Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 320/ШШ2025/00484

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 320/ШШ2025/00484

Хөвсгөл аймаг

 

                        Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Ч.О

Хариуцагч: Д.Ц

Барааны үлдэгдэл үнэ 438,000 (дөрвөн зуун гучин найман мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 320/2025/00537/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч  Ч.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 438,000 төгрөг. Энэ дүнд: Үндсэн төлбөр 438,000 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 2023 оны 11 дүгээр сар. Гэрээний дүн: 809,000 төгрөг. Гэрээний зүйлийг хүлээлцсэн огноо: тухай бүр. Миний бие Ч.О нь Хөвсгөл аймгийн Мөрөн суманд бэлэн хувцас зардаг. Өөрийн танил, итгэл даахуйц хүмүүстээ зээлээр хувцас зардаг. Тэдний нэг эртний танил эгч болох Д.Ц- нь надаас зээлээр бэлэн хувцас авч, дараа нь мөнгийг төлөөд, дахин хувцас зээлэх гэх мэтээр бид харилцан итгэлцпийн үндсэн дээр явдаг байсан. Д.Ц- эгч надаас 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хооронд нийт 809,000 төгрөгийн үнэ бүхий эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн бэлэн хувцсыг зээлээр авсан. Тухайн үедээ цагаан сарын дараа өгье гэж хэлээд авсан ба 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 577,000 төгрөгийг төлөөд 206,000 төгрөгийн бэлэн хувцас нэмж авснаас хойш огт хувцасны мөнгөө өгөөгүй. Зээлээр зарсан хувцасныхаа мөнгийг авъя гэхээр бага багаар хугацааг нь хойшлуулж, дараа сард өгье, энэ сарыг өнгөрөөчихъе гэх мэтээр хойшлуулж явсаар өдийг хүрлээ.

Иймд Д.Ц-гээс бэлэн хувцасны үлдэгдэл үнэ болох 438,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-5 дахь тал)

2.  Хариуцагч Д.Ц- шүүхэд гаргасан тайлбартаа: Би Ч.О-ээс 438,000 төгрөгийн бараа авсан. Төлж чадаагүй байна. Нэхэмжилж байгаа 438,000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 15 дахь) 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Ч.Онь хариуцагч Д.Ц-д холбогдуулан барааны үлдэгдэл үнэ 438,000 (дөрвөн зуун гучин найман мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.    

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Онэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ...Ч.О-ээс 438,000 төгрөгийн бараа авсан. Төлж чадаагүй байна. Нэхэмжилж байгаа 438,000 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Ч.Онэхэмжлэлийн шаардлага  438,000 (дөрвөн зуун гучин найман мянга) төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,790 төгрөгийн тал хувь болох 6,895 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Ц-гээс улсын тэмдэгтийн хураамж 6,895 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.О-ийн нэхэмжилсэн барааны үлдэгдэл үнэ 438,000 (дөрвөн зуун гучин найман мянга) төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаар хариуцагч Д.Ц- хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,790 төгрөгөөс 6,895 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Ц-гээс улсын тэмдэгтийн хураамж 6,895 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч Ч.О-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

           

 

 

ШҮҮГЧ                              Б.ОТГОНБЯМБА