Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 320/ШШ2025/00500

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 320/ШШ2025/00500

Х аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

  Хэргийн индекс 320/2025/00383/И/

 

Хөвсгөл  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: И.Д,

Хариуцагч: Х,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 13,820,544 (арван гурван сая найман зуун хорин мянга таван зуун дөчин дөрөв) төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч байгууллагад даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: И.Д ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Жавзанпагма.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.Д гийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И.Д нь хариуцагч Х т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 13,820,544 (арван гурван сая найман зуун хорин мянга таван зуун дөчин дөрөв) төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч байгууллагад даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Миний бие И.Д нь Х т заал зохион байгуулагчаар ажиллаж байсан боловч 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаартай Засаг даргын захирамжаар таныг ажлаас чөлөөлж байна гэж 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгууллагын архив, бичиг хэрэг мэдэгдэж байсан. Тухайн үед би Улаанбаатар хотод эрүүл мэндийн шалтгаанаар ажилтай байсан. Эмчилгээгээ дуусгаад 2024 оны 5 дугаар сард Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргасан. Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШШ2024/00787 дугаар шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолоор ажилдаа буцаан томилогдсон. Х ын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар тус байгууллагын угтах үйлчилгээний ажилтнаар ажилд орсон. Би 2026 оны 11 дүгээр сард тэтгэвэрт орох нас болж байгаа учраас ажилгүй байсан хугацааны цалин, хөлс нийгмийн даатгалаа нөхөн төлүүлж, тэтгэвэрт орох тэтгэмжээ гаргуулахаар шүүхэд хандсан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт болох Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д заасны дагуу сүүлийн 3 сарын цалин хөлс болох 10 дугаар сард 1,112,640 төгрөг, 11 дүгээр сард 529,828 төгрөг, 12 дугаар сард 1,552,640 төгрөг, нийт 3,195,108 төгрөгийг 3-т хувааж, нэг сарын дундаж цалин хөлс 1,065,036 төгрөг, нэг өдрийн цалин хөлс 49,536 төгрөг болж байна. Үүнийг ажилгүй байсан хугацаа болох нийт 279 хоногт үржүүлэн бодоход 13,820,544 төгрөг болсон. Мөн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ын 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 13,820,544 төгрөгийг гаргуулж, ажилтны хууль бусаар ажлаас халагдсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дундажаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд төлөх үүрэгтэй тул дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч байгууллагад даалгаж өгнө үү. гэв.

Хариуцагч байгууллага Х ын дарга Ж.Д 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд: Иргэн И.Д ын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлага нь манай байгууллагын эрх үүргийн хүрээнд гаргасан шийдвэр бус бөгөөд Х аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/67 тоот захирамжаар хасагдсан заал зохион байгуулагчийн ажлын байр байсан юм.

Иймд энэхүү шаардлага нь дээрх захиргааны шийдвэрийн дагуу түүнд харъяалах шаардлага гэж үзэж байна.

Харин бид шүүхийн шийдвэрийн дагуу иргэн И.Д ыг угтах үйлчилгээний ажилтны ажлын байраар ханган ажиллаж байна. гэх хариу тайлбарыг ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч талаас шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШШ2024/00787 дугаар шийдвэр, Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 225/МА2024/00021 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 001/ШХТ2024/01505 дугаар нийт шүүгчийн хуралдааны тогтоол, Х ын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/17 дугаар тушаал, Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 126/ШЗ2025/0013 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, М сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны 04 дүгээр тэмдэглэл, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтуудыг,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь хариу тайлбарыг тус тус гаргаж өгчээ.

Талууд хүсэлт гаргаагүй тул шүүх нотлох баримт бүрдүүлээгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2.  Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

...Миний бие И.Д нь Х т заал зохион байгуулагчаар ажиллаж байсан боловч 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн. Байгууллагын даргын ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШШ2024/00787 дугаар шүүхийн шийдвэрээр ажилд маань эгүүлэн тогтоосон. Тухайн шүүхийн шийдвэрийг хариуцагч тал эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Улмаар хариуцагч нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Монгол Улсын дээд шүүхэд гомдол гаргасан боловч Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн нийт шүүгчийн хуралдаанаар хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж, 001/ШХТ2024/01505 дугаар нийт шүүгчийн хуралдааны тогтоол гарч, анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Би Х ын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар тус байгууллагын угтах үйлчилгээний ажилтнаар ажилдаа томилогдсон.

Ажил олгогчийн буруутай шийдвэрийн улмаас үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн учир 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 13,820,544 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч байгууллагад даалгуулахаар шаардаж байна...гэв.

3.     Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.Д нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Иргэн И.Д ын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлага нь манай байгууллагын эрх үүргийн хүрээнд гаргасан шийдвэр бус бөгөөд Х аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/67 тоот захирамжаар хасагдсан Заал зохион байгуулагчийн ажлын байр байсан юм.

Иймд энэхүү шаардлага нь дээрх захиргааны шийдвэрийн дагуу түүнд харъяалах шаардлага гэж үзэж байна. Харин бид шүүхийн шийдвэрийн дагуу иргэн И.Д ыг Угтах үйлчилгээний ажилтны ажлын байраар ханган ажиллаж байна. гэжээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШШ2024/00787 дугаар шийдвэр, Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 225/МА2024/00021 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 001/ШХТ2024/01505 дугаар нийт шүүгчийн хуралдааны тогтоол, Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 126/ШЗ2025/0013 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар Х т заал зохион байгуулагчаар ажиллаж байсан И.Д ыг ажилд нь эгүүлэн тогтоосон ба нэхэмжлэгч И.Д нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд ажилгүй байсан үйл баримт тогтоогдов.

5. Зохигчийн хооронд 2006 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна.

6. Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь манай байгууллагын эрх үүргийн хүрээнд гаргасан шийдвэр бус бөгөөд Х аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/67 тоот захирамжаар хасагдсан заал зохион байгуулагчийн ажлын байр байсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

7. Хариуцагч байгууллага Х ын даргын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар нэхэмжлэгч нь ажлаасаа үндэслэлгүй халагдсан болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдож, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар угтах үйлчилгээний ажилтны албан тушаалд томилогдсон байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзлээ.

8. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын төлөөлөгчийн хууль бус шийдвэрийн улмаас 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд ажилгүй байсан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

9. Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговорт 13,820,544 (арван гурван сая найман зуун хорин мянга таван зуун дөчин дөрвөн мянга) төгрөг гаргуулахаар шаардсан.

Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны сайдын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-т: Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор,...тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно. гэж,

2.3.5-д: хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор. гэж тус тус заажээ.

Дээрх журмыг баримтлан тооцоход нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халагдахаас өмнөх гурван сард нийт 3,165,108.97 (2023 оны 10 сард 1,112,640 төгрөг, 11 сард 529,828.71 төгрөг, 12 дугаар сард 1,552,640 төгрөг) төгрөгийн цалин хөлс авсан байх бөгөөд энэ гурван сарын нийт 63 ажлын хоногт хуваахад нэг өдрийн цалин хөлс 50,176 төгрөг байна.

Нэхэмжлэгч 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 278 ажлын хоног ажилгүй байсан байх тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор нийт 14,099,051 (арван дөрвөн сая ерэн есэн мянга тавин нэг) төгрөг болно.

Гэвч нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 13,820,544 төгрөг гаргуулахаар шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хариуцагч Х аймгийн Хөгжимт драмтын театраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 13,820,544 (арван гурван сая найман зуун хорин мянга таван зуун дөчин дөрөв) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И.Д д олгож, тухайн олговороос эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч байгууллага Х аймгийн Хөгжимт драмтын театр даалгаж шийдвэрлэв.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна., 56 дугаар зүйлийн 56.1-д: Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар,... нөхөн төлүүлнэ. гэж тус тус заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,053 (хоёр зуун хорин долоон мянга тавин гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х аас 227,053 (хоёр зуун хорин долоон мянга тавин гурав) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И.Д д олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч байгууллага Х аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 13,820,544 (арван гурван сая найман зуун хорин мянга таван зуун дөчин дөрөв) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И.Д д олгож, тухайн олговроос эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Х т даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,053 (хоёр зуун хорин долоон мянга тавин гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллага Х аас 227,053 (хоёр зуун хорин долоон мянга тавин гурав) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И.Д д олгосугай.

3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар шийдвэрийг гардуулснаас хойш 7 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА