Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 111/ШШ2025/0022

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Сайнбилэг даргалж,  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг дарга

Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөл

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарын хоорондын “Албан тушаалын сул орон тоонд зохих журмын дагуу нэр дэвшүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоонд нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлд даалгах,  Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоонд хууль, журмын дагуу томилохыг Баянхонгор сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч Баянхонгор сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бямбадулам нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөл, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг дарга нарт холбогдуулан “Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоонд тусгай шалгалтгүйгээр шууд томилуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь “Албан тушаалын сул орон тоонд зохих журмын дагуу нэр дэвшүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоонд нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлд даалгах,  Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоонд хууль, журмын дагуу томилохыг Баянхонгор сумын Засаг даргад даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

2. Нэхэмжлэгч нь Төрийн албаны салбар зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлөөс “Баянхонгор аймгийн төрийн захиргааны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын 3 сул орон тоог шилжүүлэх, сэлгэх зар”-ын дагуу  Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоонд томилуулахаар хүсэлт гаргасан. 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын 1/458 дугаар албан бичгээр тус албан тушаалд томилохоос татгалзсан. Төрийн албаны салбар зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 188 дугаар албан бичгээр хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан хариуг тус тус өгсөн.

2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлд Баянхонгор сумын Засаг даргын “албан тушаалд томилохоос татгалзсан нь үндэслэлгүй тул холбогдох хууль, журмын дагуу хэрэгжилтийг хангуулах”-аар гомдол гаргасан. Мөн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Төрийн албаны салбар зөвлөлийн дарга *******д Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд шилжин томилуулах хүсэлт гаргасан. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 04/2652 дугаар албан бичгээр татгалзсан хариу өгсөн.

2024 оны 12 сарын 20-ны өдөр Баянхонгор сумын засаг дарга *******ад Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилуулах хүсэлтийг гаргасан. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын 2024 оны 12 сарын 27-ны өдрийн 1/547 дугаар албан бичгээр татгалзсан. 

2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилуулах хүсэлт гаргасан. 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 06 дугаар албан бичгээр өргөдөл шийдвэрлэх боломжгүй гэх хариу өгсөн.

Нэхэмжлэгч үүнийг эс зөвшөөрч 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие *******гийн нь 2007 онд төрийн албаны шалгалтад орж тэнцэн 2009 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байгаад. 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянхонгор аймагт зохион байгуулагдсан төрийн албаны тусгай шалгалтад /аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Зохион байгуулалт, олон нийттэй харилцах хэлтсийн дарга”-ын сул орон тоонд/ орж тэнцсэн. Баянхонгор аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 27 дугаар тогтоолоор дээрх албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлсэн. Үүнээс хойш тухайн албан тушаалд томилогдож чадалгүй Төрийн албаны төв болон салбар зөвлөл, томилох эрх бүхий албан тушаалтанд удаа дараа өргөдөл, гомдол гаргаж явсаар 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Зохион байгуулалт, олон нийттэй харилцах хэлтсийн дарга”-ын албан тушаалд томилогдсон ба төрийн албанд 16 дахь жилдээ төрийн захиргааны удирдах албан тушаалд хуулийн дагуу томилогдон ажиллаж байна.

Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлөөс /“Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 21.2 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам"-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа Төрийн албаны Баянхонгор аймаг дахь Салбар зөвлөлд ирүүлэхийг урьж байна.”/ гэсэн зарыг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 17:00 цагт /Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын цахим хуудас /Bayankhongor.gov.mn/-т нийтэлсэн байсан.

Тус зарын дагуу Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд шилжин ажиллахаар холбогдох материалуудыг бүрдүүлэн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 16 цаг 20 минутад аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ******* /Аймгийн Хууль, эрх зүйн хэлтсийн дарга/-т хүлээлгэн өгсөн.

Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлөөс Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 39 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам”-ын  /3.5.4 албан тушаалын сул орон тоонд зохих журмын дагуу нэр дэвшүүлэх”/ гэсэн заалтын дагуу миний бүрдүүлж өгсөн материалуудыг хянаад тухайн албан тушаалын болзлыг хангасан гэж үзээд хууль, журмын дагуу санал болгосон/нэр дэвшүүлэн албан бичиг, холбогдох шийдвэрийн дагуу хүргүүлсэн тул Баянхонгор сумын Засаг дарга ******* дээрх хүсэлтийн хариуг иргэн ******* танаа гэж хариуг ирүүлсэн гэж ойлгосон тул сумын Засаг даргын 2024.10.30-ны өдрийн 1/458 дугаар албан бичгийг/орой 19 цагийн үед жижүүрээс нь очиж авсан. Тус албан бичигт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны Зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 34/31 дүгээр тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 2.3 дахь заалтын дагуу уг албан тушаалд томилохоос татгалзаж байна” гэж сумын Засаг даргын өгсөн хариу нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйл 44.1.Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно.

Тайлбар: Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц төвөгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно./, “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 2.3-д Тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно.” зохицуулалтад хамааруулж тухайн албан тушаалын сул орон тоонд томилохоос татгалзсан нь Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.5, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.2, 27.3, 31 дүгээр зүйлийн 31.4, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх, болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтуудын зөрчсөн байна гэж үзээд энэ тухай гомдлоо Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлд 2024 оны 10 сарын 03-ны өдөр гаргасан.

Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч хоёрын зүгээс салбар зөвлөлд гаргасан гомдлоо төв зөвлөлд өөрөө давхар явуулаач гэж удаа дараа хэлж зөвлөсөн тул 2024 оны 10 сарын 03-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор дахь салбар зөвлөлд гаргасан гомдлыг Төрийн албаны төв зөвлөлийн даргын нэр дээр хаяглан 11 дүгээр сарын 13-ны өдөр шуудангаар явуулсан.

Баянхонгор аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл нь 2024 оны 10 сарын 31-ний өдөр гаргасан гомдлыг хариуг ирүүлээгүй тул 2024 оны 12 сарын 20-ны өдөр гомдлын шийдвэрлэлтийн талаар хариуг холбогдох хууль тогтоомжийн дагуу ирүүлнэ үү гэсэн өргөдлийг өгсөн.

Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан хуралдаж Сумын Засаг даргаар ажиллаж байсан ******* нь сонгуулийн үр дүнгээр бүрэн эрхийн хугацаа нь дуусаж солигдсон тул 2024 оны 12 сарын 23-ны өдөр шинээр томилогдсон Баянхонгор сумын Засаг дарга /*******/-д холбогдох хууль, журмын дагуу Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилж өгнө үү” гэсэн өргөдөл гаргасан.

Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2024 оны 12 сарын 20-ны өдөр гаргасан гомдлын хариуг 2024 оны 12 сарын 25-ны өдрийн 188-р албан бичгээр “Төрийн албаны тухай хуулийн 75.1-д заасны дагуу шилжүүлэх гэсэн хэдий ч та ТАЗ-д тус асуудлаар өргөдөл гаргасан тул түүгээр шийдвэрлүүлэхийг хүсье” гэж хариу ирүүлсэн.

Баянхонгор сумын Засаг дарга *******ад 2024 оны 12 сарын 23-ны өдөр гаргасан өргөдлийн хариуг 2024 оны 12 сарын 31-ний өдөр хүлээн авсан ба сумын Засаг даргын 2024 оны 12 сарын 27-ны өдрийн 1/547 дугаар албан бичигт “Монгол Улсын Төрийн албаны зөвлөл болон Баянхонгор аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс уг асуудалтай холбоотой албан бичиг одоогоор ирээгүй болно. Иймд тус асуудлаар шийдвэр гаргах боломжгүй болно.” гэсэн хариуг ирүүлсэн.

Энэ хариутай холбогдуулан 2025 оны 01 сарын 07-ны өдөр Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдох хууль, журмын дагуу “Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд санал болгосон албан бичиг, шийдвэрийн хуулбарыг ирүүлж өгнө үү. Мөн хуулийн дагуу тус албан тушаалд томилуулж өгөхийг хүсье” гэсэн өргөдлийг өгсөн.

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргад хаяглан 2024.11.13-ны өдөр гаргасан гомдлыг хариуг 2025 оны 01 сарын 08-ны өдөр аймгийн Холбооны салбараас өөрт тань ТАЗ-өөс бичиг ирсэн байна, ирж авна уу? гэж ярьсан тул тэр өдрөө очиж авсан. Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 12 сарын 20-ны өдрийн 04/2652 дугаар албан бичгээр гомдлын хариуг ирүүлсэн. Тус албан бичигт Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйл /44 дүгээр зүйл.Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах/, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 34/31 дүгээр тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 2.1 дэх заалт, 2.3 дахь заалтаар хууль, журамд заасан шаардлага хангасан гэж үзэх боломжгүй. Харин та төрийн жинхэнэ албаны сул орон тоонд албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаж буй тохиолдолд төрийн албаны тусгай шалгалтад оролцох эрх нээлттэй болно.” гэсэн хариуг ирүүлсэн.

Баянхонгор аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлөөс 2025 оны 01 сарын 07-ны өдөр гаргасан өргөдлийн хариуг 2025 оны 01 сарын 16-ны өдрийн 06 тоот албан бичгээр ирүүлсэн. Тус албан бичигт “Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 12 дугаар зүйлийн 12.1-д заасны дагуу сонгон шалгаруулалт явуулсан тохиолдолд нэр дэвшүүлэх шийдвэр гаргах тул таны өргөдлийг шийдвэрлэх боломжгүй байна” гэжээ.

Дээрх нөхцөл байдлууд нь Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль, журмуудын дагуу төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаал эрхлэх эрхийг минь хангахаас татгалзаж, шийдвэрлэхгүй байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах;’’ зөрчиж байна. Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдолтой хууль, журмуудын дагуу Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоонд томилуулж өгнө үү.

*******- Баянхонгор аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн дарга, аймгийн ЗДТГ-ын дарга:

1. Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан ******* нь 2024 оны 4 дүгээр сард өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдсөн ба Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн /3.1.4."сул орон тоо" гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг;/ дагуу Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалыг сул орон тоог Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн /27.2.Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ./, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам"-ын 4 дүгээр зүйлийн /4.2.Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтан Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сул орон тоог олон нийтэд мэдээлэх, төрийн жинхэнэ албан хаагч төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллах боломжийг хангах үүднээс уг албан тушаалд ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдын хүрээнд 5-аас доошгүй хоногийн хугацаанд Зөвлөлийн цахим хуудас, Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо цахим системээр мэдээлнэ. Төрийн жинхэнэ албан хаагч тухайн албан тушаалын тусгай шаардлагыг хангаж буй тохиолдолд адил төрлийн албан тушаалын адил ангилалд шилжүүлэн ажиллуулахдаа тусгай шалгалтгүйгээр шууд томилно./, (Төрийн жинхэнэ албан хаагчдаас тухайн орон тоо нөхөгдөөгүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2 дахь заалт, 33.3 дахь хэсэгт заасны дагуу тусгай шалгалтаар нөхөх ажиллагаа хийгдэнэ.) гэсэн зарыг хууль, журмын дагуу Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлөөс 2024.10.25-ны өдрийн 17:00 цагт Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын цахим хуудас /bayankhongor.gov.mn/-т нийтэлсэн байж тус зарын дагуу материал бүрдүүлэн өгсөн төрийн албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.5, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.3, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх, болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 39 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам”-ын /3.5.4 албан тушаалын сул орон тоонд зохих журмын дагуу нэр дэвшүүлэх”/ зэрэг хууль, журмуудын холбогдох заалтуудын дагуу шийдвэрлээгүй. Гомдол гарган шийдвэрлүүлэхээр удаа дараа хандсан боловч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу хариуг ирүүлээгүй, шийдвэрлээгүй, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоонд санал болгох/нэр дэвшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулаагүй. /Энэ тухай 2025.01.07-ны өдөр гаргасан өргөдлийн хариуг авч мэдсэн./

2. Иргэн миний Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь заалтын дагуу 2024:10:31-ний өдөр Төрийн албаны салбар зөвлөлд хандан гаргасан гомдлыг Төрийн албаны тухай хууль болон Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу Монгол Улсын Төрийн албаны Төв зөвлөлд шилжүүлэх /хэрэв 2024.10.31-ний өдрийн гомдлыг Баянхонгор аймаг дахь Салбар зөвлөлөөс Төрийн албаны төв зөвлөлд шилжүүлсэн бол Төрийн албаны төв зөвлөлөөс ирүүлсэн 2024.12.20-ны 04/2652 дугаар албан бичгийн хариу өөр байх боломжтой байсан./ арга хэмжээг зохион байгуулаагүй.

Баянхонгор аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл нь сул орон тоонд зарын дагуу бүрдүүлж өгсөн материалыг Баянхонгор сумын Засаг даргад хүргүүлэхдээ санал болгосон/нэр дэвшүүлсэн шийдвэр, албан бичиг дагалдуулсан эсэх нь тодорхойгүй. 2025оны 1 сарын 07-ны өдөр гаргасан өргөдөлд ирүүлсэн хариу нь хууль, журмаар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй. 2024 оны 10 сарын 30-ны өдрөөс хойш одоог хүртэл Баянхонгор сумын ЗДТГ-ын даргын сул орон тоонд санал болгох/нэр дэвшүүлэх ямар нэг арга хэмжээ авч ажиллаагүй байх тул Төрийн захиргааны удирдах албан тушаалын ахлах түшмэлийн ангилалд ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагч ******* намайг Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоонд тусгай шалгалтгүйгээр шууд томилуулах асуудлыг Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль, журмуудын дагуу зохион байгуулахыг Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймгийн салбар зөвлөл /*******/-д үүрэг болгон хууль, журмуудын дагуу арга хэмжээ авч өгнө үү.

*******- Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг дарга:

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл “Төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох”, 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө:”, 27.1.1-д “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс;”, 27.3-д “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно. Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно.” Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх, болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтан Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сул орон тоог олон нийтэд мэдээлэх, төрийн жинхэнэ албан хаагч төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллах боломжийг хангах үүднээс уг албан тушаалд ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдын хүрээнд 5-аас доошгүй хоногийн хугацаанд Зөвлөлийн цахим хуудас, Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо цахим системээр мэдээлнэ. Төрийн жинхэнэ албан хаагч тухайн албан тушаалын тусгай шаардлагыг хангаж буй тохиолдолд адил төрлийн албан тушаалын адил ангилалд шилжүүлэн ажиллуулахдаа тусгай шалгалтгүйгээр шууд томилно.” гэсэн заалтын дагуу Төрийн захиргааны удирдах албан тушаалын ахлах түшмэлийн ангилалд ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагч ******* намайг Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоонд тусгай шалгалтгүйгээр шууд томилж өгнө үү.” гэжээ.

4. Хариуцагч Төрийн албаны салбар зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ЗДТГ-ын даргын сул орон тооны зарыг Баянхонгор сумын Засаг даргаас ирүүлснийг Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан журмын хүрээнд нийтэд зарласан.Тус сул орон тооны шилжих зарын хугацаа дуусахад Баянхонгор сумын Засаг даргаас сул орон тоо нөхөгдсөн талаар албан бичгээр мэдээлэл ирээгүй. Харин ******* дээрх асуудалтай холбоотойгоор гомдол гаргаж байгаа талаар  Салбар зөвлөлд хандсаны дагуу сонгон шалгаруулалтын бүртгэлийн зараас хасуулах талаар Төрийн албаны зөвлөлд мэдээлэл өгсөн.

Сул орон тоог нөхөх тусгай шалгалт одоог хүртэл зарлагдаагүй байгаа бөгөөд Төрийн албаны салбар зөвлөл “Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоол-оор батлагдсан журмын хүрээнд *******ийг тус албан тушаалд нэр дэвшүүлэх тогтоол гаргах эрхгүй болно.

Иймд нэхэмжлэлийн Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлийн даргад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

5. Хариуцагч Баянхонгор сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:   Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын дарга (төсвийн шууд захирагч)-ын сул орон тооны тусгай шалгалт зарлуулах хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1/446 дугаар албан бичгээр Баянхонгор аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн.

Уг хүсэлтийн дагуу Баянхонгор аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс /Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа Төрийн албаны Баянхонгор аймаг дахь Салбар зөвлөлд ирүүлэхийг урьж байна”/ гэсэн зарыг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр /Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын цахим хуудаст нийтэлсэн байсан.

Нэхэмжлэгч *******гийн нь хууль, холбогдох журмын дагуу материалаа 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн. Холбогдох материалтай танилцан тухайн үед ажиллаж байсан Баянхонгор сумын Засаг дарга Гришийн Энхбаяр нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/458 дугаар албан бичгээр хүсэлтийн хариуг хүргүүлсэн.       

Тус албан бичигт Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны Зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 34/31 дүгээр тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 2.3 дахь заалтын дагуу албан тушаалд томилохоос татгалзаж, тусгай шалгалтад оролцох эрх нээлттэй болохыг мэдэгдсэн.

Мөн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч *******гийн нь Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилж өгнө үү гэсэн утгатай өргөдөл ирүүлсэн. Өргөдлийн хариуг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1/547 дугаар тоот албан бичгээр “Уг асуудалтай холбоотой албан бичиг Монгол Улсын Төрийн албаны зөвлөл болон аймгийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлөөс ямар нэгэн албан бичиг ирээгүй тул шийдвэр гаргах боломжгүй” гэсэн утга бүхий хариуг хүргүүлсэн.

Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно”, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны Зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 34/31 дүгээр тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 2.1 дэх заалтад “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцон төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно.”, 2.3 дахь заалтад “Тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно.” гэж тус тус заасан.

 Иймд байгууллагын удирдлагууд харилцан тохиролцож, зөвшөөрсөн тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх хөдөлмөрийн харилцаа үүсэх хууль, эрх зүйн зохицуулалттай.

Иймд нэхэмжлэгч Хараат овогтой *******гийн таныг тухайн албан тушаалд томилохоос татгалзаж байгаа бөгөөд төрийн албаны тусгай шалгалтад оролцох эрх тань нээлттэй болохыг мэдэгдье.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* тус шүүхэд хандан Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөл, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг дарга нарт холбогдуулан “Албан тушаалын сул орон тоонд зохих журмын дагуу нэр дэвшүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоонд нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлд даалгах,  Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоонд хууль, журмын дагуу томилохыг Баянхонгор сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгчийн Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлд холбогдуулан гаргасан “Албан тушаалын сул орон тоонд зохих журмын дагуу нэр дэвшүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоонд нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлд даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий  хэргийг  хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзаж,

“Баянхонгор сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоонд хууль, журмын дагуу томилохыг Баянхонгор сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. “Албан тушаалын сул орон тоонд зохих журмын дагуу нэр дэвшүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоонд нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлд даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа: ******* би Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлөөс “Баянхонгор аймгийн төрийн захиргааны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын 3 сул орон тоог шилжүүлэх, сэлгэх зар”-ын дагуу  Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоонд томилуулахаар хүсэлт гаргасан. Энэ зар дээр шилжин ажиллах  хүсэлтийг Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлд ирүүлнэ гэсэн байсан. Тийм учраас энэ хүсэлтийг  Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлд өгсөн. Миний материал ямар замаар яаж Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газарт очсоныг би мэдэхгүй байна. 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын 1/458 дугаар албан бичгээр тус албан тушаалд томилохоос татгалзсан. Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлөөс миний шилжих хүсэлтийг ямар бичиг баримтаар хүргүүлсэн эсэхийг  мэдэхгүй  байна.  Үүний дараа Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 188 дугаар албан бичгээр хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан хариуг тус тус өгсөн.

Мөн Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргад хаяглан 2024 оны 11 сарын 13-ны өдөр гаргасан гомдлыг хариуг 2025 оны 01 сарын 08-ны өдөр аймгийн холбооны салбараас өөрт тань ТАЗ-өөс бичиг ирсэн байна, ирж авна уу? гэж ярьсан тул тэр өдрөө очиж авсан. Төрийн албаны зөвлөлийн 2024.12.20-ны өдрийн 04/2652 дугаар албан бичгээр гомдлын хариуг ирүүлсэн. Тус албан бичигт Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйл /44 дүгээр зүйл.Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах/, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 34/31 дүгээр тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 2.1 дэх заалт, 2.3 дахь заалтаар хууль, журамд заасан шаардлага хангасан гэж үзэх боломжгүй. Харин та төрийн жинхэнэ албаны сул орон тоонд албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаж буй тохиолдолд төрийн албаны тусгай шалгалтад оролцох эрх нээлттэй болно.” гэсэн хариуг ирүүлсэн.

Баянхонгор аймаг дахь төрийн албаны салбар зөвлөл  нь ,,, хууль журмын  дагуу миний нэрийг дэвшүүлэх ёстой байсан . Гэтэл уг албан тушаалд  миний нэрийг огт дэвшүүлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэж байна. Хэрвээ миний нэрийг дэвшүүлсэн бол би өнөөдөр уг албан тушаалд томилогдон ажиллаж байх байсан. Ийм учраас нэр дэвшүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг  тогтоож, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоонд нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлд даалгаж өгнө үү гэв.

1.2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албанаас зарласан сул орон тоонд сонгон шалгаруулалтад орж тэнцэн хамгийн өндөр оноо авсан бол хуулийн дагуу уг этгээдийн нэрийг нь дэвшүүлэх эрхтэй учраас  нэр дэвшүүлэх тогтоол гаргаж хүргүүлдэг. Харин энэ тохиолдол  өөр ажиллагаа юм. Манай  байгууллага  шилжин ажиллах журмаараа зарласан зарын дагуу ирүүлсэн материалыг зар ирүүлсэн байгууллагад нь хүргүүлдэг. *******ийн ирүүлсэн материалыг манай байгууллага хүлээн авсан эсэхийг санахгүй байна. Зарыг цахимаар байршуулсан, хамгийн сүүлийн хуудсанд зар ирүүлсэн байгууллага өөрөө хүлээн авна гээд холбоо барих утасны дугаарыг нь бичсэн. Тухайн үед зар тавьсан байгууллагад хэлсэн. Энэ материалуудыг танай байгууллагад хүргүүллээ гэсэн албан бичиг Баянхонгор сумын засаг даргад хүргүүлээгүй. Нэхэмжлэгчийн зарын дагуу ирүүлсэн материал Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газарт хэрхэн хүрснийг санахгүй байна. Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлд шилжин ажиллах хүсэлтийг шийдвэрлэх эрх байхгүй. Зар  байршуулсан байгууллагын  томилох эрх бүхий этгээд нь хүсэлтийг шийдвэрлэх эрхтэй. Манай байгууллага бол зарыг байршуулах л эрх хэмжээтэй . Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

1.3.Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “"сул орон тоо" гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг” хэлнэ гэж заасан бөгөөд маргаж буй албан тушаал нь сул орон тоо гэдэгт хэргийн оролцогч нар маргаагүй.

Уг сул орон тоог нөхөхийн тулд Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газраас шилжин болон сэлгэн ажиллуулах хүсэлтэй иргэдийг материалаа ирүүлэх зар байршуулах хүсэлтийг Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлд ирүүлсэн. Энэ хүсэлтийн дагуу Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөл үүргээ биелүүлж зар байршуулсан, тус албан тушаалын сонгон шалгаруулалт явагдаагүй гэдэгт хэргийн оролцогч нар маргаагүй.

Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлийн байршуулсан зарын дагуу ирүүлсэн материалыг тус байгууллагад хүргүүлэх үүрэг хүлээсэн байна гэж үзлээ.

Хэдийгээр нэхэмжлэгчийн материалыг хэрхэн хүргүүлснээ хариуцагч тайлбарлаж чадахгүй байгаа боловч ямар нэгэн эрхийн акт гаргаж хүргүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Мөн шилжин болон сэлгэн ажиллах зарын дагуу хүсэлт гаргасан этгээдийг Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөл нэр дэвшүүлэх эрхгүй бөгөөд дээрх байгууллагын эрх хэмжээний асуудал биш юм.

Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөл, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн шилжин болон сэлгэн ажиллах хүсэлтэй иргэдийг материалаа ирүүлэх зарыг үүргээ биелүүлж, байршуулсан байх бөгөөд  нэр дэвшүүлэх үүрэг хүлээхгүй болно. Уг зар нь материал ирүүлэх санал буюу үр дагавар үүсгээгүй, нэг удаагийн захирамжилсан шинжийг агуулаагүй байх тул хариуцагчид албан тушаалын сул орон тоонд зохих журмын дагуу нэр дэвшүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоонд нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлд даалгах боломжгүй болно.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан  “Албан тушаалын сул орон тоонд зохих журмын дагуу нэр дэвшүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоонд нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн  54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

2. “Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоонд хууль, журмын дагуу томилохыг Баянхонгор сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1. Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан тайлбартаа:  Зарын дагуу хүргүүлсэн миний шилжин ажиллах хүсэлт болон холбогдох материалын хариуг  2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын 1/458 дугаар албан бичгээр тус албан тушаалд томилохоос татгалзаж байна гэж ирүүлсэн. Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан. Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 188 дугаар албан бичгээр хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан хариуг тус тус өгсөн.

 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлд Баянхонгор сумын Засаг даргын “албан тушаалд томилохоос татгалзсан нь үндэслэлгүй тул холбогдох хууль, журмын дагуу хэрэгжилтийг хангуулах”-аар гомдол гаргасан. Мөн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Төрийн албаны салбар зөвлөлийн дарга *******д Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд шилжин томилуулах хүсэлт гаргасан. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 04/2652 дугаар албан бичгээр татгалзсан хариу өгсөн.

 2024 оны 12 сарын 20-ны өдөр Баянхонгор сумын засаг дарга *******ад Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилуулах хүсэлтийг гаргасан. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын 2024 оны 12 сарын 27-ны өдрийн 1/547 дугаар албан бичгээр татгалзсан. 

2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилуулах хүсэлт гаргасан. 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 06 дугаар албан бичгээр өргөдөл шийдвэрлэх боломжгүй гэх хариу өгсөн. Баянхонгор сумын Засаг даргын дээрх татгалзлууд нь бүгд хууль бус.  Иймд Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоонд хууль, журмын дагуу томилохыг Баянхонгор сумын Засаг даргад даалгаж өгнө үү гэв.

2.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно”, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны Зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 34/31 дүгээр тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 2.1 дэх заалтад “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцон төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно.”, 2.3 дахь заалтад “Тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно.” гэж тус тус заасан. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

2.3 Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасан байна. Уг заалтад:

-Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэх,

-Төрийн албан хаагчтай тохиролцох,

-Тухай байгууллагад 10 ба түүнээс дээш нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар томилох,

-Төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно гэсэн шаардлагуудыг тавьжээ. Эдгээр шаардлагуудаас:

а. Албан ажлын зайлшгүй шаардлагын тухайд:

Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын сул орон тоо нь зайлшгүй нөхөгдөх шаардлагатай албан тушаал гэж үзлээ.

б. Төрийн албан хаагчтай тохиролцох шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч ******* нь Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Зохион байгуулалт олон нийттэй харилцах хэлтсийн дарга ажилтай буюу төрийн албан хаагч бөгөөд Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлд материалаа ирүүлсэн байх тул төрийн албан хаагч уг албан тушаалд ажиллахыг зөвшөөрсөн байна гэж үзлээ.

в. Тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар ажиллуулж болно гэсэн шаардлагын тухайд:

Тус шаардлага нь нэхэмжлэгчийн шаардлагад хамааралгүй байна. Учир энэ хуулийн шаардлага нь нэг байгууллагад 10 ба түүнээс дээш жил ажилласан албан хаагч өөр байгууллагад шилжихгүйгээр тухайн байгууллагадаа өөр албан тушаалд шилжин ажиллахад хэрэглэгдэх зохицуулалт болно. Гэтэл нэхэмжлэгч ******* нь Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Зохион байгуулалт олон нийттэй харилцах хэлтсийн даргын албан тушаалаас Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдох хүсэлт гаргасан байна.

г. Төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно гэх шаардлагын тухайд:

Энэ нь нэхэмжлэгчид тавигдах чухал хуулийн шаардлага бөгөөд шилжин ажиллуулах асуудлыг хоёр байгууллагын удирдлагын хооронд тохиролцоогүй, Баянхонгор сумын засаг дарга уг албан тушаалд нэхэмжлэгч *******ийг томилохоос татгалзсан байх тул Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэсэн хуулийн шаардлага хангагдаагүй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

          1.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн “Албан тушаалын сул орон тоонд зохих журмын дагуу нэр дэвшүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоонд нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлд даалгах” шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.    

2. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн “Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоонд хууль, журмын дагуу томилохыг Баянхонгор сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 С.САЙНБИЛЭГ