Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 102/2016/04466/И |
Дугаар | 001/ХТ2016/01308 |
Огноо | 2016-12-01 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 001/ХТ2016/01308
Эс Би Ви ХХК-ийн нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/04512 дугаар шийдвэр
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 ооны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1559 дүгээр магадлал
Эс Би Ви ХХК,
Хариуцагч : Д.Бат-Эрдэнэ
Нэхэмжлэгч : Эс Би Ви ХХК,
Хариуцагч : Д.Бат-Эрдэнэ,
Нэхэмжлэлийн шаардлага: Итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Д.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Т.Жавхлантөгс нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Эс Би Ви ХХК-ийн өмнөх захирал Д.Бат-Эрдэнэ нь Эс Би Ви ХХК-ийн нэрээр Их булгийн тохой ХХК-д холбогдуулан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд 2014.4.11-ний өдөр нэхэмжлэл гаргасан байсан. Эс Би Ви ХХК-ийн 2014.4.30-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор тус компанийн хувьцаа эзэмшигч А.Сандагсүрэн, Д.Бат-Эрдэнэ нарыг хувьцаа эзэмшигчээс хасч, Д.Бямбацогт болон М.Мэндбатааг компанийн хувьцаа эзэмшигчээр, Д.Бямбацогтыг тус компанийн гүйцэтгэх захирлаар, М.Мэндбатааг Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар тус тус томилсон. Мөн 2014.4.30-ны өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээг нэг талаас эрх шилжүүлэгч Д.Бат-Эрдэнэ, нөгөө талаас эрх хүлээн авагч Д.Бямбацогт нар байгуулсан. Гэрээгээр эрх шилжүүлэгч нь компанийн эрх шилжихээс өмнөх үеийн өр төлбөр, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүрэг, өөр бусад компанитай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүрэг, хариуцлагыг хүлээхгүй, эрх шилжүүлэгч тал нь компанийн эрх, үүрэг, хариуцлага, хувьцаатай холбоотой мэдээлэл, баримт бичиг, компанийн тэмдэг, санхүүгийн тайлан балансыг эрх хүлээн авагчид үнэн зөв гаргаж өгөх үүрэг хүлээх, үүсэх хариуцлагыг эрх шилжсэн үеэс эхлэн эрх хүлээн авагч тал хариуцахаар тохиролцсон. Д.Бат-Эрдэнэ нь Эс Би Ви ХХК-ийн захирал гэж манай компанийн хуучин албан бланк, тамга тэмдэгийг ашиглан 2014.8.04-ний өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд 02/114 дугаар албан бичгээр тайлбар гаргасан байсан. Мөн 2015.12.15-ны өдөр Эс Би Ви ХХК-ийн шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг тус компанийн гүйцэтгэх захирал Д.Бямбацогт худал хэлж гарын үсэг зуруулж, компанийн хуучин албан бланк, тамга тэмдэгийг ашиглан шүүхэд хуурамч нотлох баримт гарган өгч, Эс Би Ви ХХК-ийн өмнөөс өөрт ашигтай шийдвэр шүүхээр гаргуулсан байна. Эс Би Ви ХХК-ийн зүгээс Д.Бат-Эрдэнэд шүүхэд төлөөлөх итгэмжлэл өгөөгүй.Иймд Эс Би Ви ХХК-иас олгосон 2015.12.15-ны өдрийн 01/25 дугаартай итгэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2014.4.11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахад тус компанийн захирал байсан бөгөөд шүүх ажиллагааны явцад компанийг худалдаж, худалдсаны дараа шүүхэд гаргасан аливаа материал, итгэмжлэл зэргийг уг компаниас албан ёсоор авч байсан болно. 2015.12.15-ны өдрийн итгэмжлэлийг Эс Би Ви ХХК-ийн захирал Д.Бямбацогтоос албан ёсоор гаргуулж авсан. Эс Би Ви ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвхүү нь өмнөх Эс Би Ви ХХК-ийн нэхэмжлэлтэй, Их Булгийн Тохой ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан. Иймд уг хоёр компани далдуур тохиролцож шүүхэд удаа дараа буруу тайлбар мэдээлэл хамтран гаргаж байгаа гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 102/ШШ2016/04512 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлгүй тул “2015.12.15-ны өдрийн 01/25 дугаар итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах” тухай Д.Бат-Эрдэнэд холбогдох Эс Би Ви ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 ооны 9 дүгээр сарын 12-ны өдөр 1559 дүгээр магадлал гаргаж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/04512 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2016.6.30-ны өдрийн шүүх хуралдаанд оролцох байсан гэрч Д.Бямбацогт нь сонгуулийн ажлаар хөдөө орон нутагт байсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ бичиж, өөрийг нь төлөөлж буй компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан хуульч, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлттэй байгаагаа бичгээр гаргасан боловч шүүх хуралдаан хийгдэж шийдвэр гарсан байсан. Харин дээрх шүүх хуралдааныг хойшлуулах талаарх гаргаж өгсөн хүсэлтийг шүүхийн шийдвэртэй хамт "өөрөө хүргэж ирээгүй" гэж хэлэн буцаан өгсөн байдаг. Хэргийн талаар сайн мэдэх гэрчийн оролцоогүйгээр шүүх хуралдаан болж "Шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим, мэтгэлцэх зарчим", мөн ИХШХШтХуульд заасан өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангаагүй. Дээрх эрх зөрчигдсөний улмаас шүүхэд гаргаж өгөхөөр бэлтгэсэн байсан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг гаргаж өгөх боломжгүй болсон, гэрч асуулгаж чадаагүй бөгөөд энэ нь хэргийг үнэн зөв, шударгаар шийдвэрлэхэд саад болсон гэж үзэж гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ :
Эс Би Ви ХХК нь Д.Бат-Эрдэнэд холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа Д.Бат-Эрдэнэд олгосон 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага тавьсан /хх 1-2, 4, 34/ байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргажээ.
Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг Эс Би Ви ХХК эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан байна.
Шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эс Би Ви ХХК нь Их булгийн тохой ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 39.750.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасны дагуу Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20015 оны12 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/00148 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 460 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 001/2016/00499 дүгээр тогтоол гарсан бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй байна. /хх 5-10, 22/
Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 102/ШШ2016/00148 дугаар шийдвэртэй хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд Эс Би Ви ХХК-ийг /хх 12/ төлөөлж Д.Бат-Эрдэнийг оролцуулахаар Эс Би Ви ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 01/25 тоот итгэмжлэл олгосон, итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул энэ тухай хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн гэж үзнэ. Эс Би Ви ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бямбацогтын олгосон итгэмжлэл нь /хх 12/ талуудын хүсэл зориг, бүрэн эрхийг илэрхийлсэн, бичгийн хэлбэртэй, хуульд заасан шаардлагыг хангажээ.
Шүүх 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 102/Ш32016/19756 тоот /хх 37/ захирамжаар шүүх хуралдааныг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хийхээр хойшлуулсан бөгөөд 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал оролцсон, шүүх хуралдааныг 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 09.00 цагт хийхээр товлосон зарыг хүлээн авсан /хх 39/, шүүх хуралдаан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул энэ тухай нэхэмжлэгчийн гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүй.
Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/04512 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 ооны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1559 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ