| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
| Хэргийн индекс | 126/2025/0002/З |
| Дугаар | 126/ШШ2025/0008 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 126/ШШ2025/0008
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн У************ сумын 1 дүгээр багийн иргэн Н.Б-т холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ц.Баасанжав, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д************-т (цахимаар), гэрч Ш.О************ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь;
1.Нэхэмжлэлийн шаардлага:
Төрд учирсан хохирол 5,257,663 төгрөг гаргуулах тухай.
2.Хэргийн нөхцөл байдлын талаар товч:
2.1.Хариуцагч Н.Б************ нь Хөвсгөл аймгийн У************ сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/25 дугаар захирамжаараа тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал А.Н************-г төрийн албанаас халсан байна. Иргэн А.Б************ нь дээрх захирамжийг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Хөвсгөл аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 126/ШШ2023/0186 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2024/0007 дугаар магадлалаар Хөвсгөл аймгийн У************ сумын Засаг даргын 2022 оны Б/25 дугаар захирамжийг хүчингүй болгож, А.Н************-г тус аймгийн У************ сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
2.2.Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ажиллагааны журмаар А.Н************-д 5,257,663 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгосон.
2.3.Төрд учирсан хохирол 5,257,663 төгрөгийг хариуцагч Н.Б************-с гаргуулахаар 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсын Төрийн албаны зөвлөл шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
4.Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
4.1.Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ" гэж, 50.2-т “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан.
4.2.Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана”, 498.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж тус тус заасны дагуу төрд учруулсан гэм хорын хохирлыг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаар нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхүүдэд гаргаж шийдвэрлүүлж байсан.
4.3.Гэтэл Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай 25 дугаар тогтоолын 1.3-д Захиргааны байгууллага өөрт учирсан хохирлоо шаардаж буй тохиолдолд хариуцагч нь хувийн эрх зүйн этгээд (хүн, хуулийн этгээд) бол захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.
4.4.Харин хариуцагч нь захиргааны байгууллага, албан тушаалтан, эсхүл захиргааны байгууллага, албан тушаалтны хувиар үйл ажиллагаа явуулсан этгээд бол захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авч харьяалан шийдвэрлэнэ гэж тус тус хэргийн харьяаллыг тогтоосон.
4.5.Хариуцагч Н.Б************ нь Хөвсгөл аймгийн У************ сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/25 дугаар захирамжаараа тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал А.Н************-г төрийн албанаас халсан байна.
4.6.Иргэн А.Б************ нь дээрх захирамжийг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Хөвсгөл аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 126/ШШ2023/0186 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2024/0007 дугаар магадлалаар Хөвсгөл аймгийн У************ сумын Засаг даргын 2022 оны Б/25 дугаар захирамжийг хүчингүй болгож, А.Н************-г тус аймгийн У************ сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
4.7.Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Хөвсгөл аймгийн У************ сумын Засаг даргын Тамгын газраас 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 02-ны өдөр 1,200,000 төгрөг, 09 дүгээр сарын 04-ний өдөр 2,927,463 төгрөг, 09 дүгээр сарын 19-ний өдөр 130,200 төгрөг, нийт 5,257,663 төгрөгийг А.Н************-д ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгосон байна.
4.8.Төрийн албаны зөвлөлөөс хариуцагч Н.Б************-т 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх тухай 04/2510 дугаар албан бичиг хүргүүлсэн боловч хэрэгжүүлэхгүй удаашралтай байна.
4.9.Иймд хариуцагч Н.Б************-ын хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 8,787,445 төгрөгийг Төрийн сангийн 100900021501 тоот дансанд буруутай албан тушаалтан болох Н.Б************-с гаргуулахаар Улсын Дээд шүүхийн 2024 оны 25 дугаар тогтоолын дагуу нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д************-т шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
5.1.Хариуцагч Н.Б************-ын шүүхийн шийдвэрийн улмаас учирсан хохирол 8787445 төгрөг гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байна. 5 257 663 төгрөг нэхэмжилж байгаа.
5.2.Төрийн албаны зөвлөлөөс Н.Б************ гэдэг хүн нь У************ сумын Засаг даргаар ажиллаж байхдаа тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал А.Н************-г төрийн албанаас халсан захирамжийг гаргасан байдаг. Дээрх 2022 оны Б/25 захирамжийг А.Б************ эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн анхан шатны болон Давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүх тус тус хянаад дээрх захирамжийг хүчингүй болгож, А.Н************-г тус сумын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан үеийн цалин хөлсийг олгуулахаар шийдвэрлэсэн.
5.3.Энэ шүүхийн шийдвэрийг үндэслээд А.Н************-г ажил, албан тушаалд нь 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/17 тушаалаар Хөвсгөл аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын даргын тушаалаар ажилд нь эгүүлэн томилсон байдаг.
5.4.Яагаад хариуцагч Н.Б************-т холбогдуулж нэхэмжлэлийг гаргасан бэ гэвэл Засаг даргын албан үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан захирамжтай холбоотой.
5.5.Хоёрдугаарт гэвэл төрд учирсан хохирлыг Засаг даргын Тамгын газраас 8, 9 саруудад цувуулж төлөөд нийт 5 257 663 төгрөгийг А.Н************-д ажилгүй байсан үеийн цалин хөлсийг олгосон нь баримтаар тогтоогдсон.
5.6.Тийм учраас Н.Б************-ын захиргааны хэргийн шүүхэд хариуцагчаар татаж нэхэмжлэлийг гаргасан.
5.7.Түүнчлэн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 042515 гэдэг мэдэгдлийг манайх өгсөн. 12 дугаар сарын 20-ний дотор гэсэн хугацаатай байсан гэвч 20-ний дотор нөхөн төлбөрийг төлөөгүй тиймээс төрийн албаны зөвлөл 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор буюу хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргасан.
5.8.Хууль зүйн үндэслэлийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд зааснаар “төрийн албан хаагчийг төрийн албанаас халсан, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, шийдвэрийг гаргасан гэдэг нь шүүхээр тогтоогдсон бол шийдвэр гаргасан албан тушаалтнаас төрд учирсан хохирол болох ажилгүй байсан үеийн цалин хөлс буюу нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татварын шимтгэл гэх зэргийг нөхөн төлүүлнэ” гэсэн хуулийн заалтын дагуу бүрэн эрхийг хэрэгжүүлж төрийн албаны зөвлөл нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
5.9.Тухайн хүн хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн хэдий ч амьдралаа залгуулах зорилгоор өөр ажил буюу багшаар ажиллаж, ажилласан хугацааныхаа цалин хөлсийг аваад явж байгаа юм. Тухайн ажлаас үндэслэлгүй халагдсан байсан хугацаандаа 30 орчим сая төгрөгийн цалин хөлс авах ёстой байсан. Цалин хөлсийг гаргуулахаар шүүхийн шийдвэр гарч байгаа. Багшаар ажилласны цалин, захирлын цалинг хоёуланг нь авна гэсэн үг. Талууд зохих журмаар гэдгийг өөрөөр ойлгож, цалингийн зөрүүг хасаж тооцоод одоо маргаангүй гэж байгаа бол энэ талаар асуудал болгохгүй гэв.
6.Хариуцагч Н.Б************ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
6.1.Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.
6.2.Хариуцагч Н******** овогтой Б************ миний бие У************ сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/25 тоот захирамж гаргаж У************ сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн.
6.3.Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 126/ШШ2023/0186 дугаар шийдвэр гарч иргэн А.Н************-г ажилд эгүүлэн томилох шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2024/0007 дугаар магадлалаар ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүг тооцож олгох шийдвэр гарсан.
6.4.Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас А.Н************-д цалингийн зөрүү А.Н************-д 5,257,663 төгрөгийг иргэн надаас гаргуулах шийдвэр гарсны дагуу миний бие шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 200000031926 тоот дансанд өөрийн хувийн данснаас 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 1,200,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 2,927,463 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 130,200 төгрөгийг тус тус шилжүүлсэн.
6.5.Шүүхийн шийдвэр нь У************ сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулах шийдвэр байсан тул гүйлгээний утга дээр У************ сумын Засаг даргын Тамгын газар гэж шилжүүлсэн болно.
6.6.Миний хувьд шүүхийн шийдвэрийг биелүүлж, төрд ямар нэгэн хохирол учруулаагүй, төрийн сангаас ямар ч мөнгө гаргаагүй болно гэжээ.
7.Гэрч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Ш.О************ шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:
7.1.Шийдвэрийн дагуу У************ сумын Засаг даргын Тамгын газраас гэдэг албан тоот мэдэгдлийг хүргүүлсэн байгаа юм. Тухайн үед Н.Б************ нь Засаг даргаар ажиллаж байсан.
7.2.Өөрийнх нь буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг Н.Б************ гэсэн хувь хүний данснаас шилжүүлсэн. Албан хаагч өөрийн буруутай үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлоо төлдөг. Үүнийг Н.Б************-т би тайлбарлаж байсан. Нэгэнт та буруу шийдвэр гаргасан бол төрийн хохирлыг барагдуулж даруйхан шийд гэж хэлсэн. Н.Б************ гуай өөрийн данснаасаа шилжүүлсэн байсан. Гэхдээ гүйлгээний утгыг нь У************ сумын Засаг даргын Тамгын газраас гэж шилжүүлсэн байсан.
7.3.У************ сумын Засаг даргын Тамгын газраас мөнгө шилжүүлээгүй. Буруутай этгээд өөрийн үйлдлээс болж төрд хохирол учруулсан. Төрөөс төлүүлэхээр эргээд надаас нэхэмжилнэ гэж үзээд төрөөс гаргахгүйгээр өөрөө сайн дураар төлж болно. Н.Б************-ын үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэхгүй байна.
7.4.Би энэ ажиллагааг явуулахдаа У************ суманд очиж хоёр талтай биечлэн уулзсан. Анхан шатны мэдэгдлээ өгөөд, зохих журмын дагуу гэдгийг нарийн сайн тооцож мэдэхгүй байна. Энэ шийдвэрийн дагуу хэдэн төгрөг авах,өгөх талаар тооцоогоо хийгээд надад өгөөрэй гэж хэлсэн. А.Б************ “би захирлын албан тушаалаас халагдсанаас хойш ямар ажил хийгээд хэдэн төгрөгийн цалин авснаа У************ сумын сургуулиас цалингийн тооцоог ирүүлье” гэсэн. Түүнээсээ зөрүүг тооцоод хэдэн төгрөг гарах талаар бид 3 урьдчилан уулзсан. Тийм учраас энэ тооцоотой холбоотой маргаан үүсэхгүй гэв
ҮНДЭСЛЭХ нь;
8.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй Н.Б************ холбогдох “Төрд учирсан хохирол 5 257 663 (таван сая хоёр зуун тавин долоон мянга зургаан зуун жаран гурав) төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
9.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь ... хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 3.1.3."нэхэмжлэл" гэж ... хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д ”Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ”, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус заасан тул нэхэмжлэгч Монгол Улсын Төрийн албаны зөвлөл шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
10.Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 04/2510 тоот албан бичгээр Хөвсгөл аймгийн У************ сумын 1 дүгээр баг, Шивлэгт оршин суух иргэн Н.Б************-т төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх мэдэгдэл хүргүүлсэн боловч мэдэгдлийг эс биелүүлсэн тул 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
11.Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолд хариуцагчаар татагдсан этгээд өөр ажил, албан тушаалд шилжсэн, ажлаасаа чөлөөлөгдсөн эсэхээс үл хамаарч захиргааны байгууллага, албан тушаалтны хувиар явуулсан үйл ажиллагаа, гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцагч-захиргааны байгууллага болно гэж тайлбарласан.
12.Иймд Хөвсгөл аймгийн У************ сумын Засаг даргаар ажиллаж байсан иргэн Н.Б************ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ”-д заасан хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн байна.
13.Хариуцагч Н.Б************ нь Хөвсгөл аймгийн У************ сумын Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн иргэн тул түүний дээд шатны захиргаа гэх хууль зүйн ойлголт байхгүй тул дээд шатны захиргаа, эсвэл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гомдол гаргах, урьдчилан шийдвэрлүүлэх журмын талаар яригдахгүй.
14.Хариуцагчийн төрд учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотойгоор хохирол барагдуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
15.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана”, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж зааснаар нэхэмжлэлийн гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй.
16.Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 126/ШШ2023/0186 дугаар шийдвэрээр Хөвсгөл аймгийн У************ сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/25 захирамжийг хүчингүй болгож, А.Н************-г У************ сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөвсгөл аймгийн У************ сумын Засаг даргын Тамгын газраас 7 683 923 /долоон сая зургаан зуун наян гурван мянга есөн зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Н************-д олгохоор шийдвэрлэжээ.
17.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 211/МА2024/0007 дугаар магадлалаар Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 186 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...7 683 923 /долоон сая зургаан зуун наян гурван мянга есөн зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулж, ...” гэснийг “ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг зохих журмын дагуу тооцон гаргуулж,” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээжээ.
18.Энэхүү шийдвэр, магадлалын дагуу Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, У************ Засаг даргын Тамгын газраас бус, иргэн Н.Б************-с 5 257 663 төгрөгийн төлбөрийг төлүүлжээ. /хэргийн 62-65, 114-115, 140-141, 147-148 дугаар хуудас/
19.Улмаар Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 сарын 09-ний өдрийн 09/626 тоот “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор /хэргийн 71 дүгээр хуудас/ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаасан байна.
20.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 211/МА2024/0007 дугаар магадлалаар “ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг зохих журмын дагуу тооцон гаргуулж,” гэснийг 5 257 663 төгрөгөөр тооцож А.Н************-д шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан 2024 оны 09 сарын 19-ний өдрийн 18235643 дугаартай төлбөрийн даалгавар /хэргийн 69 дүгээр хуудас/, хариуцагч Н.Б************-ын тайлбар, гэрч Ш.О************-ийн мэдүүлгээр нотлогдож байна.
21.Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 126/ШШ2023/0186 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 211/МА2024/0007 дугаар магадлалаар буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар Хөвсгөл аймгийн У************ сумын Засаг даргын Тамгын газраас А.Н************-д ямар нэгэн мөнгө олгоогүй болох нь дараах баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
22.Гэрч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Ш.О************-ийн “Шийдвэрийн дагуу У************ сумын Засаг даргын тамгын газраас гэдэг албан тоот мэдэгдлийг хүргүүлсэн байгаа юм. Тухайн үед Н.Б************ нь Засаг даргаар ажиллаж байсан. Өөрийнх нь буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг Н.Б************ гэсэн хувь хүний данснаас шилжүүлсэн. Албан хаагч өөрийн буруутай үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлоо төлдөг. Үүнийг Н.Б************-т би тайлбарлаж байсан. Нэгэнт та буруу шийдвэр гаргасан бол төрийн хохирлыг барагдуулж даруйхан шийд гэж хэлсэн. Н.Б************ гуай өөрийн данснаасаа шилжүүлсэн байсан. Гэхдээ гүйлгээний утгыг нь У************ сумын Засаг даргын Тамгын газраас гэж шилжүүлсэн байсан. У************ сумын Засаг даргын Тамгын газраас мөнгө шилжүүлээгүй. Буруутай этгээд өөрийн үйлдлээс болж төрд хохирол учруулсан. Төрөөс төлүүлэхээр эргээд надаас нэхэмжилнэ гэж үзээд төрөөс гаргахгүйгээр өөрөө сайн дураар төлж болно. Н.Б************-ын үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэхгүй байна” гэх мэдүүлэг,
23.Гэрч Хөвсгөл аймгийн У************ сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Б************-ийн “А.Н************-ийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах талаар гүйцэтгэх ажиллагаа хийхээр шийдвэр гүйцэтгэгч манай суманд очсон. Надтай уулзахад нь би энэ талаар анх мэдсэн. Би тэр шийдвэр гүйцэтгэгчийг сумын Засаг даргатай уулзуулахаар дагуулж орсон. Би Засаг даргад “таны буруутай шийдвэрийн улмаас хохирол барагдуулах хуудас Засаг даргын Тамгын газарт ирлээ” гэхэд Засаг дарга Н.Б************ “би мэдэж байгаа, би өөрөө хохирлоо барагдуулна, та өрөөнөөс гарч бай” гэж хэлсэн. Манай Засаг даргын Тамгын газраас шүүхийн шийдвэрийн дагуу А.Н************-д ажилгүй байсан хугацааны цалин шилжүүлээгүй. Манай Засаг даргын Тамгын газарт бэлэн төлөх хэмжээний мөнгө, санхүү байдаггүй” гэх мэдүүлэг /хэргийн 140-141 дүгээр хуудас/,
24.Гэрч У************ сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Т.Н************-ийн “Манай У************ сумын Засаг даргын Тамгын газраас А.Н************-д ямар ч мөнгө шилжүүлээгүй. А.Н************-д төсвөөс мөнгө шилжүүлсэн асуудал огт байхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 114-115 дугаар хуудас/,
25.Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1/99 дугаартай Хараат бус аудиторын дүгнэлт /хэргийн116-134 дүгээр хуудас/,
26.Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрийн гүйцэтгэлийн Төрийн банкны MN800034200000031929 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн147-148 дугаар хуудас/,
27.Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Төрийн банкны MN800034200000031929 тоот дансны хуулга /хэргийн 149 дүгээр хуудас/,
28.Хариуцагч Н.Б************-ын “Миний бие шүүхийн шийдвэрийг биелүүлж, өөрийн хувийн данснаас шилжүүлсэн. Шүүхийн шийдвэр нь У************ сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулах шийдвэр байсан тул гүйлгээний утга дээр У************ ЗДТГ гэж шилжүүлсэн болно. Миний хувьд төрд ямар нэгэн хохирол учруулаагүй, төрийн сангаас ямар ч мөнгө гаргаагүй болно” гэх тайлбар,
29.Хариуцагч Н.Б************-ын депозит дансны 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 62-65 дугаар хуудас/ зэрэг болно.
30.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заасан.
31.Гэвч энэ хэргийн тухайд Хөвсгөл аймгийн У************ сумын Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлс 5 257 663 төгрөг А.Н************-д төлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн боловч тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан Н.Б************ уг мөнгийг хувиасаа төлжээ.
32.Төрөөс буюу У************ сумын Засаг даргын Тамгын газраас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар гэм хорыг хариуцан арилгасан үйл баримт тогтоогдохгүй байна.
33.Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй”, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д ”Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ”, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж зааснаар Н.Б************ аар 5 257 663 төгрөг төлүүлэх үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
34.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 211/МА2024/0007 дугаар магадлалаар Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 186 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...7 683 923 /долоон сая зургаан зуун наян гурван мянга есөн зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулж, ...” гэснийг “ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг зохих журмын дагуу тооцон гаргуулж,” гэж өөрчилсөн.
35.Үүний дагуу Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 104 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 5.257.663 төгрөгөөр тооцон иргэн Н.Б************ аар төлүүлэн, төлбөр авагч А.Н************-д олгосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар төлбөр авагч А.Б************ гомдол гаргаагүй болох нь гэрч Ш.О************-ийн мэдүүлгээр тогтоогдож байна.
36.Энэхүү шүүхийн шийдвэр нь А.Н************-ийн зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг зохих журмын дагуу үндэслэлтэй тооцсон эсэхтэй маргах, У************ сумын Засаг даргын Тамгын газраас А.Н************-д ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг зохих журмын дагуу нөхөн олгох, тухайн үед Төрийн албаны зөвлөлөөс төрд учирсан хохирлыг нэхэмжлэхэд саад болохгүйг дурдъя.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй, иргэн Н.Б************-т холбогдох “Төрд учирсан хохирол 5 257 663 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ