Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 309/ШШ2025/00535

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,

Нэхэмжлэгч: *******гийн *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******гийн *******д холбогдох,

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1,470,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянаад   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2025 оны 02 сарын 02-ны өдөр 16.00 цагийн үед Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 4-12 тоотод орохоор явж байтал хажуу айл болох *******ы нохой нь ирж намайг мөргөсөн. Үүний улмаас би унаж, гар өвдөж хавдсан тул хүлээн авах руу очиж үзүүлэхэд зүүн гар шуугаараа хугарсан байна гэсэн. Гипс, марль авч шохойдуулсан. Зардал нь 20,000 төгрөг болсон. Мөн эм бичиж өгч, 60 хоног уугаарай гэсэн. 20 хоног уух эм нь 90,000 төгрөг болсон. Мөн би Гурванзагал суманд найз Ж.Энхбаатарынд 03 дугаар сарын 10-аас 04 дүгээр сарын 10-н хүртэл 80,000 төгрөгөөр мал харахаар явах байсан юм. Мөн байх хугацаандаа өдөрт 8 ямаа самнах, 1 ямааг 10,000 төгрөгөөр, нийт 40 ямааг 400,000 төгрөгөөр самнахаар тохирсон байсан. Иймд би *******аас эмчилгээний зардал болон олох ёстой байсан орлого нийт 1,470,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л.******* /утас *******, *******/, хариуцагч Д.******* /утас *******/ нар харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Бид доорх байдлаар эвлэрсэн тул бидний эвлэрлийг баталж, хэргийг шийдвэрлэж өгнө үү. Үүнд:

1. Нэхэмжлэгч Л.******* миний бие нэхэмжлэлийн шаардлага 1,470,000 төгрөгөөс 1,380,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 90,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,470 төгрөгийн хамт хариуцагч Д.*******аас гаргуулах.

2. Хариуцагч Д.******* миний бие  нь гэм хорын хохиролд 90,000 төгрөгийг нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,470 төгрөгийн хамт нэхэмжлэгч Л.*******ид төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, нийт 128,470 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 31-ний дотор нэхэмжлэгч Л.*******ийн ХААН банк ХК дахь тоот дансанд бүрэн төлж барагдуулах. 

3. Заасан хугацаанд төлбөрийг бүрэн барагдуулаагүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар гаргуулахаар тохиролцож эвлэрсэн болно гэжээ.

           Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.******* нь тус шүүхэд хариуцагч Д.*******д холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1,470,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.*******, хариуцагч Д.******* нар “...нэхэмжлэгч Л.******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,470,000 төгрөгөөс 1,380,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 90,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,470 төгрөгийн хамт хариуцагч Д.*******аас гаргуулах, хариуцагч Д.******* нь гэм хорын хохиролд 90,000 төгрөгийг нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,470 төгрөгийн хамт 2025 оны 05 дугаар сарын 31-ний дотор нэхэмжлэгч Л.*******ийн ХААН банк ХК дахь тоот дансанд бүрэн төлж барагдуулах”-аар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Д.******* нь гэм хорын хохиролд 90,000 төгрөгийг нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,470 төгрөгийн хамт 2025 оны 05 дугаар сарын 31-ний дотор нэхэмжлэгч Л.*******ийн ХААН банк ХК дахь тоот дансанд бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн учир зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Л.******* нь улсын тэмдэгтийн хураамжид 38,470 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.           

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ