Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2025/0366

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: О******* овогт Ц*******ын А*******, РД:, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч*******, өмгөөлөгч Э.Ж*******,

Хариуцагч: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Д*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У нарын хоорондын “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 00 дугаартай шийтгэлийн хуудсыг хууль бус тул хүчингүй болгуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Ц.А*******, гомдол гаргагчийн өмгөөлөгч Э.Ж*******, хариуцагч Д.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Мөнхбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

1.1. Татварын ерөнхий газраас 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 06/2614 тоот албан бичгээр Баянгол дүүргийн Татварын хэлтэст “Үндэсний аудитын газраас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч иргэн, ам, эвслийн сонгуулийн зардлын тайланд хяналт тавьж, Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илрүүлэн харьяаллын дагуу шалгуулахаар тус газарт мэдээлэл ирүүлсэн ... Иймд хавсралтад дурдсан нэр дэвшигч нарт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-т заасан харьяаллын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж, зөрчлийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх үр дүнг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дотор албан бичгээр хариу мэдэгдэж ажиллана уу” гэсэн.

1.2. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Д*******гаас 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 00 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон.

1.3. Баянгол дүүргийн Татварын хэлтсээс иргэн Ц.А*******т 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5/17 тоот албан бичгээр шийтгэлийн хуудсыг хүргүүлжээ.

1.4. Ц.А*******ээс Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Д*******д холбогдуулан 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 00 дугаартай шийтгэлийн хуудсыг хууль бус тул хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гаргасан.

 

Хоёр. Гомдлын үндэслэл:

2.1. Гомдол гаргагч Ц.А******* шүүхэд гаргасан гомдолдоо: “Иргэн Ц.А******* би Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуульд А намаас 9-р тойрогт нэр дэвшсэн болно. Гэтэл уг Улсын Их хурлын сонгуулийн хандивтай холбоотойгоор Баянгол дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч нь маргаан бүхий 2025 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн 00 дугаартай шийтгэлийн хуудсаар Ц.А******* намайг “хуульд заасан шаардлага хангаагүй хандивын орлогыг хандивлагчид буцаан шилжүүлээгүй, хаяг тодорхойгүй хандивыг улсын орлого болгоогүй” гэж үндэслэлгүйгээр буруутгаж, зөрчлийн шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй байна.

Бодит байдал дээр нэр хаяггүй гэх хандивын орлого нь нэр хаяг нь тодорхой бөгөөд хандивлагч нь өөрийн регистрийн дугаараа бичиж, хандив шилжүүлсэн байдаг. Тухайн иргэний регистрийн дугаар нь тухайн хүний нэр хаяг, мэдээллийг бүрэн илэрхийлэх зүйл бөгөөд регистрийн дугаараар нь хайж үзэхэд тухайн хандивлагчийн нэр, хаяг маш тодорхой харагдаж байгаа болно. Тухайн хандивлагч өөрийгөө илэрхийлэх регистрийн дугаараа шилжүүлгийн гүйлгээний утга дээр бичиж хандив шилжүүлснийг нэр хаяг нь тодорхойгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-д “Энэ хуулийн 24.1- д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна”, 25.1.1-д “ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах”, 25.1.2-д “оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах” гэж заасан. Гэтэл хариуцагч нь энэ талаар надаас тайлбар аваагүй бөгөөд энэ хуульд заасан үүргээ огт биелүүлээгүй, хууль зөрчсөн, миний оролцоог хангаагүй болно.

Иймд Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн 00 дугаартай “Шийтгэлийн хуудас” нь хууль бус тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

2.2. Гомдол гаргагч Ц.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 2 дугаар зүйлд “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гээд, 82 дугаар зүйлд Сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, 82.1-д “Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж заасан. Гэтэл өнөөдөр Үндэсний аудитын газраас гаргасан А/44 дугаартай журам нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр батлагдчихсан байгаа юм. Тэгэхээр энэ журам нь хууль зөрчсөн журам байна гэж би хувьдаа үзээд байгаа юм.  Мөн хуулийн 54.4-т хандив өгөгч иргэний нэр, иргэний бүртгэлийн дугаар, хуулийн этгээд нь нэр регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хүлээн авч буцаан шилжүүлнэ гэдэг. Тэгэхээр миний хувьд хандив өгч байгаа иргэний нэр эсвэл иргэний бүртгэлийн дугаар байх ёстой юм байна гэсэн ийм санааг ойлгосон учраас гомдол гаргасан” гэв.

2.3. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Э.Ж******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хариуцагчаас хэргийн материалыг холбогдогчид танилцуулаад цугларсан материалын хүрээнд холбогдогчоос улсын байцаагчид эдгээр ажиллагаанууд хийлгүүлэх шаардлагатай байна гэсэн нөхцөл болом*******р хангаагүй байна. Яагаад гэхээр шийтгэлийн хуудас нь 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гарчихсан. Хэргийн материал танилцуулах хуудасны огноо нь 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийнх байгаа. Эхлээд хариуцлага ногдуулчхаад хэргийн материал танилцуулдаг юм уу гэж ойлголоо. Холбогдогчийг эрх үүргээр нь хангаагүй юм болов уу гэж үзэж байгаа.

Хоёрдугаарт ажиллагаа дутуу явагдчихсан гэж харж байна. Холбогдож байгаа хүн нь мэдүүлэг өгөхдөө хаан банкны аппликэйшн, киоск, АТМ дээр олон тэмдэгтийг бичихэд тэмдэгтийн тоо хүрэлцэхгүй байна гэж тайлбарладаг. Эрх бүхий албан тушаалтнаас үүнийг үзлэг хийгээд шалгачихгүй яасан юм бэ, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль дээр ч тодорхой заасан байгаа. 

Гуравдугаарт ажиллагаатай холбоотой асуудлыг шүүхийн байгууллага өмнөөс нь хийгээд өгчихлөө гэж харж байна. Мөнгө шилжүүлсэн хүмүүсийн мэдээллийг улсын бүртгэлээс аваад, тэр хүмүүсийг дуудаж уулзаад та яагаад ингэж шилжүүлчихсэн юм бэ, ямар учраас ийм байгаа юм бэ, орлого чинь юу юм бэ гэдэг энэ асуудлыг тодруулах ёстой байсан. Эрх бүхий албан тушаалтны шалгах бүх ажиллагааг шүүх хийчихлээ шүү дээ.

Мөн улсын бүртгэлээс ирсэн баримтууд дээр байгаа регистрийн дугаарын зарим бүртгэлүүд, бүртгэлгүй гэсэн нэг нь 3,000 төгрөг, нөгөөдөх нь 300 төгрөг шилжүүлчихсэн байдаг. 3,000 төгрөг ч байна уу, 300 төгрөг ч байна уу энэ нь бага хэмжээний мөнгө. Үүнийг харах боломж байдаг юм уу, сонгуулийн сурталчилгаа 21 хоногт биш л дээ 17 хоногт байдаг юм явагддаг. 17 хоногт харах боломж байгаа юу гэдэг асуудал яригдах байх. Яагаад ийм хэмжээний мөнгө шилжүүлээд байгаа вэ гэдэг асуудал гарч ирэх байх. Энэ нь эсрэг намын нэр дэвшигчдээс ч байна уу, бие даан нэр дэвшигчдээс шилжүүлчихдэг. Хэрэв энэ нэр дэвшигч сонгогдох юм бол нэр дэвшигчдийн бүртгэлээс хасуулах, сонгуулийн ерөнхий хороонд гомдол гаргах нөхцөлтэйгөөр шилжүүлчихдэг. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д иргэний бүртгэлийн дугаар гэдгийг тодорхой зааж өгсөн. Тухайн мөнгө шилжүүлээд байгаа хүмүүс нэрээ бичээгүй ч гэсэн иргэний бүртгэлийн дугаар юм уу, эсхүл регистрийн дугаарууд тавьчихсан байгаа. Энэ нь юу гэсэн үг гэхээр тухайн хүний нэрийг явуулчхаж байгаа дугаар. Энэ бүртгэлээр нэрийг нь орлохгүй гэвэл цаашдаа ямар бүртгэл ярих юм.

Хариуцагчаас аудитын дүгнэлт дээр байгаа учир бараг ажиллагаа явуулах шаардлагагүй гэх ойлголтыг өгөөд байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа гэдэг нь өөр байдаг юм шүү. Тухайн зөрчилтэй холбоотой гомдол мэдээллийг магадгүй цагдаагийн байгууллага ч юм уу, иргэнээс гаргана. Гомдол мэдээллийн дагуу шалгах ажиллагааны хүрээнд холбогдох байгууллага, иргэдээс мэдүүлэг, баримтуудыг авна. Шаардлагатай тохиолдолд үзлэг ч юм уу, туршилтын ажиллагаанууд явагдаж байгаа. Өнөөдөр цагдаа ч байна уу, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа эрх бүхий албан тушаалтнууд та ийм хэрэг үйлдчихсэн үү, энийгээ хүлээ гэдэг байдлаар ханддаг. Ингэж болохгүй шүү дээ. Хуульд олон ажиллагаанууд байдаг. Хуульд заасан ажиллагаануудаа хийгээгүй байж хүнийг буруутгаад байж болохгүй. Мөнгө шилжүүлж байгаа гүйлгээнүүдийг харахаар 2 гүйлгээ нь асуудалтай болчихдог. Нэг нь 13-д заасан эх үүсвэр нь тодорхойгүй, нөгөөдөх нь 41-д заасан 500,000 төгрөгийн асуудал байдаг. Эдгээр мөнгийг шилжүүлсэн хүмүүс нь н.Х, н.Б******* гэсэн хүмүүс байдаг. Хариуцагч татварын байцаагчийн зүгээс Сонгуулийн тухай хуулийн 54.4-т заасныг ярьж байх шиг байна. Ер нь 54.4 гэдэг заалт нь яг ямар агуулгатай юм бэ? хууль бус эх үүсвэр магадгүй гэмт хэргийн шинжтэй энэ гүйлгээ явах вий энэ нь өөрөө буцаад эргээд сонгуулийн үйл ажиллагаанд нөлөөлчих вий гэдэг үүднээс энэ заалтыг тавьдаг. Түүнээс биш үнэхээр найз нөхөд нь байгаад, энэ мөнгийг шилжүүлье гэж байгаа бол эргээд заавал энэ заалтыг зөрчсөн байх ёстой юм уу гэдэг асуудал ярьчихаж байгаа. Хууль тогтоогчийн баримтлаад байгаа байр суурь нь энэ зардлын дансны гүйлгээ эргээд хууль бус, магадгүй гэмт хэргийн шинжтэй гэдэг юм уу, олон улсын мөнгө угаах асуудал руу хөтөлчих вий дээ гэдэг агуулгаар. Магадгүй нэр дэвшигч н.Болормаа гэдэг гишүүний компани нь мөнгөн гүйлгээ хийчихсэн гэдэг энэ асуудал дээр хуулийн 54.4-т заасныг ярина. Гэтэл татварын байцаагч яг энэ заалтын үзэл санааг ойлгохгүйгээр гомдол гаргагчид хариуцлага хүлээлгээд байгаа нь энэрэнгүй байх зарчимд нийцэхгүй байгаа юм. Магадгүй хуримтлал гэдгийн л үсэг нь дутуу байвал яах бэ, тэр хүн эх үүсвэрээ тайлбарлаагүй байна гээд Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-ийг хэрэглээд байх юм уу. Энэ нь эргээд хуулийн үзэл санаа хариуцлага оногдуулаад байгаа зүйлд нийцэхгүй байгаад байна. Шалгах ажиллагаа дутуу явагдчихаад байна. Магадгүй шалгах ажиллагаа нь бүрэн явагдаад аль алийг нь шалгаад тэр хүмүүсийг нь тогтоогоод, ядаж тэр хүмүүсээс мэдүүлэг аваад бүрэн тодорхой болгочихсон байсан бол өнөөдөр бид магадгүй шүүх дээр маргаад зогсож байх уу, үгүй юу гэдэг ийм л нөхцөл байдал байгаа. Иймд шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагч Д.Д******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Д******* би Үндэсний Аудитын газраас Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч, нам эвслийн сонгуулийн зардлын тайланд хяналт тавьж, Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илрүүлэн Татварын ерөнхий газарт ирүүлсэн мэдээллийн дагуу Зөрчил шалган шийдвэрлэх тухай Татварын ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 06/2614 албан бичигт Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуульд Баянгол дүүрэг 9 дүгээр тойрогт А намаас нэр дэвшигч Ц.А******* нь хуульд заасан шаардлага хангаагүй хандивын орлогыг хандивлагчид буцаан шилжүүлээгүй болон буцах хаяг нь тодорхойгүй хандивыг улсын орлого болгоогүй гэх мэдээллийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 24 дугаартай зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Татварын ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 06/2614 албан бичигт Нэр дэвшигч Ц.А******* нь 24 хандивын 35,439,326.60 төгрөгийн орлогоос буцаан шилжүүлсэн 2 хандивын 1,500,000.00 төгрөг, зөрүү 22 хандивын 33,939,326.00 төгрөгийн хуулиар зөвшөөрөөгүй хандивыг зарцуулсан гэх тул Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Үндэсний аудитын газарт 2024 оны 11 сарын 25-ны өдөр 5/1261 тоот албан бичгээр хандаж, 2024 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 01/2458 дугаар албан бичгээр Ц******* овогтой А*******ийн сонгуулийн зардлын тайлан, зардлын дансны мэдээлэл, зардлын тайлантай холбоотой бусад холбогдох баримтыг авсан.

Ц.А*******ийн Хаан банкны Сонгуулийн зардлын харилцах 52 тоот төгрөгийн дансаар нийт 58,483,426.00 төгрөгийн хандивын орлого орсон байна. Ц.А*******ийн Үндэсний аудитын газарт хүргүүлсэн “Хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивыг буцаасан буюу улсын орлого болгосон тухай” тайландаа хандивын хэмжээ 35,566,325.00 төгрөг, буцаан олгосон 1,500,00.00 төгрөг, Улсын орлого болгосон 263,226.00 төгрөг, нэр хаяг, тодорхойгүй, буцаагүй 33,803,100.00 төгрөг гэж нэр дэвшигч өөрөө тайлагнасан байна. Дээрх мэдээлэл нь дансны хуулга, холбогдогчийн мэдүүлэг зэргээр нотлогдож “Хуульд заасан шаардлага хангаагүй хандивын орлогыг хандивлагчид буцаан шилжүүлээгүй болон буцах хаяг нь тодорхойгүй хандивыг улсын орлого болгоогүй” нь Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуульд 54 дүгээр зүйлийн 54.4-т “Хандив өгч байгаа иргэний нэр, иргэний бүртгэлийн дугаар, хуулийн этгээд нь нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлнэ”,

Мөн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/44 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Их хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ийн 11.1.1-д “банкны гүйлгээний баримтад хандивлагчийн нэр, хуулийн этгээдийн хувьд байгууллагын регистрийн дугаар, иргэний хувьд иргэний бүртгэлийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээлэл бүрэн тусгагдаагүй мөнгөн хандив”, 11.1.2-д “буцах хаяг тодорхойгүй мөнгөн хандив”, 12.1-д “Нам, эвсэл, нэр дэвшигч хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивыг дараах журмаар буцаан шилжүүлэх буюу улсын орлого болгоно:”, 12.1.1-д “энэ журмын 11.1.1, 11.1.3-т заасан мөнгөн хандивыг сонгуулийн зардлын эцсийн тайлан гаргахаас өмнө хандивлагч этгээдэд буцаан шилжүүлэх”, 12.1.2-д “энэ журмын 12.1.1-д заасан хугацаанд буцаан шилжүүлээгүй болон энэ журмын 11.1.2-т заасан мөнгөн хандивыг улсын орлого болгох” гэх заалтуудыг зөрчиж байх тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасны дагуу 10,000,000.00 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан болно.

Нэхэмжлэгч нэр дэвшигч Ц.А*******ээс тайлбар аваагүй, баримт материал цуглуулаагүй, оролцоог хангаагүй гэжээ. Татварын улсын байцаагч Д.Д******* би Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 12 дугаар сарын 05-нд Ц.А*******тэй утсаар холбогдож тэмдэглэл үйлдсэн, гэрийн хаягаар дуудах хуудас хүргүүлсэн, 2024 оны 12 дугаар сарын 10-нд нэр дэвшигч Ц.А*******ээс холбогдогчийн эрх үүргийг танилцуулан тайлбар мэдүүлэг авсан. Холбогдох баримт материалыг цуглуулан шалгаж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон тул нэхэмжлэл үндэслэлгүй байна нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 00 дугаар “шийтгэлийн хуудас”-ыг хэвээр үлдээж Ц.А*******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагч Д.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бусад нэр дэвшигч нарын регистр, утасны дугаар, хандив гээд бүрэн бичмэл орчхоод байхад Хаан банкнаас лавлагаа авах шаардлага байхгүй байсан. Би холбогдогчоос мэдүүлэг авахдаа гомдол мэдээллийн дагуу шалгаад таны бүх мэдээ мэдээллийг аваад хэрэв нотлогдвол Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авна гэдгийг тухайн үедээ тайлбарлаж байсан” гэв.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Д******* нь Үндэсний аудитын газраас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч нам эвслийн сонгуулийн зардлын тайланд хяналт тавиад зөрчлийн хуульд заасан зөрчлийг илрүүлээд татварын ерөнхий газарт зөрчлийн талаар мэдээллийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.18 дугаар зүйлийн 6.12-т заасны дагуу харьяаллаар нь Баянгол дүүргийн татварын хэлтэст шилжүүлж улсын байцаагч нь энэ зөрчлийг шалган шийдвэрлэсэн байгаа. Анх 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зөрчлийн хэрэг нээгээд энэ талаар улсын байцаагч иргэн Ц.А*******т Зөрчлийн хэргийн материалыг утсаар болон мэйл цахим шуудангаар мэдэгдсэн. Ц.А******* нь өөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлсэн тайландаа хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивыг буцаасан буюу улсын орлого болгосон тухай тайландаа нийтдээ нэр хаяг тодорхойгүй, буцаагаагүй 33.8 сая төгрөг байна гэж тайлагнасан.

Эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 54.4, 54.5-д тус тус заасныг зөрчсөн нь тогтоогдоод, Мөн Монгол улсын ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/44 дугаартай тушаалаар батлагдсан Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам эвсэл нэр дэвшигчээс сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журмын 11.11, 11.2-т буцах хаяг тодорхойгүй, мөн мөнгөн хандив, 12.1.1 энэ журмын 11.1.1, 11.3-т заасан  мөнгөн хандивыг сонгуулийн зардлын эцсийн тайланд гарахаас өмнө хандивлагч этгээдэд буцаан шилжүүлнэ, нэр хаяг тодорхойгүй орлогыг улсын орлого болгоно гэх зохицуулалтуудыг зөрчсөн байх тул Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.21-д заасан заасан торгуулийн арга хэмжээг авсан.

Нэхэмжлэгчээс холбогдогчийн оролцоог хангаагүй асуудлыг ярьж байна.  Ц.А*******тэй 12 дугаар сарын 05-ны өдөр утсаар ярьсан тэмдэглэл үйлдсэн, гэрийн хаягаар дуудах хуудас хүргүүлсэн, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэр дэвшигч Ц.А******* нь Баянгол дүүргийн татварын хэлтэст өөрийн биеэр ирж эрх, үүрэгтэйгээ танилцаад гарын үсэг зураад мэдээлэл өгсөн байгаа. Эдгээр нь нотлох баримтаараа хэргийн материалд авагдсан. Тэгэхээр оролцоо хангаагүй гэсэн тайлбар үндэслэлгүй байна. Дээр нь холбогдогч нь эрх үүргийнхээ дагуу эрх бүхий албан тушаалтныг дуудсан цагт хүрэлцэн ирэх хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. Дээрх үүргээ биелүүлээгүй нь хариуцлага хүлээлгэх үндэслэл болно гээд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль 3.1 дүгээр зүйлээр зохицуулсан байгаа. Иймд Баянгол дүүргийн татварын улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 00 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж Ц.А*******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдогчийн эрх, үүрэгт өөрийгөө өмгөөлөх, гомдол мэдээлэлтэй танилцаад тайлбар гаргах, нотлох баримт өгөх эрх нь холбогдогчид байгаа. Энэ эрхийг Ц.А******* холбогдогчид танилцуулсан. Мөн Хаан банкны дэлгэрэнгүй хуулганы мэдээлэл байдаг, Ц.А*******ийн зөрчил гаргасан асуудал яригдаж байхад улсын байцаагчийг мөнгө шилжүүлсэн 22 хүний баримтыг аваад энэ 22 хүнтэй уулз гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Ц.А*******ийн хууль зөрчсөн зөрчлийн асуудал ярьж байгаа болохоос биш, энэ мөнгө шилжүүлсэн хүмүүсийн асуудал яригдаагүй. Энэ хүмүүстэй татварын улсын байцаагч, эрх бүхий албан тушаалтан уулзах ямар ч үндэслэл байхгүй. Дээрээс нь албаар ингэж бага мөнгө шилжүүлдэг сөрөг хүчин гэж мэдэж байсан бол яагаад тэрийгээ залруулаад буцааж болоогүй юм бэ. Эргэлзээтэй мөнгө орсон гээд өмгөөлөгч өөрөө хэллээ, эргэлзээтэй гэдгийг нь мэдэж байна гэдэг чинь хууль зөрчиж байгаа гэдгээ өөрөө мэдэж байна гэж би үзэж байна.

Мөн хуулийн 54.4-т заасныг ингэж ойлгоод байна гээд тэрийгээ өөрөө хүлээн зөвшөөрөөд гарын үсгээ зураад тамга тэмдгээ дараад Үндэсний аудитад өгчихсөн. Холбогдогч нь өөрөө Улсын Их Хуралд бүхэл бүтэн хууль тогтоогчид өрсөлдөж байсан хэр нь хууль тогтоом******* мэдэхгүй, ийм зүйл ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Тэмдэгт хүрэхгүй байгаа асуудлыг хурал болгон дээр асуудал гаргаж ирээд нэг шалтгаан яриад байгаа. Үүний дагуу Хаан банкнаас албан тоот хүссэн Хаан банк дотроо 45 тэмдэгт, бусад газар нь 135 тэмдэгттэй гээд албан бичгээрээ хариугаа өгчихсөн байгаа. Тэгэхээр мэдээллийг бүрэн бичих боломжтой байсан” гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Ц.А*******ээс Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Д*******д холбогдуулан “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 00 дугаартай шийтгэлийн хуудсыг хууль бус тул хүчингүй болгуулах” тухай гомдол гаргаж, гомдлын үндэслэлээ

- Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хангаагүй, хэргийн материал танилцуулаагүй,

- нөхцөл байдлыг тогтоогоогүй,

- хандивлагч нь өөрийн регистрийн дугаараа бичиж, хандив шилжүүлсэн, тухайн иргэний регистрийн дугаар нь тухайн хүний нэр хаяг, мэдээллийг бүрэн илэрхийлэх зүйл бөгөөд регистрийн дугаараар нь хайж үзэхэд хандивлагчийн нэр, хаяг маш тодорхой харагдаж байхад шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулсан нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргасан.

            2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            3. Маргааны үйл баримтын тухайд:

            3.1. Ц.А******* нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 9 дүгээр тойрогт А намаас нэр дэвшсэн,

            3.2. Нэр дэвшигчийн сонгуулийн зардлын 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн тайлангийн хураангуйд: 1. Нийт орлогын дүн: 56,983,426.00, 6. Хуулиар зөвшөөрөгдөөгүй хандив: 35,439,326.00, 6.1. Буцаасан дүн: 1,500,000.00” гэсэн,

3.3. “А” ХХК-ийн хараат бус аудитын дүгнэлтэд “... нэр дэвшигч Ц.А*******ийн Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зардлын тайлан, түүний тодруулга мэдээллүүд бүхий л материаллаг зүйлийн хувьд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны А/44 дүгээр тушаалаар баталсан журам, зааврын дагуу үнэн зөв, иж бүрэн илэрхийлэгдээгүй байна” гэж,

3.4. Татварын ерөнхий газраас 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 06/2614 тоот албан бичгээр Баянгол дүүргийн Татварын хэлтэст “Үндэсний аудитын газраас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч иргэн, ам, эвслийн сонгуулийн зардлын тайланд хяналт тавьж, Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илрүүлэн харьяаллын дагуу шалгуулахаар тус газарт мэдээлэл ирүүлсэн ... Иймд хавсралтад дурдсан нэр дэвшигч нарт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-т заасан харьяаллын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж, зөрчлийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх үр дүнг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дотор албан бичгээр хариу мэдэгдэж ажиллана уу” гэжээ.

3.5. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Д*******гаас 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 00 дугаар шийтгэлийн хуудсаар Ц.А*******ийг хуульд заасан шаардлага хангаагүй, хандивын орлогыг хандивлагчид буцаан шилжүүлээгүй, буцах хаяг тодорхойгүй хандивыг улсын орлого болгоогүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон.

 

4. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-т “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-т “Хандив өгч байгаа иргэний нэр, иргэний бүртгэлийн дугаар, хуулийн этгээд нь нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлнэ” гэж нэр дэвшигчийн авсан хандивт тавигдах шаардлага болон уг шаардлагыг хангаагүй хандивыг сонгуульд нэр дэвшигч буцаан шилжүүлэх үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхойгоор, хоёрдмол утгагүйгээр заасан байна.

 

5. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 9 дүгээр тойрогт нэр дэвшсэн Ц.А*******ээс Үндэсний аудитын газарт хүргүүлсэн хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивыг буцаасан буюу улсын орлого болгосон тухай тайлангийн,

5.1. 1-д “Хандивлагч иргэн, хуулийн этгээдийн нэр: 44-40 тоот, Хандивын хэмжээ: 1,000.00 төгрөг”,  2-т “иргэн А БГД 18 хороо, 500.00 төгрөг”, 3-т “иргэн Ч.Д БГД 18 хороо, 500.00 төгрөг”, 4-т “ЕВ-Ажил амжилт хаанаас: 040000 Б Г, 5,000.00 төгрөг”, 6-д “БГД 18 хороо иргэд Ш, Нандаг, 1,000.00 төгрөг”, 12-т “Б******* хандив хаанаас: 340000 Б******* Ч, 78,126.00 төгрөг”, 13-т “90 бгд 6 хороо, 300.00 төгрөг”, 17-д “Нямдолгор, 31,000.00 төгрөг” гэсэн байх ба эдгээр хандивын шилжүүлгүүд нь хэдийгээр үнийн дүн бага хэдий ч гүйлгээний утгад Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-т заасан мэдээлэл/нэр бичээгүй, нэрээ бичсэн боловч ялгагдах бүртгэлийн дугаар, хандивын эх үүсвэр, ядаж утасны дугаар бичээгүй/-ийг бүрэн тусгаагүй байхад нэр дэвшигчээс хандивыг буцаан шилжүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

5.2. Харин тайлангийн 7-д “Хандивлагч иргэн, хуулийн этгээдийн нэр: Б******* РГ *******, Регистрийн дугаар: РГ, Хандивын хэмжээ: 3,100.00 төгрөг, Хуулиар зөвшөөрөгдөөгүй хандив гэж үзсэн тухай тайлбар: Регистр, эх үүсвэрээ бичээгүй”, 8-д “Б УБ50 9, 3,100.00 төгрөг”, 9-д “УС утас88, 3,100.00 төгрөг”, 10-т “Б ЙР 99, 3,100.00 төгрөг”, 11-д “ЧЙ 99 хаанаас: 150000 Б Н, 3,100.00 төгрөг”, 14-т “Ж.Л, ЗЮ, 300.00 төгрөг”, 15-д “Ж.Л, ЗЮ, 3,000.00 төгрөг”, 18-д “Т.Х, ХЖ, 300,000.00 төгрөг”, 19-т “УШ, 3,000,000.00 төгрөг”, 20-д “ГЮ, 10,000,000.00 төгрөг”, 21-д УШ, 10,000,000.00 төгрөг”, 22-т “УР, 10,000,000.00 төгрөг”, 23-т “УС, 3,100.00 төгрөг”, 24-т “Б*******, ХП, 500,000.00 төгрөг” гэсэн байх ба эдгээр хандивын шилжүүлгүүдийн гүйлгээний утгад шилжүүлэгч нэрээ бичсэн эсэхээс үл хамааран Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасан “Монгол Улсын иргэний төрсөн он, сар, өдөр, хүйсийн талаарх мэдээллийг тусгасан 2 үсэг, 8 орон бүхий тооноос бүрдсэн, үл давхардах нийлмэл код” болох регистрийн дугаарыг бичсэн байх тул хуульд заасан шаардлага хангаагүй хандив гэж үзэхээргүй, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн “...хандивлагчийн мэдээлэл иргэний бүртгэлийн дугаарт агуулагдсан тул зөрчил гэж үзэхгүй” гэх агуулга бүхий тайлбар үндэслэлтэй байна.

5.3. Тайлангийн хүснэгтийн 5-д “Хандивлагч иргэн, хуулийн этгээдийн нэр: П(3 гал), Хандивын хэмжээ: 1,000,000.00 төгрөг”, 16-д “Я.О, 500,000.00 төгрөг” гэж тусгагдсан хандивын шилжүүлгийг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 13 цаг 47 минут, 06 дугаар сарын 26-ны өдрийн 18 цаг 00 минутад буцаан шилжүүлсэн болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хавтас хэргийн 147 дахь тал/-аар тогтоогдож байх тул нэр дэвшигч нь мөн хуульд заасан хуульд заасан шаардлагыг хангаагүй хандивыг буцаан шилжүүлэх үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

6. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэр дэвшигч нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.5-д “Буцах хаяг нь тодорхойгүй хандивыг холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын орлогод буюу төрийн санд шилжүүлнэ” гэж заасан зөрчлийг үйлдсэн” хэмээн тайлбарлах боловч Ц.А*******ийн сонгуулийн зардлын 52 тоот дансанд хандив өгсөн иргэдийн харьцсан дансны дугаар тодорхой байх тул /1 хавтаст хэргийн 156-159 дэх тал/ буцах хаяг тодорхойгүй гэж үзэхгүй, гомдол гаргагчийн хувьд хандивыг төрийн санд шилжүүлэх үүрэг үүсээгүй байна.

 

7. Гомдол гаргагчаас аудитын “А” ХХК нь хандивын талаар миний гаргаж өгсөн тайланг зассан, Үндэсний аудитын газарт хүргүүлсэн “хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивыг буцаасан буюу улсын орлого болгосон тухай тайлан” гэх хүснэгтийг би гаргаагүй гэх зэргээр тайлбарлах боловч Ц.А*******ээс шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн “Сонгуулийн зардлын дансны гүйлгээ тус бүрээр хийсэн орлогын дэлгэрэнгүй тайлан” гэх баримт/2 хавтаст хэргийн 127-128 дахь тал/ нь “А” ХХК-ийн гаргасан гэх Ц.А*******ийн гарын үсэг зурсан, тус компанийн тэмдэг, гарын үсэг бүхий тайлангийн хүснэгтээс хэлбэрийн хувьд өөр байх боловч доторх агуулгын хувьд зөрүүгүй, хандивлагчийн талаарх нэмэлт мэдээлэл/регистрийн дугаар, хандивын эх үүсвэрийн мэдээлэл зэрэг/ агуулаагүй байх тул нэр дэвшигчийг өөрийн таньдаг, мэддэг, хамаарал бүхий хүнээс дээрх хандивуудыг авсан бөгөөд тухайн хандивлагчийн талаарх мэдээлэл нэр дэвшигчид байсан гэж үзэхээргүй байна.

8. Мөн гомдол гаргагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх баримтаа гаргаж өгөөгүй, дээрх тайлбарыг эрх бүхий албан тушаалтанд гаргаагүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Оролцогч зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах тухай хүсэлтийг зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтанд гаргах”, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д “зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах”, 2.7-д “өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах”, 2.8-д “нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх”, 2.9-д “зөрчлийн хэрэгтэй танилцах” гэж заасан эрхээ хэрэгжүүлээгүй байх тул хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгах боломжгүй, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан нь оролцогчийг хэргийн материалтай танилцуулах үүрэггүй юм.

9. Хэдийгээр хандивлагчаас хандив илгээхдээ өөрийн холбогдох мэдээллийг бичээгүй, эсхүл алдаатай/регистрийн дугаар буруу бичих гэх мэт/ бичсэн тохиолдлуудад нэр дэвшигчийг буруутгах боломжгүй хэдий ч нэр дэвшигч нь өмгөөлөгчийн тайлбарлаж буй “... өрсөлдөгч намын нэр дэвшигчдээс зориудаар бага үнийн дүнтэй шилжүүлэг хийдэг” гэх эрсдэлээс сэргийлэх шаардлагыг хангах болон хууль дээдлэх зорилгоор дээрх мэдээлэл тодорхойгүй хандивыг буцаах, сонгуулийн зардалд хэрэглэхгүй байх үүргээ хэрэгжүүлэх шаардлагатай байжээ.

10. Хаан банкны 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 29/4327 тоот албан бичигт “... Хаан банкны данс хооронд шилжүүлэг хийх тохиолдолд 45 тэмдэгтийн хязгаарлалттай, Хаан банкны данснаас бусад арилжааны банкны данс хооронд шилжүүлэх хийх тохиолдолд 135 тэмдэгтийн тус тус хязгаарлалттай болно” гэснээс үзвэл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан “... иргэний нэр, иргэний бүртгэлийн дугаар, ..., регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээлэл” нь банкны шилжүүлгийн гүйлгээний утга хэсэгт бичиж багтдаггүй гэх гомдол үндэслэлгүй.

11. Дээр дурьдсан үндэслэлүүдээр Ц.А*******ийн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Д*******д холбогдуулан гаргасан гомдол үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Ц.А*******ээс Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Д*******д холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 00 дугаартай шийтгэлийн хуудсыг хууль бус тул хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХЗУЛ