Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2023/ДШМ/42

 

 

 

  Ч.Аид холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам,  шүүгч Л.ЭрдэнэБ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Э.Уламбаяр,

Шүүгдэгч: Ч.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Л.Цогтбаяр,

Нарийн бичгийн дарга: Б.Баяржаргал нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/271 дүгээр шийтгэх тогтоолыг эс шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаярын гаргасан давж заалдах гомдлоор Ч.Аид холбогдох 2238002400575 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.ЭрдэнэБын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, “Бичээч” овогт Чийн А, .... оны .... дүгээр сарын ....-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эрх зүйч төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт ахлах мэргэжилтэн ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дугаар багийн ............тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /Регистрийн дугаар ................/.

Ч.А нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 6 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Замын цагдаагийн тасгийн зохицуулагч А.Б, С.Б нарын хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй гэж албаны “Киа рио” маркийн 1УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд шилийг чулуугаар хагалж гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/271 дүгээр шийтгэх тогтоолоор  шүүгдэгч “Бичээч” овогт Чийн Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Чийн Аийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Аид оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ч.Аид оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт шүүгдэгч Ч.А нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хагарсан шилний үйрмэг хэсэг, нэг талын гадаргуу нь гөлгөр, эсрэг тал барзгар гадаргуутай хар хөх өнгөтэй чулуу 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх Ч.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсныг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан.

Анхан шатны шүүх 2023 оны 01-р сарын 24-ны өдрийн 2023/ШЗ/77 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай захирамжаар “...2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хяналтын прокурорын тогтоолоор эрүүгийн 2238002400575 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж Ч.Аийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дахин шинжилгээ хийлгэх тогтоол үйлдэж, дахин хөрөнгийн үнэлгээ хийлгэх мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь ЭХХШТХ-ийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “тухайн хэргийг урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол магадлал хүчинтэй байгаа”  гэх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдолд хамаарч байна гэж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүхийн магадлалаар шүүгчийн захирамж хэвээр үлдсэн, одоо уг шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон. Хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт энэ талаар тусгагдсангүй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 16.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ” гэж заасан. Тэгэхээр анхан шатны шүүгчийн хүчин төгөлдөр захирамжаар ЭХХШТХууль зөрчиж үнэлгээ тогтоосон дараагийн баримт нотлох баримтын шаардлага хангахгүй, харин өмнө тогтоосон үнэлгээ тогтоосон баримт нь хэргийг шийдвэрлэхэд үндэслэл болгох гол баримт юм. Шүүгдэгч нь өөрөө анхан шатны шүүх хуралдаанд би гэм буруугаа хүлээж байгаа, харин дараагийн хууль зөрчиж цуглуулсан үнэлгээ тогтоосон баримтыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдүүлдэг. Шүүгч гэм буруугийн дүгнэлт гаргаж танилцуулахдаа хууль зөрчиж нотлох баримт цуглуулсан нь гэм буруугүйд тооцох үндэслэл болохгүйг тайлбарлан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж шүүхийн шийдвэртээ тусгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй.

3. Анхан шатны шүүх нь хавтаст хэрэгт авагдсан Чтиин Аийг гэм буруутайд тооцохдоо хагарсан гэх цонхонд үнэлгээ хийсэн 2 дахь баримт буюу шүүхэд үнэлэх боломжгүй нотлох баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож Ч.Аийг цагаатгаж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа:  “Шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо хагарсан гэх цонхонд үнэлгээ хийсэн 2 дахь баримт буюу шүүхэд үнэлэх боломжгүй нотлох баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ч.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 204 дугаартай яллах дүгнэлтээр Ч.А нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 6 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Замын цагдаагийн тасгийн зохицуулагч А.Б, С.Б нарын хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй гэж албаны “Киа рио” маркийн 1УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд шилийг чулуу шидэн хагалж гэмтээсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон” гэж дүгнэн Ч.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон байна.

Ч.А нь Эрүүгийн хуульд заасан дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Б, А.Б, иргэний нэхэмжпэгч Ч.Мөнх-Очир нарын нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 06- ны өдрийн ТХҮ-922/5136 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний тайлан, Цагдаагийн газрын нэгдсэн хайлтын системийн тээврийн хэрэгслийн мэдээллийн лавлагаа, Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 14в/867 дугаартай албан тоотын хуулбар, Хөвсгөл аймгийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад М.Бтулгын гаргасан Киа рио маркийн 1УАТ дугаартай автомашины хойд салхины шилийг Улаанбаатар хотод захиалгаар солиулахад гарсан гэх зардлын тооцоо, “Киа Моторс Монгол” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн: “...багажны хаалганы шил, тоо 1, нэгж үнэ 691.800” гэх нэхэмжлэлийн хуулбар,  Зөрчил шалган шийдвэрлэсэн материалын хуулбар, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар шилний үйрмэг хэсэг, нэг талын гадаргуу нь гөлгөр, эсрэг тал барзгар гадаргуутай хар хөх өнгөтэй 1 ширхэг чулууг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Ч.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн: “...би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон явдлын талаар үнэн зөв ярьсан. Надад дахин ярих шаардлага байхгүй. Тухайн үед цагдаагийн алба хаагчтай үл ойлголцож, албаны тээврийн хэрэгслийнх нь арын шил рүү чулуу шидэхэд нь хагарсан. Би хохирлыг бүрэн төлж барагдуулсан байгаа. Би сүүлд хийсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаярын гаргасан “...Анхан шатны шүүх нь Ч.Аийг гэм буруутайд тооцохдоо хагарсан гэх цонхонд үнэлгээ хийсэн 2 дахь баримт буюу шүүхэд үнэлэх боломжгүй нотлох баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлын тухайд:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчилсан.

Хэрэгт авагдсан “Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ТХҮ-622/3935 дугаартай: “...2021 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн Kia Rio маркийн автомашины хаалганы шилний зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 6 дугаар сарын байдлаар 150.000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов” гэх хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 51-53 тал/,

Хөвсгөл аймгийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад М.Бтулгын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт ашиглаж байгаа Киа рио маркийн 1УАТ дугаартай автомашины хойд салхины шилийг Улаанбаатар хотод захиалгаар солиулахад ...350000 төгрөг...” гэх зардлын тооцоо /хх-ийн 132 тал/,

“Киа Моторс Монгол” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн: “...багажны хаалганы шил, тоо 1, нэгж үнэ 691.800” гэх нэхэмжлэхийн хуулбар /хх-ийн 155 тал/ зэргийг харьцуулан үзвэл дээрх “Ашид Билгүүн” ХХК-ийн ТХҮ-622/3935 дугаартай дүгнэлт нь үндэслэл бүхий гарсан гэж үзэхэд эргэлзээтэй гэх үндэслэлээр Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 33а дугаартай тогтоолоор Киа рио маркийн 1УАТ дугаартай тээврийн хэрэгслийн арын хаалганы /багааж/ шил хагарсан эд хөрөнгийн бодит үнэлгээг дахин гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 27.4 дүгээр зүйл, 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Шүүх шинжилгээний тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн холбогдох заалтуудтай нийцсэн байна.

Прокурорын дээрх тогтоолыг үндэслэн “Ашид Билгүүн” ХХК хохирлын үнэлгээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, “Үнэлгээний олон улсын стандарт-2020” зэрэг хууль, холбогдох эрх зүйн актуудтай нийцүүлэн гаргасан байх тул ТХҮ-922/5136 дугаартай дүгнэлт, үндэслэлгүй, эсхүл эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Түүнчлэн хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/271 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАЯРХҮҮ

                 ШҮҮГЧИД                                    Б.СОСОРБАРАМ

                                                                                Л.ЭРДЭНЭБ