| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/01125/И |
| Дугаар | 320/ШШ2025/00501 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 320/ШШ2025/00501
| 2025 оны 05 сарын 05 өдөр | Дугаар 320/ШШ2025/00501 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2024/01125/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ю.Б,
Хариуцагч: Х,
Нэхэмжлэлийн шаардлага: Гомдол гаргах хугацаа сэргээлгэж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хариуцагч байгууллагын төлөөлөгч: С.О , С.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар нэхэмжлэгч Ю.Б , түүний өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ю.Б нь хариуцагч Х т холбогдуулан гомдол гаргах хугацаа сэргээлгэж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч Ю.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
Нэхэмжлэгч Ю.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Ю.Б нь урьд Х аймгийн Зоонозын өвчин судлалын үндэсний төвд 8 жилийн хугацаанд жолоочоор ажиллаж байгаад Х аймгийн Н тасагт 2022 оны 8 дугаар сард анх яаралтай т жолоочоор түр хугацаагаар томилогдон ажиллаж байгаад 2023 оны 01 дүгээр сард үндсэн орон тоонд томилогдсон. Би тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа буюу мэргэжлийн үйл ажиллагаандаа хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам, тусламж үйлчилгээний стандарт зэргийг мөрдөн ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хурдан шуурхай үзүүлэхэд өөрийн мэдлэг, чадвар, туршлагыг бүрэн зориулж, хүнлэг энэрэнгүй, шударга ёсны зарчмыг баримталж, байгууллагынхаа зорилго зорилтыг тууштай дэмжин, идэвх санаачилгатай ажилласаар ирсэн ба тийм ч учраас сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. Түүнчлэн хариуцсан ажилдаа чин сэтгэлээс хандаж, ажлын байр, хамт олон болон үйлчлүүлэгч нартай эелдэг зөв зан харилцааг эрхэмлэж, ажилтны ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, ажил хэрэгч соёлтой хувцаслан, өөрийн хариуцсан албаны тээврийн хэрэгсэл, техникийн бүрэн бүтэн, эвдрэлгүй, аюулгүй байх шаардлагад нийцүүлэн, ажил үүргээ ханГ тай сайн биелүүлж ирсэн. Тиймээс ч ажил үүрэгтээ тохирсон цалингаа авч явсан гэж бодож байна. Хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, төрийн эрх бүхий байгууллагуудаас шагнал, урамшуулал ч нэлээдгүй авч байсан болно. Тус шүүхэд нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь миний бие 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хуваарийн дагуу гэртээ амарч байтал ажлаас яаралтай ирэх шаардлагатай байна гээд дуудаад байхаар нь яваад очтол байгууллагын удирдлага болох Г.О захирал...чи ажлын цагаар архи уусан байна...иргэнээс Т даргад гомдол мэдээлэл ирсэн байна...чамд хариуцлага тооцно...гэх утгатай зүйл ярьсан. Тэгэхээр нь ямар шалтгааны улмаас ийнхүү гүтгэлэгт оров гэж бодоод тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Т руу утсаар холбогдон...юу болоод байна...гэж асуухад...юу яриад байгааг чинь ойлгохгүй байна, ямар иргэний гомдол...би тийм юмыг өөрөөс чинь л сонсож байна...гэсэн зүйл ярихаар нь тайвширсан. Гэхдээ Г.О захиралд намайг ийнхүү хардах шалтаг, шалтгаан байсан байх. Учир нь миний бие 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Цусны хүндэт донор гэдэг эрхэм хүндтэй шагналыг Аймгийн Засаг даргаас хүлээн авсан бөгөөд байгууллага, хамт олны төлөөлөл баяр хүргэж, хүндэтгэл ёслолын хундага тулгацгаасан нь үнэн. Маргааш нь миний амралтын хуваарьт цаг байсан учир ойр дотны хүмүүстэйгээ баяраа тэмдэглэсэн нь үнэн. Хэдий тийм боловч 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн даваа гарагийн өглөө ээлж солилцож, ажил хүлээн авах ёстой гэдгээ ухамсарлаж урьд өдөр нь архи, согтууруулах зүйлийг огт хэрэглээгүй. Гэтэл миний эрүүл мэндийн байдлыг ойлгохыг үл хүсэн, харагдах байдлыг минь гаднаас өнгөц байдлаар дүгнэн согтуурсан хэмээн андуурч, худал үгээр гүтгэн, тулгасанд маш их гомдсон. Намайг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг ямар нэгэн тусгай багаж хэрэгслээр шалгасан зүйл ч үгүй. Тийм мөртлөө намайг ажлаас халж байна гэх утгатай зүйлийг амаараа хэлээд жолооч нарын ахлах албан тушаалтай Ц.Т нь надаас машины түлхүүр хүлээж авсан. Түүнээс хойш бичгээр гарсан тушаалыг нь хүлээж авсны дараа гомдлоо гаргана даа гэж бодоод хүлээж байсан. Мөн өнгөрсөн хугацаанд уг асуудлын араас хөөцөлдөөд явах ч боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаан байсан юм. Тодруулбал миний эхнэр Д.Т нь 2015 онд шүлсний булчирхайн хорт хавдраар өвчилж эхэлсэн бөгөөд улбаалан 2022 онд уушги руугаа уг хавдар нь үсэрхийлж, амь нас нь эрсдэл бүхий байдалтайгаар өдөр, хоногийг өнгөрөөж, байнгын эмчилгээ, асаргааны хүн болсон. Миний хувьд эхнэртэйгээ хоёулхнаа амьдардаг тул гэр, эмнэлэг хоёроос өөр зүйлд төвлөрөх ямар ч боломжгүйгээр эхнэрээ асарч байсан шалтгаанаар шүүхэд хандаж чадалгүй өдийг хүрсэн юм. Төрийн байгууллагад олон жил ажиллаж, авсан цалингаараа амьжиргаагаа залгуулж, эхнэрийнхээ эмчилгээний зардлыг олдог намайг ийнхүү үндэслэлгүйгээр ажлаас халж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсныг хууль бус төдийгүй хүнлэг бус үйлдэл гэж дүгнэж байгаа. Ингээд арга ядаад 2024 оны 9 дүгээр сарын дундуур Х дээр очин, бичиг хэргийн ажилтантай уулзан, миний асуудлыг яг ямар байдлаар шийдвэрлэснээ тодорхой хэлээд, тайлбарлаад орхи...та нарт тэгж ямар ч тушаалгүйгээр хүн халах эрх байхгүй...гэж нэлээд ширүүхэн хэлэхэд...би шийдвэр гаргадаг хүн нь биш, гэхдээ таныг ажлаас халсан тушаал гарсан байна...гээд надад миний эрхийг зөрчсөн тушаалыг гардуулан өгсөн. Х аймгийн Н захирлын 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А\157 дугаартай Ю.Б ийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушаал-д...ажилдаа согтуу ирсэн, мөн ажлын байран дээр согтуу байсан...гэсэн учир битүүлэг үндэслэлийг зааж өгсөн нь ойлгомжгүй. Би хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр согтуу байсан болоод ийм утга учиргүй шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Тэгээд ямар шалтгааны улмаас уг шийдвэрээ надад гардуулан өгөлгүй өдийг хүртэл нуун хадгалсаар ирсэн нь ойлгомжгүй. Намайг ажлаас чөлөөлж байгаа уг тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хуульд заасан шаардлагыг хангасан байх, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх шаардлагыг тус тус хангаагүй болно.
Иймд нэгэнт миний бие үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн учир өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах зорилгоор гомдол гаргах хугацааг сэргээлгэж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
3. Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний өнөөдрийн хуралд зорьж ирсэн учир нь хэргийн материалтай танилцахад нэхэмжлэгч Ю.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр хоёр шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлтэй холбоотой гаргаж өгсөн баримтуудад хэргийн бодит байдлыг гуйвуулсан, мушгисан байсан учраас өөрийн биеэр үнэн, бодит байдлын талаар мэдүүлэхээр ирсэн. Би 1990 онд Анагаах ухааны дээд сургуулийг төгсөж, 35 жил ажиллаж байна. Н даргаар 2007-2010 онд 3 жил, орлогчоор 4 жил, сая Н захирлаар 4 жил, нийт 11 жил Н удирдлагаар ажилласан мэс заслын эмч, Монгол Улсын хүний гавьяат эмч хүн. Х аймаг хамгийн олон хүн амтай, тэр дундаа хамгийн их хүнтэй газар бол манай Нэгдсэн эмнэлэг учраас маш хариуцлагатай байхыг шаарддаг. Өмнө нь манай итгэмжлэгдсэн төлөөлөгч нар надад ирж танилцуулахад, шүүгчийн сая уншсан өргөдөл дээр хүртэл худлаа зүйл их байна. Жишээ нь би 6 дугаар сарын 17-ны өглөө ирэхдээ өглөө ээлжид гарах үүргээ ухамсарлаж өмнөх өдөр уугаагүй гэж байна. Энэ бол худлаа. Өглөө согтуу ирсэн. Тэр өдрийн дуудлагын журналыг үзвэл 11 цаг хүртэл Ю.Б ийн архийг гаргах гэж манайх дуудлага хүлээж аваагүй. Сүүлдээ иргэн манай эмчилгээ эрхэлсэн орлогч руу танай дуудлагын жолооч согтуу байна гэж мэдэгдсэнээр би тэр асуудлыг мэдээд дараагийн жолоочийг гаргая гэтэл жолооч Н.Б , Ю.Б хоёр хоёулаа архи уусан байсан. Ингээд тасгийн эрхлэгч, арга зүйч хоёр ороход Ю.Б унтаж байсан. Тухайн үедээ харахад согтуу байна гэж мэдэгдэхгүй хэр нь архи үнэртэж байсан гэдгийг тасгийн эрхлэгч, арга зүйч хоёр хурлын протоколд тэмдэглүүлсэн байдаг. Манайхан халуун цай өгье, азаар өнөөдөр дуудлага багатай өдөр байна гээд өөр жолооч байхгүй байсан учир Ю.Б ид хоол, цай өгч өөр өрөөнд амрааж унтуулаад архийг нь гаргах арга хэмжээ авсан гэж хурал дээр мэдэгдэж байсан. Гэтэл өөрөө архи уугаагүй юм шиг ярьсан байна. 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр архи уугаад 18-ны өглөө удирдлагын багийн хурал хийхэд Ю.Б ирээгүй. Заа хоносон юм чинь гээд 19-ний өдөр удирдлагын багийн хурлаа үргэлжлүүлж хийхэд өөрөө ирээд би өмнөх өдөр нь архи уусан. Би донор болсон. гэж хэлсэн. 15, 16-нд хоёр өдөр дараалан архи уусан гэдгээ тухайн үед ярьж байсан. Энэ талаар бичсэн хурлын протоколыг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байгаа. Мөн 6 дугаар сарын 19-ний өдөр бид нар хуралдаж тушаал гаргахад 6 дугаар сарын 23, 24-ний үед Ю.Б тушаалаа авъя гэж над дээр ирэхгүй байж бичиг хэрэг дээр өдөр бүр ирж асууж байгаад тушаалаа аваад явсан мөртлөө би тушаалаа аваагүй, 8 дугаар сард, 9 дүгээр сарын дундуур авсан гэж худлаа яриад байгаа. Ийм учраас би үнэнийг хэлэх гэж энд зорьж ирсэн. Бичиг хэрэг 6 дугаар сарын 23, 24-ний үед тушаалыг нь өгөхдөө хүний оронд түр ажиллаж байсан хүн гарын үсэг зуруулаагүй өгсөн алдаан дээр дөрөөлсөн. Гэхдээ би тушаалаа авчихлаа гээд явж байхад нь хамт ажиллаж байсан жолооч таарсан байдаг. Тэр жолооч тушаалаа авчихсан явж байсан гэж нотолдог. Мөн өнгөтөөр хуулбарласан тушаалаа барьчихсан хүний нөөцийн албаны дарга дээр орж ирээд та нар намайг гарцаагүй байдалд хийсэн байна. Бас хурал хийсэн өдрөөрөө тушаал гаргасан байна. Сүүлийн өдрөөр тушаал гаргаагүй байна. гэж уурлаад гараад явахдаа тушаалаа өрөөнд нь хаяад гараад ирсэн байдаг. Энэ мэт нотлох баримт байсаар байтал би 9 дүгээр сарын дундуур авсан, би авах боломжгүй эхнэр өвчтэй байсан. гэж ярьсан байна. Эхнэр нь хорт хавдартай, хяналтад байдгийг нь бид нар мэднэ. Гэхдээ тэр хүн эхнэрийнхээ хажууд байгаад гомдол гаргах боломжгүй байсан гэдэг нь үндэслэлгүй гэж бодож байна. Надтай уулзахгүй, намайг тойроод хүмүүстэй уулзаад яваад байсан. Тушаалаа авчихаад манай хүний нөөцийн албаны дарга дээр орж би шүүх орлоо. Намайг гарцаагүй байдалд оруулсан байна. гэж уурлаад гараад явсан. Хамт архи уусан Н.Б нь үнэнээ хэлээд миний буруу, би халагдахгүй, өөрөө хүсэлтээ өгөөд гаръя гээд гарсан. Ю.Б буруугаа хүлээхгүй өдийг хүртэл явж байгаа. Ю.Б манайд 1 жил 9 сар ажилласны 3 сар нь туршилтын хугацаа, яг жинхлээд 6 сар ажилласан байдаг. Өмнө Зоонозоос архи ууж байгаад халагдсаныг би тухайн үед мэдээгүй. Манайд 1 жил 9 сар ажиллах хугацаандаа 2-3 удаа архины асуудалд холбогдож байсан. Манайх олон ажилтантай, 18 тасаг нэгжтэй учраас тэнд юу болдог нарийн зүйлийг бид нар мэдэх боломжгүй. Тэрийг хариуцсан жолооч нарын ахлагч, тасгийн эрхлэгч, арга зүйч нар нь хурал дээр нотолж хэлж байсан. Би тасгийн эрхлэгчээс нь асуухад тасгийн эрхлэгч рүүгээ дайрч, элдвээр хэлж байсан бичлэгийг нь гаргаж өгөөч, мөн эмчилгээ эрхэлсэн эрхлэгч н.Т аас мэдүүлэг авч утасны бичлэгийг нь өгвөл Ю.Б ийн хэр худлаа ярьсан нь нотлогдох юм гэдэг байдлаар би энд ирсэн. Түүнээс биш бид нар тушаал гаргачихаад тушаалыг нь нуугаад байх эрх зүйн үндэс байхгүй. Би өмнө нь удирдлага хийж байсан. Манайх 400 гаруй ажилтантай, би хэн нэгний тушаалыг нуух, дарах хүн биш. 9 дүгээр сарын дундуур бичиг хэргээс тушаалаа авсан гэж байгаа хэр нь бичиг хэрэг 9 дүгээр сарын эхээр амраад 9 дүгээр сарын сүүлээр ажилдаа орж ирснийг мэдэхгүй байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна...гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би хууль зүйн талаас нь тайлбар өгье. Нэгдүгээрт Ю.Б 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан гэдгийг сая шүүгч уншиж танилцууллаа. Ю.Б ийн нэхэмжлэлийн шаардлага хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх гэсэн байгаа учраас хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон гэж үзэж байна. Ю.Б 6 дугаар сарын 19-ний өдөр удирдлагын багийн хурлаар хариуцлага хүлээж, арга хэмжээ авагдаж байна гэдгээ мэддэг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан хурлын протоколд тусгагдсан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон өдрөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан. Иргэний хуулийн 76 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацааг зааж өгсөн. Энэ бол хөдөлмөрийн харилцаа учраас Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдана. 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах байсан гэхээр 6 дугаар сарын 19-ний өдөр арга хэмжээ авагдаж байгаагаа мэдсэн учраас 7 дугаар сарын 19-ний өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах байсан. Гэтэл 10 дугаар сард буюу 3 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.
Дараагийн асуудал бол ноцтой зөрчил гэж үзсэн байгаа. Н хөдөлмөрийн дотоод журмын 12.2.3.1-д архи уусан, согтуурсныг ноцтой зөрчилд авч үзнэ гэж заасан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан учраас энэ үндэслэлээр Ю.Б ийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ю.Б би эхнэрээ хараад гарах боломжгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн гэж маргадаг. Гэвч Ю.Б ийг эхнэрийнх нь асран хамгаалагчаар тогтоосон төрийн байгууллагын албан ёсны шийдвэр, нотариатчаар батлуулсан итгэмжлэл зэрэг баримт байхгүй байна. Энэ хүн амаараа эхнэрээ асардаг гэж ярьдаг. Багийн Засаг даргын ам бүл 2, эхнэрийн хамт оршин суудаг гэсэн тодорхойлолт байгаа боловч энэ тодорхойлолтоор эхнэрээ асарч байгаа гэдэг нь нотлогдохгүй. Эхнэрээ асарна гэдэг нь тэр хүний өмнөөс эрх зүйн харилцаанд оролцох, байнга хажууд нь байх хүнийг хэлж байгаа. Ю.Б ид тийм байдал харагддаггүй. Өөрөөр хэлбэл ажлаа хийгээд явж байсан. Сая итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О ч хэллээ. Эхнэрээ асарч байсан талаараа нэхэмжлэгч нотлох баримт бүрдүүлж өгөөгүй байна. Дараагийн асуудал бол тушаалыг авсан, аваагүй гэдэг дээр маргаж байгаа. Нэхэмжлэгч 8 дугаар сарын 10-ны өдөр бичиг хэргээс загнаж байгаад авсан гэж ярьдаг боловч энэ өдөр гардан авснаас хойш тоолоход ч 24 хоногийн хугацаа хэтэрсэн буюу хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байгаа. 9 дүгээр сард гардаж авсан гэдэг нь дараах баримтуудаар няцаагдаж байгаа. Тухайн үед Г.О захирал болон бичиг хэргийн ажилтан Н.Б нар ээлжийн амралтаа авсан буюу амралтын мэдэгдэл нь хэрэгт авагдсан байгаа. Энэ хүмүүс амарчихсан байхад тушаалаа авсан гэдэг нь худлаа. Тэрнээс өмнө хүний нөөцийн албаны дарга Н.У гэдэг хүний өрөөнд орж өнгөтөөр хуулбарласан тушаалын хуулбараа орхиод явсан байдаг. Үүгээр өмнө нь тушаалаа гардаж авсан гэдэг нь нотлогдож байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1-д хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол маргалдагч талын хүсэлтээр уг хугацааг сэргээлгэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан. Өнөөдрийн байдлаар Ю.Б ийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр гараагүй гэж ойлгож байна. Ийм учраас хөөн хэлэлцэх хугацаа сэргээх үндэслэлгүй. Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийг үнэлэх шалгуур үзүүлэлт гэж байгаа. Энэ дээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акт, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэний тодорхойлолт зэрэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй буюу Ю.Б ийн гаргаж өгсөн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байгаа. Эхнэр Н.Т г байнга асардаг, асаргаа нь Ю.Б ид тогтоогдсонтой холбоотой баримт байхгүй. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт гомдол гаргагч хүндээр өвдсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийн хамарсан гамшиг тохиосон буюу өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсныг ойлгоно гэж заасан. Ийм байдал Ю.Б ид харагдахгүй байгаа учраас эхнэрээрээ шалтаглаж гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна... гэв.
4. Нэхэмжлэгч Ю.Б нь шүүхэд иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлэх тухай хүсэлт, Х аймгийн М багийн Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 9/101 дүгээр албан бичиг, Д ӨЭМТ-ийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн тодорхойлолт, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Х аймгийн Н захирлын 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/157 дугаар тушаалын хуулбар, өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт, Ю.Б ид олгосон Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Волейболын спорын 2-р зэрэг, Онц тээвэрчин, Х аймгийн Г сум байгуулагдсаны 100 жилийн ойн медалийн, Хүндэт донор үнэмлэх зэрэг баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, Ю.Б , Д.Т нарын Гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн Н захирлын 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/175 дугаар тушаал, Х аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/1056 дугаар албан бичиг зэрэг баримтуудыг,
5. Хариуцагч байгууллага нь Х аймгийн Н 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 549 дүгээр албан бичиг, хариу тайлбар, Х аймгийн Н ХУУЛБАР ҮНЭН 2024.10.29 гэсэн дардас дарагдсан 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Хурлын тэмдэглэл, Х аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбар гэх баримт, Х аймгийн Н захиргаанд гаргасан Ю.Б ийн хүсэлт, Мэдэгдэл, Х аймгийн Н захирлын 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/157 дугаар тушаал, Х аймгийн Н дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооны 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар албан бичиг, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/406 дугаар Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм батлах тухай тушаал, Х аймгийн Н 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 274 дүгээр албан бичиг зэрэг баримтуудыг,
6. Шүүх нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн хүсэлтээр хариуцагч байгууллагаас тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, Яаралтай т жолоочийн ажлын байрны тодорхойлолт, Ю.Б той байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Ю.Б ийг ажлаас халж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал зэрэг баримтуудыг гаргуулж, Ц.Т , Г.Д , Д.У нараас гэрчийн мэдүүлэг авч,
Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн хүсэлтээр Ж.У , Д.Б , Ж.М , Б.Ж , Ц.Т нараас гэрчийн мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ. Үүнд:
...Миний бие Ю.Б нь урьд Х аймгийн Зоонозын өвчин судлалын үндэсний төвд 8 жилийн хугацаанд жолоочоор ажиллаж байгаад Х аймгийн Н тасагт 2022 оны 8 дугаар сард анх яаралтай т жолоочоор түр хугацаагаар томилогдон ажиллаж байгаад 2023 оны 01 дүгээр сард үндсэн орон тоонд томилогдсон. Намайг архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байхад үндэслэлгүйгээр ажлаас халсан. Түүнчлэн миний бие өвчтэй эхнэрээ асарч байсан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн... гэж тайлбарласан байна.
3. Хариуцагч байгууллагын төлөөлөгч нар дараах үндэслэлээр үгүйсгэсэн.
Үүнд: ...Нэхэмжлэгч нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж ноцтой зөрчил гаргасан учраас ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгчийн эхнэрийг хавдартай гэдгийг манай байгууллагынхан тодорхой хэмжээнд мэддэг. Гэхдээ нэхэмжлэгч байнга эхнэрээ асардаггүй. Үнэхээр эхнэрээ асардаг байсан бол 24 цагаар ажил хийх боломжгүй... гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагч байгууллагын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Х аймгийн Н 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 259 дүгээр албан бичгээр ирүүлсэн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Х Ю.Б нарын хооронд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ, Яаралтай т жолоочийн албан тушаалын тодорхойлолт, Х аймгийн Н захирлын 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Б/157 дугаар Ю.Б ийн хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах тухай тушаал зэрэг баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар нэхэмжлэгч Ю.Б нь Х т яаралтай т тасгийн жолоочоор ажиллаж байсан бөгөөд Х аймгийн Н захирлын 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс ажил олгогчийн санаачлагаар ажлаасаа чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогдож байна.
Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсжээ.
5. Талууд нэхэмжлэгч Ю.Б нь Х т яаралтай т тасгийн жолоочоор ажиллаж байсан ба 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон үйл баримт болон тухайн тушаалыг гардаж авсан эсэх дээр маргаагүй.
Харин талуудын маргааны зүйл нь ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх байна.
Н удирдлагын багийн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар нэхэмжлэгч Ю.Б зөрчил гаргасан эсэхийг хэлэлцсэн байх ба тухайн хуралд тэрээр өөрөө оролцож, ажил олгогч өөрийн санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосныг мэдсэн болох нь хэрэгт авагдсан баримтууд болон нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдлоо.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д: хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон,...ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж хуульчилснаас үзэхэд ажил олгогчид шийдвэрээ гардуулан өгөх үүргийг хүлээлгээгүй ба харин нэхэмжлэгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг үүсжээ.
Нэхэмжлэгч нь 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд ажил олгогчийн шийдвэрийг 2024 оны 8 дугаар сарын 10-ны үед авсан байх...гэж, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд...9 дүгээр сарын дундуур авсан...гэж зөрүүтэй тайлбарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Нэхэмжлэгч нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гомдол гаргах хугацааг сэргээлгэж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул түүний 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд ажил олгогчийн шийдвэрийг 2024 оны 8 дугаар сарын 10-ны үед авсан байх...гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэж, ажил олгогчийн шийдвэрийг 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсан гэж шүүх дүгнэсэн ба тэрээр гомдол гаргах хугацааг 55 хоногоор хэтрүүлжээ.
Нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халсан ажил олгогчийн шийдвэрт гомдол гаргах хугацааг сэргээлгэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь эхнэр Б.Т гаа байнга асарч байсан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарлажээ.
Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт нэхэмжлэгч нь хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг нэхэмжлэгчээс үл хамаарах байдлыг ойлгох ба нэхэмжлэгчийн эхнэр Б.Т гаа байнга асарч байсан нь эдгээр хүндэтгэн үзэх шалтгаануудын алинд ч хамаарахгүй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх нэхэмжлэгчийн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон шийдвэрт гомдол гаргах хугацааг сэргээх үндэслэлгүй гэж дүгнэсэн тул нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.
Иймд шүүх нэхэмжлэгч Ю.Б ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х т холбогдох гомдол гаргах хугацаа сэргээлгэж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
6. Нэхэмжлэгч нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1-д зааснаар нэхэмжлэгч Ю.Б ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х т холбогдох гомдол гаргах хугацаа сэргээлгэж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд ороогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА