Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 320/ШШ2025/00496

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 320/ШШ2025/00496

Хөвсгөл аймаг

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

320/2025/00482/И

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Т нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Б,

Хариуцагч: Б.Э холбогдох хэрэглээний зээлийн гэрээний үүрэгт 814,801 (найман зуун арван дөрвөн мянга найман зуун нэг) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б.Э нь манай Тус зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 220604-353719 дугаартай 300,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 6% хүүтэй, 4 сарын хугацаатай зээлсэн.

Зээлдэгч Б.Э нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх шаардлагыг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 993 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

Иймд зээлдэгч Б.Э гаас хэрэглээний зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 300,000 төгрөг, зээлийн хүү 364,801 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 150,000 төгрөг, нийт 814,801 (найман зуун арван дөрвөн мянга найман зуун нэг) төгрөгийг гаргуулж, Т ББСБ ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч Б.Э нь 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд: Миний бие Б.Э нь Т ББСБ ХХК-аас 814,801 төгрөгийг зээлж авсан нь үнэн болно. Төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэх хариу тайлбарыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.Э д холбогдуулан хэрэглээний зээлийн гэрээний үүрэгт нийт 814,801 (найман зуун арван дөрвөн мянга найман зуун нэг) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа бичгээр ирүүлжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,105 төгрөгийн 50 хувь болох 12,052.5 төгрөгийг хариуцагч Б.Э гаас, 50 хувь болох 12,052.5 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Э д холбогдох хэрэглээний зээлийн гэрээний үүрэгт нийт 814,801 (найман зуун арван дөрвөн мянга найман зуун нэг) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.Э гаас 12,052 (арван хоёр мянга тавин хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 12,052.5 (арван хоёр мянга тавин хоёр төгрөг таван мөнгө) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА