| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 102/2020/00810/И |
| Дугаар | 210/МА2021/00598 |
| Огноо | 2021-04-02 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2021/00598
| 2021 оны 04 сарын 02 өдөр | Дугаар 210/МА2021/00598 |
Н.Нын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2021/00180 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Н.Нын хариуцагч Х ХХК-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 3 335 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Билэгсайхан, хариуцагчийн төлөөлөгч С.Дүүриймаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа, Ч.Батжаргал, хариуцагчийн өмгөөлөгч П.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгч Н.Нын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Н.Н нь 2015 оны 03 сарын 04-ний өдөр Х оношилгооны төвд, 2016 оны 1 сарын 04-ний өдөр Элэгний төвд, 2016 оны 4 сарын 01-ний өдөр Элэгний төвд, 2016 оны 4 сарын 02-ны өдөр Сонгдо эмнэлэгт хепатитийн С вирусийн РНХ тоолох шинжилгээ хийлгэсэн ба вирус тоологдоогүй гэсэн хариунууд гарсан. Харин 2016 оны 8 сарын 13-ны өдөр Х оношилгооны төвд хепатитийн С вирусийн РНХ тоолох шинжилгээ өгөхөд С вирусийн РНХ илэрсэн. Хепатитийн С вирусийн РНХ тоологдсон тул 2016 оны 8 сарын 18-ны өдөр элэгний хатуурал үүссэн эсэхийг шалгах багц шинжилгээ өгөхөд эрүүл гэсэн хариу авсан. Ингээд эмчийн жорын дагуу хепатитийн С вирусийн эмчилгээнд нийт 2 727 600 төгрөгийн үнэ бүхий эмийг 3 сар уусан. 3 сарын дараа 2016 оны 11 сарын 25, 28-ны өдөр Элэгний төвд шинжилгээ өгсөн. Мөн Элэгний төвөөс хийдэггүй зарим шинжилгээг Юү Би нэгдсэн төв лабораторид 2016 оны 11 сарын 24, 29, 12 сарын 01-ний өдөр тус тус өгсөн. Гэвч тус шинжилгээний хариунууд бүгд элэг эрүүл гарч ялангуяа Элэгний төвөөс 11 сарын 25, 28-ны өдөр авсан хариунд хепатитийн С вирусгүй гэж гарсан. Элэгний төвийн эмч эрүүл хүн С вирус устгах эмийг 3 сар хэрэглэсэн учраас биед ямар нэгэн сөрөг үр дагавар үүссэн байж болзошгүй гэсэн тул 2017 оны 03 сарын 27-ны өдөр УБ Сонгдо эмнэлэгт ходоодны дуранд харуулахад ходоодны зарим хэсэг улайсан гэсэн. Х төвд 2016 оны 4 сард шинжилгээ өгөхөд элэгний С вирусгүй гэж байсан. Улаанбаатар Сонгдо эмнэлэгт өгсөн 3 шинжилгээний хариуны аль алинд нь PCR not detectable, анти боди асуудалгүй гэсэн. Эрүүл мэндийн яамны зааварчилгаагаар анти боди илрэх юм бол заавал PCR шинжилгээгээр вирусийг тоолох ёстой. Х төв нь Улаанбаатар Сонгдо эмнэлэгт өгсөн шинжилгээнд анти боди байна, энэ нь элэгний С вирустэй гэсэн үг тийм учраас 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн шинжилгээний хариу зөв гэж тайлбарлаж байна. Үнэхээр хариуцагчийн хэлж байгаагаар 2016 оны 8 сард элэгний С вирусийг тоолж гаргаад, харвони эмийг 3 сар уугаад, 2016 оны 11 сард тоологдоогүй бол PCR шинжилгээгээр Улаанбаатар Сонгдо эмнэлэгтэй адилхан анти боди байна, элэгний С вирус устсан байна гэдэг хариу гарах ёстой байсан. Х төвийн ашигладаг ABI 7000 тоног төхөөрөмжийн хувьд уг аппарат нь клиникийн оношилгоонд хэрэглэгддэг өөрөөр хэлбэл PCR шинжилгээ хийж вирус тоолох чадвартай аппарат эсэхийг тогтоолгохоор Монголын лабораториудын нэгдсэн сүлжээ ТББ-ыг шинжээчээр томилоход уг аппаратыг хэрэглэхийг хориглоно гэсэн дүгнэлт гарсан. Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн нотлох баримтад ABI 7000 аппарат нь клиникийн оношлогоонд ашиглахыг хориглоно гэсэн байдаг. Хариуцагч нь клиникийн оношилгоонд ашиглахыг хориглосон аппаратаар худал шинжилгээний хариу гаргасны улмаас эмчилгээний болон бусад зардалд 3 335 600 төгрөг зарцуулсан. Хохирол нь тодорхой мөнгөн дүнгээр тогтоогдож байна. Иймд уг хохирлыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х ХХК болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нь анх 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр лабораторид, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр элэгний төвд, 2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар Сонгдо эмнэлэгт элэгний С вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээ тус тус хийлгэхэд идэвхижилгүй гэж гарсан боловч 2016 оны 04 сарын 02-ны өдрийн УБ Сонгдо эмнэлгийн шинжилгээгээр HCV-Ab 37.42 буюу эерэг гарсан байгаа нь С вирусын халдвартай байсныг нотолж байна. Энэ үед Н.Нын элэгний үйл ажиллагаа хэвийн байсан. Үүнээс хойш Н.Н нь 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр манай лабораторид элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийлгэхэд РНХ 1308824 IU/ml, элэгний үйл ажиллагааны үндсэн үзүүлэлт АЛАТ 52.7 гарч, хэвийн хэмжээнээс өндөр байсан нь С вирусын эсрэг эмчилгээ хийх заалтад нийцэж байна. 2016 оны 08 сарын 19-ний өдөр С вирусын эсрэг эмчилгээнд орохын тулд ЭМЯС-ын 2016 оны 196 тоот тушаалаар батлагдсан Гепатитын С вирусын илрүүлэг, оношилгоо, эмчилгээний зааврын дагуу С вирусын идэвхжил тодорхойлох, цусны дэлгэрэнгүй, цусны бүлэгнэлтийн, бөөрний түүндгэрцрийн шүүлтийн хурд тодорхойлох, сахарын нарийвчилсан, бамбайн гормоны эмчилгээ, биохимийн, элэгний хавдрын маркерийн шинжилгээгээр Н.Нын С вирус идэвхжсэн, эсвэл С вирусын халдвар шинээр дахин авсан болох нь тогтоогдсон. Тухайн үед Н.Н нь Х эмнэлгийн дотрын зөвлөх эмч Н.Чойжамцыг эмчлэгч эмчээр сонгосон ба эмчийн зөвлөмжийн дагуу элэгний С вирусийн эсрэг эм уусан боловч эмчилгээний явцад болон дараа эмчийн хяналтад ирээгүй. Н.Нын 2016 оны 11 сарын 26-ны өдөр Элэгний төвд хийлгэсэн шинжилгээгээр С вирусын идэвхжил дарагдаж С вирусын HCV-Ab сөрөг гарсан нь вирусын эсрэг эмчилгээ өндөр үр дүнтэй болсныг илтгэсэн. Н.Н нь элэгний вирусын халдвартай гэдгээ сайн мэддэг, нэр бүхий лабораториудад шинжилгээ өгч, С вирус идэвхжиж байгаа эсэхийг байнга хянадаг байсан. Н.Н нь хариуцагч байгууллагад хандан С вирус байгаа эсэхийг тодруулахаар шинжилгээ өгсний дагуу хариуцагч шинжилгээг хийсэн. Монгол улсын хэмжээнд Эрүүл мэндийн даатгалын газар, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, мэргэжлийн бүх байгууллага нь хариуцагч компанийн үйл ажиллагааг хангалттай гэдгийг тогтоосон бөгөөд Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс ирүүлсэн баримтаар ABI7000 төхөөрөмжийг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл Элэгний төвийг үүсгэн байгуулагч Н.Наранбаатар болон Оном сан нь удаа дараа янз бүрийн мэдэгдлүүд хийж Х ХХК-ийн эрх зүйн байдлыг дордуулж байдаг. Монголын лабораторийн нэгдсэн сүлжээ ТББ нь мөн Н.Наранбаатар гэх хүнийх. Шинжээчийн дүгнэлт гаргасан Н.Наранбаатар нь нотлох баримтаар ЭМД-аас гаргаж өгсөн 2019 оны А/90 тоот тушаалаар Х ХХК-д шалгалт хийх бүрэлдэхүүнд дэд даргаар оролцсон. Төрийн хяналт шалгалтын бүрэлдэхүүнд хувийн хэвшлийн этгээд ажиллаж Х ХХК-ийн санхүүг нэг бүрчлэн, үйл ажиллагаа хэрхэн явагддаг зэргийг бүгдийг нь шалгах эрхтэй талаар гомдол гаргасны дагуу шалгалтын бүрэлдэхүүнийг сольж, Н.Наранбаатар гэдэг хүн Эрүүл мэндийн даатгалын газраас хийгдэх бүх лабораториудыг шалгах ажиллагаанаас хасагдсан.
Элэгний төвөөр хийлгэсэн шинжилгээний хариунд Н.Одгэрэл, шүүхэд ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд Н.Одгэрэл гэж хүн гарын үсэг зурсан байдаг. Шинжээчийн дүгнэлт гаргаж байгаа хүн Элэгний төвөөс гаргасан Н.Нын шинжилгээний хариунд гарын үсэг зурсан. Улаанбаатар Сонгдо эмнэлгийн шинжилгээний хариунд энэ хүнийг элэгний C вирустэй гэж гарсан. Гэтэл өнөөдөр элэгний C вирусгүй байсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Монгол улсад үнэлэгддэг эмч хүн шинжилгээний хариуг уншиж өгсөн ба Улаанбаатар Сонгдо эмнэлэг уг шинжилгээний хариуг дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн. Гэм хорын хохирлын гэм буруутай нөхцөл байдал, шалтгаант холбоо, учирсан хохирол гэх энэ гурван зүйлийг хууль зүйн хувьд дүгнэх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцоогүй болно.
Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 3 335 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Нын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68 320 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Н.Нын C вирус хепатитийн РНХ тодорхойлох шинжилгээнд ашигласан Х ХХК-ийн ABI7000 аппарат нь судалгааны зориулалтаар ашиглагдах аппарат тул эмнэл зүйн оношилгоонд хэрэглэхийг хориглох талаар дурдсан дүгнэлт хэрэгт байхад анхан шатны шүүх үнэлээгүй. Монголын лабораторийн нэгдсэн сүлжээ ТББ-д Х ХХК-ийн болон ХӨСҮТ-ийн лаборатори нэгдсэн байдаг. Уг ТББ-аас 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан шинжээчийн дүгнэлтэд Энэхүү ABI7000 аппарат нь үйлдвэрлэгчийн тодорхойлолтын дагуу зөвхөн судалгаанд зориулсан төхөөрөмж юм., ABI7000 аппаратыг клиникийн оношилгоонд ашиглаж болохгүй, Нэгэнт эмнэл зүйн оношилгоонд хэрэглэхийг зөвшөөрөөгүй ABI7000 аппаратаар хийгдсэн шинжилгээний хариуг баталгаатай гэж үзэх үндэслэлгүй гэж заасан байна. Мөн хэрэгт авагдсан Монгол Улсын Эрүүл мэндийн яамны 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2/4590 дугаартай албан бичигт тухайн үед энэхүү аппаратыг бусад эмнэл зүйн лабораториуд хүний шинжилгээ хийхэд ашиглаж байсан тохиолдол байхгүй. АНУ-ын Applied Biosystems компанийн үйлдвэрлэсэн ABI7000 аппарат нь үйлдвэрлэгчийн тодорхойлсноор зөвхөн судалгааны зориулалтаар ашиглана гэсэн заалттай байдаг хэмээн дүгнэсэн. Тиймээс анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх шинжээчийн болон Эрүүл мэндийн яамны дүгнэлтийг үнэлээгүй харин ХӨСҮТ-өөс 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Х ХХК-д ABI7000 аппаратаар элэгний С вирусын нуклейн хүчил тодорхойлох шинжилгээ хийх зөвшөөрөл олгосон үйл баримтад илүү ач холбогдол өгсөн. Хэдийгээр хариуцагч нь ХӨСҮТ-өөс зөвшөөрөл авсан ч гэсэн лаборатори нь өөрийн ашиглах гэж буй аппаратын талаар бүрэн мэдээлэлтэй байх ёстой бөгөөд мэргэжлийн ёс зүйн хувьд эмнэл зүйн оношилгоонд зориулагдаагүй байсныг мэдсэн атлаа тухайн үед нарийвчилсан стандарт байгаагүй байдлыг далимдуулж зориулалтын бус үйл ажиллагаа явуулсан бол хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. С вирусын хепатит илэрсэн бол вирус устгах эмийг ууж вирус устгагдсан ч гэсэн эсрэг бие нь илрэх ёстой хэмээн гэрч Н.Чойжамц мэдүүлсэн. С вирусын эсрэг бие илэрсэн нь С вирусын халдвартайг нотлохгүй гэж тодорхойлсон. Мөн С вирусын эсрэг бие нь вирусын халдвар авахаас гадна бусад шалтгаанаар илрэх боломжтой талаар гэрч мэдүүлсэн. Эдгээрээс дүгнэхэд С вирусын эсрэг бие илэрсэн нь С вирусын халдвар авсныг нотлохгүй бөгөөд өөр шалтгаанаар илрэх боломжтой, мөн вирусын халдвар авсан бол эмчлэгдсэн ч гэсэн тоологдох ёстой. Харин нэхэмжлэгч нь 2016 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Сонгдо эмнэлэгт шинжилгээ өгөхөд С вирусын эсрэг бие тоологдсон буюу халдвар аваагүй байх боломжтой. 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Х оношилгооны төвд шинжилгээ өгөхөд С вирусын хепатит тоологдсон. Түүнээс хойш нэхэмжлэгч вирус устгах эмийг хэрэглэсэн. Гэвч 2016 оны 11 дүгээр сарын 26, 28-ны өдрүүдэд Элэгний төвд шинжилгээ өгөхөд С вирусын хепатит болон эсрэг бие тоологдоогүй. Х оношилгооны төвөөс шинжилгээ хийхэд хэрэглэсэн буюу клиникийн зориулалтаар хэрэглэхийг хориглосон аппаратын хариу алдаатай гарсан байж болзошгүй бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шинжилгээний хариунд С вирусын эсрэг бие илрээгүй нь үүнийг нотолж байгаа ба гэрчээс авсан мэдүүлэгтэй нийцэж байна. Анхан шатны шүүхээс хариуцагч Х ХХК-д ажилладаг гэрч Н.Чойжамц эмчийн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгосон бөгөөд шүүхээс хэргийг тал бүрээс бүрэн судлаагүйгээр шийдвэр гаргасан гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 3 335 600 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Талуудын хооронд үүссэн зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаа буюу гэм хорын хохирол арилгуулгах тухай нэхэмжлэлтэй хэрэг нь шүүгч дангаар хянан шийдвэрлэх эрх зүйн маргаанд хамаарахгүй тул хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.
Шүүхийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 66 дугаар зүйлийн 66.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт тус тус зааснаар хэргийг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гурав хүртэл иргэдийн төлөөлөгчийг оролцуулна.
Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/02 дугаар тушаалаар Н.Нын нэхэмжлэлтэй Х ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчөөр Ш.Баттөгс сонгогдсоныг баталсан байна. /3хх 248-250/
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т зааснаар хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэх үүрэгтэй. Хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон Ш.Баттөгсөд шүүх хуралдааны тов мэдэгдсэн эсэх баримт байхгүй байхад шүүх хуралдааныг иргэдийн төлөөлөгчийн эзгүйд явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасныг зөрчжээ. Тодруулбал, иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг хэзээ, хэрхэн мэдэгдсэн нь тодорхойгүй байхын зэрэгцээ иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирээгүй гэх баримт хэрэгт авагдаагүй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Х ХХК-д С вирус илрүүлэх шинжилгээ хийлгэхэд С вирус илэрч, улмаар эмчилгээ хийлгэсний дараа шинжилгээ өгөхөд эсрэг бие илрээгүй нь анхнаасаа С вирусгүй байсан гэсэн агуулгаар тайлбарлажээ. Талуудын хоорондын маргааны зүйл болох нэхэмжлэгч С вирусын халдвар аваагүй байхад хариуцагч байгууллага буруу оношлон, эмчилгээ хийлгэх заавар өгсөн эсэх үйл баримтыг тогтооход мэргэжлийн, хараат бус шинжээчийн дүгнэлт шаардлагатай байхад анхна шатны шүүх тодруулаагүй байна. Анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээч томилж, мэргэжлийн дүгнэлт гаргаснаар хэргийн үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгөх боломжтой.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3 дах заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2021/00180 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68 320 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР
ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ