байгаагүй, эзэмшилд байгаа, атаршсан газар байсан. Иргэдийн хурлаар ороод Ж.Д-т олгогдсон. А.Э, Ж.Д нар газар тариалан хийгээд, яг зэргэлдээ газар үйл ажиллагаа явуулаад байгаа хоёр хүн. А.Э Улаанбаатар хотод амьдарч байгаа хүн мэдэх боломжгүй юм гэхэд А.Э мөр зэрэгцээд үйл ажиллагаа явуулж байж наадах чинь миний газар шүү гэж ганц удаа яриа үүсгэж маргаан гаргаагүй. Нийтдээ хүний эзэмшилд байсан бол яагаад 20-иод жил юу ч дугараагүй юм бэ. Ж.Д эргэлзээгүй газар дээр 19 жил газар тариалан хийгээд, төлөх ёстой төлбөрийг төлөөд, хүртэх ёстой ашиг шимийг хүртээд, хууль номын дагуу явж байгаа. Энэ хооронд юу ч яриагүй байж байгаад гэнэт эрх нь зөрчигдөхөөр болоход энэ хүний эрх ашиг зөрчигдөж байна гэж үзэж байна. Ж.Д энэ 100 га газрыг хууль ёсны дагуу эзэмшиж байна. Газрын гэрчилгээ хууль ёсны дагуу гарсан. Нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.
3.10. Гуравдагч этгээдийн Р.Ү шүүхэд гаргасан тайлбартаа Иргэн А.Э-ын нэхэмжлэлтэй Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад холбогдох хэрэгт гуравдагч этгээдээр оролцогч Р.Ү миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Газар эзэмшигчийн хувьд жил бүр газрын татвараа төлж гэрээний үүргээ зөрчилгүй ажиллаж байгаа бөгөөд дээрх 10 га газрын хууль ёсны эзэмшигч юм. Иймд иргэн А.Э-ын Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.11. Гуравдагч этгээдийн Р.Ү-ийн өмгөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь Захиргааны байгууллагаас гаргаж байгаа акт илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага байгаа. Нэхэмжлэгчийн хэлээд, тайлбарлаад байгаа шиг үйл явдал өнөөдрийн маргааны үйл явдал дээрээс харагдахгүй байна. Гуравдагч этгээд Г.Ү-ийн хувьд 1987 оноос хойш 2000 оныг хүртэл Төвшрүүлэх сумын Сангийн аж ахуй, тэр тусмаа газар тариалангийн салбарт тасралтгүй ажиллаж ирсэн. Сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 15 тоот тогтоолоор баталсан, энэ төлөвлөгөөнд тусгагдсан газрыг сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/108 дугаар захирамжаар давуу эрхээр авсан. Ингэж давуу эрхээр авахдаа холбогдох эрх зүйн актуудыг удирдлага болгосон. Газрын тухай хууль, 2003 оноос Засгийн газраас баталж хэрэгжүүлсэн давуу эрхээр газар эзэмшүүлэх тухай тогтоол, 2023 оны 28 дугаар тогтоол зэргийг үндэслэж энэ иргэн газраа хууль ёсны эзэмшилд олгож авсан. Газрын тухай хуулийн 26 дугар зүйлийн 26.8, 26.9, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан үндэслэл, журмыг хангаж авсан. Газрын хэмжээ, байршил, иргэн, хуулийн этгээдтэй давхцахгүй байна гэсэн үндсэн шаардлагуудыг хангаж авсан. 2019, 2020 оны байдлаар тухайн газар өөр хуулийн этгээд, иргэний эзэмшилд байгаагүй нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр харагддаг. 2004 онд нэхэмжлэгч А.Э гэх хүний эзэмшилд энэ 713 га газар байсан уу, үгүй юу. Хэрэв байснаас шалтгаалаад энэ хүний эрх ашгийг захиргааны байгууллагыг хууль бусаар зөрчиж, хязгаарласан байдал байна уу, үгүй юу гэдэг дээр анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай юм байна гэж харж байна. Архангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 19 дугаартай шүүгчийн захирамжаар энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлаар 423 га газрыг шийдвэрлэсэн учраас бусад 2005 оны захирамж, миний үйлчлүүлэгч Р.Ү-т холбогдох 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/108 тоот захирамжийг илт хууль бус гэдгээр тооцсон гэж яриад байгаа зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа хэд хэдэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хүн, хүнд ногдох хэсгийг шийдвэрлээд явж байгаа нь хууль зөрчөөгүй байна. Зөвхөн А.Э гэдэг хүнд холбогдуулж гаргасан 423 га газрыг шийдэж байгаа нь Р.Ү гэдэг хүнд гаргасан эрхийн акт нь илт хууль бус гэж тогтоож байгаа ойлгох боломж байхгүй. Р.Ү-т холбогдуулан гаргасан сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 108 дугаар захирамжийг илт хууль бус болох тооцуулах шаардлага гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны актыг илт хууль бус болох үндэслэлийг зааж өгсөн. Гэтэл 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 108 дугаар захирамжийн захиргааны акт илт хууль бус гэж тооцох 7 үндэслэлийн альд нь ороод байгаа, энэ талаар нэхэмжлэгч тайлбарлаж өгөхгүй байгаа. Захиргааны хууль хэрэглээний хувьд илт хууль бус болох яг аль үндэслэлийг зөрчөөд байгаа нөхцөл байдлууд тогтоогдохгүй байгаа учраас илт хууль бус болох аль шинжид А/108 тоот захирамж орохгүй байгаа. Захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлага гаргаад байгаа юм уу гэхээр илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргаад байгаа. Үнэхээр хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох гээд байгаа юм уу гэдэг эрх зүйн үндэслээд гомдол гаргах хугацаа, анх гарсан үеэсээ эхлээд үйлчлэл нь хууль, журам зөрчиж гарсан юм уу гэдэг дээр шүүх үнэлэлт, дүгнэлт хийх нөхцөл байдал гарч ирнэ гэж харж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн тухайд:
1.1. Иргэн А.Э-оос Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад холбогдуулан нэр бүхий иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгосон захирамж болон газрын эзэмших эрхийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрх олгохыг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, үндэслэлдээ дээрх захиргааны актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д заасан шинжийг агуулж байна хэмээн тайлбарлажээ.
1.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 14 дүгээр зүйлийн 14.5. дахь хэсэгт “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна.” гэж зааснаар шүүх тус нэхэмжлэлд 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байна.
1.3. Уг хэргийг хянасан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 221/ШТ2024/0641 дүгээр тогтоолын 2.2, 2.4, 2.5-д заасны дагуу шүүх уг хэргийн маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг цуглуулсан, Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 11/327 дугаар албан бичигт “Х” ХХК нь 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар улсын бүртгэлд бүртгэлтэй байх бөгөөд үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар иргэн А.Э бүртгэлтэй байгаа талаар тайлбар ирүүлсэн тул дээрх асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэв.
1.4. Иргэн А.Э-ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт зааснаар тус шүүхийн харьяалан шийдвэрлэвэл зохих маргаан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан шаардлагыг хангасан байх тул захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.
1.5. Түүнчлэн тус хэрэгт нэхэмжлэгчээс “Х” ХХК-д 423 га газар эзэмших эрх олгосон (67, А/73 дугаар захирамж)-ийн асуудлаар маргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх тухай тайлбар гаргаж, уг асуудлаар гуравдагч этгээд А.Э- 423 га газрыг нэхэмжлэгч А.Э-д шилжүүлэхэд татгалзах зүйлгүй талаар тайлбар гаргасныг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд тус шүүх 2024 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 109/ШШ2024/0019 дүгээр захирамжийн 1 дэх заалтаар Тариалангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2., 15 дугаар зүйлийн 15.1., Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1., 34 дүгээр зүйлийн 34.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Э-оос Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулах тухай” 67 тоот захирамжийг хавсралтын хамт, мөн Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 67 тоот захирамжийг, мөн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай А/73 тоот захирамж болон түүний хавсралтын А.Э-д хамаарах хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, “Х” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан дээрх захирамжид заасан нэр, байршил бүхий 423 га газрыг иргэн А.Э- шилжсэн байх тул нэхэмжлэгч А.Э-ын нэр дээр газар эзэмшүүлэх захирамж гаргаж, тус нэр, байршил бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээг А.Э-д олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
1.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сумын Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 67 тоот захирамж, мөн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” А/73 тоот захирамжаар 423 га газрыг иргэн А.Э шилжүүлсэн талаарх маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн бөгөөд дээрх нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хэргийг уг хэргээс тусгаарласан болно. (5 дугаар хавтаст хэргийн 171-173 дахь тал)
2. Гуравдагч этгээд нарын газар эзэмших эрхийн талаар
2.1. Нэхэмжлэгчээс гуравдагч этгээд “Х С” ХХК, иргэн Ж.Д, Р.Ү нарын эзэмшиж буй газар нь “ ... анх өмч хувьчлалаар “Х” ХХК буюу А.Э-д /275 га гэх/ шилжиж ирсэн боловч түүнд мэдэгдэлгүйгээр, түүний эзэмшлээс хууль бусаар хасагдсан ...” хэмээн тайлбарлаж маргадаг.
2.2. Нэхэмжлэгч А.Э-ын маргаж буй 275 га газрыг иргэн Д- 100 га, “Х С” ХХК 101 га, иргэн Ү 10 га хэмжээгээр эзэмшиж байгаа болох нь шүүхээс хийсэн газрын үзлэгийн явцад тогтоогдож, Төвшрүүлэх сумын газрын даамал холбогдох кадастрын зургийг ирүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 138 дахь тал)
“Х С” ХХК-ийн эзэмшиж буй 101 га газрын тухайд,
2.3. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2005 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаар тогтоолоор 2005 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хавсралтаар баталсны 3 дугаарт Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх газар 1000 га Баян-Өндөр, Хангайн бригад, Хүрэн хоолой газар тариалангийн зориулалтаар гэж тэмдэглэжээ. (3 дугаар хавтаст хэргийн 204-205 дахь тал)
2.4. Иргэн М.С 2004 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Төвшрүүлэх сумын 2 дугаар баг Ар гичгэнэ гэх газар 100 га газрыг газар тариалангийн зориулалтаар эзэмших өргөдөл гаргасны дагуу Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг дарга 2005 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 39 дүгээр захирамжаар тус суманд газар тариалан эрхэлдэг иргэн М.С-д газар тариалангийн зориулалтаар давуу эрхээр 100 га газрыг 60 жилийн хугацаатай эзэмшүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 144, 153 дахь тал)
2.5. Ийнхүү дээрх захирамжийг үндэслэн иргэн М.С-д нэгж талбарын ********** дугаар бүхий 100 га газрыг 60 жилийн хугацаатай газар тариалангийн зориулалтаар эзэмшүүлж 2005 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр *********** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 199 дэх тал)
2.6. Иргэн П.Н-оос 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэн М.С-гийн эзэмшиж буй 100 га газрын эзэмших эрхийг шилжүүлэн авах тухай хүсэлт, иргэн М.С-гээс мөн өдөр өөрийн эзэмших эрх бүхий 100 га газрын эзэмших эрхийг иргэн П.Н-д шилжүүлэх тухай хүсэлтийг тус тус гаргаж, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 162-163, 166 дахь тал)
2.7. Улмаар Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/178 дугаар захирамжийг үндэслэн иргэн П.Н-д дээрх 100 га газрыг эзэмших эрхийг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ********** дугаар гэрчилгээгээр олгожээ. (1 дүгээр хавтаст хэргийн 161 дэх тал)
2.8. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг дарга 2020 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/86 дугаар захирамжаар Монгол Улсын 2013 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтын 21.1.57-д заагдсан “Газрын кадастрын мэдээллийн сан”-г солбицлын нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх ажлын хүрээнд “Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх” ажил хэрэгжсэнтэй холбогдуулан хавсралтад дурдсан иргэнд 1012655м2 газрыг эзэмшүүлж, энэхүү захирамж гарсантай холбогдуулан Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/178 дугаар захирамжийг хүчингүйд тооцжээ. Уг захирамжийн хавсралтад зааснаар иргэн П.Н-д нэгж талбарын ********** дугаартай 100 га газрыг эзэмшүүлсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 171 дэх тал)
2.9. Улмаар иргэн П.Н болон “Х С” ХХК нар нь 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр “Х С” ХХК нь иргэн П.Н-ийн эзэмшиж буй 100 га газрын эзэмших эрхийг шилжүүлэн авах тухай өргөдөл гаргаж, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/102 дугаар захирамжийг үндэслэн “Х С” ХХК-д 101.27 га газрыг эзэмших эрхийг 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 0*********** дугаар гэрчилгээгээр олгожээ. (1 дүгээр хавтаст хэргийн 190 дэх тал)
2.10. “Х С” ХХК нь 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэх үндсэн чиглэлээр байгуулагдсан бөгөөд 2024 оны байдлаар тариалалт хийж, тус газрыг зориулалтын дагуу ашигласан байна.
Иргэн Ж.Д-ын эзэмшиж буй 100 га газрын тухайд:
2.11. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2005 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаар тогтоолоор 2005 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хавсралтаар баталсны 3 дугаарт Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх газар 1000 га Баян-Өндөр, Хангайн бригад, Хүрэн хоолой газар тариалангийн зориулалтаар гэж тэмдэглэжээ. (3 дугаар хавтаст хэргийн 204-205 дахь тал)
2.12. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2005 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаар тогтоолоор тус багийн иргэдийн газар тариалангийн зориулалтаар газар эзэмших хүсэлтийг холбогдох газарт уламжилж хуулийн дагуу шийдвэрлэхийг зөвшөөрчээ. Уг тогтоолын хавсралтын 3 дугаарт Д- 100 га гэж тэмдэглэсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 214-215 дахь тал)
2.13. Иргэн Ж.Д-аас 2005 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр тус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 100 га газрыг тариалангийн зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмших хүсэлт гаргаж, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 39 дүгээр захирамжаар Ж.Д-т газар тариалангийн зориулалтаар 100 га газрыг 60 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 216, 227 дахь тал)
2.14. Ийнхүү иргэн Ж.Д-т 2005 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дүгээр газар эзэмших гэрчилгээг нэгж талбарын ********** дугаар бүхий 100 га газрыг, 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн ********** дугаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг Дарштын үзүүр гэх газарт 100 га хэмжээгээр, мөн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн *********** дугаар иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг Төвшрүүлэх сумын 2 дугаар багт 100 га хэмжээгээр олгосон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 209, 220, 225 дахь тал)
Иргэн Р.Ү-ийн эзэмшиж буй 10 га газрын тухайд:
2.15. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” 06 дугаар тогтоолоор сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, хавсралт 4 дүгээрт Тариалангийн газрын ашиглалт хамгаалалтыг сайжруулах төлөвлөлт хэсэгт 2-р баг Хайлаастын ар Мал чулуун Дэлийн бригадын зүүн талд Даршт гэх газарт 625 га газрыг давуу эрхээр үр тарианы зориулалтаар олгохоор тусгажээ. (3 дугаар хавтаст хэргийн 184-186 дахь тал)
2.16. Иргэн Р.Ү-ээс Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг дарга болон газрын даамал нарт 1987-1996 он хүртэл сангийн аж ахуйд ажиллаж байсан хэмээн давуу эрхээр 10 га газар олгох хүсэлт гаргаж, уг хүсэлтийн дагуу Төвшрүүлэх сумын Засаг дарга 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/108 дугаар захирамжийн хавсралт 2 дугаарт иргэн Р.Ү-т давуу эрхээр 10 га газрыг Даршт гэх газарт 40 жилийн хугацаатай олгожээ. (1 дүгээр хавтаст хэргийн 238, 242 дахь тал)
2.17. Ийнхүү иргэн Р.Ү нь 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн *********** дугаартай гэрчилгээний дагуу тус сумын 2 дугаар баг Даршт гэх газарт нэгж талбарын ********** дугаар бүхий 10 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, 2020 онд газар эзэмших гэрээ байгуулсан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 243/-245 дахь тал)
2.18. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх иргэдийн нэрс, эзэмшүүлэх газрын хэмжээ, байршилд нэмэлт өөрчлөлт оруулахаар хавсралтаар баталсны 2-т Р.Ү-т 10 га газрыг Дарштад олгохоор тусгажээ. (2 дугаар хавтаст хэргийн 63 дахь тал)
Иргэн Ц.Цэдэндамбын эзэмшиж байсан гэх 75 га газрын тухайд:
2.19. Иргэн С.Б нь 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн *********** дугаартай гэрчилгээний дагуу нэгж талбарын ********** дугаар бүхий 75 га газрыг Дарштын үзүүрийн Ар хүүш гэх газарт /шилжүүлэн/ эзэмшиж байжээ. (2 дугаар хавтаст хэргийн 2)
2.20. Улмаар иргэн Ц.Ц-ас иргэн С.Б-гийн эзэмших эрх бүхий газрыг шилжүүлэх тухай өргөдөл гаргаж, иргэн С.Б мөн иргэн Ц.Ц-ад шилжүүлэх талаар хүсэлт гаргаж, тэдгээрийн хооронд байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг үндэслэн Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг дарга 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/23 дугаар захирамжаар иргэн Ц.Ц-д 75 га газрыг шилжүүлэн олгож, мөн дурдсан байршил бүхий газарт 75 га газрыг эзэмших эрхийг 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ***********дүгээр гэрчилгээний дагуу олгосон байна. (2 дугаар хавтаст хэргийн 7-8, 11-12, 14 дэх тал)
2.21. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг дарга 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн а/52 дугаар захирамжаар сумын Засаг даргын газар эзэмшүүлэх тухай 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/51 дүгээр захирамж нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1., 38.2.2., 38.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн тул захирамжийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн хүчингүй болгосны хавсралтад Ц.Ц- нэгж талбарын ********** дугаартай Дарштын үзүүрийн Ар хүүш 75 га газрыг тэмдэглэжээ. (2 дугаар хавтаст хэргийн 15 дахь тал)
2.22. Иргэн Ц.Ц нь сумын Засаг даргын А/52 дугаар захирамжид холбогдуулан маргаагүй байна.
2.23. Дээрх 75 га газрын асуудлаар Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: “ ... Төвшрүүлэх сумын иргэдийн төлөөлөгчдийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх иргэдийн нэрс, эзэмшүүлэх газрын хэмжээ байршилд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 15 дугаар хулын тогтоолоор Р.Ү-т 10 га тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлсэн байна. Үлдэгдэл 65 га тариалангийн газрыг хэн нэгэн иргэн, аж ахуй нэгж байгууллагад эзэмшүүлээгүй төрийн мэдэлд байна ...” гэх тайлбар гаргасан болно.
3. Маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын талаар
3.1. Нэхэмжлэгчээс Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад холбогдуулан:
Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай" 39 тоот захирамжийг болон Ж-гийн Д-т 100 га газар эзэмшүүлэх тухай 2005 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ******* тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн *********** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний хамт, (1 дүгээр хавтаст хэргийн 220, 227, 234 дэх тал)
Төвшрүүлэх сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 31-ны өдрийн А/102 тоот захирамжийг болон “Х С” ХХК-д 101.27 га газар эзэмшүүлэх тухай 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн *********** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, (1 дүгээр хавтаст хэргийн 190, 2 дугаар хавтаст хэргийн 233-234 дэх тал)
Төвшрүүлэх сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх тухай” А/108 тоот захирамжийг хавсралтын хамт нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр болон Р-гийн Ү-т 10 га газар эзэмшүүлэх тухай 2020 оны 2 дугаар сарын 11-ны өдрийн *********** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, (1 дүгээр хавтаст хэргийн 242, 243 дахь тал)
Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 39 тоот захирамжийг болон уг захирамжийн дагуу М.С-д 100 га газар эзэмшүүлэх тухай 2005 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн *********** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, (1 дүгээр хавтаст хэргийн 153, 199 дэх тал)
Төвшрүүлэх сумын Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/42 тоот захирамжийг болон уг захирамжийн дагуу С-гийн Б-д 75 га газар эзэмшүүлэх тухай 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн *********** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, (2 дугаар хавтаст хэргийн 2, 4 дүгээр хавтаст хэргийн 106-108 дахь тал)
Төвшрүүлэх сумын Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” А/23 тоот захирамжийг болон уг захирамжийн дагуу Ц-ийн Ц-д 75 га газар эзэмшүүлэх тухай 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ***********тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн. (2 дугаар хавтаст хэргийн 7, 14 дэх тал)
3.2. Улмаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... анх миний эзэмшиж байсан 713 га газрыг багасгаж 423 га газар олгосон нь илт хууль бус болохыг хариуцагч зөвшөөрч, уг асуудлаар тус шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 109/ШШ2024/0019 дүгээр захирамж гарсан, уг захирамжийн 1 дэх заалтыг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн буюу надад 423 га газар олгосон нь илт хууль бус болсон учраас миний 713 га газрын эзэмших эрх сэргэсэн гэж үзэж байгаа ... 423 га газрыг илт хууль бус гэж тогтоосон үндэслэлээр 275 га газрыг хассан үндэслэл нь илт хууль бус болох ёстой, ... дээрх актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д зааснаар илт хууль бус шинжийг агуулж байна ...” хэмээн тайлбарлажээ.
3.3. Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1. дэх хэсэг Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна: 11.1.1.-д “захиргааны акт”, 37 дугаар зүйлийн 37.1. дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан дээрх захиргааны актуудыг илт хууль бус гэх үндэслэл тогтоогдсонгүй.
3.4. Учир нь, захиргааны акт эрх зүйн илт алдаатай, энэхүү алдаа нь хэн ч харсан илэрхий байвал илт хууль бус захиргааны акт гэж тодорхойлдог ба Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: 47.1.1.-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.6.-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан.
3.5. Тодруулбал, дээрх хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай” гэдэгт тухайн захиргааны актыг /дундаж боловсрол бүхий иргэн/ хэн ч харсан илэрхий алдаатай буюу тухайн актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, актын заалтууд нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байхыг хэлнэ. Түүнчлэн найруулга зүйн болон үг, үсэг, тооны алдаа нь үр дагаврын хувьд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөр байвал тухайн актыг утга агуулгын хувьд илэрхий алдаатайд тооцож болно.
3.6. Мөн тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгодог. Мөн тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн, эсхүл хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр захиргааны акт гаргасан зэргийг "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэдэгт хамааруулж үзнэ.
3.7. Маргаан бүхий энэ хэргийн тухайд, Тариалангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1. дэх хэсэгт заасны дагуу Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 39 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийг үндэслэн Ж.Д-т газар тариалангийн зориулалтаар 100 га газрыг 60 жилийн хугацаатай эзэмшүүлсэн, мөн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/102 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйл, иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг тус тус үндэслэн “Х С” ХХК-д 101,2 га газрын эзэмших эрхийг шилжүүлсэн, мөн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/108 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалт, Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 5 дугаар хавсралт, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 15 дугаар тогтоол, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн иргэн Р.Ү-т үр тарианы зориулалтаар 10000м2 /10га/ газрыг 40 жилийн хугацаатай эзэмшүүлсэн, мөн 2005 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 39 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийг үндэслэн иргэн М.С-д газар тариалангийн зориулалтаар 100 га газрыг 60 жилийн хугацаатай эзэмшүүлсэн, мөн 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/42 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 5 дахь хавсралт, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 8 дугаар тогтоолыг үндэслэн иргэн С.Б-д үр тарианы зориулалтаар 100 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн, 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/23 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйл, иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийг гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийн дагуу / хавсралт 2 дугаар/ иргэн Ц.Ц-д үр тарианы зориулалттай 75 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлжээ.
3.8. Улмаар дээрх захирамжийн дагуу Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1., 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тухай бүр олгосон үйл баримт тогтоогдож байна.
3.9. Нөгөөтээгүүр, “захиргааны акт илт хууль бус болох” шинжүүдэд захиргааны шийдвэр гаргах ажиллагааны алдааг илэрхийлэхгүй, харин захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа хуульд үндэслэх зарчмыг хэрэгжүүлээгүй ноцтой зөрчлүүд хамаардаг.
3.10. Энэ хэргийн тухайд, хариуцагч Төвшрүүлэх сумын Засаг дарга нь захиргааны акт гаргахдаа хуулийн үндэслэл дурдаагүй, хуульд заагаагүй үндэслэлээр иргэн, хуулийн этгээдийн эрхэд халдсан тохиолдолд илэрхий хууль бус болох бөгөөд гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй, уг захиргааны актаар бий болгосон эрх үүргийг хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэггүй байдаг.
3.11. Гэтэл маргаан бүхий дээрх захиргааны актууд хариуцагчийн хүсэл зориг бүрэн илэрхийлэгдсэн, дээрх актуудыг хоёрдмол утгаар агуулгатай буюу тодорхой бус байх үндэслэл тогтоогдсонгүй. Мөн дээрх захиргааны акт нь найруулга зүйн болон үг, үсэг тооны алдаатай гэж үзэх үндэслэлгүй байна.
3.12. Ийнхүү гуравдагч этгээд “Х С” ХХК, иргэн Ж.Д, иргэн Р.Ү нарт газар эзэмших эрх олгосон дээрх захирамжийг нэхэмжлэгчийн тодорхойлсон үндэслэлээр илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
4. Иргэн А.Э-ын хууль ёсны эзэмшилд өмч хувьчлалаар шилжиж ирсэн боловч түүний эзэмшлээс хууль бусаар хасагдсан Төвшрүүлэх сумын Хаалга толгойн зүүн урд талын Хурлын толгойд байршилтай 275 га тариалангийн газрыг А.Э-д буцаан эзэмшүүлэх захирамж гаргах болон тус газрыг эзэмших эрхийн гэрчилгээг 60 жилийн хугацаагаар олгохыг Төвшрүүлэх сумын Засаг даргад даалгах шаардлагын талаар
4.1. Дээрх нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан нэхэмжлэгчээс хэрэгт “2001 оны “Х” ХХК /А.Э-/-д Төвшрүүлэх сумын нутаг дэвсгэрт 713 га газрыг 5 /тав/ жилийн хугацаагаар эзэмших эрхийн гэрчилгээ /нотлох баримтын шаардлага хангаагүй, шүүхийн үзлэгийн явцад гараагүй/, 2002 оны 713 га газрыг эзэмших, ашиглах гэрээ /А.Э-тай байгуулсан/, Архангай аймгийн Татварын улсын байцаагчийн 2004 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ****** дугаартай акт, орлогын мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримт зэргийг гаргаж өгсөн бөгөөд нэхэмжлэгч А.Э- нь 713 га газар эзэмшиж байсан нь дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрч Я.Ё, Л.Б нарын мэдүүлгээр нотлогдож байгаа хэмээн тайлбарлажээ.
4.2. Гэвч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч нарын тайлбар мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгчийн эзэмших эрх олгохыг даалгахыг хүссэн 275 га газрыг нэхэмжлэгч А.Э өмнө нь хаана, ямар хэмжээгээр эзэмшиж байсан нь тодорхойгүй, газар эзэмших эрх олгосон захирамж, гэрчилгээ, кадастрын зураг байдаггүй бөгөөд гуравдагч этгээд нарт иргэн А.Э-ын эзэмших эрх бүхий газрыг хууль бусаар шилжүүлсэн гэх үндэслэл нотлогдохгүй байна.
4.3. Иймд шүүх дээр дурдсанаар маргаан бүхий захиргааны актуудыг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй хэмээн дүгнэсэн тул нэхэмжлэгчид 275 га газар эзэмших эрх олгохыг хариуцагчид даалгах боломжгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4.4. Түүнчлэн хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд цахимаар оролцохдоо шүүх хуралдааны дэг, журмыг танилцуулснаас хойш шүүх хуралдаан дуусаагүй байхад цахим сүлжээг салгасан /цахим системээс гарсан/ тул хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нарын саналын дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Зөрчлийн тухай хуулийн 15.5 дугаар зүйлийн 1-д зааснаар нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний торгох шийтгэл оногдуулсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2., 106.3. дугаар зүйлийн 106.3.1, 106.3.14, 106.5 дахь хэсэг, 107, 108 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсгийн 47.1.1., 47.1.6. дахь заалт, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1., 34 дүгээр зүйлийн 34.1., Тариалангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1. дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Э-оос Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “А.Э-ын хууль ёсны эзэмшилд өмч хувьчлалаар шилжиж ирсэн боловч түүний эзэмшлээс хууль бусаар хасагдсан Төвшрүүлэх сумын Хаалга толгойн зүүн урд талын Хурлын толгойд байршилтай 275 га тариалангийн газрыг А.Э-д буцаан эзэмшүүлэх захирамж гаргах болон тус газрыг эзэмших эрхийн гэрчилгээг 60 жилийн хугацаагаар олгохыг Төвшрүүлэх сумын Засаг даргад даалгах, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай" 39 тоот захирамжийг болон Ж-гийн Д-т 100 га газар эзэмшүүлэх тухай 2005 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ******* тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн *********** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний хамт, мөн сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/102 тоот захирамжийг болон “Х С” ХХК-д 101.27 га газар эзэмшүүлэх тухай 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн *********** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, мөн сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх тухай” А/108 тоот захирамжийг хавсралтын хамт нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр болон Р-гийн Ү-т 10 га газар эзэмшүүлэх тухай 2020 оны 2 дугаар сарын 11-ны өдрийн *********** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 18-ны “Газар эзэмшүүлэх тухай” 39 тоот захирамжийг болон уг захирамжийн дагуу М.С-д 100 га газар эзэмшүүлэх тухай 2005 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн *********** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, мөн сумын Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/42 тоот захирамжийг болон уг захирамжийн дагуу С-гийн Б-д 75 га газар эзэмшүүлэх тухай 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн *********** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, мөн сумын Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” А/23 тоот захирамжийг болон уг захирамжийн дагуу Ц-ийн Ц-д 75 га газар эзэмшүүлэх тухай 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ***********тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА