Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 28

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Золбадрах даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

       Нэхэмжлэгч: ******************************** оршин суух *******ийн  нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Аймгийн  *******д  холбогдуулан Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/32 дугаар захирамжийн *******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах  шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын  10-ны өдөр хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээд *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2014 оны 8 сард тухайн үеийн газрын албанд хүсэлтээ өгч уг хүсэлтийн дагуу 2014 оны 08 дугаар сарын 15-нд 360м2 газар олгосон аймгийн Засаг даргын захирамж гарсан. Тухайн үеийн ******* багийн **** ХХК-ийн халуун усны баруун урд гэсэн хаягтай байсан. Энэ газар дээр 2014 оны 08 дугаар сарын 20-ны үед барилга эхлүүлэх ажлыг хөөцөлдөөд ганцхан Алтай-Улиастай эрчим хүчний газрын ерөнхий инженер байхгүй гэсэн шалтгаанаар тодорхойлолтоо авч чадалгүй хойшлогдсон. 2015 онд мөн л уг асуудлаар дахин хөөцөлдөж инженер солигдоод миний хүсэлт олдохгүй байсан учраас хойшилсон. 2016 оны хавар барилгаа эхлүүлэх гээд баримтаа дахиад хөөцөлдөөд явахад миний захирамж хүчингүй болсон байсан. Түүнээс шалтгаалж Газрын албанд өргөдөл гаргасан. Би 2014 оны 8 сард газар хөлдөхөөс өмнө газраа ухуулж, гадуур нь хашаа хатгуулаад 2015 оны хавар эхэлнэ гэж бодож байсан. Тэр үед мөнгөний асуудлаас болоод барилгаа эхлүүлж чадаагүй. 2015 оны хавар миний газрын захирамжийг хүчингүй болгосон талаар надад ямар нэгэн баримт өгөөгүй. Уг газрын бүх баримт эх хувиараа надад байгаа. Би уг газрыг авахдаа гэрчилгээний үнэ 186.300 төгрөг, тэмдэгтийн хураамж 10.000 төгрөг, газрын төлбөр 2.900 төгрөг төлөөд тухайн газар дээр газрыг ухуулж хашаа хатгаад, 2-3 жил арчлаад явсан. Гэтэл сүүлд нь өөр хүнд шилжүүлээд тухайн газар дээр нь Солонгосын сүм барих гэж байна гэсэн яриа гарснаас хойш би энэ асуудлаар хөөцөлдөж эхэлсэн. Тэр хугацаанд миний хийсэн бүх зүйл ямар ч хэрэгцээгүй болж байна. Надад мэдэгдэхгүйгээр газрыг бусдад шилжүүлж болдог эсэх нь эргэлзээтэй. Солонгос хүн сүм барих гэж байна гээд 2016 онд явж байсан. Тийм учраас энэ асуудлыг шийдүүлмээр байна. Тухайн газар дээрээ *******тэй 11 сая төгрөгийн гэрээ хийж газрыг ухуулан, газар шороог зөөлгөн, тэгшилгээ хийлгэж, дараа нь 120 шонгийн нүх ухуулж, шон суулган хашаа хатгаж, 3 сая төгрөг зарцуулсан. Аймгийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сард  тухайн газрыг хүчингүй болгосон захирамж гарсныг дам сонсож, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас хүчингүй болгосон захирамжийг хуулбарлан авч, хуулбар үнэн тэмдэг даруулж авсан. Иймд аймгийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/32 дугаар захирамжийн *******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ. 

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Аймгийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/382 тоот захирамжаар ******* багт иргэн *******д орон сууцны зориулалтаар 360м2 газрыг эзэмшүүлсэн. Тус газар  нь 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан тул 2015 оны 02 дугаар сарын 10-ны А/32 тоот захирамжаар тус газрыг хүчингүй болгосон. Иргэн ******* нь 2015 оны 08 дугаар сарын 10-нд манайд өргөдөл гаргасан. Уг өргөдлийн хариуг хуулийн дагуу хугацаанд нь мэдэгдэх хуудсаар өгсөн байгаа. Манай байгууллагаас 2015 оны газар зохион байгууллатын төлөвлөгөөнд тусгагдаж иргэн *******ий хүсэлтийн дагуу уг газрыг 2015 оны 02 дугаар сарын 10-ны А/39 тоот аймгийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн. Иргэн ******* нь худалдах, худалдан авах гэрээгээр иргэн *******д газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлсний дагуу манай байгууллагаас иргэн *******д газар эзэмших эрх үүссэн байгаа.

        Хүчингүй болгох захирамж дээр манай газрын дарга ******* даргад 10 хоногийн дотор мэдэгдэх хуудсаар хүчингүй болсон талаар иргэдэд мэдэгд гэсэн үүрэг өгсөн. Тухайн үедээ мэдэгдэх хуудас хүргүүлж байсан байх гэж бодож байна. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь заалтыг үндэслэж төлөвлөгөөнд тусгагдсан гэж олгогдсон. Уг заалтад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төв, инженерийн шугам сүлжээ бүхий газар эзэмших, ашиглах асуудлыг шийдвэрлэнэ гэсний дагуу иргэн *******д олгосон. Энэ үндэслэл нь хууль бус болсон учир Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтаар хүчингүй болгосон процесс явагдсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

         Гуравдагч этгээд ******* нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: *******ийн эзэмшлээс цуцлагдаад *******д олгогдсон байсан. Яагаад энэ газрыг  авсан бэ гэхээр барилгын зөвшөөрөл авсны дараа газар ухах ажлыг эхлүүлдэг. Гэтэл *******д барилгын зөвшөөрөл авсан баримт байгаагүй, зөвшөөрөлгүй ухаж хууль бус зүйл хийж байна гэж бодсон. Ганцхан *******ий нэр дээр байгаа гэрчилгээг хараад авсан. Дараа нь ухсан гэж мөнгө нэхээд байхаар нь тэгшилж өг гэж шаардсан. Би *******ээс уг газрыг авсан болохоор тэр хүнд л шаардлага тавьсан. Нэхэмжлэгчтэй 2016 оны 9 сард манай ах ирж уулзаад ******* гэх хүнд хашаагаа буулга, өөрийн хашаагаа хатгана гэж хэлсэн. ******* нь өөрөө машинтайгаа ирсэн. Тэрнээс өмнө *******ээс асуусан. ******* нь хуулийн дагуу гэрчилгээгээ авсан. Газар ухсан үйлдэл нь зөвшөөрөлгүй ухсан үйлдэл гэж тайлбарладаг.

ҮНДЭСЛЭХ нь:

        Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, аймгийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/32 дугаар захирамжийн *******д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

          Аймгийн ******* 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь заалтуудыг үндэслэн Газар эзэмшүүлэх тухай А/382 дугаар захирамж гаргаж, Алтай хотын инженерийн байгууламж бүхий бүс ******* баг “Алтай баян” ХХК-ний халуун усны баруун урд талд орон сууц барих зориулалтаар 360.0 м2 газрыг 15 жилийн хугацаатай иргэн *******д эзэмшүүлсэн байна.

       Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 зааснаар аймгийн ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэхээр байна. Иргэн *******д эзэмшүүлсэн уг газар нь аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй нь Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 03 дугаар сарын 13-ны 13 дугаар Төлөвлөгөө батлах тухай тогтоол, 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Аймгийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай  32 дугаар тогтоол, 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 41 дугаар тогтоолууд болон хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.

        Аймгийн ******* 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр А/32 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтуудыг үндэслэн *******ийн  ******* баг “Алтай баян” ХХК-ний халуун усны баруун урд талд орон сууц барих зориулалтаар олгосон 360 м2 газрыг хүчингүй болгосон. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно”, 61 дүгээр зүйлийн 61.1-т “төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж зааснаар эрх бүхий албан тушаалтан газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол гаргасан шийдвэрээ өөрөө хүчингүй болгохдоо газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болохгүй.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* “...Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь заалтыг үндэслэж төлөвлөгөөнд тусгагдсан гэж олгогдсон. Уг заалтад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төв, инженерийн шугам сүлжээ бүхий газар эзэмших ашиглах асуудлыг шийдвэрлэнэ гэсний дагуу иргэн  *******д олгосон. Энэ үндэслэл нь хууль бус болсон учир Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтаар хүчингүй болгосон”  “.... орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн 360 м2 газар нь 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан тул 2015 оны 02 дугаар сарын 10-ны А/32 дугаар захирамжаар тус газрыг хүчингүй болгосон” гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан байна.

       Дээрх тайлбараас үзэхэд аймгийн ******* 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр А/382 дугаар захирамж гарган *******д Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дэх хэсэгт заасныг зөрчин газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлснээр нэхэмжлэгч *******ийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзэхээр байна.

      Учир нь: Газар эзэмшүүлэх захирамж гарснаар нэхэмжлэгч ******* нь тухайн газарт орон сууцны зориулалтаар барилгын ажил эхлүүлэх зорилгоор Говь-Алтай аймгийн Мандал Голомт ХХК-наас зөвшөөрөл, аймгийн Барилгын зураг төсвийн товчоо ОНӨААТҮГазраар барилга архитектурын зураг төслийг боловсруулж, “Ундарга-Алтай” ОНӨААТҮГ-аас орон сууцны зориулалттай барилгыг усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээнд холбох техникийн нөхцөл гаргуулах, газрыг ухуулж, гаргасан шороог зөөлгөж тэгшилгээ хийлгэх, газрыг тойруулан хашаа хатгах зэргээр тодорхой цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардсан ажлыг хийж гүйцэтгэсэн байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримт нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. Аймгийн *******ас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргасан бол дээрх нөхцөл байдал үүсэхгүй байсан байна. Өөрөөр хэлбэл төрийн захиргааны байгууллага буюу албан тушаалтнаас хууль тогтоомжид нийцүүлэхгүйгээр хууль бус акт гаргаснаас болж иргэнийг хохироох болон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болохгүй юм.

       Мөн нэхэмжэгч *******д эзэмшүүлсэн газар нь 2014 оны 12 дугаар сарын 25-ны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 49 дугаар тогтоолоор аймгийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Есөнбулаг сумын ******* баг “Алтай баян” ХХК-ний халуун усны урд талд орон сууцны зориулалтаар 3165,3 м2 газрыг иргэнд эзэмшүүлэхээр тусгасан бөгөөд уг газар нь анхнаасаа орон сууцны зориулалтаар иргэдэд эзэмшүүлэх, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдахаар газар байсан байна.

       Аймгийн ******* 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр А/32 дугаар захирамжаар *******д эзэмшүүлсэн газрыг хүчингүй болгож, тэр өдөр нь буюу 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/39 дугаар захирамжаар *******д 360.0 м2 газрыг орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн байгаа нь нэхэмжлэгч *******д газар эзэмшүүлсэн А/382 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтын эзэмших газрын байршлын кадастрын зураг, газрын координат, нэгж талбарын дугаар, талбайн хэмжээ нь иргэн *******д газар эзэмшүүлсэн А/39 дүгээр захирамжийн 9 дүгээр хавсралтын нэгж талбарын дугаар, талбайн хэмжээ, эзэмших газрын байршлын кадастрын зураг, газрын координтын цэг нь таарч байгаа бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

        Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар иргэдэд төрөөс газар эзэмшүүлэхдээ шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг баримтлана гэж зааснаар аймгийн ******* иргэнд газар эзэмшүүлсэн захирамжаа хүчингүй болгож, уг газрыг дараагийн иргэнд эзэмшүүлсэн байгаа нь шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцэхгүй байна гэж шүүх үзлээ.

 

        Хөөн хэлэлцэх хугацааны тухайд: Аймгийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/32 дугаар захирамжаар газар эзэмших эрх авсан хавсралтад заагдсан нэр бүхий 5 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгож, газар эзэмших эрх нь цуцлагдсан 5 иргэн аж ахуйн нэгж, байгууллагад 10 хоногийн дотор албан ёсоор эрх нь цуцлагдсан мэдэгдлийг хүргүүлж, холбогдох арга хэмжээг авч хэмжээ авч ажиллахыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга *******т үүрэг болгосон байхад нэхэмжлэгч *******д газар эзэмших эрхийг нь хүчингүй болсоныг мэдэгдэж, газар эзэмшүүлэх гэрээг цуцлах, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зэрэг холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа газар эзэмшүүлэх эрхийг хүчингүй болгосныг дам сонсож, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас хүчингүй болгосон захирамжийг хуулбарлан авч, хуулбар үнэн тэмдэг даруулж авсан гэсэн тайлбарыг гаргасан. Иймд *******ийг 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон мэдсэн гэж үзэж,  хөөх хэлэлцэх хугацааг тоолох нь зүйтэй байна.

          Аймгийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 10-ын өдрийн А/39 дугаар захирамжаар ******* 360 м2 газрыг эзэмшиж, 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг авч 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр иргэн *******той газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулснаар 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/430 дугаар захирамжаар уг газар /газар эзэмших эрх/ *******д шилжсэн байгааг дурдах нь зүйтэй байна.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 дэх хэсэгт заасныг удирлага болгон ТОГТООХ нь:

  

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/32 дугаар захирамжийн *******д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ЗОЛБАДРАХ