| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Сосорбарам |
| Хэргийн индекс | 2338000000131 |
| Дугаар | 2023/ДШМ/41 |
| Огноо | 2023-11-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Л.О |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 2023/ДШМ/41
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор: Л.Отгончимэг,
Шүүгдэгч: Ц.Т,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Уртбаяр,
Нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2023ШЦТ/279 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлээр Ц.Тд холбогдох 2338000000131 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.
Хариад овогт Цын Т, ….. оны …. дугаар сарын ...-ны өдөр Хөвсгөл аймгийн А суманд төрсөн, … настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхийн хамт Хөвсгөл аймгийн А сумын 06 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй /Регистрийн дугаар ............................./.
Шүүгдэгч Ц.Т нь Хөвсгөл аймгийн А сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Цийн биед 2022 оны 11 дүгээр сар, 2022 оны 12 дугаар сард халдаж зодсон, мөн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Цийн биед нь халдаж зодохдоо эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, тархи доргилт, баруун чихний дэлбэнд шарх, баруун дээд, доод зовхи, зүүн дээд, доод зовхи хамар баруун хацар, зүүн бугалга, зүүн хөх, дух, зулайн хуйханд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, мөн Ц.Т нь Хөвсгөл аймгийн А сумын 6 дугаар багт 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Б.Баасанжавыг урьд нь хамтран амьдарч байсан Цтай хардаж зодож биед нь баруун хөмсөг, хамарт сорви гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2023ШЦТ/279 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Хариад овогт Цын Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Цын Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Цын Тийг 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар шүүгдэгч Ц.Тийн тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ц.Тд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж хуульчилсан байхад:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Цын Тийг 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заажээ.
...шүүгдэгч Ц.Т нь Б.Баасанжавыг урьд нь хамтран амьдарч байсан Цтай хардаж зодож биед баруун хөмсөг, хамарт сорви гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийгээгүй, дээрх зүйлчлэлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”. Мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана”, 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана”.
Мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох”, 36.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүгдэгч Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан бол цагаатгагдсан, эсхүл ял шийтгүүлсэн зүйл, хэсэг, заалтыг шийтгэх тогтоолд нэг бүрчлэн заана” гэснийг зөрчиж шийдвэр гаргажээ.
Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Прокурорын дүгнэлтийг дэмжиж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
Шүүгдэгч Ц.Т нь Хөвсгөл аймгийн А сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Цийн биед 2022 оны 11 дүгээр сар, 2022 оны 12 дугаар сард халдаж зодсон, мөн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Цийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, мөн Хөвсгөл аймгийн А сумын 6 дугаар багт 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Б.Баасанжавыг урьд хамтран амьдарч байсан Цтай хардаж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, харин хохирогч Б.Баасанжавыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдэлд гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлээгүй орхижээ.
Шүүх шүүгдэгчийн холбогдсон зарим үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэх болон гэм буруугийн асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан “...тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх шаардлага, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох”-ыг тусгах шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэл болно.
Түүнчлэн шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгчийг нэг жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хууль буруу хэрэглэжээ.
Тодруулбал, шүүгдэгч нь 2 буюу түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэнд холбогдсон байхад түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэсэн нь буруу гэж үзнэ. Учир нь Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар “...тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн,...” хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зүйл, хэсэг, заалт хамаарахгүй.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Тд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байх тул энэ талаар гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2023ШЦТ/279 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц.Тд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ
ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ
Б.СОСОРБАРАМ