Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 512

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: О.Бадмаараг;

улсын яллагч: Э.Халиун;

шүүгдэгч: Б.М (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Баатахүүгийн Мад холбогдох эрүүгийн 1709011130191 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эх Булаг” ХХК-д худалдагч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймаг Дархан 2 дугаар баг, Ширээ нуруу 15 дугаар гудамжны 6 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 54 дүгээр байрны 18 тоотод түр оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, ТА96031011 регистерийн дугаартай, Галзад овогт Баатархүүгийн М.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Б.М нь 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны эзэмшлийн Wincor 8050 /Винкор 8050/ нэршилтэй бэлэн мөнгөний машиныг хууль бусаар гэмтээсний улмаас 2.353.400 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ХААН банкны АТМ орсон юм. Миний виза картыг АТМ залгисан тул өшиглөж цохисон. Тэгээд гэртээ харьсан гэв.          

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Хүрэлбаатар /хх-ийн 6/, гэрч Э.Төрболд /хх-ийн 8/, Д.Эрдэнэ /хх-ийн 9/ нарын мэдүүлэг, Б.Төмөрчөдөрийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 7, 19/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12892 тоот дүгнэлт /хх-ийн 11/, Б.Төмөрчөдөрийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 20-28/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.М нь 2017 оны 09 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “ХААН” банкны эзэмшлийн Wincor 8050 /Винкор 8050/ нэршилтэй бэлэн мөнгөний машиныг хууль бусаар гэмтээж 2.353.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч М.Мөнхбаатарын /хх-ийн 14/: “... Манай “ХААН” банкны Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах автомат мөнгөний машинаа 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 04 цагийн үед эвдүүлж манай компанид хохирол учирсан. Гэвч манай компани уг автомат мөнгөний машины төлбөрийг даатгалын компаниас 100 хувь барагдуулж авсан тул манай компанид ямар нэгэн санал, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй болно...” гэх мэдүүлгээр,

 

иргэний нэхэмжлэгч Б.Шинэбаярын /хх-ийн 17/: “... 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “ХААН” банкнаас “Номин даатгал” ХХК-д ирүүлсэн албан бичигт “даатгалын нөхөн төлбөр олгуулах тухай” тусгасан байсан. Тус албан бичигт Сүхбаатар дүүргийн Сүхбаатар тооцооны төвд харъяатай Ленин клубын хойд талд байрлах Винкор 8050 АТМ машинд 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гадны нөлөөнөөс болж электрон тоног төхөөрөмжүүд эвдэрч гэмтэж даатгалын тохиолдол үүссэн тухай байсан. Уг төхөөрөмжүүдийн засварын зардал болох 2.353.400 төгрөгийг “ХААН” банкны дансанд шилжүүлж өгнө үү гэсэн албан бичгийг “Эй Ти Эм сервис Монголиа” ХХК-аас гаргасан үнэлгээний хамт “Номин даатгал” ХХК-д ирүүлсний дагуу “Номин даатгал” ХХК нь ажлын 7 хоногийн дотор “ХААН” банкны хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлгээр,

 

Б.Мын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 25/: “... Би тухайн үед найз нартайгаа муудалцаад гэр рүүгээ харих таксины мөнгө авах гээд АТМ ортол миний картыг залгиад уг АТМ-ыг цохиж өшиглөсөн...” гэх мэдүүлгээр болон эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 8/, “Эй Ти Эм сервес Монголиа” ХХК-ийн дүгнэлт /хх-ийн 19/,  камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч нь “виза карт залгисан” хэмээн уурлан бусдын  эд хөрөнгийг хууль бусар өшиглөж, цохисноо өөрөө хүлээсэн, шүүгдэгчийн дээрх үйлдийн улмаас “ХААН” банкны эд хөрөнгө гэмтэж бага хэмжээнээс дээш хохирол учирсныг эд зүйлийн үнэлгээ зэргээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Б.Мын “виза карт залгилаа” хэмээн “ХААН” банкны эд хөрөнгийг өшиглөн цохиж, хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Б.Мын “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.   

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.            

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

“ХААН” банкинд учирсан 2.353.400 төгрөгийн хохирлыг “Номин даатгал” ХХК нөхөн төлсөн байна. 

Шүүгдэгч Б.М нь иргэний нэхэмжлэгч “Номин даатгал” ХХК-д 2.353.400 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул дээрх 2.353.400 төгрөгийг шүүгдэгч Б.Маас гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх Б.Мын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хадгалахаар тогтов.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Галзад овогт Баатархүүгийн Мыг бусдын эд хөрөнгийг хууль бусар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мад оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг  дурьдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Маас 2.353.400 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Номин даатгал” ХХК-д олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.                   

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ